Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан

Улсын яллагч М.Нямжав

Шинжээч Т.Чимэд-Очир, Т.Амартүвшин

Шүүгдэгч, хохирогч Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат /0362/,

Шүүгдэгч, хохирогч Ж.Мягмаржав, түүний өмгөөлөгч Л.Галбадар /1976/, О.Сайнгэрэл /0099/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овгийн Баярхүүгийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар, шүүгдэгч Булганууд овгийн Жумдааны Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201626022080 дугаартай хэргийг 2016 оны  11  дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Эко Цонх ХХК-нд хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 18 айлын 2-11 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 11б-49 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Баярхүүгийн Отгонбаяр /РД: НШ80022971/.

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Мотор кореа ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, АОС-ын 14 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Булганууд овогт Жумдааны Мягмаржав /РД:ЧЖ67011771/.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Ж.Мягмаржавтай цахилгааны ажил гүйцэтгэлийн төлбөрөөс болж өөр хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож, Ж.Мягмаржавын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ж.Мягмаржав нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Б.Отгонбаяртай цахилгааны ажил гүйцэтгэлийн төлбөрөөс болж өөр хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож, Б.Отгонбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэцэцэгийн ярьснаар дутуу ажлаа хийхээр барилга дээр очсон. Танай цахилгааны ажлыг улсын комисс хүлээж аваагүй гэсэн. Тэгэхээр нь би яагаад аваагүй юм бол та надад улсын комиссын актыг надад өгөөч гэсэн.

Тэгээд Мягмаржав эхнэрийнхээ хамт орж ирээд над руу хашгираад байсан ба комиссын дүгнэлтийг үзэхэд акт гарсан улсын комисс хүлээж авсан байсан. Тэгээд над руу хайч бариад дайраад байсан ба Мөнхбаатар болон эхнэр нь салгасан. Мягмаржав угольник төмөр бариад дайрахаар нь Мөнхбаатар салгасан. Би холбооны өрөөнд зогсож байтал Мягмаржав ирээд миний шанаанд цохьсон. Дахиад цохих үед нь бултахад шитийг гараараа цохьсон. Тэгээд өшиглөхөөр нь би холдоход гутал нь сугарсан. Тэгээд бид хоёр зууралдах үед эхнэр нь салгасан. Тэгээд цахилгааны өрөөнд намайг байж байхад дахин ирээд цээж рүү цохиод багц түлхүүр барьсан гараараа 2-3 удаа цохьсон ба эхнэр нь болон Мөнхбаатар нар салгасан. Гарахдаа Мягмаржав нь төмөр хаалгыг цохиод гараад явсан. Тэгээд би ингэж ажил хийнэ гэж юу байдаг юм гээд гарахад гадаа Мягмаржав гарч ирэхээр нь та намайг яагаад зодож байгаа юм гэхэд чамайг яасан ч яадаг юм. Захиалгаар алуулна гэсэн тул би явсан.

Энэ хүний нуруунд учирсан гэх гэмтэл цахилгааны шит мөргөсөнөөс үүссэн байх боломжгүй. Учир нь уг шит нь энэ хүний дал орчимд таарч байгаа юм билээ. Ерөөсөө ажлын хөлсөө өгөхгүй гэдэг ч юм уу, эсвэл өөрт нь эрүүгийн хэрэг үүсэхээр ингэсэн гэж үзэж байна. Мөн бидэнд ажлын хөлсөндөө өгөх байсан байраа өөр хүнд зарчихсан байна лээ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мягмаржав мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 25-нд манай ажил дээр Отгонбаяр, Мөнхбаатар нар ирсэн. Отгонбаяр нь маргалдаад намайг багалзуурдаад хойш түлхэхдээ цахилгааны шит нуруугаар мөргүүлсэн. Мөн тухайн үед миний баруун гарын шивнүүр яс хугарсан байсан.

Отгонбаяр манай барилга дээр ажиллахдаа ажлаа хийхгүй байх, чанар муутай хийх, дутуу хийх зэрэг зөрчил гаргаж байсан ба үүнээс болж хэрүүл маргаан гарч зодоон болсон.

 Нурууны гэмтэл Гранд мэд, Сонгодо эмнэлэгт үзүүлснээр гэмтэл авснаа мэдсэн ба Солонгос улс явж үзүүлсэн бөгөөд түүгээр миний нурууны гэмтэл батлагдсан. Би маш их гомдолтой байна” гэв.

 

Хохирогч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мягмаржавт зодуулснаас миний үүдэн шүд хугарсан. Нүүр аманд шарх учирсан. Хиймэл шүд хийлгэсэн ба Эмплант шүд суулгах шаардлагатай бөгөөд хийлгэсний дараа иргэний журмаар шийдвэрлүүлнэ” гэв.

 

Хохирогч Ж.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ маргаан зодооны улмаас нурууны гэмтэл, гарын сарвууны гэмтэл тус тус учирсан. Миний нуруу нэлээн хүнд гэмтсэн гэдгийг Солонгост эмчилгээ хийлгэхдээ мэдсэн. Гарын сарвууны гэмтэл эдгэрсэн. Нурууны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Нуруу, гарны эмчилгээнд 530.000 төгрөгийн зардал гарсан. Нуруугаа Солонгост үзүүлсний зардал 5.0 сая гаран төгрөгийн зардал гарсныг тус тус нэхэмжилнэ.

Би Отгонбаярын биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...2015 оны 5 сараас манай Эко Цонх компани Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах “BM” нэртэй үйлчилгээний орон сууцан дээр цахилгааны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулаад 2016 оны 02 сард манай ажил бүрэн хийгдэж дууссан. Уг барилга нь 5 сардаа дотор заслаа хийгээд дууссан. Манай компани 130.000.000 төгрөгийн цахилгааны ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэж дуусгасан. Ажил дууссаны дараа бол ямар нэгэн хэл ам гараагүй. Тэгээд манайх ажлынхаа хөлсөнд оффисын зорилготой 60 м.кв талбай авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан юм. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн хуулийн зөвлөхийн хувьд компаниа төлөөлөөд Мягмаржавтай очиж уулзахад надад “та нар юмаа муу хийсэн. Та нарын ажлыг чинь комисс хүлээж авахгүй байна. Юм дутуу хийсэн байна. Одоо би та нараар хийлгэхгүй. Та нар одоо зайл” гэж хэлж над руу дайрч давшилсан. Тэгэхэд нь би “юу дутуу хийгдсэн гээд байгаа юм бэ? үзье” гэхэд өөдөөс “зөндөө юм дутуу байгаа” гээд надад улсын комиссоос бичиж өгсөн хийгдэх ажлын жагсаалт гэсэн юм үзүүлсэн. Тэрэн дээр нь манай компаний хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой 2-хон төрлийн заалт байсан. Тэр нь болохоор лифтний цахилгаан тэжээлийг нийтийн хэрэглээний самбар дээр өгөх, цахилгааны 2 тэжээлийг сэлгэн салга гэсэн заалтууд байсан. Эдгээр ажил нь бол ерөөсөө залгуурыг нь салгаад л нөгөө залгуурт холбох маш энгийн ажил байгаа юм. Бусад заалтууд нь барилга барьсантай нь холбоотой бид нарт хамаагүй заалтууд байсан. Би энэ талаар нь хэлээд тайлбарласан чинь ерөөсөө үг сонсохгүй өөдөөс орилж дайраад “та нар ажлаа дутуу хийсэн. Та нараар дахиж хйилгэхгүй. Одоо зайлцгаа” гэж хөөж тууж байснаа том төмөр хайчилдаг хайч барьж аваад над руу далайгаад дайрахад нь Мягмаржавын эхнэр Эрдэнэцэцэг, надтай хамт явж байсан манай компаний цахилгаанчин Мөнхбаатар нар болиулаад барьж зогсоосон. Тэгсэн чинь юм яриад зогсож байснаа гэнэт гартаа барьж байсан олон тооны багц түлхүүрээр миний толгой руу цохисон. Тэгээд үргэлжлүүлээд 2 гараараа ээлжлээд миний толгой, нүүр лүү 5-6 удаа цохисон. Тэгэхэд нь би өөрөөсөө холдуулж түлхээд нөгөө 2 хүн салгаад больцгоосон . Тэгээд би Мөнхбаатартай хамт тэндээс гараад явсан. Яг тэр явдал болох үеэр Мягмардорж над руу дайрах үеэр эхнэр нь салгаж байхдаа гартаа барьсан цаасаа унагачихсан. Тэр цаасыг нь газар уначихсан байхад нь аваад үзтэл 2016 оны 06 сарын 13-ны өдөр улсын комиссоос барилгыг хүлээж авсан тухай дүгнэлт нь байж байсан. Тэгэхээр нь Мягмардорж надаас дүгнэлтийг нуугаад та нараас болж улсын комисс хүлээж авахгүй гэж худлаа шалтаг хэлэн надад өгөх ёстой төлбөрөө төлөхгүй эсвэл бага төлөх санаатай байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээсээ болоод сүүлдээ өөрийнхөө уурлаж дайраад намайг зодож гэмтэл учруулсан юм.... Мягмаржавт цохиулснаас болоод миний дээд талын үүдэн 1 ш шүд суларчихсан байж байгаад зодуулснаас хэд хоногийн дараа уначихсан. Тэгээд би Энэрэл дент нэртэй шүдний эмнэлэгт хугарсан ёзоорон дээр нь түр шүд 70.000 төгрөгөөр тавиулсан. Одоо энэ түр шүдээ авахуулаад, ёзоорыг нь авахуулж шүд хийлгэнэ. Одоогоор мөнгөний боломжгүйгээс болоод шүдээ янзлуулж чадахгүй байна. Шүд эмчлүүлэх зардал яг хэд болохыг мэдэхгүй байна. Имплант буюу суулгадаг шүд тавиулахаар бол 1 шүд бараг 4 сая орчим төгрөг болдог юм байна лээ. Гэхдээ би эмчтэй ярьж байгаад ямар шүд хийлгэхээ тохирно. Миний хүзүү болон баруун нүдний доор зулгарсан шарх нь сорви болоод үлдчихээд байна. Гол нь одоо би шүд эмчлүүлэх зардлаа л гаргуулж авмаар байна. Бусад гэмтэл дээрээ сорвины тос л авахуулчихад болно. Хохирлын тооцоогоо гаргаагүй байна. Би баримтуудаа авч ирж өгч хохирлын тооцоогоо нэгтгэж гаргах болно...” гэжээ. /хх 10-12 хуудас/

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Мягмаржав мэдүүлэхдээ: Манай компани нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа оффисын барилга дээрээ Эко-Цонх компани захирал Батбаяртай гадна фасад болон цонх хийх гэрээг 2015 оны 4 дүгээр сард байгуулсан юм. Тухайн үед хуулийн зөвлөх нь гээд Отгонбаяр гэх залуутай харьцаж эхэлсэн. …Энэ ажлыг хийх явцдаа Отгонбаяр нь надад хандан цахилгаан, холбоо, дохиолол, зарлан мэдээллэх систем зэрэг ажлыг чинь бүгдийг нь 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр төлбөрт нь 2 давхарт 58 м2 талбайг авья гэхээр нь би зөвшөөрсөн. …Гэтэл энэ ажлаа бүрэн хийж өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

2016 оны 6 сарын 25-ны өдөр Отгонбаяр ажил дээр Мөнхбаатартай хамт ирээд эхнэртэй хамт цахилгааны шит рүү явна гэхээр нь би түлхүүр авахаар яваад араас нь орж ирсэн чинь манай эхнэрийг хараалын үгээр хэлээд байхаар нь чи эмэгтэй хүнийг ингэлээ гээд бид 2 муудалцсан. ... Отгонбаяр бид 2 маргалдаад муудалцаж зодолдсон. Намайг заамдаад хойшоо хана руу шахсан тухайн үед 0 давхарт цахилгааны шит …миний нуруунд таарсан. Тухайн үед нуруу дугараад надад мэдэгдсэн. Бид 2 газарт унаагүй. Тэр өрөөнөөс гараад хажуугийн холбооны өрөөны хаалганы хажууд очоод намайг дахин багалзуурдаад миний баруун шанаа руу гараараа 2 удаа цохисон. Миний шанаа хавдсан байсан дараа нь хавдар нь буусан. Миний баруун гарт учирсан гэмтлийг хэзээ яаж учирсан гэдгийг нь би санахгүй байна. Гэхдээ энэ үед Отгонбаяртай зууралдаж байхдаа л надад учирсан гэж үзэж байна. Тухайн үед миний баруун гар хавдаад хөхөрсөн байсан. Гараа атгаж болохгүй байсан. Барилгаас гараад хаалганы хажууд хашлаган дээр суусан чинь нуруу өвдөөд сонин болоод байсан чинь Отгонбаяр дахин ирээд ална хядна гээд орилоод байсан. Тэр үед манай эхнэр болон Мөнхбаатар 2 гадаа ирчихсэн байсан. ...Би ямар ч эмнэлэгт үзүүлээгүй надад баримт байхгүй. Гайгүй байх гэж бодоод л өнгөрсөн. ... би 2016 оны 7 сарын сүүлээр Монголд ирээд Мөнхдэлгэрэх байцаагчаас ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад очтол Сонгдо эмнэлэгт үзүүлээд зургаа авахуулахдаа ир гэхээр нь нуруу гарны зургаа аваад очтол таны нуруу хугарсан байна мөн гар чинь цуурсан байна бороолоод эдгэж байна гэж хэлсэн. Тэгээд намайг нарийвчилсан шинжилгээ хийлгэ гэхээр нь Гранд Мед эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэсэн чинь нурууны 5 дугаар үеийн цүлхийлттэй хугарал зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлсэн. Одоогийн байдлаар 500.000 төгрөг зардал гарсан байна. Энэ нь хэдэн төгрөгийн зардал гарах талаар мэдэхгүй байна. Би энэ хүнтэй хэлээрээ яриад ойлголцох юман дээр ийм асуудал гаргаж байгаад гайхаж байна ирээд уулзахгүй утсаар ч ярихгүй алга болоод байгаад нь гайхаж байна. Би ч өөрийгөө ингээд гэмтэл авна гэж ойлголгүй явсан болохоор ийм хэмжээнд хүрсэн байна” гэжээ./хх 14-15 хуудас/

 

Гэрч Г.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: “....Отгонбаяр гэх залуу манай барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж дууссан. Дараа нь цахилгааны угсралтын ажил аваад хийсэн. 2014 оны 4 сард манай барилга эхэлсэн гэхдээ Отгонбаярынх 2016 оны 5 сард орсон. Ажиллах хугацаанд гүйцэтгэл болон ажил дутуу хийж байхаар нь хэлэх үед Отгонбаяр ажилчиддаа аваад явчихдаг эсвэл ажил хийхгүй байдаг болсон. Манайх урьдчилгаа 300 гаран сая төгрөг өгсөн байсан болохоор аргадаж байгаад ажлаа хийлгэж дуусгана гэж бодсон. Улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө гарсан зургийн дагуу хийгдсэн байна уу гэдгийг шалгахад мөн шаардлага хангахгүй байсан. Энэ талаар нь Отгонбаярт удаа дараа хэлсэн зураг хийсэн хүн нь хүртэл ирээд үзэж Отгонбаярт хэлээд явсан. Комисс хүлээн авахаас өмнө шаардлага тавьсан чинь ирээгүй. Дараа нь 6 сарын 25-ны өдөр барилга дээр Отгонбаяр цахилгааны 1 хүнтэй хамт шиттны өрөөнд ирсэн байна гэж хэлэхээр нь би дутуу хийсэн ажлаа хийх гэж ирсэн юм байна гэж бодоод очиж уулзсан. Дутуу хийсэн ажлыг нь 14 хоногийн дотор хийж дуусгах мэдэгдэл гарсаныг түүнд өгөх гээд орсон чинь энэ чинь юу байдаг юм хийж ядаад байх юу байх гээд уурлаад байхаар нь зургын дагуу хийхгүй яасан юм бэ гэхэд одоо ингээд хийлээ энэ хэдэн зургийг зурж ядаад байх юу байдаг юм битгий сүржигнээд бай гээд надтай маргалдсан. Намайг сүртэй авгай энэ тэр гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хууль бус зүйл огт хийгээгүй чи юу гэх гээд байгаа юм гээд хэрэлдээд маргалдаж байсан. Тэр үед манай нөхөр орж ирээд чи яагаад эхнэр лүү орилоод байгаа юм бэ гэж хэлээд бие биенээ заамдсан. Яг хаалганы хажууд зогсож байхаар нь цаашаа бай та нар гээд шиттны өрөөнөөс гаргасан. Тэр 2 чи цохь би цохь гээд маргалдаад байсан. Би Отгонбаяртай хамт ирсэн Мөнхбаатар гэх залуу нь дутуу хийсэн ажлын мэдэгдэл бичсэн цаасыг өгөөд та нар энэ ажлаа хийх байсан шүү дээ гэж хэлээд байж байхад манай нөхөр Отгонбаяр 2 заамдалцахаа болиод ороод ирсэн. Манай нөхөр чиний ийм ажил дутуу байна гэхэд Отгонбаяр дахиад хэрэлдэж байгаад манай нөхөр тэр 2 бие биенээ заамдсан байхаа манай нөхрийг энгэрээс нь хүчтэй түлхэсэн тэр үед төмөр чанга чимээ гарсан би чи яаж байгаа юм бэ гарч зодолд заваарсан юм гэхэд Отгонбаяр манай нөхрийг дахиад хойш нь түлхээд 2 шиттны голоор оруулсан. Тэр үед Мөнхбаатар бид 2 Отгонбаярыг татаж салгасан. Манай нөхөр тэгээд өрөөнөөс гарсан араас нь жаахан байж байгаад Отгонбаяр өрөөнөөс гарсан. Тэрний дараа араас нь Мөнхбаатар бид 2 өрөөнөөс гарсан. Барилгын гадаа гарах үед Отгонбаяр би энэ ажлыг хийхгүй хийж чадахгүй чи миний мөнгийг өгөөрэй гэхээр нь би өгөхгүй гэж хэлээгүй хийсэн ажлынхаа гүйцэтгэлээ гаргаад ажлаа бүрэн хийгээд хүлээлгэн өгсөн байхад би мөнгийг чинь өмнөх ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа биз дээ гэхэд Отгонбаяр хамт ирсэн хүнтэйгээ яваад өгсөн. Тэр өдрөөс хойш Отгонбаяртай уулзаагүй ирээд ажлаа хийх юм болов уу гээд хүлээгээд байхад ирээгүй. ...Бие биенээ заамдсан байсан намайг харах үед хэн нэгнийгээ цохиж байхыг би хараагүй. Заамдсан байхдаа манай нөхрийг түлхэж шиттны хайрцаг мөргүүлсэн дараа нь дахиад 2 хайрцагны голоор ортол түлхэсэн. Манай нөхрийн хоолой нь улайчихсан аль нэг хөмсөгний орчимд улайсан байх шиг байсан. Отгонбаярын хоолой нь бас улайчихсан аль нэг хөмсөгний дээд талд нь зулгарчихсан байсан. ...Отгонбаяр надтай их маргалдаж байсан. Энэ ажлаа хийхгүй явлаа гээд явчихдаг байсан. …Захиалагч миний хүссэн хэмжээнд ажлаа хийж чаддаггүй байсан болохоор их маргаан гардаг байсан. ...зодоонд оролцоогүй Мөнхбаатар бид 2 боль гээд салгах гэж л оролдсон. Тэрнээс зодоонд оролцоогүй…” гэжээ. /хх 20-21 хуудас/

 

Гэрч Д.Мөнхбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед би компанийхаа хуулийн зөвлөх Отгонбаярын хамт манай компанийн монтажийг нь хийж гүйцэтгэсэн “BM” үйлчилгээний төвийн барилга дээр цахилгааны холболтууд хийхээр очсон. Тэгээд доошоо шиттны өрөөнд ороод комиссын бичиж өгсөн даалгавруудыг үзээд ярилцаад зогсож байтал гаднаас тэр барилгыг бариулсан Мягмаржав, эхнэр Эрдэнэцэцэгийнхээ хамт орж ирээд бид 2 луу “та нар одоо юмаа хийж чадахгүй юм” гэхээр нь би “юмаа хийж чадахгүй гэж та юу яриад байгаа юм бэ? Хамаг юмаа хийгээд дуусчихаад байхад чинь. Наадхан дээр чинь бичигдсэн ганц хоёр холболтыг хийх гээд ирлээ шүү дээ” гэсэн чинь Мягмаржав учир зүггүй уурлаад “муу архичингууд. Одоо би та нараар ажил хийлгэхгүй. Та нар одоо зайлцгаа” гэж хөөж туухаар нь Отгонбаяр “манайх ажлаа хийгээд дуусчихсан шүү дээ” та юу яриад байгаа юм бэ? ганц хоёр холболт солиод л болох л ажил байна ш дээ” гэсэн чинь Мягмаржав Отгонбаярыг “чи муу юу гээд байгаа пизда вэ? Чам шиг гөлөгийг ална шүү” гэж хэлснээ шууд очоод Отгонбаярыг зуураад бариад авсан. Тэгэхэд Эрдэнэцэцэг бид 2 очоод салгасан чинь Мягмаржав багажны хайрцган дотор байсан төмөр тасладаг том хайчийг аваад Отгонбаярыг цохих гээд далайхаар нь би бас очиж гарнаас нь тавиулаад салгасан. Тэгсэн чинь Мягмаржав байн байн Отгонбаяр луу дайраад “чамайг ална” гээд байсан. Нэг удаа гарчихаад орж ирэхдээ булангийн урт угольник төмөр барьчихсан дахиад ална гээд орж ирэхэд нь би төмрийг нь тавиулаад “та одоо болиоч” гээд төмрийг нь тавиулсан. Тэгчихээд Эрдэнэцэцэгтэй Отгонбаяр бид 3 шийдэн дээр очоод “энэ залгуурыг нь ийш нь холбочихоод болох юм байна” гээд ярилцаад байж байтал Мягмаржав гаднаас гартаа түлхүүр барьчихсан орж ирж байсан. Тэгэхэд нь анзаараагүй зогсож байсан чинь баруун гараараа нөгөө багц түлхүүрээр Отгонбаярын нүүр лүү 1 удаа цохиод хүүе гэхийн завдалгүй Отгонбаярыг нүдээ бариад тонгойход нь толгой дээрээс нь хэд хэдэн удаа цохьчихсон. Би очоод салгаад холдуулсан. Тэгсэн чинь Отгонбаяр “больё ингэж ажил хийнэ гэж юу байдаг юм” гээд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан. Отгонбаярын нүднийх нь доод хэсгээс нь цус гарч байсан. Тэгчихээд бид 2 хоёр тийшээ салаад явсан. ...Отгонбаяр бол огт Мягмаржавыг цохиж зодсон асуудал байхгүй. Анхнаасаа төмөр хайч бариад дайрч байхад нь Отгонбаяр холдуулах гээд л түлхэж байсан. Өөр эсэргүүцэл үзүүлээгүй. Сүүлд түлхүүрээр цохиход нь бол зүгээр зогсож байгаад л хэд хэдэн удаа толгой, нүүр лүүгээ цохиулсан” гэжээ. /хх 22-23 хуудас/

 

Гэрч Б.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...Манай гэрт ирсэн тэр үед хүзүү болон нүүр нь хумсны сорив шиг ураад хаясан байхаар нь юу болсон талаар нь асуухад санаа зоволтгүй зүгээр л нэг хүнтэй маргалдсан гэж хэлсэн. Дараа нь асуухад шүд нь бас хугарсан гэхээр нь лавлаад асуухад хүнтэй маргалдсан санаа зоволтгүй гэж л хэлсэн. …Мийгаатай маргалдаж байхад багц түлхүүрээр шавхуурдсан гэж хэлсэн...” гэжээ. /хх 24 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9122  дугаартай дүгнэлтэд: “Б.Отгонбаярын биед дээд баруун 1-р шүдний сулрал, дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 26 хуудас/

 

Шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг: “Отгонбаярт учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд баруун 1-р шүдний сулрал нь цаашид унах эсэх нь эмчилгээнээс хамаарна. Цаашид уг шүд нь сулрах уу, унах уу гэдгийг бэхэлгээ хийж болон шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр шийдвэрлэнэ” гэжээ. /хх 31-р хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43,44-46/

Хохирогч Ж.Мягмаржавын эмчилгээний баримтууд /хх 16-19/

Шүүгдэгч Ж.Мягмаржавын оршин суугаа хорооны тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56,57,65/

Шүүгдэгч Б.Отгонбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа,  оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 58,59,64, 60-63/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын   хуудас /хх 66-67-р хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээ /хх 68-70-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562  дугаартай дүгнэлтэд: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10553 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.Мягмаржавын биед баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Хохирогчийн биед учирсан гэх баруун гарын сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ж.Мягмаржавын биед бүсэлхийн 5 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхий 5 ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 164-165 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь үндэслэлтэй байна.

Учир нь шинжээч Т.Чимэд-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт: “хохирогч Ж.Мягмаржавын өөрийнх нь Сонгодо болон Гранд мэд эмнэлэгт үзүүлсэн гэх гаргаж өгсөн баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Комьпютер томографийн зургийг нарийн мэргэжлийн эмчээр уншуулаагүй” гэх мэдүүлгээс үзэхэд шинжээч нь дүгнэлт гаргахдаа хохирогч Ж.Мягмаржавын биед үзлэг хийгээгүй, түүний бүсэлхийн 5-р нугалам, бүсэлхийн 5 ууцны 1-р нугаламын томографын зурагт хөндлөнгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж уншуулалгүй зөвхөн ашиг төлөө үйлчилгээ явуулдаг Сонгодо болон Гранд мэд эмнэлэгт үзүүлсэн талаарх тодорхойлолт, албан бичиг, өвчний түүх зэргийг үндэслэн 10553 тоот дүгнэлтийг гаргасан нь үндэслэл муутай тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.  

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1562  дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн ба уг дүгнэлтэд дурдсанаар хохирогч Ж.Мягмаржавын “биед бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний урагдал” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мягмаржав болон түүний өмгөөлөгч нар “цахилгааны шитийг нуруугаар мөргөсөнөөс гэмтэл учирсан” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан зургаар уг хананд байрласан цахилгааны шит нь хохирогчийн гэмтэл учирсан орчимд биш дал мөрөнд /өлмий дээрээ зогссон/ таарч байгаагаас үзэхэд бүсэлхий орчимд гэмтэл учрах боломжгүй гэсэн шинжээч тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Мягмаржавын бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал тогтоогдоогүй ба бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний урагдал, цүлхийлт нь гэмтлийн гаралтай бус тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шалтгаалснаас үүдэлтэй бөгөөд олон хүчин зүйлийн улмаас урт хугацааны турш үүсдэг” гэх шинжээчийн Т.Амартүвшингийн тайлбар,

гэрч Д.Мөнхбаатарын “...Отгонбаяр бол огт Мягмаржавыг цохиж зодсон асуудал байхгүй. …Өөр эсэргүүцэл үзүүлээгүй…” гэх мэдүүлэг /хх 22-23/-ээр зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн хохирогч Ж.Мягмаржавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “миний гарын сарвуу юунаас болж хэзээ хугарсаныг мэдэхгүй, …шүүгдэгч Б.Отгонбаяр миний гар луу цохиогүй, өшиглөөгүй” гэх мэдүүлэг

 

Гэрч Д.Мөнхбаатарын “...Отгонбаяр бол огт Мягмаржавыг цохиж зодсон асуудал байхгүй. …Өөр эсэргүүцэл үзүүлээгүй…” гэж /хх 22-23/ мэдүүлсэн атал тухайн үед Б.Отгонбаяртай маргалдсан гэх үндэслэлээр Ж.Мягмаржавт учирсан гэмтлийг шууд хийсвэрээр дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.  

 

Б.Отгонбаярыг хохирогч Ж.Мягмаржавын баруун гарын чигчий хурууны алганы сарвууны ясыг хугалсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Мягмаржав нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд Б.Отгонбаяртай цахилгааны ажил гүйцэтгэлээс болж маргалдан, Б.Отгонбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонбаяр /хх 10-12 хуудас/,

гэрч Г.Эрдэнэцэцэгийн: “...Отгонбаярынх …Ажиллах хугацаанд гүйцэтгэл болон ажил дутуу хийж байхаар нь хэлэх үед Отгонбаяр ажилчиддаа аваад явчихдаг эсвэл ажил хийхгүй байдаг болсон. …Дутуу хийсэн ажлыг нь 14 хоногийн дотор хийж дуусгах мэдэгдэл гарсаныг түүнд өгөх гээд орсон чинь энэ чинь юу байдаг юм хийж ядаад байх юу байх гээд уурлаад байхаар нь зургын дагуу хийхгүй яасан юм бэ гэхэд одоо ингээд хийлээ энэ хэдэн зургийг зурж ядаад байх юу байдаг юм битгий сүржигнээд бай гээд надтай маргалдсан. Намайг сүртэй авгай энэ тэр гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хууль бус зүйл огт хийгээгүй чи юу гэх гээд байгаа юм гээд хэрэлдээд маргалдаж байсан. Тэр үед манай нөхөр орж ирээд чи яагаад эхнэр лүү орилоод байгаа юм бэ гэж хэлээд бие биенээ заамдсан. Яг хаалганы хажууд зогсож байхаар нь цаашаа бай та нар гээд шиттны өрөөнөөс гаргасан. Тэр 2 чи цохь би цохь гээд маргалдаад байсан. ...Бие биенээ заамдсан байсан намайг харах үед хэн нэгнийгээ цохиж байхыг би хараагүй…” гэх мэдүүлэг /хх 20-21/

Гэрч Д.Мөнхбаатарын: “...доошоо шиттны өрөөнд ороод комиссын бичиж өгсөн даалгавруудыг үзээд ярилцаад зогсож байтал гаднаас тэр барилгыг бариулсан Мягмаржав, эхнэр Эрдэнэцэцэгийнхээ хамт орж ирээд бид 2 луу “та нар одоо юмаа хийж чадахгүй юм” гэхээр нь би “юмаа хийж чадахгүй гэж та юу яриад байгаа юм бэ? Хамаг юмаа хийгээд дуусчихаад байхад чинь. Наадхан дээр чинь бичигдсэн ганц хоёр холболтыг хийх гээд ирлээ шүү дээ” гэсэн чинь Мягмаржав учир зүггүй уурлаад “муу архичингууд. Одоо би та нараар ажил хийлгэхгүй. Та нар одоо зайлцгаа” гэж хөөж туухаар нь Отгонбаяр “манайх ажлаа хийгээд дуусчихсан шүү дээ” та юу яриад байгаа юм бэ? ганц хоёр холболт солиод л болох л ажил байна ш дээ” гэсэн чинь Мягмаржав Отгонбаярыг “чи муу юу гээд байгаа пизда вэ? Чам шиг гөлөгийг ална шүү” гэж хэлснээ шууд очоод Отгонбаярыг зуураад бариад авсан. Тэгэхэд Эрдэнэцэцэг бид 2 очоод салгасан чинь Мягмаржав багажны хайрцган дотор байсан төмөр тасладаг том хайчийг аваад Отгонбаярыг цохих гээд далайхаар нь би бас очиж гарнаас нь тавиулаад салгасан. Тэгсэн чинь Мягмаржав байн байн Отгонбаяр луу дайраад “чамайг ална” гээд байсан. Нэг удаа гарчихаад орж ирэхдээ булангийн урт угольник төмөр барьчихсан дахиад ална гээд орж ирэхэд нь би төмрийг нь тавиулаад “та одоо болиоч” гээд төмрийг нь тавиулсан. Тэгчихээд Эрдэнэцэцэгтэй Отгонбаяр бид 3 шийтэн дээр очоод “энэ залгуурыг нь ийш нь холбочихоод болох юм байна” гээд ярилцаад байж байтал Мягмаржав гаднаас гартаа түлхүүр барьчихсан орж ирж байсан. Тэгэхэд нь анзаараагүй зогсож байсан чинь баруун гараараа нөгөө багц түлхүүрээр Отгонбаярын нүүр лүү 1 удаа цохиод хүүе гэхийн завдалгүй Отгонбаярыг нүдээ бариад тонгойход нь толгой дээрээс нь хэд хэдэн удаа цохьчихсон. Би очоод салгаад холдуулсан…” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн: “...тэр үед хүзүү болон нүүр нь хумсны сорив шиг ураад хаясан байхаар нь юу болсон талаар нь асуухад санаа зоволтгүй зүгээр л нэг хүнтэй маргалдсан гэж хэлсэн. Дараа нь асуухад шүд нь бас хугарсан гэхээр нь лавлаад асуухад …Мийгаатай маргалдаж байхад багц түлхүүрээр шавхуурдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9122  дугаартай дүгнэлтэд: “Б.Отгонбаярын биед дээд баруун 1-р шүдний сулрал, дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйх, баруун шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх /хх 26/,

Шинжээч эмч М.Золжаргалын: “Отгонбаярт учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…” гэх мэдүүлэг /хх 31/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43,44-46/, шүүгдэгч Ж.Мягмаржавын оршин суугаа хорооны тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56, 57, 65/, Б.Отгонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 58, 59, 64, 60-63/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас /хх 66-67/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх 68-70/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ж.Мягмаржав нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Мягмаржав нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч Б.Отгонбаярын эмчилгээтэй холбоотой төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Шүүгдэгч Боржигин овгийн Баярхүүгийн Отгонбаярын бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Булганууд овгийн Жумдааны Мягмаржав нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Булганууд овгийн Жумдааны Мягмаржавт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Отгонбаяр нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Отгонбаярын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Отгонбаяр, Ж.Мягмаржав нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ