Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/00046

 

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/00046

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  М ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн Б-гийн А-д холбогдох даалгаварын гэрээний үүрэгт 14 350 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Б.А-тэй 2015 оны 5-р сарын 13-ны өдөр хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 1 230 000 төгрөгөөр, 2.5 дахь хэсэгт ажилтанд 30-50 сая төгрөгийн өр авлагыг бодитой оруулсан тохиолдолд тус үнийн дүнгээс 7 хувиар, харин 50 сая төгрөгөөс дээш оруулсан бол үнийн дүнгийн 5 хувиар тооцож урамшуулал олгохоор гэрээнд тусгасан. Манай компани олон компаниас авлагатай, авлага барагдуулна гэж эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Б.А нь М ХХК-иас 126 сая төгрөгийн авлага барагдуулна гэж 2 000 000 төгрөгийг бэлнээр, Т ХХК-иас 60 сая төгрөгийн авлага барагдуулна гэж 1 600 000 төгрөгийг, Х ХХК-ийн хэрэг маргаанд оролцоно гэж 2 500 000 төгрөгөөр тохирч 1 250 000 төгрөгийг тус тус авсан байна. Мөн М ХХК-ийн захирал Н.У-ийн гэр бүлийн эд хөрөнгийн маргаантай 3 дугаар эмнэлгийн урд байрлах барилгын талаарх иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө гэж 2015 онд 2 000 000 төгрөг, М ХХК-ийн охин компани болох хөдөө аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг М ХХК-иас 5 000 000 төгрөг, СУИС-ын урд байрлалтай барилгын хэрэг маргаанд оролцоно гээд 2 500 000 төгрөг нийт 14 350 000 төгрөгийг авсан байдаг. Б.А нь гэрээнд зааснаар сар болгон 1 230 000 төгрөгийн цалингаас гадна 2015 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд эдгээр мөнгийг авсан. Эдгээр ажиллагааг хийнэ гэж тэмдэгтийн хураамжийн 480 800 төгрөгийн тооцоо нь тооцоо нийлсэн актад тусгагдсан байгаа. Иймд 14 830 800 төгрөгийг Б.А-гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.А болон МХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үр дүнг тухай бүр дүгнэж ажлын үр дүн гарсан учраас удирдлагууд нь хянаж дүгнээд тэдгээр мөнгийг шилжүүлж байсан. М ХХК нь ашгийн төлөө компани болохоос ашгийн бус хандивын байгууллага биш, надад зүгээр мөнгө өгөх үндэслэл байхгүй. Ямар нэгэн үйлдэл хийсний төлөө цалин болон урамшуулал олгосон байдаг. Энэ цалин, урамшууллыг олгох нь дотоод журмаар зохицуулагдаж, үүнийг үндэслэн тухай үед энэ асуудлуудыг бүгдийг нь шийдвэрлэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид хэргийг үнэн зөв шийдвэрлэх ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд үнэн мэдээлэлд тулгуурлагдаагүй, зөвхөн Б.А-ээс хууль бусаар үндэслэлгүйгээр мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн ярьсан зүйлээс өөрийн санаж байгаа нэг хоёрыг дурдая. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр М ХХК-иас авлага барагдуулах биш, харин М ХХК нь манайхаас авлагатай байсан. М ХХК нь М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, энэ хэрэгт миний өмнө ажиллаж байсан хуульч Н оролцож, хэрэг нь 2014 оны 9 дүгээр сард шийдэгдсэн байсан, харин дараа нь би давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэж, гомдол гаргаж, нэхэмжлэл буцаад үр дүн гарсан учраас надад мөнгө олгосон. Тухайн үеийн Амарсанаа захирал, нягтлан бодогч Тамир нар шаардлагатай бүх бичиг баримтуудад дүгнэлт өгч шалгаад олгосон. Мөн Т ХХК-иас 60 сая төгрөгийн авлагыг барагдуулах биш, Т ХХК, Бичил глобус компанитай М ХХК-ийн 2 дугаар байртай зэрэгцээ оршдог байсан. Энд гал гарсны улмаас манайд учирсан гэм хорын маргаан үүссэн. Манайх 9 сая төгрөгийн хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч галын болон шинжээчийн дүгнэлт гарсны дараа нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж 16 сая төгрөгийг Т ХХК-иас нэхэмжлэл гаргаж байсан. М ХХК нь шүүхэд үнэн зөв мэдүүлж, хуульд нийцсэн нотлох баримт гаргаж өгөх ёстой байтал худал, хууль бус үйлдэл хийж, үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримт нь Б.А-ийг мөнгө авсан гэдгийг нотлохоос биш ажил хийгээгүй, гэм буруутай гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь Б.А-т холбогдох даалгаварын гэрээний үүрэгт 14 830 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

М ХХК нь Б.А-тэй 2015 оны 5-р сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг хуулийн зөвлөхөөр ажиллуулж, сард 1 230 000 төгрөгийн цалин олгохоор /хх 7-9/ тохирчээ.

Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд 30-50 сая төгрөгийн авлагыг бодитоор барагдуулсан тохиолдолд тус дүнгээс 7 хувь, 50 саяас дээш төгрөгийн авлага барагдуулсан бол 5 хувиар тооцож урамшуулал олгохоор тохирсон байна.

Нэхэмжлэгч нь Б.А-ээс 14 830 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...даалгаварын гэрээний үүргээ гүйцэтгээгүй, ямар ч ажиллагаа хийгээгүй итгэл эвдсэн...гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 399-р зүйлийн 399.1-д зааснаар даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-д заасан цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх хуулийн заалттай нийцүүлэн ажилтны гүйцэтгэсэн ажилд нь шагнал урамшуулал олгохоор гэрээгээр тохирсон байх ба харин М ХХК нь Б.А-т бусдаас авах авлагаа барагдуулахаар даалгавар өгсөн, өгсөн даалгаварыг гүйцэтгэхээр тохирсон, хариуцагч даалгавар гүйцэтгэхээс татгалзсан гэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь даалгаварын гэрээний агуулгатай нийцээгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн М ХХК-ний нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох 126 551 329 төгрөг гаргуулах хэрэгт талууд 2015 оны 5-р сарын 15-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг даалгаварын гэрээ гэж тодорхойлсон нь буруу болжээ.

Хэргийн 10 дахь талд авагдсан баримт нь талууд өглөг авлагаа тооцсон тооцоо нийлсэн акт биш бөгөөд харин Б.А 14 350 000 төгрөгийг хүлээн авсныг баримтжуулж гарын үсэг зурсан баримт гэж үзнэ.

Нөгөө талаас, иргэн У-ээс өмгөөллийн хөлсөнд шилжүүлсэн 2 500 000 төгрөг, М ХХК-ний шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг М ХХК шаардах эрхгүй /хх 11/, тэмдэгтийн хураамж 923 300 төгрөгөөс хэдний өдрийн ямар нэхэмжлэлийн шаардлагат холбогдуулж төлсөн 480 800 төгрөгийн баримтыг Б.А байгууллагатаа өгөөгүй нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаарх шаардлага, үндэслэлээ нотлоогүй байна.

Түүнчлэн М ХХК-ний хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь Б.А гүйцэтгэсэн ажилд нь олгосон урамшууллыг шаардах эрх үүсэхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ....хөдөлмөрийн гэрээний үр дүнг тухай бүр дүгнэж ажлын үр дүн гарсан учраас тэр мөнгийг шилжүүлж байсан.. гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргасан Б.А-ийн 1049875 тоот нийгмийн даатгалын дэвтэрийг шийдвэр хүчин төгөлдтөр болмогц хариуцагчид хүлээлгэн өгч, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээх нь зүйтэй. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 399-р зүйлийн 399.1, 400-р зүйлийн 400.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ээс 14 830 000 /арван дөрвөн сая найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн М ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 104 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА