Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/00544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянголдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Я.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн З.Д-үүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б //, хариуцагч З.Д, гэрч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Я.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д нь надаас 2016 онд 2 000 000 төгрөг, 2016 оны 1-р сард 5 000 000 төгрөг зээлсэн. Тэгээд 2016 оны 12-р сарын 27-ны өдөр 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Би 7 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Мөн 2018 оны 04-р сарын 10-нд 3 500 000 төгрөгийг нэмж зээлсэн. 2017 онд З.Д 8 удаагийн гүйлгээгээр 3 400 000 төгрөгийг зөвхөн зээлийн хүүнд төлсөн. 2018 оны 02-р сараас 2019 оныг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 2 600 000 төгрөгийг төлсөн. Үүнийг 7 000 000 төгрөгийн үндсэн зээлээс хасч, 3 400 000 төгрөг үлдсэн. Зээлийн хүү нийт 8 400 000 төгрөгөөс 3 400 000 төгрөгийг хасахаар 5 000 000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл үлдэж байна. Ингээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги 3 500 000 төгрөг нийт 16 400 000 төгрөг болсон. Иймд  З.Д-үүгээс 16 400 000 төгрөг болгож нэхэмжилж байна гэв.  

 

Хариуцагч З.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Я.М-ээс 7 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн 7 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг би хэрэглэсэн, Я.М-ийн найз н.О-д 2 000 000 төгрөгийг, өөрийн үеэл дүү н.А-од 1 500 000 төгрөгийг өгсөн. Ингэхдээ энэ 2 хүнийг Я.М-тэй уулзуулаад хүү, мөнгөө эд нараас аваарай гэж хэлсэн. М энэ 2 хүнээс зээл, хүүгээ авч байгаа. Би өөрийнхөө зээлсэн 3 500 000 төгрөгийг хариуцна. Би 2017 оны 11-р сард зээлийн хүү өндөр байна, хүүгээ бууруулж өгөөч гэж гуйсны дагуу зээлийн хүүгээ буруулсан. Ингээд би сард 500 000 төгрөгөөр төлж байсан. 2017 онд 4 950 000 төгрөг, 2018 онд 2 600 000 төгрөгийг боломжоороо төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.    

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.М нь З.Д-үүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 16 400 000 төгрөг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Я.М нь З.Д-үүд 2016 оны 12-р сарын 2-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 12-р сарын 27-нд 5 000 000 төгрөг тус тус зээлүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин 2016 оны 12-р сарын 27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж 7 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 6/ тохирсон байх ба 2 000 000 төгрөгийг зээлүүлэхдээ хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй, 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч нотариатч энэ гэрээг 2016 оны 12-р сарын 02-ны өдөр гэрчилсэн нь эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй. Иймд хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн зээлдүүлэгч нь 2018 оны 4-р сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийг З.Д-үүд зээлүүлсэн гэх боловч мөнгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй, гэрч П.Ц ....2017 оны 3-р сарын 10-нд 3 500 000 төгрөг зээлүүлсэн...гэж мэдүүлжээ. Эдгээрээр дүгнэвэл, нэхэмжлэгч 3 500 000 төгрөгийг зээлүүлсэн, зээлдэгчид шилжүүлсэн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг мөнгийг зээлүүлсэн гэх цаг хугацааны хувьд хоорондоо эрс зөрүүтэй, нэхэмжлэлийн энэ шаардлага тогтоогдоогүй байна. 

 

Зээлдэгч З.Д нь 2017 оны 12-р сарын 4-нөөс 2019 оны 4-р сарын 16-ны хооронд дансаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн /хх 14-26/, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, иргэн О-ээс 1 000 000 төгрөг авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон, өөрөөр хэлбэл, зээлдэгч 7 000 000 төгрөгийг төлж үүргийг дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан З.Д-ээс 16 400 000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Я.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА