| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2019/0387/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 173
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910004860257 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
........... овгийн ............ийн ..............., 19......... оны ............ дугаар сарын ..........-ний өдөр ....... аймгийн ............ суманд төрсөн, ................ настай, .........., .......... боловсролтой, багш мэргэжилтэй, ............ ..................... улсын байцаагч, ..................., хүнсний аюулгүй ........ ............. ажилтай, ам бүл ......... хүүхдийн хамт .............дүүргийн ........... дугаар хороо, ..........3. дугаар хороолол, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;
Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 9 цагийн үед Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд иргэн С.Долгортой маргалдаж, улмаар ширээн дээр байсан календарь шидэн түүний толгой баруун чамархай хэсэгт онож, мөн үсдэж зодсоноос эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........ ....................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баргимтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг Б.Бд сануулж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Долгор нь Монгол Улсад үүсээд байгаа гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан удирдах дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу шаардлага тавьж, тайлбар хийснийхээ төлөө төрийн байгууллагын албан өрөө, ажлын байранд “Чи юу мэддэг юм, чамд ямар ч хамаагүй” гэж хэлээд урдаа байсан улаан хавтастай А5 хэмжээтэй дэвтрийг миний нүүр рүү чулуудахад би нүүрээ хамгаалж цаашаа хартал миний толгойны ар дагзанд цохисон. Төд удалгүй намайг сууж байхад ширээнээсээ босож гүйж ирээд намайг үсдэж, зодож албан ажлын байран дээр төрийн албан хаагчид баймгүй танхай балмад үйлдэл гаргасан. Энэ үед би өөрийн эрүүл мэндээ хамгаалж, хууль бус энэхүү довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж үснээс зуурсан гарыг нь болиулах гэж зууралдсан байхад улсын байцаагч Д.Рэгзэдсүрэн, Х.Солонго, Б.Очмаа нар салгасан. Зодуулснаас болж миний биеийн хэвийн байдал алдагдаж, дотор муухайрч, үсдэж, хүчтэй угзарснаас болж толгой, хүзүү, нуруу /биеийн баруун тал/-нд өвчин орж, зовиур мэдрэгдэж эхэлсэнтэй холбоотой хэлтсийн даргаас чөлөө авч, хорооны эмчид очиж үзүүлэхэд даралт ихэссэн, тархи доргисон гэсэн онош тавьж, акт болон эмийн жор бичиж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би тухайн үед тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж байх хугацаанд С.Долгорыг зүгээр, эрүүл саруул 7 хоногийн хугацаанд ажлаа хийж байсан тухай хэлтсийн дарга болон бусад албан хаагчид мэднэ, бас гэрчилнэ. С.Долгор нь 2018 оны 10 дугаар сард мөн ийм үйлдлээр ёс зүйн хороогоор орж, сахилгын арга хэмжээ авхуулж байсан. Энэ байдал нь даамжирсаар дахин давтагдаж, надад халдсан үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 01 дугаартай албан даалгавар, 258 дугаар “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” тухай тогтоол болон “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” зарчмыг умартан удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, энэ үйлдлээсээ мултарч үлдэхийн тулд намайг гүтгэж, буруутган шүүлгэж байгаад миний хувьд маш их гомдолтой байна. Иймээс бодит байдлыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Б.Б нь гэм буруугийн хувьд хэн хэнийх нь буруутай үйлдэл байсан гэж үзэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Б.Бд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн биед нь хөхрөлт үүссэн байсан. С.Долгорын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Шүүхийн шатанд хохирогч болон шүүгдэгч нар хэн хэнийхээ буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд эвлэрсэн боловч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Б.Бд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Харин одоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Долгортой маргалдсаны улмаас баруун чамархай руу нь календарь шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн 1962 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хохирогч С.Долгорын биед гэмтэл учрахаас өмнө шүүгдэгч болон хохирогч нар барьцалдаж авсан баримт байдаггүй. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Б нь С.Долгорын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч С.Долгорын хувьд хүний биед халдсан зөрчлийн үйлдэлдээ зөрчлийн арга хэмжээ авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 9 цагийн үед Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн 706 тоот өрөөнд иргэн С.Долгортой маргалдаж, улмаар ширээн дээр байсан календарь шидэн түүний толгой баруун чамархай хэсэгт онож, мөн үсдэж зодсоноос эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Долгорын “...ингээд би компьютер руугаа хараад байж байтал Б.Б над руу нэг хатуу зүйл аваад шидсэн. Би эхлээд над руу шидэхийг нь хараагүй бөгөөд гэнэт миний толгойн баруун шанаа, чамархай орчим нэг цохиж, миний толгой дүүрээд би цочоод босоод ирсэн. ...Очмаа миний баруун чамархай орчмоос цус гарч байна гэж хэлэхээр нь би өөрөө нойтон сальфетикаар арчиж цэвэрлэсэн. ...Б.Бд цохиулснаас болж миний тархи доргисон, толгойн баруун чамархайн хэсэгт хавдан хөндүүр болж, чамархай орчмын булчин цочроод ам ангайхад хөндүүр, хязгаарлагдмал болсон байсан. Чамархайн орчим цохигдсоноос болж арьс хэгзэрч, шалбарсан байсан. ...” /1хх 34-39/,
гэрч Б.Очмаагийн “...ингэтэл Б.Б өөрийнхөө ширээн дээр байсан хатуу календарийг аваад шидсэн нь С.Долгорын толгойн баруун чамархайн дээд талд нь оносон. Тэгтэл С.Долгорын баруун чамархайгаас цус гараад хавдсан. ...” /1хх 49-50/,
гэрч Д.Соёлмаагийн “...Б.Б нь С.Долгор руу ширээн дээр байсан календарийг аваад шидсэн чинь С.Долгорын толгойн баруун чамархай хэсэгт оносон. ...тэгэхэд Б.Б С.Долгорыг үсдээд доош нь дарсан байдалтай С.Долгорын хоёр гар сарвалзаад байхаар нь Очмаа, Солонгоо хоёр очиж салгасан. ...” /1хх 51/,
гэрч Х.Солонгын “...харсан чинь Б.Б ширээн дээрээс С.Долгор руу календарь аваад шидсэн. Тэр календарь нь С.Долгорын баруун шанаа орчим оносон. ...” /1хх 54/,
гэрч С.Гантуяагийн “...Б.Б байцаагч ширээнийхээ урд байсан ногоон өнгийн календарийг авч шидсэн чинь С.Долгор байцаагчийн толгойг оносон. С.Долгор байцаагч уурлаад босоод ирсэн чинь Б.Б байцаагч С.Долгор байцаагчийн үснээс зулгааж доош нь дарсан байхаар нь Солонго, Очмаа нар очиж салгасан. ...” /1хх 55-57/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1962 дугаартай “...С.Долгорын биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боложмтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 81/ гэх дүгнэлт,
гэрэл зургийн үзүүлэлт /1хх 114/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Бгийн “...намайг гүтгэж, буруутган шүүлгэж байгаад миний хувьд маш их гомдолтой байна. Иймээс бодит байдлыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бгийн иргэн С.Долгорын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Бд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх боловч шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх үед хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир түүнийг ялаас чөлөөлөх хуулийн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ