Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00302

 

2020 оны 01 сарын 31 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00302

                 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.873.440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын үнэ 3.093.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь А.Б-тай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 43 тоот Түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр А.Б- нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 14.116 ширхэг барилгын туслах материалыг ................. жуулчны баазад барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслэн,  14.116 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгөхөөс 12.215 ширхэгийг буцаан хүлээлгэн өгсөн. Иймд буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын үнэ 3.093.080 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16.984.960 төгрөгийг А.Б-гаас гаргуулахаас барьцааны үлдэгдэл 1.736.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 15.248.960 төгрөг, гэрээнд заасан алданги 7.624.480 төгрөг, нийт 22.873.440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би гэрээний дагуу “Э” ХХК-иас 14.116 ширхэг барилга барих туслах материалыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түрээслэсэн бараа материалыг хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон. Бараа материалыг хүлээлгэн өгөхөд 1901 ширхэг дутсан нь үнэн бөгөөд 3.093.080 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин уг дутсан барааг намайг үргэлжлүүлэн түрээслэсэн гэж үзэж түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бараа, материал хүлээлцэх үед зарим эвдэрсэн, дутсан бараа материалын үнээс миний барьцаанд тавьсан 2.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.736.000 төгрөгийг хасаж өгнө үү гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.873.440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг бараа материалын үнэ 3.093.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Э” ХХК, А.Б- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Түсээийн гэрээ-43”-ээр түрээслүүлэгч “Э” ХХК нь 14.116 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч А.Б- нь түрээсийн төлбөрт нийт 5.618.998 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г талууд байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу хөлслүүлэгч “Э” ХХК нь 14.116 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хөлслөгч А.Б-д шилжүүлсэн, хөлслөгч А.Б- нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 5.618.998 төгрөгийг төлж, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 12.215 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг буцаан шилжүүлэн өгч,  3.093.080 төгрөгийн үнэ бүхий 1901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг дутаасан талаар зохигчид маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 2.2.4, 2.2.6-д “...түрээслэгч түрээслэн авсан эд зүйлийг хүлээн авснаас хойш дутаасан, алдсан тохиолдолд хавсралт 1-д заасан үнээр 100 хувь төлж, түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно” гэж заасан, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д “хөлслөгч нь гэрээ дуусгавар болгоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу дутаасан 1901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалын  үнэ 3.093.080 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч А.Б-гаас шаардах эрхтэй юм.

 

Харин зохигчийн “...2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, бид тооцоо нийлж 14.116 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгч, 1901 ширхэг бараа материал дутсан” гэсэн тайлбар, гэрээний 1.2, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээ нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд гэрээний 1.2, 2.2.3, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар “...дутсан гэх 3.093.080 төгрөгийн үнэ бүхий 1901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материал”-ыг үргэлжлүүлэн ашиглуулахаар гэрээний хугацааг сунгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч “Э” ХХК нь “...дутсан 1901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалыг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ашигланы хөлсөнд 16.984.960 төгрөг”-ийг хариуцагч А.Б-гаас шаардах эрхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хариуцагч А.Б- нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Түсээсийн гэрээ-43”-ний дагуу 16.984.960 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний 4.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар нэхэмжлэгчийн “...алдангид 7.624.480 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Б-гаас “дутаасан 1901 ширхэг тулаас төмөр, хэв хашмал зэрэг бараа материалын үнэ 3.093.080 төгрөг”-ийг гаргуулахаас гэрээний 1.7, 2.2.2, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.3-т зааснаар “А.Б-гаас дэнчин тавьсан 2.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.736.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1.357.080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.516.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б-гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.357.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.516.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 64.440 төгрөгийг, 241.050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 36.663 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.СЭМЖИД