Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00366

 

2020 оны 02 сарын 07 өдөр

              Дугаар 183/ШШ2020/00366

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЗДТГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.768.087 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ......... нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ЗДТГ-т 2010 оноос 2013 онд үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013 оноос 2017 онд Х хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Би дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан тул Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/... дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/... дугаар магадлалаар намайг Х хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн хариуцагчаас Улсын Дээд шүүхэд гомдол гаргасныг хүлээн авахаас татгалзсан. Иймээс би ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 360 хоногийн цалин хөлсийг нэхэмжилснийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл хариуцагч байгууллага нь намайг ажилд эгүүлэн аваагүй тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан нөхөн олговорт 14.768.087 төгрөгийг гаргуулахаар, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч ......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/... дугаар магадлалыг тус тус үндэслэн Х дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар бүхий олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон болно. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй тул иргэн В.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

В.Б- нь ЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.768.087 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэв.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/... дугаар магадлалаар “...В.Б-ийг ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг В.Б-эд олгох”-оор шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ЗДТГ- нь одоог хүртэл нэхэмжлэгч В.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй,  2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг В.Б-эд олгоогүй талаар зохигчид маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12893 дугаар Мэдэгдэл, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/4523 дугаар Мэдэгдэл, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэл, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/14445 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/19691 дүгээр Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгээр нотлогдож байна. 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00169 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00954 дүгээр тогтоолоор “...ажлын нэг хоногийг 56.429 төгрөгөөр тооцон, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ЗДТГ-аас гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 238 хоногийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалд зааснаар дундаж цалин хөлсийг 56.429 төгрөгөөр тооцож/ 13.430.102 төгрөгийг хариуцагч ЗДТГ-аас гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.337.985 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч В.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗДТГ-т даалгав.

 

Түүнчлэн шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.430.102 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.337.985 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан В.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗДТГ-т даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 231.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 225.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД