Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 183/2020/03498/И |
Дугаар | 001/ХТ2022/00510 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00510
“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 134,874,684.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 134,874,684.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 08 сарын 10-ны өдрийн ЗГ1305110434 дугаар орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 134,874,684.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044131 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гудамж, 200 байр, 10 тоот хаягт байршилтай 73,95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 902,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 902,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 77,907 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 141 дүгээр магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 134,874,684.11 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бөгөөд үйл ажиллагааны орлого муудсантай холбоотой. Ийм нөхцөлд банкнаас дахин мөнгө төл гэх шаардлага гаргасан атал давхар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар хариуцагч нь нийт 6,180,402 төгрөг төлснийг нэхэмжлэгч талаас 235,227 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй, мөн мөнгө гаргуулах шаардлага гаргасан атал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь 235,227 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул 235,227 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 134,874,684.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.08.10-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ЗГ1305110434 дугаартай зээлийн гэрээ байгуулж 118,000,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 108 сарын хугацаатай зээлж, мөн өдөр ипотекийн гэрээ байгуулж, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, энэ тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020.08.28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 460 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 112,054,825.49 төгрөг, хүү 22,255,151.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201,772.99 төгрөг, даатгал 362,933.97 төгрөг, нийт 134,874,684.11 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “...Гэрээний дагуу мөнгө хүлээн авсан талаар маргаан байхгүй. Хариуцагч нь зээлийн төлөлтийг төлж байсан. Төлөхгүй болсон шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаа дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотой. Зээлийн төлөлтийг хойшлуулах талаар банкны эдийн засагчтай удаа дараа утсаар холбогдож хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол үндэслэлгүй. Тодруулбал, 13,500,000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 13,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр зээлийн болон ипотекийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2018.08.10-ны өдөр хариуцагчийн дансанд зээлийн мөнгө хөрөнгө 118,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч нь үндсэн зээлээс 5,945,174.51 төгрөг, зээлийн хүү 14,174,619.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,218.16 төгрөг, даатгалын хураамжид 243,927.61 төгрөг, нийт 20,371,938.33 төгрөг төлсөн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2027.07.25-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан “ялимгүй зөрчил” гэж үзэх боломжгүй тул уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Иймд, шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас 2020.08.28-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 112,054,825.49 төгрөг, хүү 22,255,151.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201,772.99 төгрөг, даатгал 362,933.97 төгрөг, нийт 134,874,684.11 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “хариуцагч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд” барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хариуцагч төлбөрөө төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахгүй юм, иймээс “… банкнаас мөнгө төл гэх шаардлага гаргасан атал давхар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй…” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
11. Түүнчлэн, “… хариуцагч нь нийт 6,180,402 төгрөг төлснийг нэхэмжлэгч талаас 235,227 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй...” гэх гомдлын тухайд, хариуцагч уг төлбөрийг хэзээ, яаж шилжүүлсэн, ямар баримтаар нотлогдож байгаагаа тайлбарлаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 77,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД