Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Хохирогч Д.Ганчимэг,

Шүүгдэгч С.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /1943/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хиад Боржигон овгийн Санжаажамцын Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201626022241 дугаартай хэргийг 2016 оны  12 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Эм Эс Эй Энд трейд ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, нөхөр 2-16 насны 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 54 дүгээр байрны 35 тоотод байнга оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хиад Боржигон овогт Санжаажамцын Даваасүрэн /РД:ЧЕ79052102/.

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Даваасүрэн нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 54 дүгээр байрны 35 тоотод иргэн Д.Ганчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Даваасүрэн мэдүүлэхдээ: Би өмнө нь мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн ба улсын яллагчийн уншсан тогтоолд үнэн зөвөөр бүрэн тусгагдсан байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганчимэг мэдүүлэхдээ: “2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Даваасүрэн танай байрыг барьцаанд тавиад мөнгө зээлээд гааль дээр байгаа барааг Монголд оруулж ирээд мөнгийг чинь буцааж өгөөд байрыг чинь чөлөөлж өгнө гэсэн. Тэгээд манай байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байгаад 12 сар болсон. Тэгээд би нөхөрт нь хэлсэн. 2016 оны 3 дугаар сард утсаар ярихад хамтарч ажиллаж байгаа хүнтэйгээ байна гэхээр нь яваад очиход Мөнхсоёл, Батбаатар нартай байсан ба 3-4 хоногийн дараа мөнгө бүтэхээр танай байрыг чөлөөлж өгнө гэсэн.

Түүнээс хойш утсаар ярих болгондоо янз бүрийн шалтаг хэлсээр байгаад наадам болсон. 7 дугаар сарын 27-ний өдөр манай байрыг ШШГАлбанаас битүүмжилсэн байсан ба шийдвэр гүйцэтгэгчтэй нь уулзахад 3 сард нь шүүхийн шийдвэр гарчихсан байсан. 5 сар болтол төлбөрөө төлөхийг харсан гэсэн. Тэгээд би Даваасүрэн, Мөнхсоёл нартай утсаар холбогдох гээд чадаагүй. Тэр үед би хүнд байдалд орсон байсан ба охиных нь утсыг аваад чам руу ярьвал би залгана гээд хүлээж байсан чинь цэнэг нь дуусчихсан. Тэгтэл охин нь ээжтэй хамт байгаа хүний утас гээд нэг дугаар өгсөн тул залгаж холбогдсон боловч хэл дуулгая гээд таг болсон. Тэр үед Даваасүрэн Өвөрхангайн Шивэртэд амарч байсан юм билээ. Тэгээд би охиных нь утсыг аваад залгах байх гээд хүлээсэн.

Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөнгө шилжүүлнэ гэсэн бөгөөд шилжүүлэхгүй байсан тул Даваасүрэнгийн гэр лүү очиход Даваасүрэн гэр лүүгээ орж байсан ба араас нь би ороод хаалгыг нь тогшиход нөхөр нь хаалга тайлж өгсөн ба байхгүй гэхээр нь би сая орсон гээд маргалдсан. Нөхөр нь чи өөрөө олоод уулз гээд байсан. Тухайн үед утсаар нөхөр нь Даваасүрэнтэй цагдаа дуудсан гээд яриад байсан. Би юм татах үед толь нь хагарсан. Цагдаа ирээд таны хайж байгаа хүн гадаа байна гэсэн ба ийм асуудлыг бид шийдэхгүй гээд яваад өгсөн. Тэгтэл Даваасүрэн намайг цохих шиг болсон чинь толгойноос маш их цус гарсан.

Эмчилгээний зардал 200.000 төгрөг нэхэмжилнэ. Даваасүрэнд маш их гомдолтой байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ганчимэг мэдүүлэхдээ: “....2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би 20 цагийн орчимд өөрийн нөхөр С.Батчулууны төрсөн эгч Даваасүрэнгийн гэрт очиж уулзахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны 35 тоотод ганцаараа очсон. Уулзах гэж очсон шалтгаан нь 2015 оны 8 дугаар сард Даваасүрэн нь бизнес хийхээр зээл авахад барьцаа хэрэгтэй гэж гуйж байгаад миний нэр дээр байдаг Баянзүрх 26 дугаар хороо 413-174 тоот байрыг барьцаанд тавьж хувь хүнээс зээл авсан юм. Тэгсэн чинь тэр зээлээ төлж чадахгүй зээл өгсөн хүн нь шүүхэд хандаад шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилсэн байсан. Би тэгэхэд л энэ мөнгө төгрөгөө төлөхгүй байгаа гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд холбогдох гэхээр Даваасүрэн утсаа авахгүй, ерөөсөө холбогдож чадахгүй байсан болохоор гэрт нь очсон юм. Тэгээд намайг тэр өдөр гэрт нь очиход тэдний гэрт нөхөр Осоргэрэл нь 4 хүүхдийнхээ хамт байж байсан. Намайг нөхөр нь гэртээ оруулахгүй, Даваасүрэн байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороод нөхөртэй нь уулзсан чинь Осоргэрэл “Даваасүрэн  гэртээ байхгүй байна. Чи өөрөө олоод ав” гэхээр нь би “авгайгаа дуудаад ир” гээд уурлаад байж байсан чинь гаднаас 2 цагдаа орж ирсэн. Тэр хүмүүсийг Даваасүрэн дуудсан байсан. Би цагдаа нарт болсон асуудлаа хэлсэн чинь “тэр хайгаад байгаа хүн чинь гадаа байна шдээ. Та нар энд ямар нэгэн зөрчил гаргаагүй байна. Сүхбаатар дүүргийнхээ байцаагч дээр хамт очиж асуудлаа шийдүүл” гээд яваад өгсөн. Тэгтэл Даваасүрэн орж ирээд надад “чи өөрөө тэр байраа олоод авахгүй юу! Би лав чадахгүй” гэж хэлээд бид 2 маргалдсан. Тэгээд миний уур хүрээд тэсэлгүй буйдангийн хажууд байсан жижиг удирдлагыг аваад Даваасүрэн рүү шидсэн чинь оноогүй. Тэгсэн чинь Даваасүрэн шууд гүйж ирээд миний үснээс үсдэж дараад гартаа барьсан байсан гар утсаараа духны зүүн дээд хэсэгт 1 удаа хүчтэй цохисон. Тэгсэн чинь миний толгойны их хэмжээний цус гараад цус нь тогтохгүй би гэр лүүгээ яриад бас 103 дуудсан. Тэгээд бас цагдаа нар ирсэн. Тэр өдөр ийм л асуудал болсон....Би Даваасүрэнд толгой руугаа цохиулснаас болоод толгой хагарч 5 ширхэг оёдол тавиулсан. Тархи доргиж гэмтсэн байсан. Би томографын зураг авахуулж, оёдол тавиулах, боолт солиулах хэд хэдэн эмчилгээнд орсон... одоогоор биеийн байдал хэвийн болсон. Толгойгоо 2 удаа хувь хүнээр бариулсан. Одоогоор эмчилгээний зардал баримттайгаар 200.000 төгрөг болсон байгаа. Зодуулсан асуудлаас болж энэ зардлаас өөр зардал гараагүй байна. Би энэ эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна....”гэжээ. /хх 11-12, 26-27 хуудас/

 

                Гэрч Д.Осоргэрэл мэдүүлэхдээ: “....2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчим Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны 35 тоотод байж байхад гаднаас манай эхнэр Даваасүрэн орж ирсэн. Тэгсэн орцны гадна хаалганы хонх дугарахаар нь би авсан чинь Ганчимэг байна гэсэн. Тэгсэн манай эхнэр Даваасүрэн битгий тайлаараа гээд гараад явсан. Ганчимэг хонх дараад байхаар нь би тайлсан чинь манайд Ганчимэг орж ирсэн. Тэгээд Даваасүрэн хаана байна гэхээр нь би сая гараад явсан гэж хэлсэн чинь Ганчимэг би гаднаас орж байхыг нь харсан гээд манай гэрийг бүхэлд нь нэгжиж шүүгээ болкон дээр үзсэн. Тэгээд гал тогоонд байж байгаад уурандаа манай ширээн дээр байсан ус хийдэг савыг аваад хана руу шидэж хагалсан. Тэгээд эхнэрээ дууд гэхээр нь би утсаар Даваасүрэн рүү залгаад Ганчимэг гэрийн хамаг юм эвдлээ гэхэд би цагдаа дуудаад очноо гэсэн. Жаахан байж байгаад Ганчимэг 00 өрөө ороод толийг татаж унаган хагалсан, мөн булангийн пивор тавиурыг татаж унаган эвдэн авгайгаа хурдан дуудаж ир гээд орилж чаралж байтал нь удалгүй манай эхнэр Даваасүрэн гаднаас орж ирээд миний гар утасны цэнэг дуусчихлаа гээд том өрөөнд ороход Ганчимэг араас нь дөхөж очоод маргалдаад зурагтны удирдлага аваад шидтэл оноогүй. Тэгсэн манай эхнэр Даваасүрэн эргэж хараад гартаа байсан утсаараа толгой хэсэг рүү нь цохисон. Би хаалганы хажууд зогсож байсан болохоор хурдхан очоод салгасан. Тэр 2 яг зууралдаж эхэлж байсан. Тэр үед Ганчимэгийн толгойноос цус гоожиж байсан. Би 00 цаас авчирч өгч дарсан боловч цус нь тогтохгүй байсан. Тэр үед 2 цагдаагийн алба хаагч ирээд хоёуланг нь авч явах гэсэн боловч Ганчимэг би явахгүй гээд яваагүй 103 дуудсан. Түргэн ирээд боолт хийж өгөөд эгч ах 2 нь ирээд аваад явсан. Цагдаа нар ч гэсэн явсан байгаа. ... гичий минь яагаад утсаа авахгүй зугтаагаад байгаа юм, мөнгө төгрөг өгөхгүй, уулзахгүй яваад байгаа юм гэх мэтээр хэлж байсан...” гэжээ. /хх 52-53 хуудас/

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11366 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Ганчимэгийн биед тархины доргилт, духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж дүгнэжээ. /хх 15 хуудас/

 

            Эмчилгээний баримт /хх 13 хуудас/       зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч С.Даваасүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 35 тоотод иргэн Д.Ганчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ганчимэг /хх 11-12, 26-27, 41/, гэрч Д.Осоргэрэл /хх 52-53/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11366 дугаартай дүгнэлт /хх 15/, Эмчилгээний баримт /хх 13/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

           Иймд шүүгдэгч С.Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч С.Даваасүрэнгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг нь “…торгох, …баривчлах” гэсэн ялын төрөлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Баривчлах ялыг шийтгэх тогтоол гарах үед …гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд …оногдуулахгүй…” гэж заасан тул шүүгдэгч С.Даваасүрэн /хх 79-80/-д торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Даваасүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгч С.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ганчимэгт 200.000 төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн зэргийг тус тус дурдав.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Хиад Боржигон овгийн Санжаажамцын Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хиад Боржигон овгийн Санжаажамцын Даваасүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч С.Даваасүрэн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ганчимэгт 200.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдлаа.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч С.Даваасүрэнд авсан батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ