Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1065

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********** овогт ******** ***** /РД:*********/,

Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын *********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 8-20 насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь *************** урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх ********** дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн ********* дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан гэмт хэрэгт тус холбогджээ.                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б нь *************сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх ********* дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж худалдан авч, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллахдаа ашигласан үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын************ дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 18-67/,

-Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ... Би цалингийн талаарх нарийн тооцоог цээжээр хэлж чадахгүй байна. Үндсэн цалин нь 1,063,000 төгрөг болсон байгаа. ...Манай цэцэрлэгийн зүгээс бүлгийн багшаар ажиллаж байсан Ц.Бд олгосон цалинг нэхэмжлэхгүй. Учир нь Ц.Б өөрийн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлсөө авсан болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168-169/,

-Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах. Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн Шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн, харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дунгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад Е818, НЕМ18 гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМ18 программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин Е318 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм, Е313 систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМ13 программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-137/,

-Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгүүлэх дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд тулгалт Хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар цахим pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-111/,

-Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны ****** дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9. 3.2.3.3.3.4, 3.10.1-ээс 3.103 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургуулийн Мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-127/,

-Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.1.2, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалт явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэй тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхий илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-132/,

-Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.***** нөхөр ******** хамт 2010 он Зүүнхараа руу шилжин суурьшиж амьдарч байгаад нөхөр ********* нь 2017 билүү 2018 онд нас барсан бөгөөд хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Тухайн үед би нийтийн автобусанд жолоочийн ажил хийдэг байж байгаад тааралдаж мэнд ус мэдэж утсаар холбогдож холбоотой байсан юм. Тэгээд цаг хугацааг нь сайн санахгүй байна над руу өөрийнхөө дугаараас залгаад 1 дүгээр хороонд цэцэрлэг баригдаад ашиглалтад орно гэж байна, цэцэрлэгт ажилд орчихмоор байна таньж мэддэг хүн байна уу гээд надаас шалаад байхаар нь би надад таньж мэддэг хүн байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би амарсан өдрөө төрсөн дүү Батсайханы Энхбатын гэрт ээжтэйгээ очиж уулзах гээд яваад очтол дүү маань Техникийн их сургуулийн бакалаврын диплом гаргуулсан гэхээр нь би тус өдрөө Д.***** рүү залгаад манай дүү бакалаврын диплом гаргаад авчихсан байна гэж хэлтэл ***** надад гаргуулъя гэж хэлэхээр нь би *****ээс 600.000 төгрөгийг бэлнээр аваад дүү ******* аваачиж өгсөн бөгөөд дүү маань хөөцөлдөж байгаад Д.*****д бакалаврын диплом гаргаж өгөөд би дипломыг нь аваачиж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 198/,

-Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар цэцэрлэгт 2020 оноос эхэлж нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Ц.Б нь 2020 оны 08 дугаар сараас эхэлж манай цэцэрлэгт ажилд орсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Б нь ажиллаж байх хугацаандаа нийт 22,940,579 төгрөгийн цалин дээр нийт 2,167,329 төгрөгийн урамшуулал бодогдсон байна. Тэтгэмж аваагүй, тэтгэврийн асуудлаар тэтгэвэрт гарсны дараагаар хөдөлмөрийн хуульд зааснаар 36 сартай тэнцэх тэтгэмж бодогдох юм. Ц.Б нь хүн амын орлогын албан татвар болон нийгмийн Даатгалын шимтгэлд нийт 9,442,046 төгрөгийн татвар оногдуулсан байна. Ажиллаж байх хугацаандаа нийт 15,665,862 төгрөгийн цалин Ц.Бийн гарт олгогдсон. Эдгээр тоо баримтыг мэдээллийг төрийн албаны цалингийн нэгдсэн системээс гаргаж авсан хэрэгт уг баримтыг хавсаргуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 200/,

-Ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 142-143, 206-209, 222-224/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 8 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл Нийслэлийн 272 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилласан. Би тухайн цэцэрлэгт орохдоо зарын дагуу очиж нэг удаа ярилцлагад орж Монгол Улсын Соёл урлагийн Их сургуулийн диплом болон иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа үзүүлж тухайн ажилд томилогдож ажиллаж байсан. Намайг Нийслэлийн **** дугаар цэцэрлэгт ороход ******* эрхлэгч ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Миний ажил томилогдсон тушаал ***** дугаар цэцэрлэгт байгаа. ...Миний бие Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг суралцаж төгссөн асуудал байхгүй. Надад одоо Монгол улсын багшийн их сургуулийн диплом эх хувиараа байна. ...Би тус зөрчилтэй дипломыг Баянхонгор аймгийн театрт хамт ажиллаж байсан Сэдээ гэх залуугаар дамжуулан 600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Сэдээ хаанаас хэнээр дамжуулан авсан асуудлыг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152 дахь тал/ мэдүүлж байсан.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан ************ сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн гэх **********дугаартай “Бүжигчин” бакалаврын зэргийн диплом нь хуурамч болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан гэрч ***********,******,********** нарын мэдүүлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны танилцуулга, хавсралт /№81/ гэсэн баримтуудаар нотлогдож байна.

Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос доошгүй байна” гэж заажээ.

Харин шүүгдэгч Ц.Б нь ямар ч багц цаг авч, суралцаагүй нь түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр ажилд орохдоо  “*************** үнэлгээний дүн 3,3” гэсэн дипломыг ашиглаж байгаа нь түүнийг хуурамч болохыг мэдсээр байж гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Ц.Б нь “бүжигчин” мэргэжлээр“ боловсролын “бакалавр”-ын зэрэг олгосон гэх диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сонгинохайрхан дүүргийн **************** дугаар цэцэрлэгийн багшаар ажилд томилогдон 2 жилийн хугацаанд ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосноор гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцсон бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Бийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь хохирол, хор уршигтай холбоотой зардал нэхэмжлээгүй /хавтаст хэргийн 169/ байна.

Харин шүүгдэгч Ц.Б нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2 жилийн хугацаанд тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаа илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж, улсын төсөвт эргэн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасантай нийцнэ.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого төрд учирсан хохирол гэж үзэн 15,665,862 төгрөгийг төрийн нэрийн өмнөөс оролцож нэхэмжилсэн.

Гэвч шүүгдэгч Ц.Бийн 2 жилийн хугацаанд ажилласан цалин хөлсийг бүхэлд нь хууль бус орлого гэж төлүүлэх нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалт, ****************** тогтоолоор 1946 оны 12 сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч... хийсэндээ таарсан... шан хөлс авах эрхтэй” гэж тунхагласан эрхийг зөрчих болно.

Иймд шүүхээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин/хөлс/-ийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ”  гэх заалтыг үндэслэн тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд /420,000 төгрөг х 2 жил / 10,080,000 төгрөг болж байгааг нийт цалингаас хасч 5,585,862 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон Ц.Бээс гаргуулан улсын төсвийн санд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгчийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хуурамч дипломоор ажилд орсон. Хөгжмийн багшаар ажиллахын тулд Засгийн газраас баталсан ажлын байрын тодорхойлолтоороо заавал бакалаврын дипломтой байхыг шаардсан байдаг. Ингээд шүүгдэгчийн хувьд энэ хуурамч дипломыг ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр анх ажилд орсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 25-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Шүүгдэгчийн зүгээс 2 жилийн хугацаанд ажиллахдаа 15,665,862 төгрөгийн цалинг гар дээрээ авсан байдаг. Шүүгдэгч нийт 22,940,579 төгрөгийн цалинг авснаас 2,167,329 төгрөгийн урамшуулал тухайн цалин дээрээ нэмж авсан нь тогтоогдсон байна. Үүнээс жилийн хугацаанд 9,442,046 төгрөгийг нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татвар буюу төрд холбогдох татварыг төлж байсан байна. Төрд учирсан буюу шүүгдэгчийн гар дээр олгогдож байсан цалин болох 15,665,862 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь төрийн албаны цалингийн нэгдсэн системээр тогтоогдож байгаа гэрч *********** мэдүүлсэн. Тухайн байгууллагын цэцэрлэгийн эрхлэгч нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн боловч тухайн цэцэрлэгийн сангаас гараагүй тул төрд учирсан хохирол гэж үзсэн. Шүүгдэгч Д.*****ийг 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах тохиромжгүй байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд уг ялыг оногдуулах боломжгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан дипломыг хэрэгт хавсаргуулах саналтай байна... гэв.  

 

Шүүгдэгч: “Хохирлынхоо мөнгийг төлнө гэсэн саналтай байна. Хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. ...Би хоёр охинтой. Өрх толгойлсон эмэгтэй, дүүгийндээ амьдардаг. Одоо хүртэл том охиноо сургуульд орж чадаагүй тул торгох ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү... ” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Б гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Харин гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, хувийн байдлын хувьд ажил эрхэлдэггүй байдлыг нь шүүгдэгчийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцэж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёл Урлагийн Их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх **********бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *********ийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Бд сануулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 5,585,862 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёл Урлагийн Их сургуулийн *******дугаар бүхий бакалаврын зэрэгтэй боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА