Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 209

 

Ч.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Уод холбогдох эрүүгийн 1905029130909 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

:........... овгийн ....................19..........оны .......... дүгээр сарын ............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ай-Вей-Си трейд” ХХК-д камер хянагч ажилтай, ам бүл ................. эцэг, дүү, эгч нарын хамт ............... дүүргийн .......... дугаар хороо, 11 дүгээр байр, 13-17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................;

Ч.У нь 2019 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 8 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 210 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн, уг өрөөнд амарч байсан иргэн Э.Содцэцэгийн эзэмшлийн “Хуавей-7” маркийн гар утсыг авч, 669.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........... овгийн Ч.............н .............ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Уыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Уод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Уод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг “Тааз” зочид буудалд нууцаар болон хулгай хийх зорилгоор нэвтрэн ороогүй. “Тааз” зочид буудалд бичиг баримт болон мөнгө төгрөг өө төлөөд орсон. Би санамсар болгоомжгүйгээсээ болж өөр өрөө рүү андуурч ороод өөрийнхөө утсыг байна гээд шалан дээр байсан утсыг авсан юм. Гэтэл уг буудал руу нууцаар нэвтэрсэн гэж үзэж, хорих ял оногдуулсан. Миний бие өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралд орсон. Гэтэл шүүх буцааж хорих ял оногдуулсан юм. Миний бие санаатай биш, санамсар болгоомжгүйгээсээ болж ийм юм хийсэндээ үнэхээр харамсаж, гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Уын өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ч.Уыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үзэх үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Ч.Уыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг нийгэмд аюултай, гол нь гэм буруутай үйлдэл” байхыг хуульчилсан. Харин энэ хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу гэх ойлголтыг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн” байхыг тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал, мөн зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг заавал тогтоохоор заасан. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” зэргийг шүүх прокурор заавал тогтоох ёстой атал гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буруу тогтоосон. Дээрхээс үзвэл Улсболдын хувьд хулгайн гэмт хэрэг үйлдэхээр, ингэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэхийг хүсч, энэхүү үйлдлээ хууль бус болохыг нь ухамсарлан хууль бусаар, нууцаар зочид буудалд нэвтэрсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Улсболд нь уг зочид буудалд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль ёсоор нэвтэрсэн буюу өрөө авсны дараа өөрийн өрөө болох 203 тоот өрөө бус 210 тоот өрөө гэдгийг мэдсээр байж нэвтрэн ороогүй, андуурч орсон, ингээд өөрийнх нь өрөө биш болохыг мэдээд гарах үед гар утас хулгайлсан үйл баримт дараах байдлаар нотлогдож байна. Үүнд, хохирогчийн мэдүүлэг “210 тоот өрөөнд орсон”, шүүгдэгчийн мэдүүлэг “...анх 2 давхарт голын хаалганд орсон. Тоотыг нь санахгүй байна. Ямартай ч зэрэгцээ 3 өрөөний голын хаалга байсан. Ингээд 2 давхарын хойд жигүүрийн зүүн зүг рүү харсан 3 өрөөний голыг татаж үзэхэд онгорхой байсан учир өөрийн өрөө гэж бодоод орсон. Тэр өрөөнд ороход өөр хүмүүс унтаж байсан ба гарах гэтэл шалан дээр гар утас хэвтэж байхаар нь аваад гарсан”, гэрч Д.Бадамсүрэнгийн мэдүүлэг “...гар утсаа алдсан гэх хүн ...2 давхарын хойд жигүүрийн зүүн зүгт харсан зэрэгцээ 3 хаалганы голын хаалга байна. ...харин утас авсан гэх хүн ...2 давхарын урд жигүүрийн баруун зүгт харсан зэрэгцээ 3 хаалганы голын хаалга байна.”, 2 давхарын буудлын өрөөний схем зураг зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэжээ. Харин эсрэгээрээ Улсболд нь тухайн үйлчилгээ явуулах зориулалттай орон байранд хууль ёсны дагуу зөвшөөрөл авч нэвтэрсэний дараах үйл явдал юм. Тодруулбал, өөрийн өрөө бус, буруу өрөөнд андуурч орсон болохоо мэдсэний дараа гарахдаа шалан дээр байсан гар утсыг нууцаар буюу унтаж байхад нь хулгайлах сэдэл төрж, түүнийгээ хүсэж үйлдсэн байна. Үйлчилгээ явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэх сэдэлтийн хувьд анхнаасаа хууль бусаар нэвтрэх сэдэлт, зорилго байгаагүй, санаатай нэвтрээгүй зэргээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Тодруулбал, Улсболд нь анхнаасаа уг зочид буудалд зохих зөвшөөрөл авч нэвтэрсэн бөгөөд анхнаасаа хууль бусаар нэвтрээгүй юм. Мөн хохирогчийн эд хөрөнгийг хулгайлах болон хууль бусаар нэвтрэн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, зорилго агуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. Хэргийн үйл баримтаас үзвэл, Улсболд нь өөрийн өрөөний ерөнхий байрлалтай ижил буюу 2 давхарын голын өрөөнд орохдоо анхнаасаа өөрийн өрөө бус гэдгийг мэдэж, хулгай хийхээр ороогүй, харин андуурч ороод гарах үед шалан дээр байсан утсыг хулгайлсан, гэмт хэргийн сэдэлт, зорилго нь өрөөнд орсны дараа буюу шалан дээр гар утас байхыг харсан цагт төрсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг энэ үеэр тогтоох нь зүйтэй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор нийтийн үйлчилгээний газрыг “...нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим гэх мэт/-т хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй” хэмээн тайлбарласан болохыг дурдалгүй орхиж боломгүй байна. Эцэст нь дүгнэвэл Ч.У нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны шөнө “Гэгээ” нэртэй зочид буудалд хулгай хийх сэдэлт, зорилгоор нэвтэрч ороогүй бөгөөд зохих ёсоор бүртгүүлж, үйлчилгээний төлбөрөө төлж орсон үйл баримт тодорхой байна. Харин өглөөний 08 цагийн үед хамт байсан хүмүүсээ хайж ресепшнтэй уулзсаныхаа дараагаар өөрийн амарч байсан өрөөндөө орохоор буцаж явахдаа эндүүрмээр байрлалтай 210 тоот өрөөнд андуурч оржээ. Тэр үедээ буюу өрөө андуурсан гэдгээ мэдээд гарах үед нь хохирогчийн утас шалан дээр, хохирогч унтаж байгааг нь хараад л Ч.Уод хулгайлах гэмт санаа, сэдэлт төрсний үндсэн дээр тэрбээр энэхүү хэргийг үйлдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзсэнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнээс биш Ч.У нь өөрийн гэмт үйлдлээ 100% хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа. Түүнчлэн зочид буудлын өрөөг дангаар нь зочид буудал гэж ойлгож болохгүй бөгөөд 210 тоот өрөө нь “Гэгээ” нэртэй зочид буудлын үйл ажиллагаа явуулах зориулалттай объектийн зөвхөн иж бүрдэл, бүрэлдэхүүний нэгээхэн хэсэг нь юм. Тиймээс Ч.Уыг тухайн зочид буудалд хууль ёсоор нэвтэрсэн, харин нэвтрэн орсныхоо дараагаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцнэ. Түүнээс биш аливаа орон байр, агуулах саванд үйлдэгдсэн үйлдэл бүрийн сэдэлт, зорилгыг тодорхойлохгүйгээр бүгдийг нь явцууруулан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх боломжгүй. Ингэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын хүндрүүлэх шинжийг онцгойлон тодорхойлж буй “...нэвтэрч” гэх хууль зүйн ойлголтыг анхаарч үзэлгүй орхигдуулна хэмээн үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Ч.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Уын хувийн байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус бүр харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн газрын бүдүүвч зургийг хавтас хэрэгт хавсаргасан. Хэрэг гарсан өрөө болон шүүгдэгчийн амарч байсан өрөө хоёр эсрэг чиглэлд байрлаж байсан. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хулгайн замаар алдсан утсаа, хулгайн замаар олох ёстой гэж цэрэгт сурсан. Тийм болохоор би хоёр хаалга татсан. Эхнийх нь цоожтой байсан. Хоёр дахь хаалга нь онгорхой байсан болохоор ороод гар утсыг авсан” гэдэг. Шүүх хуралдааны явцад прокуророос “гар утас хаана байсан бэ, тухайн өрөө хэдэн ортой байсан бэ” гэж асуухад бүх зүйлийг санаж, үйлдлээ ухамсарлаж байсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Ч.У нь 2019 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 8 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 210 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн, уг өрөөнд амарч байсан иргэн Э.Содцэцэгийн эзэмшлийн “Хуавей-7” маркийн гар утсыг авч, 669.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Содцэцэгийн “...өглөө 8 цагийн үед миний унтаж байсан өрөөнөөс хүн гараад явах чимээ сонсогдохоор нь сэрээд гар утсаа хайхад миний гар утас байхгүй байхаар нь Соёмбоогийн утсаар өөрийн 99976798 дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд би буугаад ресепшин дээр очоод хяналтын камер шүүж үзэхэд миний байсан өрөөнд үл таних эрэгтэй хүн 8 цагийн үед ороод 8 цаг 30 минутын үед гараад саарал өнгийн 1965 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явж байгаа нь бичигдсэн байсан. ...” /хх 7-8/,

 

гэрч Н.Мартхүүгийн “...Улсаа ах буудал руу буцаад орж унтсан. Өглөө 6 цаг болж байхад Улсаа ах гартаа нэг утас барьчихсан гарч ирж байсан. Би өөрийнх нь утас байх гэж бодоод юу ч мэдээгүй. ...” /хх 12-13/,

 

шүүгдэгч Ч.Уын яллагдагчаар өгсөн “...2-3 өрөөний хаалгыг татаж үзсэн чинь цоожтой байсан. Ингээд гар утас авсан гэх өрөөний хаалганы бариулнаас татсан чинь онгорхой байхаар нь орсон чинь өөр хүмүүс хэвтэж байсан. Гарах гэтэл шалан дээр гар утас байсан. Харин орон дээр 2 хүн унтаж байхаар нь өөрийнхөө гар утсыг алдсандаа уур хүрээд утсыг нь аваад гарсан. ...” /хх 102-103/ гэх мэдүүлгүүд,

 

хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 17-19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ч.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Уын гэм бурууг хэлэлцэх явцад тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулжээ.

 

          Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж байхад хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд харин шийтгэх тогтоол гарсны дараа хэргийн үйл баримтын талаар гомдол гаргасан байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн байдлыг хөндөхгүй орхив.

 

          Түүнчлэн, анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх явцад тогтоогдсон хэмжээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ч.У иргэн Э.Содцэцэгийн амарч байсан өрөө рүү сэм орж, түүнийг унтаж байхад нь “Хуавей-7” маркийн гар утсыг нь авч, 669.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Уыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Зочид буудалд төлбөр төлснөөр тус буудлын нэг өрөөг тодорхой хугацаатайгаар ашиглах эрх үүсэх бөгөөд тухайн этгээд уг өрөөнд өөрийн хувийн орон зайг үүсгэдэг. Иймд зочид буудлын өрөөг хүн байнга амьдрах орон байр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.У нь үйл ажиллагаа явуулах зориулалттай зочид буудалд зохих төлбөрийг нь төлөөд өрөө авсан байх боловч иргэн Э.Содцэцэгийн амарч байсан 210 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, түүний гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, ...орон байр...” гэх шинжийг хангасан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтын “Монгол овгийн Чинбатын Улсболдыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Монгол овгийн Чинбатын Улсболдыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

              ШҮҮГЧ                                                       Д.МЯГМАРЖАВ