Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/00536

 

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/00536

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух Ш овогт Ш.О /УР/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, ЭТТ ХК /54/-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Ц.С Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.О миний бие ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.11.12-ны Б/622 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилогдон 2018.11.13-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажил олгогч ЭТТ ХК нь түүнтэй байгуулсан 2018.11.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр шинэчилж, 2019.05.06-ны өдөр 2019/71 дугаартай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан юм. Уг гэрээний хүрээнд ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.05.06-ны өдөр Б/359 дугаартай тушаал гарч, түүнийг компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаартай тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О  ийг ...2019.10.08-ны өдрөөс 2019.10.28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан... гэж үзэж ажлаас халсан тушаал гарсан. Ш.О нь тус компанид ажиллаж байх хугацаандаа өөрт оногдсон, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бодитойгоор хэрэгжүүлэн биелүүлж, ажлын байрны чиг үүргээ шударгаар гүйцэтгэдэг байсан. Ш.О нь 2019.10.04-ний өдөр, 2019.10.07-ны өдрүүдэд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа тодорхой цагаар гүйцэтгэх боломжгүй болж дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Б аас цагийн чөлөө авч, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт биеийн эрүүл мэндээ үзүүлсэн байдаг. Улмаар эмчийн үзлэгээр түүнийг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөсөн бөгөөд маргааш өглөө буюу 2019.10.08-ны өдрийн өглөө ажлаасаа дахин чөлөө авч, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчилгээ хийлгүүлсэн.

Ш.О нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсноо ажил олгогчдоо тайлбарласан бөгөөд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг ажилд ирэхдээ авч ирэхийг анхааруулсан байдаг. Тэрээр үргэлжлүүлэн хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн магадлагаа авсан байдаг бөгөөд 10 сарын 25-ны өдрийг хүртэл сунгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 2019.10.08-ны өдрөөс 2019.10.25-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэх 15 хоногийн хугацаанд Ш.О нь өвчтэй байсан нь баримтаар тогтоогдож байгаа. Харин Ш.О нь хүндэтгэн үзэх шалтгаанаас болж уг эмнэлгийн магадалгаануудыг ажил олгогч талдаа хүргэн өгч чадаагүйгээс шалтгаалан ажил олгогчоос ийм тушаал гарсан байна. Энэ тушаалын талаар Ш.О огт мэдээгүй, байгууллагаас мэдэгдээгүй бөгөөд 2019.11.01-ний өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авсан байдаг. Тийм учраас 2019.11.29-ний өдөр нэхэмжлэлээ бичиж, шууданд хийсэн, маргааш өдөр нь амралтын өдөр байсан, нэхэмжлэл шүүхэд 2019.12.02-ны өдөр очсон байгаа тул хөөн хэлэлцэх хугацаан дотроо нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иймд Ш.О  ийн өвчтэй байх цаг хугацаанд ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой байтал түүнийг ийнхүү ажил тасалсан гэж үзэж ажлаас нь чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ш.О  ийг Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019.10.29-ний өдрөөс эхлэн тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхүй байна. Ш.О нь ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/359 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар Ш.О  ийг ажлаас халах тухай тушаал гарсан байдаг. Тус тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О  ийн 2019.10.08-ны өдрөөс 2019.10.28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш өдөр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон ажлаас чөлөөлөхөөр заасан байгаа. Харин Ш.О нь 2019.10.08-ны өдрөөс 2019.10.28-ны өдрүүдэд нийт 15 өдрийн ажил тасалсан нь ажлилтны ажлын цагийн мэдээ, ЗУХ гэсэн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019.10.08-ны өдрөөс 2019.10.28-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгүүлсэн гэж бичсэн байна. Гэтэл гүйцэтгэх захирлын 2018 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг ажлын 5 хоногт багтаан захиргаа, удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ гэж заасан гэтэл Ш.О нь өнөөдрийг хүртэл ЭТТ ХК-д ирүүлсэн баримт байхгүй. Түүнтэй утсаар холбогдох гээд чадаагүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайхан нь зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байдаг юм.

Түүнээс гадна Ш.О 2019.07.31-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл авч байсан. Өөрөөр хэлбэл ажлын байранд бусадтай бүдүүлэг харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, энэ тушаалыг Ш.О тухайн үедээ мэдээд зөвшөөрөхгүй гэсэн боловч шүүхэд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Иймд сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхад Ш.О нь 15 өдөр ажил тасалж дахин ноцтой зөрчил гаргасан байдаг. Түүний чөлөөтэй байсан гэх 3 дугаар эмнэлгийн болон Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлгийн магадлагаа нь эргэлзээтэй, магадлагаа олгох журам зөрчсөн байдаг. Журамд эмнэлгийн магадлагааг 3, 3 хоногоор сунгах, эмчлэгч эмчээс гадна ерөнхий эмч хянаж, тамга дарна гэсэн байдаг. Гэтэл Х өрхийн эмнэлэг нь 7 хоногоор магадлагаа олгож, дахин 5 хоногоор сунгасан байдаг. Харин тус эмнэлгээс ирүүлсэн баримтаар Ш.О нь 3-н удаа л үзүүлсэн байдаг. Тийм учраас уг эмнэлгийн магадлагаагаар түүнийг хүндэтгэн үзэх шалтаантай байсан гэж үзэхгүй, тэгээд ч уг магадлагааг ажлын газартаа огт ирүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм ч учраас түүнийг ажлаас чөлөөлсөн 2019.10.29-ны өдрийн Б/843 дугаар тушаалыг шуудангаар, түүний гэрийн хаягаар хүргүүлсэн. Үүнийг Ш.О 2019.11.01-ний өдөр өөрөө гардан авсан байдаг. Үүнээс хойш 2019.11.30-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах байсан, гэтэл шүүхэд 2019.12.02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн гэдэг нь харагдаж байна. Иймд манай байгууллагын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Ш.О  ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч ЭТТ ХК-нд холбогдуулж Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацаа буюу 1 сарын дотор шүүхэд гаргажээ.

 

Учир нь хариуцагч ЭТТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.О  ийг ажлаас нь чөлөөлсөн 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар тушаалыг мөн өдрөө түүний оршин суугаа хаягаар шууданд хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ш.О нь уг шууданг 2019.11.01-ний өдөр хүлээн авч, тушаалыг гардан авсан, тэрээр нэхэмжлэлээ 2019.11.29-ний өдрийн 17.34 цагт тус шүүхийн хаягаар шууданд хийсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, Монгол шуудан ХК-ийн 2020.02.11-ний өдрийн 08/123 дугаар тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбар, шуудангийн дугтуй зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

2019 оны календараас үзвэл, 2019.11.29-ний өдөр нь 5 дахь өдөр, 2019 оны 11 сар нь 30 хоногтой, энэхүү 30 хоногийн сүүлийн өдөр нь хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан байх бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т зааснаар ...тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж тооцбол 11 сарын сүүлийн өдөр нь дараагийн ажлын өдөр болох 1 дэх өдөр буюу 2019.12.02-ны өдөр дуусчээ.

 

Иймд нэхэмжлэгч Ш.О нь хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул хариуцагч талын гаргасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар няцаагдав.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Ш.О нь Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханд хэлж чөлөө авсан, тэрээр ажилдаа ирэхдээ эмнэлгийн магадлагааг аваад ирээрэй гэж хэлсэн, Ш.О нь 2019.10.08-ны өдрөөс 2019.10.25-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан, ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой байхад түүнийг ажил тасалсан гэж үзэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Ш.О нь 2019.10.08-ны өдөр даргаасаа амаар чөлөө авсныг үгүйсгэхгүй, гэхдээ эмнэлгийн чөлөөтэй талаарх баримтыг байгууллагад огт ирүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан бөгөөд, өвчтэй байсныг нотлох эмнэлгийн магадлагаанууд нь журамдаа нийцээгүй, эргэлзээтэй, уг баримтуудаар түүний өвчтэй байсан гэж үзэхгүй, тэрээр сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа дахин ажлыг 2, 3 ба түүнээс өдөр таслаж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Ш.О нь ЭТТ ХК-нд 2018.11.12-ны өдрөөс Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Ш.О  ийг ажлаас нь чөлөөлсөн дээрх Б/843 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.3, 8.1.3, 8.3.1, 8.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 4.1.3, 4.4.2 дахь заалтуудыг удирдлага болгон 2019.07.31-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж 2019.10.08-ны өдрөөс 2019.10.28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан ноцтой зөрчил гарган үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгодог бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх явдал, 131.1.3-т зааснаар ажлаас халах нь сахилгын шийтгэлийн хүнд хэлбэр, ноцтой шинжтэй зөрчилд хэрэглэгдэх, зөрчил гаргагчийн гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагавар, түүнд оногдуулсан шийтгэл хоорондоо тохирч байх учиртай.

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 4.4.2-т зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл зохигчид 2 ба түүнээс дээш өдөр ажил таслах-ыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байхаар, энэхүү зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр хөдөлмөрийн гэрээгээр нэгэнт тохиролцож, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Ш.О нь өөрийгөө өвчтэй байсан, ажил таслаагүй гэж үзэн Улсын гуравдугаар төв эмнэлэгийн болон Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлгийн магадлагаа, шинжилгээний баримтуудыг үндэслэл болгож байна.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгээс ЭТТ ХК-нд 2020.01.28-ны өдөр хүргүүлсэн албан бичиг, хавсралт болох эмнэлгийн шинжилгээний баримтаар нэхэмжлэгч Ш.О нь 2019.10.08, 2019.10.11-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинжилгээний цаг авч, үзүүлсэн байх бөгөөд тус газраас түүнд 2019.10.08-ны өдрөөс 2019.08.11-ний өдрийг хүртэл 3 өдөр ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа олгож, уг магадлагаанд эмчлэгч эмч М.Энхцэцэг гарын үсэг зурж, тэмдэг даржээ.

 

Мөн нэхэмжлэгч Ш.О нь Баянзүрх дүүргийн Х өрхийн эрүүл мэндийн төвд 2019.10.11, 2019.10.21, 2019.10.25-ны өдрүүдэд тус тус үзүүлсэн байх бөгөөд тус газраас түүнд 2019.10.11-ний өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл 7 өдөр ажлаас чөлөөлсөн магадлагааг олгож, уг магадлагаанд ерөнхий эмч н.Цогцолмаа гарын үсэг зурж, тэмдэг дарсан, мөн энэхүү магадлагаа нь 2019.10.21-ний өдрөөс 2019.10.25-ны өдрийг хүртэл дахин 5 хоногоор сунгагдсан болох нь шүүгчийн захирамжийн дагуу Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, эмчийн үзлэгийн бүртгэлээр тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн сайдын 2013.11.27-ны өдрийн 450 дугаар тушаалаар Эрүүл мэндийн бүртгэлийн маягт буюу АМ-8 гэсэн эмнэлгийн магадлагааны загвар батлагдсан байх бөгөөд Эрүүл мэндийн байгууллагад анхан шатны маягт хөтлөх товч заавар /http://www.chd.mohs.mn/-ын Эрүүл мэндийн маягт АМ-8 буюу эмнэлгийн магадлагаа бүртгэлийн мягтыг бөглөх заавар гэсэн хэсэгт Эмнэлгийн магадлагаа маягтыг амбулторийн эмчлэгч эмч олгоно. ...Эмчлэгч эмч нь магадлагаа олгох болсон шалтгааныг ...тодруулж магадлагааг ерөнхий эмчээр баталгаажуулж олгоно. Сунгалтыг 3 өдрөөр 3 удаа олгох ба энэ тохиолдолд эмчлэгч эмч тэмдэг, гарын үсгээр баталгаажуулна гэж,

 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т эмнэлгийн магадлагааны үнэн магадтай эсэхийг тухайн магадлагаа гаргасан эмч, үүнийг баталгаажуулсан эмнэлгийн байгууллагын эрх баригч... нар хуриуцна,

4 дүгээр зүйлийн 4.5-д эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой, тодорхой огноо дугаартай бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгуулагын эрх баригч нар...албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж тус тус заажээ.

Харин Улсын гуравдугаар төв эмнэлгийн магадлагаа, Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаанууд нь журмын дээрх заалтуудад нийцэхгүй, магадлагааг тухайн байгууллагын эрх баригч нь баталгаажуулаагүй, Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаа нь 3 хоногоор бус 5 хоногоор сунгагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах учиртай ба, нэхэмжлэгч Ш.О нь Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, шинжилгээ өгсөн үйл баримт тогтоогдож байх боловч тус байгууллагуудаас түүнд олгосон эмнэлгийн магадлагаа нь дээр дурдсан журмуудад нийцээгүй, эргэлзээ төрүүлж байх тул уг магадлагаануудаар түүнийг 15 хоногийн турш эрүүл мэндийн шалтгаантай буюу өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч ЭТТ ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.9, 6.15-т зааснаар Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтны ажлын цаг бүртгэлийг холбогдох журмаар зохицуулахаар заасан байх бөгөөд энэхүү заалтын дагуу ЭТТ ХК-ийн 2018.12.20-ны өдрийн А/468 тоот тушаалаар ажлын цаг ашиглалтын журам болон чөлөө олгох хуудас, цагийн чөлөө олгох хуудас, ажилтныг илүү цагаар ажиллуулах хуудас хавсралтаар батлагджээ.

 

Уг журмын 3 дугаар зүйлд ажилтанд чөлөө олгох асуудлыг зохицуулсан байх бөгөөд 3.3-3.5 дахь заалтуудад ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай бол түүний хүсэлтийг харгалзан харьяалах нэгжийн удирдлага нь ажлын өдрийн 4 цаг хүртэл чөлөө олгоно, ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ба орлон ажиллах ажилтанд хүлээлгэн өгнө, тэрээр чөлөөтэй, өвчтэй байхдаа чөлөөний хугацааг сунгуулах бол хугацаа дуусахаас өмнө биеэр эхүл бусад этгээдээр дамжуулан харьяалах нэгжийн удирдлага болон хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид мэдэгдэнэ гэж,

4 дүгээр зүйлийн 4.3, 4.3.3, 4.3.7-д ажлын байран дахь гэнэтийн бүртгэл, шалгалтаар хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа ажлын байранд байгаагүй, чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас болон холбогдох бусад баримтыг журамд заасан хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ирүүлээгүй бол ажил тасалсанд тооцохоор тус тус зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ш.О нь дээрх журамд зааснаар хариуцагч ЭТТ ХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Б аас 2019.10.08-ны өдрийн чөлөөг амаар авсан байх бөгөөд 2019.10.09-нөөс 2019.10.28-ны өдрийг хүртэлх хугацааны чөлөөг хэнд хэлж, хэрхэн авсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, эмнэлгийн магадлагааг байгууллагадаа огт хүргүүлээгүй, түүний утас холбогдохгүй байснаас болж Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Б  нь ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг бичиж, уг хуудсанд зөрчлийг буюу нэхэмжлэгч Ш.О нь 2019.10.11-ний өдрөөс ажилдаа ирээгүй, ажил тасалсныг илрүүлж, түүнд холбогдох арга хэмжээ авахыг хүний нөөц, сургалт, судалгааны газарт 2019.10.13-ны өдөр шилжүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.О нь 2019.10.09-ний өдрөөс 2019.10.28-ны өдрийг хүртэл ажил тасалсан үйл баримт хариуцагч талын гаргасан тайлбар, ажилтны сахилгын зөрчлийн хуудас, 2019 оны 08, 09, 10 сарын ажилтны цагийн бүртгэлийн мэдээ, ажлын цагийн тооцоо, 2019.10.29, 2019.10.24, 2019.10.25, 2019.10.09-ний өдрүүдийн ажлын цагийн гэнэтийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.31-ний өдрийн Б/528 тоот тушаалаар ажлын байранд бусадтай бүдүүлэг харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн, тэрээр уг тушаалыг 2019.08.02-ны өдөр танилцаж, зөвшөөрөхгүй гэдгээ бичсэн байх боловч энэхүү тушаалын талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тушаал хүчин төгөлдөр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.О нь сахилгын сануулах шийтгэл авснаас хойш 3 сарын дараа дахин ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан болох нь дээр дурдсан үйл баримтуудаар нэгэнт тогтоогдсон, хариуцагч ЭТТ ХК-ийн 2019.10.29-ний өдрийн Б/843 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул Ш.О  ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр 2019.11.29-ний өдөр 140,400 /70,200*2/ төгрөгийг төлсөн байх тул уг 140,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.О  т олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар ЭТТ ХК-нд холбогдох Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ш.О  ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дудаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.О  т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА