Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 89

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ти Энд Ти Юникс ХХК-д холбогдох

Газар ашигласны нөхөн төлбөр 18 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн төлөөлөгч С.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч  Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн малчин Боржигон овогт Тогтохын Хүрэлбаатар би тус сумын Жугамын амны тохой гэх газарт гэр бүлийн хамтын хэрэгцээнд хаваржааны газар болох 700 м/кв газрыг 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан.

Уг газар Байдрагийн голын захад байдаг тул бид ногоо чацарганы мод тариалах гэж байсан. Ингээд энэхүү газартаа хаваржиж намаржиж амьдарч байтал 2017 оны хавар Ти Энд Ти Юникс ХХК ажилчидтайгаа ирэн гэрээ барин кемпээ байгуулан машин тэргээ байрлуулан эхэлсэн.

Энэ үед би эхнэр Гантуяагийн хамт очиж энэ газар миний эзэмшлийн газар, мал сүргийн бэлчээр, бид амьдарч аж төрч байдаг газар энд үйл ажиллагаа явуулахгүй тэрэг техникээ тат гэж хэлсэн. Гэтэл Ти Энд Ти Юникс ХХК-ийн захирал Ганбаатар 25.000.000 төгрөг танай газрыг ашиглаж байгаагийн төлбөрт өгье харин та нар манай үйл ажиллагаанд саад болж болохгүй бид бас энэ газрыг нөхөн сэргээж өгнө гэж хэлсэн.

Ингээд Ти Энд Ти Юникс ХХК-ийн захирал Ганбаатар анх бидэнтэй 25.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж байхдаа энэ газрыг эзэмшдэг гэдэг бичиг баримт кадастрын зургаа аваад ир, аваад ирвэл 200.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн үүний дагуу би бичиг баримтаа үзүүлсэн байгаа. Тохирсон ёсоор бид 2017 оны хавраас өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газартаа хаваржаагүй уурхайд газраа тавьж өгөн үйл ажиллагаанд нь саад учруулаагүй.

Ингээд гэрээний дагуу Ти Энд Ти Юникс ХХК миний эхнэр Гантуяагийн дансруу нийт 5.200.000 төгрөг шилжүүлсэн мөн бэлнээр 1.000.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг өгөөд үлдэгдэл 18.800.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй болно.

Мөнгөө нэхээд удаа дараа очиход тэгэж байгаад өгнө, хэд хоноод ир, надад бодсон юм байгаа гэж хэлдэг энэ хавар уулзах гэтэл зугтаагаад уулзаагүй. Малчин миний хувьд энэ газар олон жил хаваржиж, намаржиж мал сүргээ хариулан ирсэн гэтэл энэ компани хэдэн жил ашиглаж хүн амьдрах аргагүй, мал бэлчих бэлчээргүй миний эзэмшлийн 700 мкв газрыг зүгээр сул шороо болгон үлдээх гэж байна. Иймд Ти Энд Ти Юникс ХХК-иас  Т.Х миний эзэмшлийн 700 мкв газрыг ашигласан, билчээр ашигласаны нөхөн төлбөр болох 18 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх тус сумын Жугамын амны тохой гэдэг газар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний газар гэж 15 жилийн хугацаатай авсан байгаа. Тэгээд Ти Энд Ти юникс компани нь 2017 оны хавар ирээд кемпээ байгуулаад тэрэг техникээ байрлуулж эхлэсэн. Би нөхөр Хүрэлбаатарын хамт очиж энд алт ухуулахгүй гэж хэлсэн. Газар эзэмшдэг эрхийн гэрчилгээ кадастарын зургаа аваад ир гэсэн. Тэгээд бүх бичиг баримтаа үзүүлэхэд манай нөхөртэй ярьж тохироод 25.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Үүний дагуу манайх тухайн газар нутаглаагүй уурхайн үйл ажиллагаанд саад учруулаагүй. Одоог хүртэл хорирол барагдуулаагүй явж байгаа. Иймд тохиролцсон мөнгөний үлдэгдэл 18.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмал олборлох А4323 тоот тусгай зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт байрлах Жугамын ам гэх газарт үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулсан. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж байхад тус сумын иргэн  Т.Х гэгч нь удаа дараа ирж агсам согтуу тавьж, мөнгө нэхэж ажил удаашруулж байсан тул цувуулан мөнгө өгч ажлаа үргэлжлүүлж байсан. Сүүлд их хэмжээний мөнгө нэхэхээр нь өгөөгүй, өгөх үндэслэлгүй гэдгийг тайлбарласан. Үйл ажиллагаа явуулсан газарт  Т.Х амьдардаггүй бөгөөд Гантулга гэдэг айл байсан. Уг айл одоо ч гэсэн байгаа.

Миний бие  Т.Х болон бусад хүнтэй газар ашигласны төлбөрт 25.000.000 төлөх талаар амаар болон бичгээр гэрээ байгуулсан, ярилцаж тохирсон асуудал байхгүй. Манай компани үйл ажиллагаа явуулахдаа улс, аймаг, орон нутагт төлвөл зохих бүх татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж ажилласан. Нөгөө талаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу олгосон газар үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг газар нь иргэний эзэмшлийн газартай давхцсан тохиолдолд миний бие хариуцах үндэслэлгүй байна. Иймд  Т.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ газрыг 2007 онд авсан лицензтэй. Бүх зүйлийг ном журмын дагуу ажилласан. 2017 онд манай уурхай гарахаас өмнө би очиж байсан. Уурхай дээр анх удаа ирэхдээ хоёулаа ирээд архи уусан. Намайг хужаагийн боол гээд дарамталдаг байсан. Би арга буюу туслаж мөнгө өгсөн байдаг. Манай урд талын хамар дээр ирж зураг авч байгаад явсан. Би 2018 онд уулзахгүй зугтаасан зүйл байхгүй. Одоо би 6.000.000 төгрөгөө буцааж нэхэмжлэх бодолтой байгаа. Манайх тухайн газраа мод тарьсан байгаа. Тухайн газар айл буух боломжгүй гэж худлаа ярьж байна. Гэрээ байгуулж мөнгө өгнө гэж тохирсон зүйл байхгүй. Техникийн нөхөн сэргээлт хийсэн байгаа. Биологийн нөхөн сэргээлтийг 2020 ондоо хийнэ. Энэ айл тэр газраас хойно өвөлждөг, намарждаг байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.Х нь хариуцагч Ти Энд Ти Юникс ХХК-иас газар ашигласны төлбөр 18 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрээ байгуулаагүй, мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй гэж эс зөвшөөрчээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Т.Х нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн нутаг Жугамын амны тохой гэх газарт 700 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь 0304253 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ, тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 5, 14-15-р тал/

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг газар эзэмшүүлэгчийг төлөөлж Бөмбөгөр сумын газрын даамал О.Мөнхцэцэг,  Т.Х нар нь 2019 оны 08 сарын 28-ны өдөр шинэчлэн байгуулжээ. /хх-ийн 98-101-р тал/

Түүнчлэн хариуцагч Ти энд Ти Юникс ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Жугамын ам нэртэй газарт 129 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 30 жилийн хугацаатай авсан, тус газарт ашигт малтмал ашиглах эрхтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 4323А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралт, тайлбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 44-48-р тал/

Нэхэмжлэгч  Т.Х нь хариуцагч Ти Энд Ти Юникс ХХК-ийн захирал С.Ганбаатартай өөрийн эзэмшил газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь саад болохгүй нөхцөлөөр газраа ашиглуулж, газар ашигласны төлбөр 25 000 000 төгрөг авахаар амаар тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын эрх бүхий албан тушаалтантай 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-ний заалтын гурав дахь хэсэгт газар эзэмшигчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах, 3.7 дахь хэсэгт эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байна.

Дээрхи гэрээний заалтаас харахад нэхэмжлэгч  Т.Х нь гэрээнд заасан үүргээ зөрчин, дур мэдэн өөрийн эзэмшил газрыг бусдад ашиглуулсны төлбөр буюу гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Аливаа үүрэг нь хууль буюу гэрээгээр үүсэх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчид хууль, буюу гэрээгээр үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд зөвхөн хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд хуулийн хүрээнд, хүчин төгөлдөр байгуулсан гэрээний үүргийг талуудаас шаардах эрх үүсэх нь зүйд нийцнэ.

Зохигчдын эзэмших эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй газар нь хоорондоо давхцал үүссэн эсэх, үүссэн бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцал үүсэж байгаа эсэх нь тодорхойгүй, тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй байна.

Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 187-р зүйлийн 187.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгч  Т.Хын Ти Энд Ти Юникс ХХК-иас 18 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.3, 116, 118 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 187-р зүйлийн 187.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгч  Т.Хын хариуцагч Ти Энд Ти Юникс ХХК-иас гэрээний үүргийн 18 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол гомдол гаргах хугацааг хуульд заасны дагуу тоолоход саад болохгүй мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.