Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2018/00007

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр                    Дугаар 223/МА2018/00007

 

Р.Г-ны  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2018/00274 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Г-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТаЗД холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2 304 000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би төрөлх сургуульдаа ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэсээр даруй 22 жилийг ардаа орхижээ. Тэрээр 16 жил багшлахдаа хүүхэд бүрийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж улс, аймаг, бүсийн олимпиад, уралдаан тэмцээн, ЭЕШ-нд олон шавь нар маань амжилт гаргаж тэднээрээ бахархах сайхан дурсамж дурдатгалтай он цагийг өнгөрөөсөн. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт Сүмбэр сумын ЕББДС-ийн захирлын сонгон шалгаруултанд 1 дүгээр байранд орж 2011 оны 1 дүгээр сарын 05-нд захирлын үүрэгт ажилд томилогдсон. Томилогдсон тэр мөчөөс жавар хургасан хичээлийн анги танхим, хуруу гар нь бээрсэн хүүхдүүд, үстэй дээл цасны гуталтай багш, ажиллагсдын ажиллах, суралцах орчин, дотуур байрны цонх нь битүү мөстсөн, хүүхдийн хоол хүнсний чанарыг дээшлүүлэн илчлэг сайтай бүтээгдэхүүнээр хангуулах, үдийн цай хөтөлбөрийг 5 өдөр- 5 халуун хоолтой болгох, анги танхимын орчин нөхцөлийг сайжруулах, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих нөхцөл боломж, багш ажиллагсдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, хамт олноо ажилдаа сэтгэлээрээ ханддаг болгох, сургуулийн эргэн тойронд мод тарьж хашаажуулж ногоон төгөл болгохын төлөө ажиллаж байсан. Энэ бүхний өөрчлөхөд маш их тэвчээр, хатуужил, хүнлэг ариун сэтгэл, шийдэмгий байдал, ноён нуруу шаардсан он жилүүд байлаа. Аливаа зүйлийг эмэгтэй хүний хатан ухаанаар эерүүлж байсан нь хүндлэлийн эсрэг хандлагууд гарч гэр бүл, үр хүүхдүүд сэтгэл зүйн дарамт дайралтанд удаа дараа орж байсан боловч амьдралын нугачаа бүхэн дардан алгуурхан байдаггүйг эрхэмлэж, тэсэн тэвчиж өнөөдрийг хүрсэн. Ажлын маань гүйцэтгэл талаар болоогүй үр дүнгийн гэрээ дүгнэхэд аймаг,, сум орон нутгийн Засаг дарга, БСУГ-ын хамт олон маань 89%-93% хүртэл дүгнэж байсан нь илүү ихийг хийх урам зориг хайрлаж байсныг мартахын аргагүй. Төв аймгийн засаг дарга, сумын засаг дарга, сургуулийн захирал нар 2017 оны 1 дүгээр сарын 16-нд гурвалсан гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 06-нд Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамж, Сүмбэр сумын ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 ажил хүлээлцэх захирамжийг танилцуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг надад 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцуулж, миний ажлыг шууд хүлээн авсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал намайг давтан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй хууль бус бөгөөд миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Миний гаргасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгч надад огт танилцуулаагүй бөгөөд ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргаснаа миний бие өөрөө ч мэдэхгүй байгаа болно. Миний бие одоо тус сумын ерөнхий боловсролын сургуульд насан туршийн боловсролын багшийн ажил хийж байгаа болно. Иймд нэхэмжлэгч намайг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүүг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.Г нь анх 2017 оны 4 дүгээр сарын 4-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ Гэрэлсайхан нь өөрийн төрөлх сургуульдаа ажиллаад 22 жил өнгөрсөн. Анх 2011 оны 1 дүгээр сарын 05-нд Сүмбэр сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах явцдаа сургуулийн гадаад, дотоод орчинг сайжруулах, сургалтын чанар, сурагчдын хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж гүйцэтгэсэн, алдаа зөрчил гаргаж байгаагүй. Ажлын үр дүнгийн үнэлгээгээр 89-93% дүгнэгдэж урамшуулал авдаг байсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б12, Б34 дугаартай захирамж танилцуулан, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн. Урьд өмнө ямар нэгэн сахилгийн шийтгэл хүлээж байгаагүй атал намайг давтан зөрчил гаргасан гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус миний эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул, ажилд эргүүлэн томилох, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б27 дугаартай Гэрэлсайханд холбогдох сануулах сахилгын шийтгэлийг хэргийн материалд хавсаргасан байсныг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй. Уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг шаардлагын үндэслэл нь юу вэ гэхээр захирамж гаргахдаа аудитийн шалгалтаар хязгаарлалттай сөрөг дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр шийтгэл авагдсан байдаг. Энэ аудитын шалгалт хэзээ болсон бэ гэхээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүмбэр сумын сургуулийн төсөвт хийсэн шалгалтаар хүүхдийн тооны зөрүүгээр тооцоод, Р.Г авсан 5.525.900 төгрөгийн зөрчил гарснаас хойш 6 cap илрүүлснээс хойш 1 cap хугацаа гэсэн хуулийн заалтыг зөрчсөн Мөн давтан гэж үзээд байгаа зөрчлүүд зөрчил хэзээ гарсан бэ гээд санхүүгийн улсын байцаагчийн актаас харахаар 2014 2015 онуудад гарсан Гэтэл 2017 оны 2 сард арга хэмжээ аваад байгаа нь хуулинд заасан 131.2-т заасан хугацаа өнгөрөөд байгаа нөгөө талаас зөрчил маань бодитой зөрчил үү үгүй юу? Өнөөдөр улсын байцаагчийн тавьсан актуудыг харахаар сүүлд гарсан зөрчил 2016 оны 12 дугаар сарын 01-нд тавьсан акт зөрчил маань 2014, 2015 оны зөрчил байсан Уг зөрчил ямар зөрчил байсан бэ гэхээр үр дүнгийн урамшууллыг буцаан төлүүлэх тухай, өнөөдөр хариуцагчийн өмгөөлөгч Гэрэлсайхнаас гаргаад төл гэсэн төлөөгүй байна гэж энэ актыг тайлбарлаад байгаа гэтэл энэ актан дээр хэнд илүү олгогдсон байна тэр хүмүүсээс буцаан ав "гэсэн байдаг Гэрэлсайхан энийг өөрөө төлөх үүрэгтэй биш Мөн сахилгын шийтгэлтэй хүнд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн дүрэм журам байхгүй Үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газраас баталсан журамд ажлын үр дүнг харгалзаж олгоно гэсэн зохицуулалт байдаг Тэгэхээр эдгээр актууд хууль зүйн үндэслэлтэй гарч уу гэдэг дээр шүүх. өмгөөлөгч нар дүгнэлт хийх боломжтой. Нөгөө талаар 40 1.5-д заасан үндэслэлээр урьд нь сануулах арга хэмжээ авсан хирнээ дараагаар нь ажлаас халах арга хэмжээ авсан явдал нь нэг зөрчил дээр 2 арга хэмжээ авах үндэслэлгүй юм Мөн 5525 9 мянган төгрөгийг нягтлан бодогчтой хувааж төлөхөөр болсон 2.000 000 төгрөгийг төлсөн ер нь бол хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй Үнэхээр тэр 5525.9 мянган төгрөгөөр хүүхдүүдийг хооллосноороо хэнд ямар хэмжээний бодитой хохирол учраад байгаа вэ гэдгийг тогтоогдсон юм бол байхгүй Харин ч тэр хүүхдүүдийг хооллосноороо сурагчдын сурч боловсрох эрх нь хангагдаж байгаа зэргээс харвал үр дүн гарсан гэдэг байдал харагдаж байгаа Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна Р.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг хашиж байх хугацаандаа дотуур байрны хүүхдийн хоолны нормыг 22 хүүхэд амьдарч байхад 40 хүүхдээр зарцуулж 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны зөрүүг тооцоход 5525 9 мянган төгрөгийн хоолны зардлыг илүү зарцуулсан зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн Аудитын газрын ТӨАГ/30/147 тоот актаар төлбөр тавьж дээрх 5525.9 мянган төгрөгийн төлбөрийг төсвийн шууд захирагч сургуулийн захирал Р.Г нараар төлүүлж аймгийн Төрийн сангийн төсвийн орлого төвлөрүүлэх дансанд тогтоосон хугацаанд төвлөрүүлэхээр хариуцуулсан байдаг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ТӨВ-2016/01/СТА-ТЕГ-51/232 тоот Төв аймгийн Аудитын газрын албан шаардлагыг үндэслэн Аймгийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан хэдий ч төсөвт төвлөрүүлэх мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын сургуульд санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийхэд санхүүгийн зөрчил дахин илэрч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  Санхүүгийн хяналт Аудитын алба улсын ахлах байцаагчийн 33-07-127, 33-09-121, 33-09-122 тоот актаар 982440 төгрөгийн төлбөр тавигдаж зөрчил давтан гаргасан бөгөөд улсын байцаагчийн акт албан шаардлагыг бүрэн биелүүлээгүй. Аймгийн засаг даргын тамгын газрын 7027-1111 төвөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сүмбэр сумын иргэдээс Р.Гэрэлсайхантай холбоотой санхүүгийн зөрчил болон ёс суртахууны доголдолтой талаар өргөдөл. гомдол удаа дараа ирүүлж байсан. Дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.5. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 зөрчсөн бөгөөд Аудитын газрын болон санхүүгийн хяналт аудитын албан шалгалтуудаар удаа дараа санхүүгийн зөрчил илэрч төсвийг зориулалт бусаар захиран зарцуулсны улмаас улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагуй нь Аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 2 7 3.3.5-д заалтад тусгасан Р.Г хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болж байх тул Аймгийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлаас халагдсан үндэслэлүүдийн 1 дүгээрт нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Хөдөлмөрийн гэрээ 3.2.7-г үндэслэж халсан. Тэгэхээр аудитын шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн нь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байна гэдэг нь тогтоогдсон. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-г үндэслэж ажлаас халсан байгаа. Үүнээс гадна 2016 оны 12 сард гаргасан 33-07-127, 33-09-121, 33-09-122 дугаартай аудитын 3 өөр акт байдаг 33-09-121 дугаартай энэ акт нь 358732 төгрөг буюу үр дүнгийн урамшуулал буруу олгосон. 33-09-122 акт нь 379108 төгрөг буюу сахилгын шийтгэлтэй хүнд цалингаас суутгасан төгрөгийг төсөвт суулгаагүй 33-07-127 дугаартай акт нь 244600 төгрөг буюу сахилгын шийтгэл оногдуулсан хүнд урамшуулал олгосон гэсэн тусдаа 3 акт байна. Энэ актуудад нэхэмжлэгч өөрөө тухайн үед гомдол гаргаагүй. Энэ акт хууль бус гарчээ гэж үзэж байгаа бол тухайн үедээ гомдлоо гаргаад эрх бүхий байгууллагаар шийдүүлэх ёстой байсан боловч шийдүүлээгүй бөгөөд харин ч энэ шийтгэлүүдийг төлөөд явсан байдаг Тэгэхээр энэ актуудыг бол хүлээн зөвшөөрсөн байдаг 40.1.5 өөрөө ямар утгатай заалт вэ? гэхээр эд хариуцагч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан бол гэж байдаг. Тэгэхээр энэ хүн буруутай үйлдэл гаргаад аудитын шалгалтаар тогтоосон актыг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлөөд 2017 оны 1 сард байгууллагын зүгээс шалгалт хийхэд төлбөрийн үлдэгдэлтэй гарч байгаа энэ нь өөрөө төлөх ёстой мөнгийг төлөөгүй буюу эс үйлдэл болж байгаа 40.1.5 дээр бол хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гэдгийг анхааруулж хэлж байна. Мөн төлбөрийн үлдэгдэл одоо хүртэл байгаа. Хамгийн сүүлд авч өгсөн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 53/13 дугаартай Төв аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны тодорхойлолт байна. Энэ тодорхойлолтоор 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 379108 төгрөг төлөгдөөд, өнөөдрийн байдлаар 21400 төгрөг үлдээд байна. Үүн дээр нэмэгдээд дээр дурдсан зорилтот бүлгийн хүүхдүүдийг хооллосон 5 сая төгрөгөөс 3 сая төгрөг төлөгдөөгүй байна. Мөн 40.1.4 буюу сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа дээрээс нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 11-11 утсаар энэ хүний нэр дээр гомдол ирсэн байдаг. Энэ хүн нь ингээд эд хөрөнгийн болон сахилгын зөрчил, гаргасан учраас ажлаас халж байгаа нь зүй ёсны юм. Ийм учраас Р.Г-ны  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Дээрээс нь ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны хохирлыг нэхэмжилж байна. Энэ хохирлоо тооцохдоо цалингийнхаа зөрүүг тооцоод явчих шиг боллоо. Хэрвээ нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны хохирлын мөнгийг нэхэмжилж байгаа бол ажилтай байх хугацааны сүүлийн 3 сарын дунджаар бодож тооцох ёстой байдаг. Гэтэл Р.Г-ны  тооцож олж байгаа аргачлал нь буруу байгаа учраас тооцоолон нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 131.2-т зааснаар Р.Г-ны г Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Төв аймгийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаар “сануулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн Р.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Засаг даргаас /цалингийн зөрүү/ 1 680 128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Г-д олгож, үлдэх 623 872 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.Г-ны  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТаЗД даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41 832 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Засаг даргаас гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

            1.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2015 оны 12 сарын 23-ны өдрийн ТӨАГ/30/147 тоот актаар дотуур байрны хүүхдийн нормыг хэтрүүлсэн зөрчил, 2016 оны 12 сарын 1-ний өдөр 33-07-127 тоот актаар үр дүнгийн урамшуулал буруу олгосон зөрчил, мөн өдрийн 33-09-122 тоот актаар үр дүнгийн урамшууллыг бодит бусаар тооцон олгосон зэрэг нийт 4 төрлийн зөрчлийг ирүүлсэн болохыг зөв дүгнэн бичсэн боловч 2016 оны 12 сарын 1-ний өдрийн акт нь тухайн төлбөрийг 12 сард багтаан төлөх үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж үзэхэд төлбөрийн үлдэгдэлтэй байсан баримтыг хариуцагчийн зүгээс шүүхийн мэтгэлцэх шат болон нотлох баримтыг шинжлэн судлах шатанд ч дурдаж судлуулсан байхад, мөн энэ талаарх хариуцагчийн зүгээс эсэргүүцэж няцаагаагүй байхад энэхүү нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрээ гаргасан нь буруу дүгнэлт хийх үндэслэл болжээ.

2. 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 01-ний өдөр 33-07-127 тоот акт, мөн өдрийн 33-09-121 тоот акт, мөн өдрийн  33-09-122 тоот актуупаар тавигдсан төлбөрийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлөх, төлүүлэх үүргийг нэхэмжлэгч Р.Г болон нягтлан бодогч нарт хариуцуулсан /хх 45, 48, 50/ байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 12 дугаар сарын 15-ны дотор багтаан төвлөрүүлээгүй байна гэж ташаа бичжээ.

3. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр бодитоор тал бүрээс нь үнэлж, дүгнэлт өгөх ёстой билээ. Гэтэл санхүүгийн зөрчил гаргасан ажилтан тухайн төлбөр нь төлөгдөөгүй зөрчилтэй, тухайн ажилтан өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрч зарим хэсгийг төлж барагдуулсан, төлбөр тавигдсан актад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй хэрнээ төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй зөрчилтэй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ажил олгогч нэхэмжлэгч Р.Г-ны г халахыг урьтал болгоогүй ба аудитаар акт тавигдсан төлбөрийг актад дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй болохыг мэдсэнээс хойш 1 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргасан байна.

4.Ажлаас халах болсон бас нэг үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заасан “эд хариуцагч ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан” гэсэн үндэслэлийг шүүх хуралдааны явцад хариуцагч талаас хангалттай тайлбарлаж нотлосон байхад шүүх энэн талаар огт дүгнээгүй, энэ үндэслэлийг огт харгалзсан үзээгүй байна. Төсвийн тухай хуульд заасны дагуу Р.Г нь төсвийн шууд захирагч бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалтай учир ажилтныг ажилд авах, ажлаас халах эрх бүхий, байгууллагын эд хөрөнгийг хариуцсан эд хариуцагч мөн болохыг тайлбарласан боловч бас л энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Төсвийн шууд захирагч буюу эд хариуцагчид Аудитын байгууллагын дүгнэлтээр акт тавигдаж, төлбөр гарсан, ажилтан өнөөдрийг хүртэл тэр төлбөрөө бүрэн  гүйцэт барагдуулаагүй зөрчилтэй байхад түүнийг ямар нэгэн хууль ёсны үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилж байгаа нь ойлгомжгүй байна.

5.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тогтоохдоо ч буруу бодолт хийжээ. Буруу халагдсан ажилтны цалингийн дунджийг тогтоохдоо сүүлийн 3 сарын дунджаар тогтоох боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “ ..бага цалинтай ажил хийж байсан бол ажилгүй байсан бүх хугацаанд авч байсан цалингийн дунджаар тооцох нь зүйтэй юм.

Тиймээс хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагад үндэслэлгүй дүгнэлт өгсөн, ажилтны дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон байх тул  шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Р.Г ТаЗД холбогдуулж урьд эрхэлж байсан Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт  хийлгүүлэх, Төв аймгийн Засаг даргын “Зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Төв аймгийн засаг дарга  2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б/12 тоот захирамжаар   Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-д заасныг  баримтлан “...2015 онд... аудит хийхэд нийт 5525.9 мянган төгрөгийн ...зөрчил гарсан байна.  Давтан 2016 онд ...улсын ахлах байцаагчийн 3 удаагийн актаар нийт 982,440 төгрөгийн зөрчил гарсан. Дээрх зөрчлүүдийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дотор багтаан дансанд бүрэн төвлөрүүлээгүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэгч Р.Гэрэлсайхныг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгожээ.

          2016 оны 12 дугаар сарын 1-ний  өдөр Аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас улсын ахлах байцаагчийн 3 удаагийн актаар тогтоож ирүүлсэн нийт 982,440 төгрөгийн зөрчилд хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б/12 тоот захирамжаар Р.Г-д хариуцлага тооцсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “ Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.  

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгч Р.Г-ны  гаргасан гэх 982 440 төгрөгийн зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын байцаагч акт тогтоож,  ирүүлснийг мэдсэн атлаа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ажил олгогчийн санаачлагаар Р.Г-ны  хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь санхүүгийн зөрчил гаргасантай холбоотой байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан  сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаануудын аль аль нь хангагдсан тохиолдолд  хариуцлага хүлээлгэх ёстой байхад хариуцагчаас “...төлбөрийг актад дурдсан хугацаанд бүрэн барагдуулаагүй, захирал Р.Гэрэлсайхантай холбоотой гомдол 2017 оны 1 дүгээр сарын 25-нд ирснээс хойш төлбөр бүрэн барагдуулаагүй зөрчлийг илрүүлсэн, үүнээс хойш хугацааг тоолно, Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д заасан зөрчилд хугацаа хамаарахгүй“ гэсэн тайлбар гарган маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Шүүх нэхэмжлэгчийн  “ Төв аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар “сануулах сахилгын шийтгэл ногдуулсан” захирамжийн Р.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосон буруу  болжээ.  

Учир нь ажил олгогчоос ажилтны 2015 онд гаргасан хүүхдийн хоолны илүү зарцуулсан 5525.9 мянган төгрөгийн зөрчлийг эхний зөрчилд, дараагийн 2016 онд  гаргасан 982440 төгрөгийн зөрчлийг сүүлийн зөрчилд тооцон “давтан “ зөрчил гаргасан гэж үзэж үр дагавар үүсгэн үндэслэл болгон маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид  сануулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр  дараагийн захирамжийн үндэслэлд  дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй юм.

Төв аймгийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  /ТӨАГ/30/147 актаар  сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны нормыг илүү зарцуулсан 5525.9 мянган төгрөгийг сургуулийн захирал  Р.Гэрэлсайхан, нягтлан бодогч Д.Ачмаа нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд ажил олгогчоос уг зөрчлийг мөн тухайн өдөр мэдсэн атлаа илрүүлснээс хойш 5 сарын дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар сануулах сахилгын шийтгэл Р.Г-д ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг зөрчсөн хууль бус байна.

Иймд хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Г-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан  ажилтны гаргасан 2  ба түүнээс дээш удаагийн зөрчлийн хоорондын хугацаагаар давтан зөрчил гэсэн ойлголтын гол шинж тодорхойлдог. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой.

  Иймээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 1-ний  өдөр илрүүлсэн зөрчлүүдийн хоорондох хугацаанууд тухайн зөрчлийн хувьд   хэтэрсэн төдийгүй, “давтан” гэж тооцогдох үндэслэлгүй  байна.

Хариуцагчаас ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Төсвийн тухай хуулийн 16.5.5, Төрийн аудитын тухай хуулийн 28.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.7 дахь хэсгийг зөрчсөн  гэсэн үндэслэл зааж маргаж байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж / гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар сургуулийн захирал нь  төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн талаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхтэй.

 Сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцуулсан 5525.9 мянган төгрөгийн төлбөрөөс Р.Г нь өөрт ногдох 2 сая гаруй төгрөгийг төлсөн байхад хариуцагчаас төлбөрийг бүрэн барагдуулаагүй гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгаж  байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн аудитын байгууллагаас зөрчил гаргасан албан тушаалтантай холбогдуулан Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д зааснаар  тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд  үүрэгт ажлаас нь халах тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр зохицуулжээ.   

Дээрхи хуулийн зохицуулалтыг баримтлан Төв аймгийн аудитын газраас ТаЗД нэхэмжлэгч Р.Гэрэлсайхныг сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь халах тухай санал хүргүүлсэн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Харин Р.Г-ны  гаргасан гэх эхний буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн актаар тогтоосон хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан 5525.9 мянган төгрөгийн зөрчилтэй  холбогдуулан  Төв аймгийн аудитын газраас 2016 оны 05 дугаар сарын 27-ын өдөр сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага, 09 дүгээр сарын 26-ны өдөр актын  хэрэгжилтийн талаарх албан тоот, ”хязгаарлалтай” санал, дүгнэлт зэргийг /хх-62-65/ ТаЗД хүргүүлж байснаас биш  Төрийн аудитын тухай хуульд зааснаар “үүрэгт ажлаас нь халах тухай санал”-ыг  хүргүүлсэн зүйл үгүй байна.  

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.7-д тусгасан “ их хэмжээний зөрчил” гэж  хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлж тооцох нь тодорхойгүй, 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн улсын байцаагчийн актуудтай холбогдуулан аймгийн аудитын газраас “ хязгаарлалтай дүгнэлт” гараагүй зэргээс үзвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Төв аймгийн Аудитын албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №33/13 тоот албан бичгээс үзвэл 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн актуудын 982 440 төгрөгийн төлбөрөөс 21 400 төгрөгийн дутуу төлөлттэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг захирамжиндаа “давтан зөрчил” гэж тусгасан бол шүүхэд гаргасан тайлбартаа  “ноцтой зөрчил” гэснээс үзвэл өөр өөр зөрчлийг ялган салгалгүйгээр ажилтны хөдөлмөрийг гэрээг цуцалжээ.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл ажил олгогчоос Сүмбэр сургуулийн захирал Р.Гэрэлсайхныг үүрэгт ажлаас нь  үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан  болох нь тогтоогдож байна.

Шүүх  ажилтны цалин хөлсний зөрүүг буруу тооцоолжээ. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “...2017 оны 03 дугаар сараас 12  дугаар сарыг дуустал нийт 10 сарын 2.304.000 төгрөгийн цалин хөлсний зөрүүг гаргуулах”-ыг хүссэн цалин хөлс холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд шүүх хуралдааны шатанд ч цалингийн зөрүү 2 304 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо, ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухай ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр “, 5-д “ Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг , гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ...тус тус тодорхойлно” гэж заажээ.

 

Дээрх журмын дагуу сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Г-ны  сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс буюу 2016 оны 12-сар, 2017 оны 1, 2 дугаар саруудын нийлбэр дүнгээс сарын цалин хөлсний дунджийг тооцоход

 1 343 317+917 566+1 137 782=3 398 665 : 3 сар = 1 132 888 : 21,5 хоног = 52 692  төгрөг ,

 Сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгаа дундаж цалин хөлс буюу  2017 оны 4,5,6 дугаар саруудын нийлбэр дүнгээс сарын  цалин хөлсний дунджийг тооцоход

 912 686+912 686+1 051 407=2 876 779 : 3 сар = 958 926 : 21,5  хоног =44 601 төгрөг   

Нэхэмжлэгч Р.Г-ны  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  насан туршийн боловсролын багшийн үүрэгт ажилд томилогдсон 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх  ажлын 263 хоногоос цалин хөлсний зөрүүг тооцоход

 52 692 х 263 =13 857 996 төгрөг, 44 601 х 263 = 11 730 063 төгрөг, 13 857 996 төг-11 730 063 төгрөг = 2 127 933 төгрөг /цалингийн зөрүү/-г нөхөн олговорт тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, илүү нэхэмжилсэн 176 067 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 151/Ш32018/00685 дугаар шийдвэрийн тогтоох  хэсгийн 1 дүгээр заалтыг  “Хөдөлмөрийн тухай  хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  Р.Г-ны г Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Төв аймгийн засаг даргаас цалингийн зөрүү 2 127 933 / хоёр сая нэг зуун хорин долоо мянга есөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г-д олгож, үлдэх 176 067 /нэг зуун далан зургаан мянга жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 Шийдвэрийн тогтоох  хэсгийн 2 дугаар заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын “Зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай ” 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн Р.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж,  

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “ 41 832 төгрөгийг Төв аймгийн Засаг даргаас  “ гэснийг “ 48996 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас  ” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ӨРНӨДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                 Г.БОЛОРМАА

                                                                 Т.ЭНХМАА