Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2018/00008

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

 Дугаар 223/МА2018/00008

 

 

А.Н-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00342 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТаЗД холбогдох,

“Ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга О.Батномин  нар оролцов.

Нэхэмжлэгч  А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Ажлаас халахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Ажлын байрны тодорхойлолтын 1, 2, 3, 4, 5 дугаар үндсэн зорилтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтууд, Үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг үндэслэн халсан болно.

 

Ажлаас халахдаа зөрчил гаргасан үндэслэлээ тодорхой дурдаагүй нь сахилгын зөрчил бодитой байх, зөрчил гаргасан хугацаа тодорхойлох боломжгүй тул хуулийн шаардлага хангаагүй, бодит бус үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг атал мөн хуулийн 131, 50 дугаар зүйлийг үндэслэн халсан нь ... хууль бус байна. Мөн ажлаас халсан захирамж нь иргэдээс ирүүлсэн гэх хуурамч өргөдлийг хэт нэг талыг барьж шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг олгох тухай Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг шууд зөрчиж байгаа юм.

 

Иймд үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг алдагдуулан ажлаас халсан нь хууль бус тул Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н намайг ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгаж өгнө үү. Д.Мөнхцэцэг даргын хэлсэн зүйл дээр ганц хоёр юм тодруулж хэлье. Сүүлд энэ хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад ирлээ гэж байна, би гарын үсэг цуглуулаагүй. Ажлаа буруу хийлээ гэж бид нар бодоогүй шүү гээд ажилчид гарын үсэг зурж өгсөн. Үр дүнгийн гэрээ нөхөж хийсэн зүйл ярьж байна, нөхөж хийсэн байх ямар ч үндэслэл байхгүй. Хүн доромжилсон үйлдэл хийж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Н-г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Б/57 тоот захирамжаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн яг аль зүйл, заалтыг баримталж халсан нь тодорхойгүй. Ноцтой зөрчил гаргаж байсан талаар мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэдэн удаа зөрчил гаргаж байсан гээд тодорхой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр халсан бол энэ нь хөөн хэлэлцэх хугацаа шаарддаг. Гарсан зөрчил нь цаг хугацаатай, бодитой байх ёстой. Засаг даргын захирамжид баахан хуулийн зүйл заалтууд бичсэн байгаа энэ нь хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу мэдэгдэхгүй байгаа. Халсан гэдэг үг байгаа болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйлийг баримтална гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Ажлаас халсан ямар ч зөрчлийг нэрлэн заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээр арга хэмжээ авсан байж давхардуулсан байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Аймгийн Засаг даргад 2016 оны 09 дүгээр сарын 23, 2017 оны 03 дугаар сарын 07, аймгийн Засаг даргын тамгын газрын даргад 2017 оны 09 дүгээр сарын 12, ... , Нийгмийн бодлогын хэлтсийн даргад 2017 оны 09 дүгээр сарын 08, ... , БСУГ-д 2014 оны 03 сар, ..., 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Мөнгөнморьт сумын иргэдээс А.Н-тэй холбоотой ... өргөдөл, гомдол ирж байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мөнгөнморьт сумын сургууль дээр ажлын хэсэг очиж ажилласан.

... 2017 оны Боловсролын сайдын 293, 299 дүгээр тушаалын дагуу багш, ажиллагсдын үр дүнгийн гэрээг үнэлж, урамшуулал олгох хагас жилийн биелэлтийг харахад ямар ч зүйл хийгдээгүй байсан. Бид нар өнөөдөр хэргийн материалтай танилцахад материалууд нөхөж бүрдүүлсэн байна. Очиж шалгалт хийхэд үр дүнгийн гэрээ байхгүй байсан. Надаас 3 000 000 төгрөг авсан гээд өргөдөл бичээд байсан хүнтэй нь очиж уулзахад тохиролцож өгсөн гэж өмнө нь ярьснаа үгүйсгэж байсан,

... Ажлын хэсгийн дүгнэлтээр А.Н нь сургалтын явцын үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээг тогтмол хийдэггүй, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, багш нэг бүрийн ажлын үр дүнг тооцон ажиллаагүйгээс ажлын хариуцлага алдагдаж, сургалтын чанар буурсан, сургалтын үйл ажиллагаа хэт урсгалаараа явж байсан,

... Захирал А.Н нь өөрийн нөхөр Я.Болдбаатарыг галчаар томилон ажиллуулсан нь НАНБХАСЗУС /ашиг сонирхлын зөрчлийн/ хуулийн 8.1, 11.1 дэх заалтыг зөрчсөн,

... Боловсрол, шинжлэх ухааны сайдын ... тушаалаар баталсан ... журмын дагуу 5 дугаар ангийн сурагчдын монгол хэлний чадвар эзэмшилтээр шалгалт авахад гүйцэтгэл 46.27 хувь, 9 дүгээр ангийн сурагчдын математикийн хичээлээр шалгалт авахад гүйцэтгэл 39.4 хувь, А.В-ийн эзлэх хувь 0 гэж дүгнэгдсэн,

... сургуулийн машин эвдэрснийг акт тогтоож, засуулаагүй, захирал өөрийн машинаар сургуулийн ажилд бензин хийж явж байгаа нь ашиг, сонирхлын зөрчил үүсгэсэн, гадны баталгаагүй машинаар хүүхэд тээвэрлэж, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан, ... аймагт тэмцээнд авч явсан 10 хүүхдээ нэг машинд чихэж явуулснаас ... цагдаад баригдаж хариуцлага тооцогдож, энэ дагуу сануулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн сургуулийн биеийн тамирын багш хүүхдүүдийг аймаг руу үндэсний бөхийн тэмцээнд авч явахдаа онхолдсон ... энэ нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй,

... орон тоо, цалингийн санг батлахдаа хүн бүрээр тооцож гаргаагүй, сургуулийн захирлын үзэмжээр цалин тогтоох нөхцөл байдал үүссэн,

... 2013-2014 оны хичээлийн жилээс жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгүй 4 жил явж ирсэн,

... Батцэрэн гэх хүн ... 42 сурагчаас 30 000 төгрөг нийт 1 290 000 төгрөг ном хэвлэнэ гэж авч явсан боловч ном хэвлэгдээгүй, асуудал шийдэгдээгүй нь ... сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй,

 

   А.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт ирүүлсэн өргөдөлдөө Б/57 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрч, сургуулийн нийгмийн ажилтны сул ажлын байранд шилжүүлж өгөхийг хүссэн байдаг. Дээрх зөрчлүүд нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй байх тул Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар Боржигин овгийн Арсландоржийн Нэргүйг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/00929 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч А.Нэргүйд буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг нар давж заалдах гомдолдоо:  “Мөнгөнморьт сумын иргэн А.Нэргүйгээс "ажлаас үндэслэлгүй халагдсан" гэх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд мөн өдрийн 151/ШШ2018/00342 тоот шүүхийн шийдвэрээр А.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 151/ШШ2018/00342 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-40.1.4 дэх заалтын аль нэгийг үндэслээгүй байх тул А.Н-г ажлаас халсан аймгийн Засаг даргын 2017 оны a/57 тоот захирамж нь хуулийн хүчин төгөлдөр бус  акт гэж үзнэ", мөн "... ажилтныг ажлаас халахдаа ямар зөрчлийн улмаас ажлаас халсан үндэслэл нь тодорхой бус байх тул А.Н-г .... сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. " хэмээн дурдаж шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосныг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

А.Н-г ажлаас халсан аймгийн Засаг даргын 2017 оны а/57 тоот захирамжийн үндэслэх хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг захирамжийн үндэслэл хэсэгт ... захирал А.Н-тэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг  шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг .... хэлэлцээд Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1-5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9. 2.3.12, 2.3.16 дахь заалтууд, үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1.6 заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй .... гэж дурдаж өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл нь сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан бөгөөд а/57 тоот захирамжаар А.Н-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлүүд нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон "сахилгын зөрчил" гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг хэрэглэж ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-131.1.3 дахь заалтуудыг сахилгын зөрчлийн шинж байдалд тохируулан аль тохирох заалтыг хэрэглэх бөгөөд А.Н нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтад зааснаар ажлаас халах зохицуулалттай байдаг тул 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг давхар хэрэглэсэн Ажлын хэсгийн дүгнэлтэд дээрх сахилгын зөрчлүүд тодорхой дурдагдсан бөгөөд шалгалтын явцад тогтоогдсон зөрчлүүд юм. /х.х-ийн 8-14, 32 -37, 43-56, 167 талууд, нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргасан тайлбарт 2017.10 сарын дундуур биеийн тамирын багш Баярсайхан нь 9-р ангийн 2 сурагчийг /Амаржаргал, Тэргэл/ үндэсний бөхийн тэмцээнд аймагруу авч явах замдаа хөгшчүүдийн хорооллын орчимд машинтайгаа онхолдсон талаарх хэсэг/

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, харин 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын зөрчилд нь ажлаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгон хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд шүүхэд дараах хүсэлтийг гаргах нь:

1 Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 151/ШШ2018/00342 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4-р заалтыг хүчингүй болгож, А.Нэргүйгийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь  үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмаар явуулж , зохигчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн  боловч  хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан, нэхэмжлэлийн шаардлага болон түүний  үндэслэлийг зааглан ялгаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хариуцвал зохих этгээдийг буруу заасан байх тул  шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг  залруулах  боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь  А.Н нь сургалтын явцын үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээг тогтмол хийдэггүй, арга зүйн удирдлагаар  хангаж ажиллаагүй, багш нэг бүрийн ажлын үр дүнг тооцон ажиллаагүйгээс ажлын хариуцлага алдагдаж, сургалтын чанар буурсан, сургалтын үйл ажиллагаа хэт урсгалаараа явж ирсэн, өөрийн нөхөр Я.Болдбаатарыг галчаар томилон ажиллуулсан нь ашиг сонирхлын  хууль зөрчсөн, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих  үүргээ биелүүлээгүй,  2017 оны орон тоо, цалингийн санг батлахдаа хүн бүрээр тооцож гаргаагүй, захирлын үзэмжээр цалин тогтоох нөхцөл бүрдсэн, 2013-2014 оны хичээлийн жилээс жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгүй 4 жил явж ирсэн тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

            Анхан шатны шүүх А.Н-г ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг ажилтныг ажлаас халахдаа ямар зөрчлийн улмаас халсан нь тодорхойгүй, захиргааны санаачлагаар ажилтныг ажлаас халах тохиолдолд баримталбал зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль  тохирох  хэсгийг үндэслэн халаагүй нь захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан  эрх зүйн акт гэж үзэх боломжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Ажил олгогчийг төлөөлж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ажилтан А.Н нар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г харилцан тохиролцож, хугацаагүй байгуулсан, мөн А.Н нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргатай “Үр дүнгийн гэрээ”-г тус тус байгуулан ажиллаж байсан байна.

А.Н-г ажлаас халах тухай Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжид тодорхойлохдоо захирал А.Н-тэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг  шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг  аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцээд А.Н нь   Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1-5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9. 2.3.12, 2.3.16 дахь заалтууд, үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1.6 заалтуудыг тус тус  хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй .... гэж халжээ. /хх-ийн 6-р тал/ Уг захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг хэсгийг баримтлаагүй,  хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзсан тайлбартаа ч  мөн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн үндэслэлийн талаар дээрх хуулийн аль нэг хэсгийг зөрчсөн талаар мэтгэлцээгүй тул ажлаас халсан захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. 

Төв аймгийн Засаг даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төв аймгийн Мөнгөн морьт сумын ерөнхий боловсролын сургуулийн үндсэн үйл ажиллагааны явц, үр дүн, удирдлага, зохион байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг мөрөөр ажиллаж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор        2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  сургууль дээр ажиллаж, 2017 оны 11 дүгээр сарын 08, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр утга агуулгын хувьд зөрүүгүй хоёр дүгнэлтийг гаргаж, А.Нэргүйд сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргасан байна. /хх-ийн 33-37, 43-55-р тал/

Шалгалтаар илэрсэн зөрчилд бүхэлд нь хариуцлага тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах” журмыг зөрчсөн байх бөгөөд хариуцлага тооцох хуулиар тогтоосон хугацаанд хамаарах зөрчил тодорхойгүй, энэ талаар захирамжид тусгаагүй, ажилтны гаргасан зөрчилд хариуцлага тооцохдоо бодитой дүгнэлт хийгээгүй байна.  

Нэхэмжлэгч А.Н-н ажлыг газар дээр нь очиж  шалгасан  ажлын хэсгийн дүгнэлтэд заагдсан дутагдал, зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн,  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж  заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хоёр хугацааны аль алин нь хангагдсан нөхцөлд хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх учиртай.

Иймд А.Н-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дүгээр зүйлийн 131.2.-т нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул  нэхэмжлэлийг хангасан тохиолдолд ажлаас халсан захирамжийг  хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх зөв дүгнэсэн боловч  нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь буруу болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь Засаг даргыг иргэнийх нь хувьд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаагүй, албан тушаалтных нь хувьд түүний гаргасан тушаал, шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-д заасны дагуу гомдол гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжийг Засаг даргаас гаргуулахаар заасан нь буруу юм.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...ажлаас халах сахилгын шийтгэл сонгон хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...”-аар давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т ” гэснийг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ”  гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “ Засаг даргаас...” гэснийг “ Засаг даргын Тамгын газраас...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА                

                                          ШҮҮГЧИД                                       Т.ЭНХМАА

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР