Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 138/2019/01151/И |
Дугаар | 001/ХТ2022/00536 |
Огноо | 2022-04-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/00536
,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэртэй,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2020/12 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Гэм хорын хохиролд 7,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2020/12 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 201/МА2020/12 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс гэм хорын хохиролд 7,650,000 төгрөг нэхэмжилсэн. Тэрээр өөрийн шүдийг бодитоор эмчлүүлж, эмчилгээний хөлс, төлбөр төлөөгүй бөгөөд “Хашталст” шүдний эмнэлгийн нэхэмжлэхээр тогтоогдсон 7,601,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн эрүүл мэндэд учирсан гэм хор, гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардлын зарим хэсэг болох 4,000,000 төгрөгийг урьдчилан төлүүлэх нь зүйтэй...” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Булгарч унаагүй, хөдөлгөөн орсон шүдийг заавал авч имплант хийх шаардлагагүй, хөдөлгөөнтэй шүдэнд зохих эмчилгээг хийж батжуулах боломжтой учир эмчилгээний зардал харьцангуй бага гардаг. Нөгөөтэйгүүр шүдний эмнэлгүүдэд имплант болон эмчилгээний төлбөр харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтад 1 ширхэг имплант нь 2,000,000 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон бол өөр шүдний эмнэлэгт 1 ширхэг имплантыг 1,200,000 төгрөгийн өртөгтэй байдаг” гэж тайлбарладаг.
4.2. Хариуцагчийн дээрх тайлбарын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлох зорилгоор Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн шүдний тасгаас мэргэжлийн эмчийг шинжээчээр томилуулж холбогдох асуудлуудыг тодруулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн “өөрийн татгалз”-лаа нотлох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн “...мэргэжлийн эмчийг шинжээчээр томилуулах...” хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь бодитоор эмчилгээ үйлчилгээ хийлгэж, зардал, мөнгө төлөөгүй учир түүний хөдөлгөөн орсон (шүд нь унаагүй) гэх 2 шүдэнд үзлэг хийж, дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч “хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... Миний бие 2018.12.30-ны орой ,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй маргалдан зодуулж баруун доод 1, 2, 3-р шүд гэмтсэн. Шүүхийн шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,ийг шийтгэж, намайг хохирлоо иргэний журмаар шийдүүл гэсэн. Миний нэг шүд 10 дугаар сард унасан бөгөөд дараагийн шүд унахад тун ойрхон болоод байгаа, буцааж бэхлэх ямар ч боломжгүй гэсэн. Би аль болох хямд зардлаар эмчлүүлэхийг зорьсон... 2019.09.17-ны өдөр Улаанбаатар хотод “Хашталст” гэх шүдний эмнэлэгт төлбөртэй үзлэг шинжилгээнд ороход гэмтлээс үүдэлтэй 3 шүдний сулралт үүссэн, имплант суулгах шаардлагатай гэсэн бөгөөд нэг шүдний имплант нь 1,800,000-2,000,000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Мөн имплант суулгахад олон удаагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар хот руу ирж, очих болон эмчилгээний бусад зардлыг огт нэхэмжлээгүй. Зөвхөн дээрх 3 шүдээ эмчлүүлж имплант суулгах зардал, эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 7,650,000 төгрөгийг нэхэмжилж байна, хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “... Нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжлээгүй байна. Хэдэн төгрөгөөр хэрхэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, эмчилгээ хийлгээгүй байж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зах зээлийн үнэлгээнээс хэт их байна... Нэхэмжлэгч нь өөрөөсөө эмчилгээний зардлыг гаргаж эмчлүүлээд, гарсан зардлаа баримттайгаар нэхэмжилбэл төлбөрийг нь барагдуулахад татгалзахгүй...” гэж маргажээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-ийн дагуу нэхэмжлэгч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагчаас “имплант суулгах үнэ нь зах зээлийн үнээс илт өндөр, имплантыг 1,000,000-1,200,000 төгрөгийн хооронд хийлгэх боломжтой” гэж маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул татгалзал үндэслэлгүй.
10. Хоёр шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
11. “... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн “мэргэжлийн эмчийг шинжээчээр томилуулах” хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь бодитоор эмчилгээ үйлчилгээ хийлгэж зардал, мөнгө төлөөгүй учир түүний хөдөлгөөн орсон (шүд нь унаагүй) гэх 2 шүдэнд үзлэг хийж, дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан... иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, хариуцагчийн гэм буруу нэгэнт тогтоогдсон бөгөөд дээр дурдсан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасны дагуу хохирогч буюу нэхэмжлэгч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй. Түүнчлэн, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “одоогийн байдлаар миний 3 шүд гурвуулаа унасан” гэсэн тайлбар өгснийг дурдаж байна.
12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 201/МА2020/12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН