Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2020/00024/И |
Дугаар | 184/ШШ2020/00771 |
Огноо | 2020-03-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2020/00771
2020 03 09 184/ШШ2020/00771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ю.М /рд:У/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХК /рд:2/-д холбогдох
19,557,450 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, өөрийн сүүний тэргээр малчдаас сүү аван тус компанид нийлүүлдэг байсан. Өмнө нь би 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэл жолооч, 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл механикч, 2018 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл жолоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Үүнээс хойш гэрээ байгуулж сүү нийлүүлдэг болсон. 2019 оны 2 дугаар сарын 18, 20, 21, 22, 23, 24, 25-ны өдрүүдэд нийлүүлсэн сүүний төлбөрт 19,557,950 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Энэ мөнгийг өгөхгүй байх үндэслэлээ Сарантуяа гэх хүнтэй үгсэн хуйвалдсан гээд байгаа. Намайг цагдаагийн байгууллагаас шалгаагүй, нэг удаа ч дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтад 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн нийлүүлсэн сүүнд ус хольсон гээд 28,830 төгрөгийг хасаж тооцсон. Иймд анх нэхэмжлэл гаргасан 19,557,950 төгрөгөөс 28,830 төгрөгийг бууруулан 19,529,120 төгрөгийг “С” ХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын байр сууриас харахад нэхэмжлэгчийг малчдыг хууран мэхэлсэн, “С” ХК-ийн бодитоор хүлээн авсан сүүний төлбөрөөс илүү төлбөр гаргаж завшсан гэж хардаад байна. Гэтэл үнэндээ Ю.М гэдэг энэ хүн 2019 оны 02 дугаар сард нийлүүлсэн 7 өдрийн л сүүний мөнгөө нэхэмжилж байгаа. Өмнө нь өдөр болгон сүүгээ тушаагаад мөнгөө авдаг байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээр нэхэмжлэгчийн өгсөн шар падаанууд байгаа. Тэр баримт дээр сүүний хэмжээ, тослогийг хэмжүүлэн хүлээлгэн өгөхдөө нярав, лаборант, хяналтын ажилтан гэх 3 хүн байлцдаг байсан. Хэрэв хуйвалдсан бол эдгээр хүмүүстэй хуйвалдана шүү дээ. Гэтэл хаа хамаагүй Сарантуяа гэх хүний үйлдэлтэй холбогдуулан шалгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн нь зориудаар хэргийг удаашруулах зорилготой гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээ бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ юм. Худалдан авагч гэрээний зүйлийг хүлээн авсан тул төлбөр төлөх үүргийг шаардаж байгаа юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ю.М нь “С” ХК-д 2012, 2013 онуудад жолоочоор ажиллаж байсан ба 2017 оноос Автобаазад автын механикаар ажиллаж, 2018 оны 2 сараас автобаазад сүүний жолооч албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 8 сарын 9-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс компанитай “Сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулан хөдөө орон нутгаас малчдаас сүү бэлтгэн компанид сүү нийлүүлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан сүүний тоо хэмжээ, үнэ, хүлээн авсан байдлын талаар маргахгүй. Манайхаас холбогдох баримтыг гарган өгсөн байгаа. Гагцхүү Ю.М нь Сүү бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Төрбадрахын Сарантуяатай үгсэн хуйвалдах замаар удаа дараагийн үйлдлээр манай компанид сүү нийлүүлдэг гэрээт болон гэрээт бус малчдыг хууран мэхлэх, заримтай нь үгсэн хуйвалдаж, нийлүүлсэн сүүнийхээ тоо хэмжээг зохиомлоор нэмж тооцуулах, компанийн бодитоор хүлээн авсан сүүний төлбөрөөс илүү төлбөр гарган авч завшсан үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал 2018, 2019 оны аудитын шалгалтуудын явцад тогтоогдсон тул тэдний хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 180805075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэрэгт компанийн зүгээс Ю.Мын гэм буруутай үйлдлийг шалган тогтоолгохоор нэмж шалгуулах хүсэлтийг 2020 оны 01 сарын 02-ны өдөр гаргасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах албанд шалгаж байгаа, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн прокурорын тогтоолыг ирүүлсэн тул эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэн дуусах хүртэл энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.М нь “С” ХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,557,950 төгрөг шаардсанаас шүүх хуралдааны явцад 28,830 төгрөгөөр бууруулан 19,529,120 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч тал Ю.Мын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулж байх тул эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч Ю.М нь “С” ХК-д 2012 оноос 2018 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажиллаж байсан, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сүү бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан, худалдагчийн үүрэг хүлээсэн, 2019 оны 2 дугаар сарын 18, 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд нийт 19,529,120 төгрөгийн сүү “С” ХК-д нийлүүлсэн, сүүний үнийг төлөөгүй гэх үйл баримтад зохигчид маргаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10-17, 26, 34-39/
Талуудын гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөл зэргээс үзэхэд тэдгээрийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
“С” ХК-аас Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаарт хэлтэст хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр дотоод аудитын шалгалтын дүнгээр лаборантаар ажилладаг нэр бүхий хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргажээ. Мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий хүмүүсийг нэмж шалгуулахаар гомдол гаргасан байна. Компанийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гомдолд “...Сүү бэлтгэлийн албанд жолоочоор ажиллаж байсан Ю.М нь Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгагдаж байгаа компанийн Сүү бэлтгэлийн албанд лаборантаар ажиллаж байсан Т.Сарантуяатай үгсэн хуйвалдах замаар удаа дараагийн үйлдлээр манай компанид сүү нийлүүлдэг гэрээт болон гэрээт бус малчдыг хууран мэхлэх, заримтай нь үгсэн хуйвалдаж нийлүүлсэн сүүнийхээ тоо хэмжээг зохиомлоор нэмж тооцуулж, компанийн бодитоор хүлээн авсан сүүний төлбөрөөс илүү төлбөр гарган авч завшсан үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал 2018 оны аудитын шалгалтаар тогтоогдсон болно. ...Иймд Ю.Мыг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 180805075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт нэмж холбогдуулан шалгаж өгнө үү” гэжээ. /хх-59-63/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 180805075 дугаар тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 12/1-867 тоот албан бичигт “...Ю.Мад холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаа хэрэг бүртгэлтийн хэрэг байхгүй болно” гэжээ. /хх-58-59/
Дээрх үйл баримтаас үзэхэд “С” ХК нь 2018 оны аудитын шалгалтын дүнг үндэслэн Ю.Мыг сүү бэлтгэлийн албанд жолоочоор ажиллаж байх үеийн үйлдлийг шалгуулах гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Ю.Мыг буруутгасан үйлдэл 2019 оны 2 дугаар сард сүү худалдсан үйлдэлд хамааралгүй байна. Түүнчлэн Ю.Мад холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх нөхцөл бүрдсэн гэж үзэн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримтын талаар маргаагүй, баримтаар тогтоогдсон тул хариуцагч “С” ХК-аас 19,529,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Мад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХК-аас 19,529,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Мад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 255,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН