Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00665

 

                                                          ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2020/00132 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1368 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3,034,876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1,380,000 төгрөг, нийт 4,414,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****д холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3,034,876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1,380,000 төгрөг, нийт 4,414,876 төгрөг гаргуулахааршаардсаныгхариуцагч нэхэмжлэлээс 100,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 4,314,876 төгрөгийншаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

2. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2020/00132 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Амарсанаагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1,581,580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлээс 2,833,296 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ****гаас улсын тэмдэгтийн хураамж 40,255 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1368 дугаар магадлалаарНалайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2020/00132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1,581,580 гэснийг 2,403,956 гэж, 2,833,296 гэснийг 2,010,920 гэж өөрчилж,тогтоох хэсгийн 2 дахь заалтын 40,225 гэснийг 53,413 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 40,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан. Гэтэл **** нь ****д холбогдуулан гэм хорын хохирол болон цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч шүүх дараах нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.1. Нэхэмжлэгч хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.10.31- 2019.12.19-ний өдрийн цалин 1,380,000 төгрөгөөс татгалзах хүсэлт тус шүүхэд гаргасан боловч 2020.04.03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,380,000 төгрөгөөр нэмж нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх нэхэмжлэгч аль ч үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг хязгаарлаж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсийг тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч цалин хөлс авдаг нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөггүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Амвэй тээвэр зууч” ХХК-д барааны мэргэжилтэн, тооцоо гаргагч ажилтай, сарын 1,000,000 төгрөгийн цалинтай байсан нь ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга, 2019.11.06-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна гэж үзэж 11, 12 сарын цалин 1,380,000 төгрөгийг гаргуулсан. Мөн 2005.05.05-ны өдрийн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын “дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7а-д “...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцно” гэж заасан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй цалинг гаргаж шийдвэрлэж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч Н.Амарсанаагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,581,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлээс 2,833,296 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн“...1,581,580...” гэснийг “...2,403,956...”“...2,833,296...” гэснийг “...2,010,920...” гэж тус тус өөрчилжээ. 

7. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,010,920төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн маргааны зарим үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг зөвтгөсөн нь оновчтой, үндэслэл бүхий болжээ. 

9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулна. ...эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд, эмчилгээний болон зайлшгүй гарах бусад зардалд нийт 3,034,876 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1,380,000 төгрөг, нийт 4,414,876 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

9.1. Хариуцагч **** “...эмчилгээний зардлаас 201,169 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн ч шүүх хуралдааны шатанд 100,000 төгрөгийг төлнө гэж, үлдэх 4,314,876 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй...” гэж мэтгэлцжээ. 

9.2. Зохигчийн хооронд гэм хорын хэмжээ, хохирол үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

10. **** нь 2019.06.24-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутаг, Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас Х.Жулдыз, **** нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ****гийн гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй. 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

11.1. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хохирол нь ****гийнучруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.   

Түүнчлэн хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

11.2. Нэхэмжлэгч **** ****д холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3,034,876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1,380,000 төгрөг, нийт 4,414,876 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

12. ****г ****гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн зохицуулалт хариуцагчид хамаарахгүй.

Харин **** нь ****гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбоотой нэхэмжлэгчийн шаардаж буй хохиролтой шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээний хувьд хариуцагч маргах эрхтэй. 

13. Хэрэгт ****г Нигезин 550 мг, Кальци, Төмрийн бэлдмэл, Омега-3, Витамин С, тархи толгойн эм хэрэглэхталаар эмчийн жор авагдсан байх бөгөөд уг зааврын дагуу нэхэмжлэгч Кальци-106,501 төгрөг, Төмрийн бэлдмэл49,211 төгрөг, Омега-3126,212 төгрөг, Витамин С185,038 төгрөг, тархи толгойн эм355,414 төгрөг, нийт 822,376 төгрөгийн нэмэлт эм, бэлдмэл авсан баримтад үндэслэж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт 822,376 төгрөгийг нэмж нийт 2,403,956 төгрөг хариуцагчаас гаргуулахаарөөрчлөлт оруулсан ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

14. Хариуцагч ****“...ямар зориулалтын бүтээгдэхүүн болох, эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй, эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, ...цалингийн зөрүү гэж ямар ч мөнгө төлөхгүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтын хэмжээнд уг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. 

Хариуцагч ****тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, хариуцагч ****гаасцалингийн зөрүү 1,380,000 төгрөг, эмчилгээний зайлшгүй гарсан зардалд 201,580 төгрөг, нэмэлт эм бэлдмэл авсан 822,376 төгрөгнийт 2,403,956 төгрөггаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,010,920төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1368 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,225 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД