Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 234

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Б овогт Б-ын О-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Х ТӨХК-д холбогдох,

     Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1997 онд 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар 2000 онд “Эрдмийн титэм” сургалтын төвд тогоочийн курст суралцаж тогооч мэргэжил эзэмшсэн. Энэ цаг үеэс эхлэн мэргэжлээрээ ажиллаж ирсэн, ажлын дадлага туршлагатай. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад Х газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар тус байгууллагад ахлах тогтоочоор томилогдсон ажиллаж эхэлсэн. Намайг томилсон тушаалдаа болон хөдөлмөрийн гэрээг түр гэж байгуулсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл миний томилогдсон ажил байнгын ажлын байр байсан, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад гэрээ цуцлах талаар хэн нэгэн нь санал гаргаагүй, миний бие тухайн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Манай байгууллагын хүний нөөцийн ажилтан ирж уулзаад миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулна гэж хэлээд намайг болон туслах тогтоочийг борлуулалтын байцаагчийн ажлын байранд ажиллуулмаар байна гэж хэлсэн. Тухайн үед манай туслах тогооч бид хоёрт өөр ажлын байр санал болгож байна гэж ойлгосон. Ингээд би тогоочийн сонгон шалгаруулалтад оролцоогүй юм. Гэтэл манай туслах тогоочийг борлуулалтад ажиллуулаад надад ажлын байр өгөөгүй ба намайг “Хүлээж бай, эргэж дуудна” гэсэн. Мөн намайг ахлах тогоочийн албан тушаалаас чөлөөлсөн тушаалаа албан ёсоор өгөөгүй. Улмаар миний төрсөн ахын бие муудаж Улаанбаатар хотод “Даралт харвасан” байдалтайгаар урт хугацааны эмчилгээ хийлгэх болж би ахыгаа асрахаар 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хот явсан. Ингээд би 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаангомд буцаж ирээд байгууллагын удирдлагуудтай уулзаж “Одоо ажлаа хиймээр байна” гэхэд мөн л “Орон тоо гарангуут дуудна, хулээж бай, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоотой бай” гэж хэлээд явуулсан. Миний бие хүлээж ядаад дахин уулзахад намайг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн биеэр очиж нарийн бичиг А-аас гардаж авсан. Гэтэл намайг Х газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “мэргэжил ур чадвар, харилцаа хандлагын хүвьд ахлах тогоочийн албан тушаалд тэнцэхгуй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг тухайн ажлын байрандаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байхад ийнхүү хууль бусаар миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Х газрын ахлах тогтоочийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Надад ажлаас халсан тушаалыг гардаж ав гэж ярьсан хүн байхгүй. Худлаа ярьж байна” гэжээ.

     Хариуцагч Х ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн манай байгууллагын ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн. Энэхүү ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн хувьд удаа зөрчил гаргасны улмаас нийт ажилчдын хурлаар О-ын ажил мэргэжлийн ур чадвар, мөн хувийн байдлын талаар удаа дараа хэлэлцэж сануулах хариуцлага оногдуулж байсан. О нь ажлын байрны ариун цэврийг хангаагүй, хоолны хувьд чанаргүй амтгүй, мөн ажилчидтай зүй бусаар харьцаж байсан гэх шалтгаанаар ажилчдаас удаа дараа шаардлага тавьсны үндсэн дээр дээрх асуудлуудыг шийдэхийн тулд удаа дараагийн ажилчдын хурал, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж арга хэмжээ авхуулж байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар О-ын цаашид тогоочоор ажиллуулах шаардлагатай эсэх дээр санал хурааж ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр гарсан өдөр О-д өөрт нь мэдэгдэх хуудсаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж хариу тайлбараа ирүүлэх боломжийг олгосон боловч О нь ямар нэгэн хариу ирүүлээгүй ба мөн ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө ажлын байраа орхин Улаанбаатар хот руу явсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О-г ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдөр өөрт нь гардуулах гэж утсаар холбогдоход “Би Улаанбаатарт ирсэн байна, энд хувиараа ажил хийж байна, тушаалаа удахгүй очоод авъя” гэх тайлбарыг хэлсэн. Ажил олгогчийн зүгээс О-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж хариу тайлбар гаргах хугацааг өгсөн мөн тушаалыг гардуулах гэсэн боловч ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад өөрийн ажлын байраа орхин явж тухайн тушаалыг гардаж аваагүй хариуцлагагүй үйлдэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар энэхүү маргаан дээр хөөн хэлэлцэх хугацаа 1 сарын хугацаатай байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараагаар нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 76.2-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тусгаж өгсөн бөгөөд бид энэхүү тушаалыг гарахаас өмнө мэдэгдсэн мөн тушаал гарсан өдөр өөрт нь мэдэгдэхэд ирж авахаас зайлсхийсэн ба өөр ажил хийж байсан гэх зэрэг өөрийн хариуцлагагүй байдлаас болж тушаалаа гардаж аваагүй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд О-ын нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч О нь хариуцагч Х төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч нь “...О-ын нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөө  хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авах талаар утсаар мэдэгдсэн тул гардуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна” хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь энэхүү тушаалыг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ирж гардаж авсан талаар маргаангүй.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, мөн хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийг гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заажээ. Иймд ажил олгогчийг ажлаас халсан тушаалыг ажилтанд гардуулж өгсөн гэж үзэх боломжгүй.

       Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

   Нэхэмжлэгч О нь Х газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ахлах тогоочоор томилогдон ажиллаж байгаад Х газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/50 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ахлах тогоочийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч О-г мэргэжил, ур чадвар, харилцаа хандлагын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

     Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Х Төрийн өмчит хувьцаат компанийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х Төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

    Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын нэр Х ОНӨААТҮГазар нэртэй байсан ба одоо Х Төрийн өмчит хувьцаат компани нэртэй болсон байгааг дурдаж байна.    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-ыг Х Төрийн өмчит хувьцаат компанийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х Төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР