Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00446

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо,   Ш ХХК-ний нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүргийн  2-р хороо, О ХХК-д холбогдох алданги 39 237 039 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь манай компанитай 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн Т/404 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 9-р сарын 14-ний өдрөөс  9 удаагийн нийлүүлэлтээр нийт 410 651 960 төгрөгийн шатахуун хүлээлгэн өгсөн боловч О ХХК гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Төлбөрийг 2018 оны 11-р сарын 29, 2019 оны 01-р сарын 10-ны өдөр тус тус хэсэгчлэн  төлж барагдуулсан байдаг. Манайх банкны зээлээр үйл ажиллагаа явуулан харилцагч нартаа үүргээ цаг тухайд нь биелүүлэхийг шаарддаг. Хариуцагч гэрээний 4.3-т заасан нөхцөлөөр авсан тохиолдолд хүлээн авснаас хойш хуанлийн 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй, 5.2-т Худалдан авагч шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсийн хамт гэрээний 4.3 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг шатахуун болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тус бүрт тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. Алданги тооцох хугацаа 2018 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхэлдэг. Нийт 39 237 039 төгрөгийн алданги бодогдсон тул О ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш нэхэмжилсэн 39 237 039 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 09-р сарын 14-ний өдөр Ш ХХК-тай ӨХШ-18/87 тоот "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд үндсэн төлбөрийг аль болох богино хугацаанд төлж барагдуулах бүхий л боломжит арга хэмжээг авч шатахууны төлбөрийг тээврийн хөлсний хамт 2018 оны 11-р сарын 29, 2019 оны 01-р сарын 10-ны өдөр тус тус бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг бүрэн төлж дууссан хугацаа болох 2019.01.10-ны өдрийг хүртэл алданги нэхэмжилж байгаагүй, төлбөрөө яаралтай төлсөн тохиолдолд алдангийн төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохиролцож талууд дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д талууд дараа сарын 05-ны өдрийн дотор санхүүгийн тооцоо нийлж баталгаажуулах ба тэрхүү тооцоо нийлсэн акт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасны дагуу 2018.11.05, 2018.12.03, 2019.01.08-ны өдөр тус тус тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж байсан. Үүнд алдангийн тооцоо гэж актад тусгагдаагүй. Тооцоо нийлсэн актын дагуу ирүүлсэн нэхэмжлэхүүдэд ч алданги байхгүй. Хэрвээ алданги тооцох байсан бол актаар баталгаажуулах байсан. 2 байгууллагын нягтлан бодогч нар хамгийн сүүлд буюу 2019.01.08-ны өдөр алданги тооцохгүй байхаар тохиролцон тооцоо нийлж 333 990 600 төгрөгийн авлагатай гарсныг харилцан баталж, нэхэмжлэхийг үндэслэн тооцоо нийлснээс хойш 2 хоногийн дараа буюу 2019.01.10-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн. Ийнхүү тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа гэнэт алдангийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд алдангийн төлбөр болох 39 237 039 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ш ХХК нь О ХХК-д холбогдох алданги 39 237 039 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ш ХХК нь ОХХК-тай 2018 оны 9-р сарын 14-ний өдөр Т/404 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 8-13/ байгуулжээ. 

 

Талууд гэрээний хугацаанд нийлүүлсэн шатахууны төлбөр тооцоог 2018 оны 11-р сарын 10-ны өдөр нийлж, 410 651 960 төгрөгийн төлбөр тооцоог /хх 16/ баталгаажуулсан байна. Үүнээс хойш О ХХК нь 2018 оны 11-р сарын 29-ний өдөр 76 661 360 төгрөг төлж 2018 оны 12-р сарын 3-ны өдөр болон 2019 оны 01-р сарын 08-ны өдөр  333 990 600 төгрөгийн тооцоо нийлсэн /хх 15, 17, 42, 43/, улмаар 2019 оны 01-р сарын 10-ны өдөр төлбөрийг төлж дуусгажээ.

 

Гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч үнийг хуанлийн 45 хоногийн дотор төлөх үүрэгтэй, 5.2-т ...хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцон алданги төлөхөөр тохирсон байна.

 

Харин Ш ХХК-ний төлбөрөө төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийн дагуу талууд тооцоо нийлсэн байхаас гадна тооцоо нийлснээр төлбөрийг хэсэгчлэн төлж, үүргийг зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болгосон байна. 

 

Хэдийгээр үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлүүлэхээр тохирсон боловч талуудын тооцоогоор алданги тооцохгүйгээр үлдэгдлийг баталгаажуулж, үүргийг дуусгавар болгосон тул алдангийг нөхөн тооцож гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан О ХХК-иас 39 237 039 /гучин есөн сая хоёр зуун гучин долоон мянга гучин ес/ төгрөг гаргуулахыг хүссэн Ш ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 135 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.АЛТАНТУЯА