Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2021/0078/з |
Дугаар | 124/ШШ2022/0023 |
Огноо | 2022-04-08 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 124/ШШ2022/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын ...-р багт оршин суух, иргэн Х овгийн Ц-ын Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 4-р багт оршин суух, Х овгийн С-ийн Т
Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Гуравдагч этгээд: Увс аймгийн Цагаанхайрхан сумын ...-р багт оршин суух, иргэн Ш овгийн Д-ийн Д
“Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01-р сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т /цахимаар/, гуравдагч этгээд Д.Д цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь анх тус шүүхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/08 дугаартай захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамж болон Т.Цагаан гэгчийн нэр дээр олгогдсон өвөлжөөний газрын гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа “Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01-р сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодруулжээ.
2. Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар “Урьд хүйш” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Д.Д-д эзэмшүүлсэн байдаг. Ц.Б урьд өмнө нь тухайн өвөлжөөг эзэмшиж ашиглаж байгаагүйг нутгийн иргэд гэрчилдэг. Маргаан бүхий өвөлжөө нь манай сумын хөрөнгөөр баригдсан бөгөөд манай сумын малчид үе дамжуулан эзэмшиж, ашиглаж ирсэн гэх үндэслэлүүдээр татгалзлаа илэрхийлсэн байна.
3. Нэхэмжлэгч Ц.Б нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/929 дугаартай албан бичгээр “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хариуг 08 сарын 15-ны өдөр хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Хяргас сумын иргэн Ц нь Ц.Б-ийн төрсөн дүү Ц.Бы нэр дээр анх 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Хяргас сумын 1-р баг, Хангай багийн нутаг “Хүүшийн эх” хэмээх газарт №0129079 дугаар бүхий гэрчилгээтэй, өвөлжөөний зориулалтай 0,07га газар авч эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан билээ. Тэгээд эцэг маань 2015 онд нас барсан дүү Ц.Б тухайн өвөлжөөг эзэмшиж байгаад ах Ц.Б надад өвлүүлсэн бөгөөд би 1918 оны 12 сарын 28-ны өдрийн №000141028 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан билээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн өвөлжөөг Б эзэмшиж байгаа билээ. Тэгтэл Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Д тус сумын Даланхуруу багийн иргэн Цагаанд худалдсан байна. Ц.Б тухайн үед өөрийнхөө өвөлжөөндөө буух гэж очиход Цагаан гэгч нь би худалдаж авсан гээд Ц.Б-г хөөгөөд ердөө буулгахгүй байсан бөгөөд Ц.Б Цагаан гэгчтэй тохирохоор ярилцаад бичиг баримтаа хөөцөлдсөөр өдийг хүрсэн. Тухайн өвөлжөөг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Д гэгч зарахдаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг гэх гэрчилгээг үзүүлэн зарсан байсан. Тухайн өвөлжөөний кадастрын зураг нь Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт байгаа гэсэн зураглал гарсан. Хуучин 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №А 58 дугаар гэрчилгээ Д.Б-д олгосон болно. Д.Б өөрийнхөө өвөлжөөг өөр хүнд булаалгаснаас болоод 3-4 жилийн хугацаанд хүний өвөлжөөнд түрээсээр буух зэргээр маш их хохирол амсаж байна. Увс аймгийн Хяргас сумын “Хүүшийн ам” хэмээх газар нь манай нутгийн байршилд байгаа ба Ц.Б-ийн дүү Ц.Бы нэр дээр гэрчилгээтэй байсаар байтал хуурамч бичиг баримт үзүүлэн Д.Д зарсан ба үүний захирамж гэрчилгээний дугаар бидэнд олдохгүй байна. Иймд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Цагаан гэгчийн нэр дээр байгаа өвөлжөөний гэрчилгээг хууль бусад тооцож, тухайн гэрчилгээ нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай аав 1996 оноос хойш маргаан бүхий өвөлжөөний зориулалтай газрыг эзэмшиж байгаад 2007 онд газар эзэмших гэрчилгээ гарах үед манай дүү Ц.Б-д уг өвөлжөөний газрын гэрчилгээг эзэмшүүлсэн. Манай дүү Ц.Б уг маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмшихээ больж, 2015 онд надад өвлүүлэн бэлэглэсэн учир 2015 онд би өөрийн нэр дээр өвөлжөөний газрын гэрчилгээ гаргуулж авсан. Анх Манлай гэх хүн уг өвөлжөөний газрыг эзэмшиж байгаад Улаанбаатар хот руу нүүж явах үед манай аав Ц тухайн өвөлжөөний газрыг 20 төлгөөр худалдан авсан байдаг. Тэр цагаас хойш аав Ц үр хүүхдүүддээ уг өвөлжөөний газрыг өвлүүлэн гэрчилгээг шилжүүлж ирсэн. Уг өвөлжөөний газрыг яагаад Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна гэж маргаан гаргаад байгаа вэ гэхээр 2009 онд билүү тухайн өвөлжөөний газрын гэрчилгээ гарахын өмнө Д.Д-ийн зүгээс манай сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа манай өвөлжөөний газар гэдэг байдлаар маргаан үүссэн учир манай аав Ц Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд хэлсэн. Тухайн үед уг өвөлжөөний газрыг Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт хамаарч байна гэж үзэж манай дүү Ц.Б-ны нэр дээр өвөлжөөний газрын гэрчилгээг олгосон байдаг. Манай дүү уг өвөлжөөний газрыг эзэмшиж байгаад надад гэрчилгээг шилжүүлсэн учир би одоо маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмшиж байгаа. Д.Д бид хоёрын маргааны гол агуулга нь тухайн өвөлжөөний газар Увс аймгийн Цагаанхайрхан сум юм уу эсвэл Увс аймгийн Хяргас суманд харьяалагдаж байгааг тогтоолгож, Д.Д бид хоёрын нэр дээр гарсан хоёр гэрчилгээний аль нь хүчинтэй болохыг тогтоолгож, Д.Д-ийн эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тухайн өвөлжөөний маргаан олон жил үргэлжилж байгаа. Цагаан гэх хүний эхнэр нь өвдөж, эмчилгээ хийлгүүлж байсан учир хүний ар амьдралыг ойлгож явсаар маргааныг таслан зогсоохоор шүүхэд хандахгүйгээр зөвшилцөж ирсэн. Цагааны зүгээс “эхнэрийнхээ биеийн гайгүй болгочихвол би өөр газар өвөлжөө барьж авч, чамд маргаан бүхий өвөлжөөг өгөх болно” гэж хэлж байсан учир шүүхэд хандахгүй олон жил явсан. Маргаан бүхий өвөлжөөний газрын гэрчилгээ Ц.Б-ны нэр дээр байгааг мэдээд дүү Ц.Б руу нь утсаар ярьж маргаан бүхий өвөлжөөг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн байсан. 2018 онд Д.Д-ийн зүгээс маргаан бүхий өвөлжөөний газрын гэрчилгээ миний нэр дээр байгаа гэдэг байдлаар маргаан үүсгэж, Цагаанд маргаан бүхий өвөлжөөний газрыг зарсан болов уу би ойлгож байна” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ц.Б нь гуравдагч этгээд Д.Д-ээс түрүүлж өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 2018 онд уг өвөлжөөний маргаан гарч эхлэх үед нэхэмжлэгч талын зүгээс шат шатны багийн Засаг дарга, сумын Засаг дарга, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон аймгийн Засаг даргад хандаж, өргөдөл, хүсэлт өгч 2, 3 жилийн цаг хугацааг алдсан байна. Мөн Цагааны зүгээс эхнэрийн бие муудаж, эмчилгээ хийлгэж байгаа тул өвөлжөөний газрын маргааныг дараа болъё гэж хойшлуулснаар цаг хугацааг алдагдуулсан болох нь хэргийн оролцогчдын мэдүүлгээс харагдаж байна. Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэр дээрх газрыг Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар иргэнд эзэмшүүлж байгаа нь хууль бус явдал юм. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоот болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий өвөлжөөний газар Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн дагуу хариу тайлбарыг хүргүүлж байна. Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн иргэн Д.Д нь 2006 онд “Урьд хүйш" нэртэй газарт өргөдөл хүсэлт өгч 2007 оны 01 дүгээр сарын 28-ны А/09 тоот захирамжаар 0088770 тоот гэрчилгээг ашиглаж эзэмшиж ирсэн. Тус өвөлжөөг эзэмшиж, ашиглаж байх үед Ц.Б-ийн аав Ц нь 2015 онд гуйж өвөлжиж байсан. Үүнээс хойш Д.Д-ийн малчин Я.А үргэлжлүүлэн бууж эзэмшиж байсан. Д.Д нь 2018 онд тус багийн иргэн Т.Цагаанд зарсан байна. Гэтэл 2019 онд Ц.Б нь манай өвөлжөө гэж марган Т.Ц-тай хамт бууж өвөлжсөн байдаг. Мөн 2020 онд 2 сумаас ажлын хэсэг өвөлжөөний маргааныг шийдвэрлэхээр очиход Т.Ц, Ц.Б нар цуг буугаад өвөлжиж байсан. Бид бичиг баримтыг шалгахад Ц.Б нь 2018 оны 12 сард тус өвөлжөөг өөрийн дүү Ц.Бд шилжүүлэн авсан гэрчилгээ байсан. Д.Д нь 2007 оны захирамж гэрчилгээтэй байсан. Мөн Ц.Б-ийн дүү Б нь Т.Ц-д миний өвөлжөө гэж худал хэлэн 2016 онд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг нь залилангийн хэрэгтэй харагдаж байна. Ц.Б нь урьд өмнө нь тухайн өвөлжөөг эзэмшиж, ашиглаж байгаагүй нь нутгийн иргэдээс асууж сурахад гэрчилдэг юм. Мөн тухайн өвөлжөө нь Цагаанхайрхан сумын хилээс Хяргас сумын хил дотор Зм зайд барьсан хашаа нь байдаг. Монгол Улсын газрын тухай хууль, Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн газар өмчлөх, эзэмших эрхтэй байдаг. Энэ байдал нь иргэний эрхийг зөрчиж байгаа нь харагдаж байна. Иймд Ц.Б-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
9. Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “1976 онд Цагаанхайрхан сумын Рашаан худгийн бригад уг маргаан бүхий өвөлжөөг барьсан байдаг. Уг өвөлжөөг барьснаас хойш манай сумын малчид болох Ягаан, Маралжав, Сүхбаатар нар эзэмшиж ашиглаж, үе дамжин өвлүүлэн ирсэн. Маргаан бүхий өвөлжөө анх нуралт үүсэх үед өвөлжөөг шинээр барихдаа хойшоогоо 3 метр орчим сунгаж барьсан байдаг. Гэтэл өвөлжөөг хойшоо 3 метр сунгаж барьсан газар нь Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэр рүү орсон байсан. Гэхдээ уг өвөлжөөний 95 хувийн газар нутаг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа бөгөөд хойшоо сунгаж барьсан 3 метр газар нь Хяргас сумын нутаг дэвсгэр рүү орсон байдлыг ашиглан Ц.Б-ийн зүгээс манай өвөлжөө гэдэг байдлаар гэрчилгээ гаргуулан авсан байдаг. 2007 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар маргаан бүхий өвөлжөөний газрын гэрчилгээ Д.Д-ийн нэр дээр гарсан байгаа. Увс аймгийн Цагаанхайрхан сум болон Увс аймгийн Хяргас сумын нутагт нэг өвөлжөөний газарт хоёр хүний нэрээр давхцуулан хоёр гэрчилгээ гарсан байгаа. Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын захирамжаар 2007 онд маргаан бүхий өвөлжөөний газрын гэрчилгээ гаргуулж авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч хэрэгт 2007 оны маргаан бүхий газрын гэрчилгээ авагдаагүй бөгөөд устгасан гэж тайлбарласан. Маргаан бүхий өвөлжөөний газрыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчид олон жил үе дамжуулан өвөлжиж ирсэн газар байгаа юм. Увс аймгийн Хяргас сумын газрын даамлыг шүүх хуралдаанд оролцуулах саналтай байна. Өвөлжөөний маргаан үүсэх явцад гэрчилгээний нэрийг Ц.Б-ийн нэр рүү шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс Н.Б-ыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд эргэлзэж байна. Маргаан бүхий өвөлжөө нь манай сумын хөрөнгөөр баригдсан бөгөөд манай сумын малчид үе дамжуулан эзэмшиж, ашиглаж ирсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсвэл Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээр оролцож байсан бол маргааныг хянан хэлэлцэх боломжтой байсан гэж үзэж байна” гэжээ.
10. Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн иргэн Д овогтой Д миний бие нь тус сумын Даланхуруу багийн нутагт орших "Урд хүйш" нэртэй газарт Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэл нь 1980-аад онд хашаа, худгийн бригад гарган өвөлжөөний зориулалтаар нэгдлийн өмч болгон хашаа барьж ашиглаж байсан билээ.Тухайн үед тус багийн иргэн М, Я нар нь бууж эзэмшиж байгаад Зах зээлийн үед шилжсэнээр М нь эзэмшиж байгаад амьдралын шаардлагаар үр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот руу шилжин явсан.
Ингээд миний бие нь 2007 онд сумын Засаг дарга, газрын даамалд хандан хууль ёсны өргөдөл хүсэлтээ гаргаж "Урд хүйш" нэртэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш улсад татвар хураамжаа төлж өөрийн малчин Я.А, Т.Ц нарыг буулгаж эзэмшүүлж байгаа болно.Гэтэл Хяргас сумын иргэн Ц.Б гэгч нь миний нэр дээр энэхүү өвөлжөө байгаа хэмээн 2-3 ширхэг гэрчилгээг үзүүлэн маргаан үүсгэж байна. Би Ц.Б гэгчийн өвөлжөөний гэрчилгээг хууль ёсны бус, бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж байна.
Иймд миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж егнө үү” гэжээ.
11. Гуравдагч этгээд Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би маргаан бүхий өвөлжөөний нэрээс нь эхлүүлэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нутгийн хэлж заншсанаар болж “Урьд хүйш” гэдэг нэртэй газар байгаа юм. Ц.Б-ийн зүгээс “Хүүшийн эхэн” гэх нэртэй газарт маргаан үүсгэж байгаа. Манай нутгийн хувьд “Урьд хүйш” гэж маргаан бүхий өвөлжөөний газрыг нэрлэж заншсан. Миний нэр дээр маргаан бүхий өвөлжөөний нэр гарахдаа “Урьд хүйш” гэдэг нэрээр гарсан. 2006 онд би Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулснаар 2007 онд Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаагаар маргаан бүхий өвөлжөөний гэрчилгээ гаргуулж авч байсан. 2007 онд өвөлжөөний гэрчилгээг авсны дараа Ц-ыг уг өвөлжөөний газарт бууж байх үед өөрийн өвөлжөөний гэрчилгээг үзүүлж байсан. 2007 онд Хяргас сумаас маргаан бүхий өвөлжөөний газарт гаргасан гэрчилгээ нь хууль бус гэрчилгээ гэж үзэж байна. Яагаад гэвэл Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр байхгүй. Тус сумын Засаг даргын захирамж болон газрын даамлын гэрчилгээний номер дугааргүй, он сар өдөр зөрүүтэй гэрчилгээ гарсан байсан. Хяргас сумын газрын даамлаас уг маргаан бүхий өвөлжөөний гэрчилгээг асууж тодруулахаар устгасан гэх тайлбар гаргасан. 2007 онд Увс аймгийн Хяргас сумын газрын даамлаар ажиллаж байсан хүн нь холбогдох нотлох баримтад үндэслэхгүйгээр гэрчилгээ олгож, маргаантай байх үед цахимд шивэлт хийж гэрчилгээ олгосон учир өвөлжөөний маргааныг Увс аймгийн Хяргас сумын газрын даамлаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Миний маргаан бүхий өвөлжөөний газрын гэрчилгээ нь хууль дүрэм журмын дагуу Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжийг үндэслэн олгогдсон. Би өөрийн 2007 оны өвөлжөөний газрын гэрчилгээг Ц-д үзүүлтэл надад хандаж “танайхаас баригдсан өвөлжөөний хашаа мөн боловч би ганц хоёр жил уг өвөлжөөнд баймаар байна. Хүүхдүүдээ шилжүүлээд байлгах болохоор Д.Д чи малаа манай хүүхдүүдээр маллуулж болно ” гэж хэлж байсан удаатай. Би төрийн ажил хийгээд хөдөө байгаа малаа маллаж чаддаггүй байсан учир манай малчид уг өвөлжөөнд мал маллаж байсан. 2009, 2010 онуудад маргаан бүхий өвөлжөөнд Аюуш гэдэг хүн өвөлжсөн. 2012 оноос одоог хүртэл Цагаан гэх хүн өвөлжиж байгаа бөгөөд газрын төлбөрийг жил бүр төлөөд явж байгаа. 2019 оноос эхлэн маргаан бүхий өвөлжөөнд Т.Цагаан, Ц.Б нар хамтдаа өвөлжиж байгаа. Ц.Б-ыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан болов уу гэж үзэж байна. Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна” гэжээ.
12. Гэрч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “1997 оноос хойш 2011 онд хүртэл маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмшиж, өвөлжиж байсан. 1992 онд манай нөхөр байхдаа маргаан бүхий өвөлжөөний газарт өвөлжиж байсан. Өвөлжөөг худалдан авсан он сарын мэдэхгүй байна. 1997 онд уг өвөлжөөг эзэмшиж байсан Увс аймгийн Цагаанхайрхан сумын айл уг өвөлжөөг хаяад явсан учир бид очиж өвөлжөөг эзэмшиж байсан. Одоог хүртэл хүүхдүүд тусдаа гарснаас хойш өвөлжөөг эзэмшиж байгаа. Ц.Б бол миний хүү байгаа юм. Тухайн үед маргаан бүхий өвөлжөөний газарт гэрчилгээ гаргуулж авч эзэмшиж байсан. Ц.Б сүүлийн 3, 4 жил тус өвөлжөөг эзэмшиж байгаа. Т.Ц-ы аав ээжийг таних болохоос биш Ц-ыг сайн танихгүй. Хэзээнээс өвөлжиж ирснийг мэдэхгүй байна” гэжээ.
13. Гэрч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “Би нэхэмжлэгч Ц.Б-ийн төрсөн ах нь байгаа юм. Манай аав Ц маргаан бүхий өвөлжөөг 1997 оноос эхлэн эзэмшиж эхэлсэн бөгөөд 2003 онд уг өвөлжөөний саравчийг барилцаж өгч байсан. Маргаан бүхий өвөлжөөнд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяалалтай айл бууж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би маргаан бүхий өвөлжөөнд 2013 он хүртэл аав ээжийн хамт өвөлжиж байсан бөгөөд 2013 оноос хойш Увс аймгийн Улаангом суманд шилжин ирж амьдарч байгаа. Дүү Ц.Бы нэр дээр маргаан бүхий өвөлжөөний гэрчилгээ байгаа. Өөр айл маргаан бүхий өвөлжөөнд өвөлжиж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Намайг хүүхэд байхад манай аавынхаас өөр айл тус өвөлжөөнд өвөлжиж байгаагүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
13. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгч Ц.Б нь “Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01-р сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамт оролцсон болно.
15. Нэхэмжлэгч талаас “Маргаан бүхий өвөлжөөний газар Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байхад Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, давхцуулан иргэнд эзэмшүүлж байгаа нь хууль бус юм” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
14. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Маргаан бүхий өвөлжөөний 95 хувийн газар нутаг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа бөгөөд хойшоо сунгаж барьсан 3 метр газар нь Хяргас сумын нутаг дэвсгэр рүү орсон байдлыг ашиглан Ц.Б-ийн зүгээс манай өвөлжөө гэдэг байдлаар гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Тус өвөлжөө нь Цагаанхайрхан сумын малчид үе дамжуулан эзэмшиж, ашиглаж ирсэн гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлэн шүүх хуралдаанд оролцжээ.
15. Гуравдагч этгээдийн зүгээс 2006 онд би маргаан бүхий өвөлжөөний газрыг Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулснаар 2007 онд Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар гэрчилгээ гаргуулж авч байсан. Үүнээс хойш улсад татвар хураамжаа төлж өөрийн малчин Я.А, Т.Ц нарыг буулгаж эзэмшүүлж байгаа талаар тайлбар гаргасан байна.
16. 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар тус сумын 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх” хэсэгт Баруун халихын өвөрт орших “ Урьд хүйш” хэмээх 0.08 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан байна.
17. Маргаан бүхий захиргааны акт болох Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Д.Д-ийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, тус сумын ИТХ-аар баталсан 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн “Урьд хүйш” хэмээх 0.08 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай Д.Д-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, түүнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 0088770 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
18. 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хяргас сумын Засаг даргын 58 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг баримтлан уг маргаан бүхий газрыг “Хүүшийн эхэн” нэртэйгээр өвөлжөө хаваржааны зориулалтаар Ц.Б-д 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 19170278 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0120079 тоот гэрчилгээг түүнд олгожээ.
19. Улмаар 2015 оны Ц.Б-ийн “газрыг өөрийн төрсөн дүүгээсээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч байгаа” гэх хүсэлтийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/08 тоот захирамжаар уг газрыг Ц.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд сумын газрын даамал хожим нь буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ц.Б-д уг газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000141028 тоот гэрчилгээг нөхөж олгосон байна.
20. Дээр дурдагдсан эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүдээс үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх түрүүлж гуравдагч этгээд Д.Д-ийн нэр дээр үүсжээ.
21. Гуравдагч этгээд Т.Д нь “Урьд хүйш” хэмээх өвөлжөөний зориулалттай /нэгж талбарын 181800217 дугаартай / 0.08 га газрын төлбөрийг 2007-2013, 2015-2019 онуудад төлсөн нь Цагаанхайрхан сумын газрын даамлаас ирүүлсэн газрын төлбөрийн ногдуулалтын баримтууд болон Увс аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн 2015-2019 оны газрын төлбөрийн ногдуулалт болон төлөлтийн мэдээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
22. Нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд маргаан бүхий өвөлжөөний газрын эзэмших эрхийг 2015 оны сумын Засаг даргын захирамжаар шилжүүлэн авсан байгаа боловч Хяргас сумын газрын даамлын зүгээс “2009-2018 он хүртэл хуучин эзэмшиж байсан Ц.Б-ны нэр дээр газрын төлбөрийн ногдуулалт үүсэж төлбөр хурааж байсан” гэсэн тодорхойлолтыг ирүүлжээ.
23. Увс аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн 2015-2019 оны газрын төлбөрийн ногдуулалт болон төлөлтийн мэдээнд Ц.Б нь нэгж талбарын 19170271 дугаартай газрын төлбөр төлснөөр тусгагдсан байх ба нэгж талбарын 19170278 дугаар бүхий “Хүүшийн эхэн” хэмээх 0.07 га газрын төлбөрийг 2015-2019 онуудад төлсөн нь тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч Ц.Б 2019 онд уг маргаан бүхий газрыг нэгдсэн удирдлагын цахим санд бүртгүүлж, 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
24. Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын зүгээс гаргасан “Ц.Б-ийн дүү Ц.Б нь Т.Ц-д миний өвөлжөө гэж худал хэлэн 2016 онд 3.0 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд маргаан бүхий үйл баримтын талаар
24.1 Гэрч Т.Ц “Манайх “Урьд хүйш” гэх өвөлжөөнд 2012 оноос хойш одоог хүртэл өвөлжиж байна. Анх өвөлжөөг эзэмшигч Д.Д-тэй тохиролцсоны үндсэн дээр уг өвөлжөөнд өвөлжиж эхэлсэн. Д.Д-ийн малыг бид малладаг....Манайх уг өвөлжөөг Д.Д-ээс худалдаад авчихсан байгаа боловч эзэмших эрхээ шилжүүлж аваагүй байгаа. 2014 онд Ц.Б-ийн дүү Б гэх залуу бас гэрчилгээтэй байна гэдгийг сонсоод Б-тай утсаар яриад асуухад надад гэрчилгээ байгаа манай ах Б-д гэрчилгээ нь байгаа авчхаарай гэж хэлсэн. Тэгээд би Б-д өвөлжөөг худалдаж авахаар 3.0 сая төгрөг шилжүүлээд гэрчилгээг авах гэтэл гэрчилгээ байхгүй гэж хэлээд өгөөгүй” гэж,
24.2 Гэрч Г.Б “ Анх Сүхбаатар зам нэгдлээс тухайн өвөлжөөг барьсан. “Хүүшийн эх”, “Урьд хүйш” гээд байгаа нь нэг өвөлжөөний нэр юм. Бид нар “Хүүшийн эх” гэдэг Цагаанхайрхан сумынхан “Урьд хүйш” гээд байдаг. “Ар хүйш” гэдэг нь тусдаа өвөлжөө байгаа. Манай хөгшин 2011 онд бурхан болоод манай хүү Ц.Б бид нар Төв аймгийн Батсүмбэр лүү шилжихдээ Цагаанд зараад буцаж нүүж ирчхээд 3 сая төгрөгөө буцааж өгөөд аавынхаа өвөлжөөгөө авах гэхэд өгөхгүй гэж байгаа юм. Анх 2007 онд Ц.Б-ны нэр дээр өвөлжөөний гэрчилгээ авсан. Уг өвөлжөөний газар нь Цагаанхайрханы нутаг биш Хяргас сумын нутаг юм. 2019 оноос хойш Ц.Б-ийнх Ц-ыхтай хамт өвөлжиж байгаа. Мөнгө төгрөг дээр маргаантай зүйл байгаагүй” гэж,
24.3 Гэрч Ц.Б “Анх манай аав 1990-ээд онд аваад өвөлждөг байсан. Нэг л жил өвөлжөөгүй бусад үед дандаа өвөлждөг байсан. Дараа нь манай ах өвөлждөг болсон. 2013 онд манайх Төв аймгийн Батсүмбэр шилжээд 2016 онд ирсэн. Ингээд Батсүмбэрт байтал Цагаан надтай өвөлжөөгөө зараач гэж надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би өвөлжөөгөө зарахгүй түр зуур эзэмшээд байж бай гэтэл над руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Би буцаад очих байх гэрчилгээгээ өгөхгүй гэж хэлсэн. Би 2011 онд гэр бүл болсон. Манай ах 2005 оноос хойш тухайн өвөлжөөн дээр өвөлжсөн байх. Манай гэр очиж байхад цөөхөн модтой байсан дээр нь манай аав бид нар саравч хашаа барьсан. 2005 , 2007 оны аль нэгэнд нь байхаа өвөл манай ах дүү бид 3 аавтай хамт саравч хашаа сэлбэж барьж байсан. Би оныг нь сайн санахгүй байна Ахтайгаа ярилцаж зөвшилцөөд 3 сая төгрөг авсан. Тухайн үед Ц.Б ах хурим найртай гээд Батсүмбэрт ирчихсэн байсан. Бид нар өвөлжөөгөө зарж байна гэж хэлээгүй. Харин эзэмшээд байж байгаарай л гэж хэлсэн” гэж,
24.4 Гэрч Ц.Б “Уг өвөлжөөнд манай аавынх 2007 он хүртэл өвөлжиж байгаад намайг 2007 онд гэр бүл болоход газрын гэрчилгээ гаргуулж өгсөн. 2007-2009 онд аав Ц-тай айл өвөлжиж байгаад 2009 онд ах Ц.Б-г өвөлжүүлэхээр болж би өөр газарт өвөлжиж эхэлсэн. 2009 оноос хойш манай ах Ц.Б одоог хүртэл тасралтгүй эзэмшиж байгаа. Би 2007-2009 онд газрын төлбөрийг нь төлсөн тэрнээс хойш манай ах төлсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Т.Ц уг өвөлжөөг эзэмшиж ашигладаг талаар надад мэдэх зүйл байхгүй тус тус мэдүүлжээ.
25. Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн дүү Ц.Бнь ах Ц.Б-тайгаа зөвшилцөж 2014 онд 3.0 сая төгрөг Т.Ц-наас авснаа хүлээн зөвшөөрсөн байх боловч өвөлжөө зарснаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин гэрч Г.Б-ын гэрчилснээр Т.Ц-ны “Б.Б-аас өвөлжөөг худалдан авахаар болж 3.0 сая төгрөг шилжүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. Мөн гуравдагч этгээд Д.Д нь 2018 онд уг өвөлжөөг мөн Т.Ц-д зарсан байх бөгөөд ийнхүү бодит байдал дээр Цагаанхайрхан сумын малчин Т.Ц нь маргаан бүхий өвөлжөөг 2 өөр хүнээс зэрэгцүүлэн худалдан авч 2012 оноос хойш уг өвөлжөөг эзэмшиж ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
26. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан, ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн Х.Бааст зэрэг сумын эрх бүхий албан тушаалтнууд малчин Ц.Б-ийн хамт маргаан бүхий өвөлжөөнд өвөлжиж буй Цагаанхайрхан сумын малчин Т.Цагааныд очиж, Увс аймгийн ГХБХБГ-ын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 870 тоот албан бичиг, 2009 оны хилийн цэсийг тодотгосон акт, хилийн цэсийг тодотгосон зураг зэргийг танилцуулан хүлээлгэн өгч, малчин Т.Ц-ы тайлбарыг тэмдэглэн авч баримтжуулжээ. Ингэхдээ Т.Ц-ы тайлбарыг харгалзан үзэж, бодит нөхцөл байдлыг судалж тогтоохгүйгээр 2019 онд тус сумын газрын даамал нэхэмжлэгч Б.Б-д маргаан бүхий өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгосныг зөвтгөх боломжгүй.
27. Шүүх Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу, Хяргас сумын Хангай багийн хилийн заагт орших иргэн Ц.Б, Д.Д нарын маргаан бүхий өвөлжөөний газарт үзлэг хийхэд уг өвөлжөөнд Цагаанхайрхан сумын нэгдлээс 1980-аад онд онд барьсан гэх малын саравчин хашаа байсан ба уг хашааны зүүн хэсэгт Ц.Б, Ц.Б нарын залгуулан барьсан гэх саравчин хашаа байсныг фото зургаар баталгаажуулан үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан. Мөн саравчин хашааны /өвөлжөөний/ баруун талд Т.Ц, Ц.Б нар 3 метрийн зайтай гэрээ барин хамтдаа өвөлжиж байв.
28. Тус өвөлжөө нь хоёр сумын хилийн заагаас Хяргас сумын нутагт 150 метрт буюу хилийн цэсийн бүс нутагт байрлаж буй нь Увс аймгийн ГХБХБГ-аас ирүүлсэн тус өвөлжөөний газрын байршлын зураг, Увс аймгийн ГХБХБГ-ын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 870 тоот албан бичиг, 2009 оны хилийн цэсийг тодотгосон акт зэргээр тогтоогдож байгаа боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
29. Энэ талаар ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын 5.4.2-т хилийн шугамаас хоёр тийш 3-аас 5 км доторх зайг “Хилийн цэсийн бүс нутаг” гэж үзэх бөгөөд тус бүс нутагт уламжлалт аргаар мал маллаж буй иргэдийн зөвхөн бэлчээрлэх, худаг, уст цэг ашиглах болон өвөлжөө, хаваржаа ашиглах эрх нь орон нутгийн хилийн цэсээр хязгаарлагдахгүй байх...”-аар зохицуулжээ.
30. Маргаан бүхий өвөлжөөг хариуцагчийн тайлбарласнаар 1976 онд Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлээс барьж байгуулснаас хойш тус сумын айлууд өвөлжиж өтөг бууц бий болгожээ. Цагаанхайрхан сумын Засаг дарга 2007 оны 1-р сард тус өвөлжөөний доорх газрыг иргэнд эзэмшүүлэх асуудлыг сумын ИТХ-аар баталсан 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэн Д.Д-ийн хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна.
31. Харин Хяргас сумын Засаг дарга маргаан бүхий газрыг 2007 оны 08-р сард Ц.Б-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн” шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахгүйгээр бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр уг хуулийн заалтыг зөрчиж давхцуулан газар эзэмшүүлсэн байх тул Ц.Б-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна. Хуулийн дагуу үүсээгүй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээр хууль ёсны дагуу болж баталгаажих үндэслэлгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Ц.Б-ийн хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байна.
32. Иймд дээр дурдагдсан хууль эрх зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б-ийн “Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01-р сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
33. Цагаанхайрхан сумын малчин Т.Цагаан нь “Урьд хүйш” хэмээх газрын өвөлжөөг анхны хууль ёсны эзэмшигч болох Цагаанхайрхан сумын иргэн Д.Д-ээс худалдан авснаар уг өвөлжөөний өмчлөх эрх Т.Цагаанд шилжих тул тус өвөлжөөний доорх газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан холбогдох баримтыг бүрдүүлж эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргасны үндсэн дээр шилжүүлэн авах эрхтэй болно.
34. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн “Цагаанхайрхан сумын Засаг даргын 2007 оны 01-р сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамжийн Д.Д-д холбогдох “Урьд хүйш” нэртэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ