Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 27

 

 

Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00121/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                Б.Сайнбаяр

                           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч      Г.Амартүвшин

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 157 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй “Б.Батаагийн төрсөн он тогтоолгох, 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2018 оны 04 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний аав Бадамдоргийн Батаа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдоод гарч ирсэнийхээ дараа ахаараа овоглон сольсон. Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаагаар аав Батааг 44 настай гэж гарсан нь 1894 онд төрсөн болж бүртгэгдсэн. Харин Үндсэний төв архивын 2012 оны лавлагаагаар 51 настай гэсэн нь 1905 онд төрсөнөөр бүртгэгдсэн тул шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн аав Батаагийн төрсөн оныг тогтоож өгнө үү. Мөн Бадамдоргийн Батаа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдож байгаад 1948 онд суллагдан гарч ирсэнийхээ дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглох болсон билээ.  Аав маань шоронгоос гарч ирсэний дараа ээжтэй маань гэрлэж  намайг өргөж авсан гэдэг.  Иймд бид Бадамдоргийн Батаа гэдэг хүний хүүхэд мөн билээ.

Иймд Тагнуулын Ерөнхий газрын лавлагаа болоод үндэсний төв архивын лавлагаа мөн О.Дамба, Д.Дашзэвэг, Ц.Батбуян нарын тодорхойлолт бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  хянан хэлэлцээд 157 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сайнбаярын Б.Батаагийн төрсөн он тогтоолгох, 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Миний бие Бадамдоржийн Батаагийн өргөмөл хүү мөн болохыг тогтоолгох гэж иргэний хэргийн шүүхэд хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон учир давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Миний  аав Б.Батаа нь хилс хэргээр 1938 онд баригдаж 10 жилийн ял авсан. 1993 оны 07 сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалаар цагаатгасан. Миний бие хэлмэгдэгсдэд олгох 1 сая төгрөгийг аваагүй юм.   Миний бие энэ тухай мэдээд Улаанбаатар хотоос өмгөөлөгч Дамдинсүрэн овогтой Алгирмааг 2005 онд авч нөхөн олговор авах талаар  хөөцөлдсөн боловч өмгөөлөгч маань сүүлдээ олдохоо больсон. Энэ онд хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олгох боллоо гэж дуулаад цагаатгах ажлыг зохион байгуулах комисст хандахад  та шүүхээр өргөмөл хүү мөн гэдгийг тодруулаад ир гэсний дагуу хандсан. Би шүүхэд шаардлагаа сайн тодорхой хэлж чадаагүйгээс  болж шүүх  хэрэгсэхгүй болгосон тул давж заалдах гомдол гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь хэлс хэрэгт шийтгүүлсэн Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох  тухай хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан. Бадамдорги  нь шоронгоос гарсаны дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглосон байсан. Энэ талаархи нотлох баримт байгаа боловч үүнийгээ шүүхэд гаргаж өгөөгүй юм билээ.  Б.Сайнбаяр нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл шалтгаанаа сайн ойлгуулж чадаагүй бас зарим нотлох баримтаа шүүхэд өгөөгүйгээс шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн  байна.

 

Хэргийг судлан үзвэл:  Хүсэлт гаргагч Б.Сайнбаярын нэхэмжлэлийн агуулгаас нь үзвэл түүний эцэг Батаа нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан  шийтгүүлж 10 жилийн хорих ял эдлэн  улмаар 1993 онд түүнийг цагаатгасан байна.

Хүсэлт гаргасан Б.Сайнбаярын эцэг Батаа нь хэрэгт шийтгүүлэх үедээ эцэг Бадамдоргиор овоглож байгаад шоронгоос суллагдсаны дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглох болсон тул  өөрийгөө Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох  буюу  садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр  түүний нэхэмжлэлийн шаардлагыг “төрсөн он тогтоолгох” гэж тодорхойлон Иргэний хэрэг үүсгэсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний нэхэмжлэлийн шаардлагыг “төрсөн он тогтоолгох,1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Бадамдоргийн Батаагийн хүү мөн болохыг тогтоолгох” гэсэн хоёр шаардлага гаргасан гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг авах, энэ зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргадаг бөгөөд  нөхөх олговор олгох ажиллагаа нь төрийн ашиг сонирхол хөндөгддөг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийн нэрийн өмнөөс оролцдог.

Мөн  2003 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол  улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан  “Журам тогтоож хэрэгжүүлэх тухай”   417 тоот  хамтарсан тушаалаар садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл ирсэн дариуд  харъяа прокурорын газарт албан ёсоор мэдэгдэж, нэхэмжлэл болон холбогдох материалтай танилцуулж, прокуророос энэ асуудлаар гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, шүүх хуралдаанд тэднийг заавал оролцуулж байхаар заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулаагүй, нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тайлбарлан өгөөгүй зэрэг  хуульд заасан журмыг тус тус  зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  нэхэмжлэгчийн   давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа  төлөх  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН