| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02117/И |
| Дугаар | 102/ШШ2020/00322 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2020/00322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Д.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн О ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 570 000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч О ХХК-д холбогдох 1 775 300 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Х-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж /үнэмлэх/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь 2019 оны 02-р сарын 13-ны өдөр О ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж А захад лангуу түрээслэхээр түрээсийн төлбөрт 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөгийг төлсөн. Д.Х нь Хороолол захад барилгын лангуу түрээсэлдэг байсан. Гэтэл Н ХХК нь Хороолол захыг худалдаж авах гэж байна гэсэн яриа гарч, энэ үед О ХХК ажлын байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу энэхүү компанитай гэрээ хийсэн байдаг. Гэрээ байгуулснаар үйл ажиллагаа явуулах байтал лангуу байхгүй байсан. Иймд эдний талаас схем зургаа гаргаж ирээд лангуу хуваарилах болон тусгаарлах ажлыг санал болгосон. Тухайн үед 20 гаруй хүн гэрээ хийсэн байсан. Түрээслэгч нар энэ компанид итгэсэн. Мөнгөө өгсөн учраас лангуугаа бэлэн болгоно гэж байсан ч 1 сар болоход лангуу бэлэн болоогүй. Ингээд түрээсээ болъё, мөнгөө буцааж авъя гэдэг шаардлага тавихад зөвшөөрөөгүй. Түрээсийн гэрээний 4-р зүйлийн 4.1-д зааснаар Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө гэсэн үүргээ түрээслүүлэгч биелүүлээгүйгээс хохирсон тул 570 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Н дэлгүүр худалдаж авч байгаа учраас ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ гэж 19 түрээслэгч санал тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр А худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр ажиллуулахаар болсон. Ингээд 2019 оны 02-р сарын 13-ны өдөр Д.Х-тай гэрээ байгуулсан. О ХХК нь 2019 оны 02-р сарын 15-ны өдрийн 1/5 тоот мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгөөр павильоныг захиалан хийлгэж, 2019 оны 4-р сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан. Гэрээний дагуу 2019 оны 4-р сарын 15-ны өдөр Д.Х нь үйл ажиллагаа эхлүүлэх байсан боловч хэн ч ирээгүй. О ХХК нь 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Д.Х-ын одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Н худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Д.Х нь дээрхи үндсэн шалтгаанаар биш, О ХХК-ийг гэрээгээ зөрчсөн павилон байхгүй мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х-ын түрээсэлсэн талбай 8 м.кв хэмжээтэй юм. Түрээслэгч Д.Х нь 2019 оны 4-р сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан болов ч Хороолол барилгын материалын захын байрыг Н худалдан авахаа больсон учраас, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй, гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. 2019 оны 02-р сарын 13-ны өдөр гэрээ хийхдээ 4-р сарын түрээсийн төлбөр авсан. Д.Х-рыг барилгын материалын чиглэлээр ажиллуулахын тул О ХХК нь урд нь ажиллуулж байсан Гоо сайхны бараа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, Д.Х-ай гэрээ байгуулсан. О ХХК нь 2019 оны 02-р сарын 13-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Иймд Д.Х-тай байгуулсан гэрээнээс үүдэж О ХХК-д учирсан түрээсийн орлого 915 000 төгрөг, Д.Х-т оногдох талбайн цахилгаан дулааны зардал 206 400 төгрөг, вакуум хаалт, хаалганы 653 900 төгрөг, нийт 1 775 300 төгрөгийг Д.Х-аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Компанийн дотоод ажлыг мэдэхгүй, гоо сайхны бараагаа болиул, би орно гэж хэлээгүй. Иймд түрээсийн орлого болох 915 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Х нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч өдөр цахилгаан хэрэглээгүй тул төлөх үндэслэл байхгүй. Вакуум хаалт хаалга нь О компанийн өмч байхад Д.Х төлөхгүй. Иймд 1 775 300 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь О ХХК-д холбогдох түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол 570 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч О ХХК нь Д.Х-аас 1 775 300 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О ХХК нь Д.Х-тай 2019 оны 2-р сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамжинд байрлах А худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ байгуулж, В/2 тоот лангууг түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сард 300 000 төгрөг төлөхөөр /хх 6-9/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад барилгын материалын худалдаа хийх зорилгоор лангуу шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй.
Түрээслэгч Д.Х нь 2019 оны 2-р сарын 13-ны өдөр 4-р сарын түрээсийн төлбөрт 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 570 000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх 4/ төлжээ.
Харин гэрээ байгуулсны дараа түрээслүүлэгч нь 2019 оны 2-р сарын 15-ны өдрийн мэдэгдлээр нийт түрээслэгч нарт ...барилгын материалын төв 2019 оны 4-р сарын 15-нд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болно, ...павильоны хаалт хуваалт хийхэд 19 400 000 төгрөгийн төсөв гарч байна, ...2019 оны 2-р сарын 15-наас хойш гэрээ цуцалсан тохиолдолд төлсөн барьцааны болон түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй...байхыг /хх 46/ мэдэгджээ.
Түүнчлэн түрээслүүлэгч 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдлээр ...үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон, павилион хуваарилалтыг хийж дуусгасан, үйл ажиллагаа эхлүүлэхийг мэдэгдсэн /хх 45/, түрээслэгч нар 2019 оны 5-р сарын 14-ний өдөр О ХХК-ний санхүүд өргөдөл гаргаж ...2019 оны 2-р сарын 13-нд түрээсийн гэрээ байгуулж, 2019 оны 4-р сарын 15-наас орохоор гэрээ хийсэн... талаар /хх 98-99/ тусгажээ.
Эдгээрээс дүгнэвэл, түрээсийн гэрээг 2019 оны 4-р сарын 15-наас хэрэгжүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна.
Нөгөө талаас, түрээслэгч нар өргөдөлдөө ...манай компани 2019 оны 3-р сарын 4-нд хурал хийж цаашид хэвийн ажиллахаа мэдэгдсэн...гэснээс үзвэл түрээслэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлах тухайгаа гэрээний 2.4-т заасан 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй буруутай гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн тэмдэглэлд ...Д.Х мэдэгдэлд гарын үсэг зураагүй, ...зурсан, гэхдээ юун дээр зурснаа мэдээгүй гэж тайлбарласнаас өөрөөр гарын үсгийн талаар маргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч О ХХК нь Д.Х-аас гэрээний улмаас учирсан хохирол гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түрээслүүлэгч О ХХК нь өмнөх түрээслэгч нартай гэрээгээ дуусгавар болгосноос 2019 оны 2, 3, 4 дүгээр сарын түрээсийн орлогоор хохирсон гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба 915 000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй.
О ХХК нь 2019 оны 2-р сарын 20-ны өдөр Н ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 16 399 006 төгрөгийн үнэ бүхий хаалт, хаалгыг 2019 оны 3-р сарын 20-ны дотор хийж гүйцэтгүүлэхээр тохирчээ.
Гэрээгээр тохирсон хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэсэн, захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан нь тогтоогдоогүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хаалт, хаалга нь захиалагчийн өмчлөлд шилждэг.
Өмчлөгч О ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлд гаргасан зардал 653 900 төгрөгийг нэхэмжлэгч Д.Х-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, 1 775 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй /хх 27-44/ байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.2.1, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-иас 570 000 /таван зуун далан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Х-ын нэхэмжлэл, Д.Х-аас 1 775 300 /нэг сая долоон зуун далан таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн О ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17 750 төгрөг, О ХХК-иас төлсөн 43 354 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА