Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0159

 

 

 

 

 

 

    2022         03          03                                    128/ШШ2022/0159

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б,

Хариуцагч: ЦЕГД,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н нарын хоорондын нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуулийн хэлтсийн Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл гаргагч Ц.Д Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ээр шаардан маргажээ.

2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалаар Ц.Д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

 3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 3330 дугаар мэдэгдэх хуудсаар гардан авч, улмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2174 дүгээр албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу авснаар тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“... Миний бие 20213 онд Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр төссөн, цагдаагийн байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицероор томилогдон ажиллаж байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаар намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын арга хэмжээ авхуулах тухай саналыг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Тус асуудлыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө Нийслэлийн Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаар хэлэлцэх ба намайг тус хуралдаанд оруулна гэж хэлсэн. Миний хувьд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй мөн албаны шалгалтаар миний ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн дутагдал илрээгүй, гагцхүү А.А гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авхуулах саналыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаас гаргасан юм. Ингээд миний хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж Нийслэлийн цагдаагийн газрын зөвлөлийн хурлаас тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй асуудлыг шийдвэрлэсний дараа надад холбогдох асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байсан.

Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ч.О намайг дуудаж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгаа гэх 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1016 дугаар тушаалыг танилцуулсан. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалтай танилцахад Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Б нь өөрөө гарын үсэг зураагүй харин Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б гарын үсэг зурсан байсан ба тушаалд намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх боловч хэзээ ямар зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байх ба миний бие цагдаагийн албанд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй болно. Намайг Цагдаагийн албанд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар тогтоох шаардлагатай. Гэтэл ийм асуудал тогтоогдоогүй. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь тухайн асуудал эцэслэн шийдвэрлээгүй байхад Цагдаагийн ерөнхий газраас өөрт нь сонсох ажиллагааг дутуу хийж гүйцэтгэн тушаал гаргасанд гомдолтой байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ц.Д гардуулсан гэх тушаалын хуулбар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1016 дугаар тушаалаас илтэд зөрүүтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Тушаалын үндсэн хуулбар хувийг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй. Тушаал гаргах болсон үндэслэлээ тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 буюу Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчсөн, 37.1.18-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байсан. Яг ямар зөрчил гаргасан нь уг тушаал гарах үндэслэл болсон талаар тушаалдаа огт тусгаж өгөөгүй байгаа нь тус тушаалыг хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Иргэн н.А гаргасан мэдүүлэг, гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж хоёр төрлийн шийдвэр гаргасан. Энэ асуудал нотлогдон тогтоогдсон, нотлогдон тогтоогдсон асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах, нөгөөх нь нотлогдон тогтоогдсон асуудал нь гэмт хэргийн шинжтэй учир гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулах саналыг гаргасан. Гэтэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1141 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол гаргасан. Тус тогтоол нотлох баримт шинжлэн судлах шатанд дэлгэрэнгүй дурдагдсан. н.А Ц.Д нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байсан байна, Ц.Д энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, бэлгийн замын халдварт өвчин тараасан гэх асуудал тогтоогдохгүй байна гэмт хэргийн шинжгүй байна гэх эрх бүхий байгууллагын тогтоол хүчин төгөлдөр болсон байна. А.А гаргаж өгсөн гэх зурагт үзлэг хийхэд ямар эх сурвалжаас гаргаж авсан нь тогтоогдохгүй байсан. Цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага нь хэрэв тухайн чат устгагдсан бол түүнийг сэргээх талаар арга хэмжээ авах, шалгалтын ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Гэтэл ийм ажиллагаа явагдаагүй, албаны шалгалтын материалд авагдсан тус шалгалтаар шалгагдаж буй хоёр албан тушаалтны гар утсанд үзлэг хийхэд ийм чат бичсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн зүгээс албан шалгалтын явцад н.З, Ц.Д нар нь албаны шалгалтын явцад Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байдаг. Энэ дүгнэлт гаргаж байгаа үндэслэл нь тухайн зурагт үзлэг хийсэн тэмдэглэлээ гол нотлох баримт болгож хүний эрхийг зөрчиж, хууль бус, үндэслэлгүй захиргааны акт гаргасан тул гомдолтой байна. Гомдол гаргагч н.А нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдол нь хууль бус худал гомдол гэх хүсэлтээ цагдаагийн байгууллагад албан ёсоор өөрийн гараар бичиж гаргаж өгсөн байгаа. Энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх, Монгол Улсын хэмжээнд хууль хэрэгжүүлэх, дагаж мөрдүүлэх, хуультай хамгийн ойр ажилладаг байгууллага юм. Нотлох баримт гэж юу болох талаар хамгийн сайн мэдэж байгаа байгууллага нь хувь хүний гаргаж өгсөн хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй зурган дээр үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 16.1.6, 16.3.3 дахь хэсэгт нотлох баримтын шаардлагыг тодорхой заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэх талаар тусгасан. Гэтэл ямар ч нотлох баримтын шаардлага хангаагүй зургуудад үндэслэж миний үйлчлүүлэгчид сахилгын шийтгэл ногдуулж цагдаагийн байгууллагад нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, ахмад цолыг хурааж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой бол тушаалын хувийг гардуулаагүй гэж тайлбар хийж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Тушаалын хувийг канондож хуулбар үнэн тэмдэг дарж явуулахад хангалттай. Гэтэл хэрэгт авагдсан хоёр баримт нь хоорондоо илтэд зөрүүтэй байдаг. Бичиглэлийн хувьд нэхэмжлэгчид олгогдсон тушаал нь тушаах хэсэгтээ нэг заалттай бол хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь тушаал хэсэгтээ 3 заалттай байдаг. Уг тушаалыг хуулбарлаагүй, бичвэрээс нь тодорхой хэсгийг тасалж хэвлэмэл байдлаар гаргаж, Хүний нөөцийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа н.Б гэдэг хүн өөрийн гарын үсгийг зурж тамга дарж баталгаажуулж өгсөн нь тушаалыг албан ёсоор гардуулсан эсэх асуудлын хувьд эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б1016 дугаар тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн гарсан хууль бус шийдвэр байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэж өгөхдөө Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тухайн 3 сар байсан нийт ажлын 62 хоногт хуваахад нэг өдрийн цалин 55,553 төгрөг юм. Ажлаас чөлөөлөгдсөн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараагийн өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл ажлын 110 өдөр байгаа тул нийт ажилгүй байсан хугацааны цалинд 6,118,037.00 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицероор ажиллаж байсан бөгөөд түүнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-д заасан сахилгын шийтгэл оногдуулсан. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...Тус газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Д, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.З нар нь иргэнтэй зүй бус харьцаж, албаны нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, Ц.Д нь иргэн А.А биед халдсан, халдварт өвчин тараасан” гэх мэдээлэлд алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан ЦБҮАЖ /код-112/ “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах”-ын 112.7 дахь хэсэгт заасны дагуу 20210240000024 дугаартай албаны шалгалт явуулсан. Дээрх алба хаагчдын гаргасан зөрчилд явуулсан албаны шалгалтын дүнг тус дүүргийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Д, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.З нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т “Хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 69.1.2-т “Албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-т “Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” 2.4.1-т “Өөрийн болон албаны нэр мөрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой хүнлэг хүлээцтэй харьцах” 2.4.2-т “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх” 2.4.10-д “Гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтын явцад цугларсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, албанаас халах саналыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шалгалтын хүрээнд нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа иргэдтэй зүй бус харилцах, хүний эрх, эрх чөлөөнд халдах, албаны нэрийг ашиглаж бусдыг эрхшээлдээ оруулах, мөн хамтран амьдрагч А.А зодож биед нь гэмтэл учруулах, эрүүл мэндээр нь хохироож бэлгийн замын халдварт өвчин тараасан байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тогтоогдсон тул уг асуудлыг Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар холбогдох материалын хамт хүргүүлсэн. Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Ц.Д, Б.З нарт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 211100913 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Цагдаагийн байгууллага тухайн тушаалыг мэдэгдэл хэлбэрээр явуулдаг шалтгаан нь байгууллагын үйл ажиллагаа бөгөөд тухайн албан тушаалтныг хэн томилж байгаагаас шалтгаалан өөр байдаг. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер гэх албан тушаал дээр ажилладаг, дээд боловсролтой, таван хошуутай цол зүүдэг. Үүнийг зүүж байгаа албан тушаалтныг Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын дарга офицеруудыг ажлаас чөлөөлж томилдог. Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүний нөөцийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын дэргэд байрладаг. Бусад цагдаагийн хэлтсүүд өөрсдийн байранд байрладаг болохоор өдөр болгон гарч байгаа хүний нөөцийн тушаалыг гарсан дор нь гаргаж ирээд гарын үсэг зуруулаад байх боломжгүй байдаг болохоор энэ нь манай зохион байгуулалтын үйл ажиллагаа юм. Бусад дүүрэг рүү явуулж байгаа тушаалыг мэдэгдэл хэлбэрээр, дотоод онлайн сүлжээгээр явуулдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталдаг. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хууль 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасны дагуу цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэлийг оногдуулах болсон үндэслэл нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эргүүлийн офицер Ц.Д, н.З нар нь иргэнтэй зүй бусаар харьцаж, албаны нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн Ц.Д нь иргэн н.А биед халдсан, бэлгийн замын халдварт өвчин тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Учир нь н.А нь цагдаагийн хэлтэст гомдлыг гаргаж хандсан. Ц.Д н.А нар нь эр эмийн харилцаатай, хамтран амьдрагч шахуу хүмүүс байсан байна. Гомдол гаргахдаа Ц.Д хамт ажилладаг н.З бичсэн фейсбүүкийн бичвэрийг авч ирж мэдүүлэг өгсөн. н.А гаргаж өгсөн баримтын дагуу баримтуудад үзлэг хийхэд нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэдтэй зүй бус харьцан хүний эрх, эрх чөлөөнд халдах, албаны нэрийг ашиглаж бусдыг эрхшээлдээ оруулах, хамтран амьдрагч н.А зодож биед нь гэмтэл учруулсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон. Энэ асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2021 оны 7 дугаар сард дугаар бүхий албаны шалгалтыг явуулсан байсан. Албан хаагчдын гаргасан зөрчилд явуулсан албаны шалгалтын дүнг тус дүүргийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9 дүгээр зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 буюу хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, 69.1.2-т албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-т заасан цагдаагийн албаны нэр төрийг барин иргэдтэй соёлтой, хүндлэг, хүлээцтэй харилцах, 2.4.2-т албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, бусдыг доромжлох, сүрдүүлэх зэрэг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон байна гэж үзэж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2.5-д заасан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр гарах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, хүний нөөцийн хэлтсээс уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, зөвлөлийн хурлаар хэлэлцээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас гаргасан саналын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан.

Цагдаагийн албан хаагч гэдэг нь албаны нэр төрийг барьж бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах, тэр дундаа эмэгтэй хүнийг дарамталж байсан үйл баримт тогтоогдсон. Албаны шалгалтын хүрээнд Ц.Д, н.З нараас аль алинаас нь тайлбар мэдүүлэг авсан. Тэдгээрийн хооронд бичилцсэн фейсбүүк хаяг нь өөрсдийнх нь хаяг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тэр мессежнүүдийг бичсэн гэдгээ албаны шалгалтын явцад үгүйсгээгүй. Иймд гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулсан.Тушаалыг хуульд заасны дагуу гаргасан. Ц.Д тушаалыг мэдэгдэл хэлбэрээр танилцуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тушаал аваагүй, өөр хэлбэрээр гарсан гэж ярьж байна. Хүсэлт гаргавал тухайн тушаалыг бүрэн эхээр нь хувилж өгдөг, бусад тохиолдолд тушаал гарсан талаар хүний нөөцийн хэлтсээс мэдэгдэл хэлбэрээр танилцуулдаг журамтай байгаа. Уг журмын дагуу тушаал гарсан даруйд мэдэгдлийг хүргүүлж Ц.Д танилцуулсан.

Тушаалыг эх хувиар аваагүйгээс үүдэн Ц.Д эрх хэрхэн яаж зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Үүнийг байгууллагын дотоод журамд заасны дагуу мэдэгдэл хэлбэрээр мэдэгдээд тушаалтай танилцаад гарын үсэг зурсан учир нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. н.А гаргасан гомдолд цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн асуудал, бусдын эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй хоёр шинж байдал агуулагдаж байсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулахаар тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлж, ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэх асуудал дээр нь байгууллагаас албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтаар н.А гаргасан гомдол үнэн болох нь тогтоогдож, гаргаж өгсөн нотлох баримт нь үнэн бодит, энэ баримтын талаар нэхэмжлэгч мэдүүлэг өгөхдөө үгүйсгээгүй. Нэхэмжлэгч нь н.А нүцгэн зураг бичлэгээр нь барьцаалж дарамтлан сүрдүүлж байсан зүйлгүй, мөн албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеэ үнэлэх, хүмүүсийг далайлган сүрдүүлж албаны эрх мэдлээ ашиглаж байсан зүйлгүй гэдгээ албаны шалгалтын хүрээнд баримттай үгүйсгээгүй. Энэ байдлаас дүгнэж Ц.Д, н.З нарыг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх дүгнэлтэд хүрсэн. Албаны шалгалтын явцад н.А гомдлоо татаж авсан. Ингэсэн нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Тухайн шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан ёс зүйн хэм хэмжээ зөрчлүүд нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            8. Шүүх, нэхэмжлэгч Ц.Д гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

            9. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс  хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Цагдаагийн ахмад Ц.Д сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/1016 дугаар тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж[1], “маргаан бүхий актыг гаргахдаа намайг оролцуулаагүй, тушаал дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын үсэг зураагүй харин Хүний нөөцийн хэлтсийн дарга гарын үсэг зурсан буруу, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, албаны шалгалтаар ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн дутагдал илрээгүй, яг ямар зөрчил гаргасан нь уг маргаан бүхий тушаалыг гаргах үндэслэл болсныг тушаалдаа дурдаагүй, хуульд нийцээгүй” хэмээн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

            10. Нэхэмжлэгч Ц.Д нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. “төрийн тусгай алба”, 6.2. “...6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1. “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.6. “зэвсэгт хүчин ...  цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ... байгууллагын офицер, ...” гэж зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад цолтойгоор, үр дүнгийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

11. Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Цагдаагийн ахмад Ц.Д сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/1016 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох,  сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6. “энэ хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.3, 81.4.4, 81.4.5-д заасан шийтгэл хүлээсэн алба хаагч тогтоосон хугацаанд хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй, энэ хугацаанд байгууллага цалингүй чөлөө олгоно”,  97 дугаар зүйлийн 97.1. “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг үндэслэн гарсан байх ба нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.18. “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн хэмээн буруутгаж,  Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5. “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураажээ.

            12. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс тус газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Д “...иргэнтэй зүй бус харьцаж, албаны нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, иргэн А.А биед халдсан, халдварт өвчин тараасан...” гэх мэдээлэлд 20210240000024 дугаартай албаны шалгалт явуулснаар,

            13. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 201 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 26л-1/4168 дугаар албан бичгээр Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Э хандан “иргэн А.А эрх чөлөөнд халдсан, бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэхэмжлэгч Ц.Д шалгуулахаар шилжүүлсэн бол, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ш хандан нэхэмжлэгчийн “иргэнтэй зүй бус харьцаж, албаны нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэх асуудалд албаны шалгалт явуулсан тухай танилцуулга хийгджээ.

            14. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагт нэхэмжлэгчид явуулсан албан шалгалтын талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын зөвлөл хуралдаж хэлэлцсэн байх ба уг хуралд зөрчил гаргасан цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахмад Ц.Д оролцуулсан, тэрээр гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

            15. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5. “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулахаар санал гаргаж, уг санал болон холбогдох материалыг Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ талаар нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагт сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлджээ.

            16. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 26л/1172 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргад тус газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Д явуулсан 20210240000024 дугаартай албаны шалгалтын 156 хуудас бүхий материал хүргүүлсэн.

            17. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Б, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Н 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Албаны шалгалтын дүгнэлтийн тухай” танилцуулсан, уг танилцуулгад:

“... Ц.Д нь 2019-2020 оны хооронд  БНӨСУлсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ А.А фейсбүүк мессенжер чатаар холбогдож түүний нүцгэн биеэ харуулсан бичлэгийг хийлгэн авч түүнтэй хэрүүл маргаан хийхдээ дээрх бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина гэх зэргээр сүрдүүлж эрхшээлдээ байлгадаг байсан, цагдаагийн ахмад Ц.Д, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.З нарын 2021 оны 1-3 дугаар сарын хооронд бичсэн фэйсбүүк мессежнүүдийг Ц.Д хамтран амьдрагч байсан А.А нь гэрэл зургаар бэхжүүлж тус цагдаагийн хэлтэст авч ирж өгсөн ба уг мессежний агуулга нь Ц.Д, Б.З нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа иргэдтэй зүй бус харилцах, хүний эрх, эрх чөлөөнд халдах, албаны нэрийг ашиглах бусдыг эрхшээлдээ оруулах агуулгатай болох нь тогтоогдсон, албаны шалгалтын явцад цагдаагийн ахмад Ц.Д өгсөн тайлбартаа: “...Б.З бид хоёрын хооронд тоглоом шоглоомоор бичиж байсан мессежийг А.А буруугаар ойлгоод өгсөн юм шиг байна. Ер нь бол Б.З бид хоёрын хоорондоо бичсэн чат мөн...” гэж мэдүүлсэн...” зэргээр албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг бичсэн бол,

            “...Цагдаагийн ахмад Ц.Д нь дарга, удирдлагаас удаа дараа хэлж анхааруулж, амаар болон бичгээр үүрэг, ажлын чиглэл өгч баталгаа авсаар байтал дээрх зөрчлийг гаргасан нь албандаа хандах хандлага сул, ёс зүй хангалттай төлөвшөөгүй зэргээс тус тус шалтгаалсан гэж үзэхээр байна...” хэмээн шалтгаан нөхцөлийг тодорхойлж,

            “...Ц.Д нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т “Хүний эрх эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 69.1.2-т “Албан тушаал байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах дарамтлах” 69.1.10-д “...албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-т “Цагдаагийн байгууллагын нэр төр алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-т “Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой хүнлэг хүлээцтэй харьцах” 2.4.2-т “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх”, 2.4.10-д “Гэр бүл үр хүүхдэдээ хайр халамжтай байж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахин мөрдөх” гэж заасныг тус тус зөрчсөн нь албаны шалгалтын явцад цугларсан баримтуудаар тогтоогдож байна..” гэсэн дүгнэлтийг танилцуулж,

“Иймд Ц.Д Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийн 81.4.5-д зааснаар “Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулах” хэмээн санал гаргажээ.

18. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж хариуцагч захиргааны байгууллага үзсэн ба уг дүрмийн 1.3.2-т “...“ноцтой зөрчил” гэж ...цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон ... үйлдэл, эс эс үйлдэхүйг”, 3.4-т “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу албанаас хална” гэж заажээ.

Алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлан шалгахын тулд “албаны шалгалт”-ыг явуулдаг байх бөгөөд Хууль зүйн сайдын  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын нэгдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” А/246 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч Ц.Д ажиллаж байсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газраас нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд албаны шалгалт явуулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /37.1.1, 37.1.18/ зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнийг цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, албанаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

 19. Нэхэмжлэгчид шийдвэр гаргаж буй талаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 48 минутад мэдэгдэж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3380 дугаар мэдэгдэх хуудсаар маргаан бүхий актыг гардуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа түүнийг оролцуулаагүй, саналыг сонсоогүй, мөн маргаан бүхий захиргааны актыг гардуулаагүй үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын үсэгтэй тушаал танилцуулагдаагүй гэх үндэслэлийг хүлэн авах боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд журамласан харилцааны дагуу нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалыг мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

20. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1141 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн “иргэн А.А эрх чөлөөнд халдсан, бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байх ба энэ үйл баримт нь маргаан бүхий захиргааны актыг гарахад шууд нөлөөлөөгүй, энэ үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулаагүй байсныг дурдах нь зүйтэй.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1016 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б

 

 

[1] Хавтаст хэргийн 152-р хуудас