Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/03343/И |
Дугаар | 001/ХТ2022/00017 |
Огноо | 2022-01-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2022/00017
Таймс медиа корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 699 дүгээр магадлалтай,
Таймс медиа корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Маркет гейт ХХК-д холбогдох,
4,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Санчирын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэндэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
1. Нэхэмжлэгч Таймс медиа корпорейшн ХХК-иас Маркет гейт ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,750,000 төгрөг, гэрээний 5.4-д заасан алдангид 1,375,000 төгрөг, нийт 4,125,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ...Нэхэмжлэгч нь гэрээт ажлын 50 хувийг 2018 оны 9-р сард хийж дуусгах үүрэгтэй байсан боловч үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу 2018 оны 12-р сард сурталчилгааг нийтэлсэн. Ажил гүйцэтгэгч Таймс медиа корпорейшн ХХК нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгэх үүргээ зөрчсөний улмаас хариуцагч нь үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, ...захиалга өгсөн манай компанийн хувьд маркетингийн хөтөлбөр ач холбогдолгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэрээр: ...гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гэрээгээр тохирсон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй... гэх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Маркет гейт ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл, алдангид нийт 4,125,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Таймс медиа корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 699 дүгээр магадлалаар: ...нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш сэтгүүлд сурталчилгааг хэвлэн нийтэлсэн, ...хариуцагч нь сурталчилгааны материалыг гэрээний хугацаа өнгөрсний дараа ирүүлсэн, ...хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, харин анз авах эрхээ алдана... гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1, 228 дугаар зүйлийн 228.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Маркет гейт ХХК-аас 2,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Таймс медиа корпорейшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, 58,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Санчир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 699 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байхад тухайн маргаантай харилцааг зохицуулсан хуулийн заалт бус, Иргэний хуулийн 228 дугаар зүйл гэм хорыг арилгуулах эрх, 228 дугаар зүйлийн 228.6-д хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно гэж шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна.
4.2. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2018.10.31-ний өдөр дуусгавар болсон. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг 2018.10.18-ны өдөр 9 дүгээр сарын сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материалыг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх дүгнэлтийг хийсэн.
4.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан үүргийн дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018.10.18-нд захиалагч нь гүйцэтгэгчид эхийг бэлтгэн өгсөн. Шүүхээс гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажлын үр дүн гарсан учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.
Хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болохоос 14 хоногийн өмнө захиалгын өгсөн, нэхэмжлэгч гэрээнд зааснаар сэтгүүл хэвлэгдэхээс өмнө 14 хоногийн өмнө эхийг хүлээн авсан буюу 2018.10.18-ны өдрөөс 2018.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд сэтгүүлийг хэвлэх үүргээ биелүүлээгүй байхад үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй.
4.4. Манай компани нь хууль болон гэрээнд зааснаар хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн болохоос нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж хугацаа хэтрүүлсэн ажлын гүйцэтгэлд хөлс төлөх үүргийг хүлээгээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэндэнханд хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...Гэрээ байгуулах өдрийн байдлаар 2018 оны 04-р сарын дугаар хэвлэгдэн олон нийтэд тараагдаагүй байсан. Хариуцагч нь тус гомдолдоо гэрээний заалт дахь үгийн шууд утгыг харгалзах бус агуулгыг буруу ойлгон зорилгод үл нийцүүлэн тайлбарлажээ. Учир нь гэрээний 6.2.1 дэх заалт нь захиалагчийн сурталчилгааг байршуулсан сэтгүүлийг олон нийтэд түгээх хугацааг тогтоох бус, сэтгүүлд сурталчилгааг байршуулах тохиолдолд түүнийг хүлээн авах эцсийн хугацааг талуудад баталгаажуулах зорилготой заалт юм. Харин ажил гүйцэтгэх хугацаа нь сэтгүүлийн 4 болон 9-р сарын дугаарууд болох нь гэрээний хавсралтад тусгагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу гэрээ дуусгавар болох талуудын тохиролцоо нь гэрээний хугацаа дуусгавар болсон, талууд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлснээр гэрээг дуусгавар болохоор заасан нь хуульд заасан үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалтын дагуу юм. Захиалагчийн хүсэлтээр буюу 2018.10.18-ны өдөр захиалагчаас ирүүлсэн сурталчилгааны материалыг үндэслэн сурталчилгааг сэтгүүлийн 9-р сарын дугаарт байршуулан гэрээний үүргээ гүйцэтгэсэн, захиалагч сурталчилгааны материал ирүүлсэнд маргаагүй, 2018.10.18-ны өдрөөс 2018.12.25-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний татгалзал, гэрээг цуцлах саналын алийг нь ч ирүүлж байгаагүй ба энэ талаар татгалзлаа нотлоогүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Зохигч 2018.05.31-ний өдөр №АГГ-18/007 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Таймс медиа корпорейшн ХХК захиалагч Маркет гейт ХХК-ийн зар сурталчилгааг Forbes Mongolia сэтгүүлийн 4, 9 дүгээр сарын дугаарт нийтлэх, ажлын хөлс 5,500,000 төгрөгийн 50% болох 2,750,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногт, үлдэх 50 хувийг ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актыг үндэслэн 2018.10.31-ний дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр, гэрээг 2018.05.31-нээс 2018.10.31-ний өдрийг дуустал 5 сарын хугацаатайгаар, гэрээг сунгахаар бол талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулахаар харилцан тохиролцжээ.
7.1. Гэрээний дагуу эхний сурталчилгаа сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаарт хэвлэгдэж 6 дугаар сард гарсан үндэслэлээр 2,750,000 төгрөгийг 2018.06.11-ний өдөр шилжүүлсэн, дараагийн сурталчилгаа сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт 12 дугаар сард хэвлэгдэн гарсан байтал төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гүйцэтгэгч ажлын хөлс 2,750,000 төгрөгийг гэрээнд зааснаар 1,375,000 төгрөгийн алдангийн хамт, /алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50%-иар тооцож/, нийт 4,125,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ажлыг гүйцэтгэсэн нь ач холбогдлоо алдсан, гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.
8. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.
8.1. Хуулийн дээрх заалтаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь алданги, торгууль гэсэн хоёр төрөлтэй, ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.4., 232.6.-д тус тус зохицуулжээ.
8.2. Зохигч гэрээнд анзын талаар тохиролцсон тул нэхэмжлэгч нь ажлын хөлс, хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.
8.3. Анхан шатны шүүх ...гүйцэтгэгч ажлын үр дүнг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгснөө нотлоогүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүй, зохигчийн маргаж буй гэрээний хугацаатай холбоотой хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж, 222 дугаар зүйлийн 222.2.-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.
8.4. Зохигч гэрээг 2018.05.31-ний өдрөөс 2018.10.31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулсан, гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн 2 дахь зар сурталчилгааг сэтгүүлийн 2018 оны 09 дүгээр сарын дугаарт нийтлэх үүрэг хүлээсэн байтал захиалагч зар сурталчилгааны материалын нийтлэлийн эхийг 2018.10.18-ны өдөр гүйцэтгэгчид ирүүлснээс үзэхэд гэрээний хугацаа хэтрэхэд дан ганц гүйцэтгэгчийг буруутай гэж үзэх боломжгүй тул хуулийн дээрх заалтаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
8.5. Түүнчлэн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссаны дараа, ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө гэрээг цуцлах санал гаргаагүй байна.
Иймд захиалагч буюу хариуцагч нь гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр ажлын хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хэрэгт цугларсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн үндэслэлээр ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж, харин захиалагчийн материалыг 10 сард хүлээн авсан боловч сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарыг 12 дугаар сард гаргаж, хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
10. Давж заалдах шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах алдангийн зохицуулалтыг бус хэрэгт хамааралгүй гэм хорыг арилгуулах хуулийн зохицуулалтыг баримталсан байх ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг засаж, зөвтгөнө.
Гэрээний 6.2.1.-д зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол ажлыг дараагийн дугаарт нөхөн гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тохиролцсон байх бөгөөд гэрээний дээрх тохиролцооноос үзэхэд захиалагч гэрээгээр тохирсон хугацаанаас үл хамааран ажлыг гүйцэтгүүлэх хүсэл зорилготой байсан, гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж, зар сурталчилгааг өөрийн сэтгүүлд нийтэлсэн тул ...хугацаа хэтрүүлсэн ажлын гүйцэтгэлд хөлс төлөх үүрэг хүлээгээгүй... үндэслэлээр магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 699 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...346 дугаар зүйлийн 346.1., 350 дугаар зүйлийн 350.1., 228 дугаар зүйлийн 228.6.-д... гэснийг ...232 дугаар зүйлийн 232.6.-д... гэж өөрчлөн, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Санчирын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Маркет гейт ХХК-иас 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД