| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2019/01221/И |
| Дугаар | 151/ШШ2020/00188 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2020/00188
| 2020 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2020/00188 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ““““““““““д холбогдох,
Газрын төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, хариуцагчийн төлөөлөгч М.Аззаяа, нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “““““““““““” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“““““““““““ ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвзрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн тус компанид 000316588 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Төв аймгийн ““““““““““ нэхэмжлэгч ““““““““““ ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр "Иргэн хуулийн этгэээдэд газар эзэмшүүлэх тухай" гэрээг байгуулсан. Мөн уг газар эзэмшүүлэх эрхийн гэрээг Төв аймгийн ““““““““““ 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан байдаг.
Төв аймгийн ““““““““““ болон ““““““““““ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай" гэрээний 2.2-т Төв аймгийн ““““““““““ газрын төлбөрийн хэмжээг жил бүр 4 сая төгрөг байхаар тогтоож, мөн гэрээний 2.3-т зааснаар газрын төлбөрийг газар эзэмшүүлэгчийн 140000943 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч "““““““““““" ХХК нь 2016 оны газрын төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сан банкны 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, 2017 оны газрын төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сан банкны 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, нийт 8 сая төгрөгийг газрын төлбөрт тушаасан.
Нэхэмжлэгч ““““““““““ ХХК-ийн газрын төлбөрт төлсөн 8 сая төгрөгийн төлбөрийг хариуцагч Төв аймгийн ““““““““““ буюу Санхүү, төрийн сангаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон" бол буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Төв аймгийн ““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“““““““““““" ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд "““““““““““" ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дагуу гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж газрын төлбөрийг 100140000943 тоот дансанд тушаасан нь Аймгийн төрийн сангийн дансанд төвлөрч байгаа юм.
Мөн ““““““““““ М.Аззаяа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492,1-д зааснаар тухайн газрын төлбөр нийт 8 000 000 төгрөгийг олж авсан этгээд биш бөгөөд дээрх мөнгө нь Аймгийн төрийн санд төвлөрдөг тул Газрын даамлаас мөнгө нэхэмжилж байгаа нь зохисгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.2-т бүгд үнэ 4 000 000 төгрөг гээд, 2.3-т 1001400000943 дансанд газрын төлбөрийг тушааж байхаар гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ дагуу манай компани 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа учраас энэ мөнгийг гэрээний дагуу шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед сумын Засаг даргын захирамж, шийдвэр хүчингүй болоогүй байсан учраас сумын Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээний дагуу тухайн аж ахуйн нэгж мөнгө төлөх ёстой. 2017 оны төлбөрийг тухайн жилд төлсөн байх ёстой байтал 2018 онд газрын даамалтай уулзалгүйгээр өөрсдөө мөнгөө хийсэн асуудал үүсэж байгаа бөгөөд бид нар Засаг даргын захирамж хүчингүй болоогүй учраас тухайн оныхоо төлбөрийг хийсэн байгааг үндэслэн газрын даамал гэрээг сунгаж, дүгнэж явсан. Иймд гэрээнд заасан газрын төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “““““““““““” ХХК нь хариуцагч Төв аймгийн ““““““““““д холбогдуулан газрын төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “““““““““““” ХХК, хариуцагчаас газрын төлбөрт 8 000 000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...Манай компаний хүсэлтийн дагуу Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатайгаар тухайн газрыг эзэмшүүлсэн...” “... Энэхүү эзэмших эрхийн хүрээнд Төв аймгийн ““““““““““тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан...” “...тус гэрээ болон газрын тухай хуульд зааснаар жилд 4 000 000 төгрөг газрын төлбөрт өгөхөөр тохирсон...” “... манай компани гэрээний дагуу 2016 он, 2017 оны газрын төлбөрүүдийг төлсөн...” “... гэвч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дээрх газар эзэмшүүлэх тухай захирамжаа хүчингүй болгосон...” “...Иймд захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас манай компани үндэслэлгүйгээр газрын төлбөрт 8 000 000 төгрөг өгсөн тул энэ мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна...” гэснийг хариуцагчийн төлөөлөгч “...“““““““““““” ХХК-д Сэргэлэн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж гарч түүний дагуу Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан...” “... газрын даамалын хувьд засаг даргын захирамж гарсан үед гэрээ байгуулах эрх нээгддэг...” “... тус компани нь гэрээнд заасан газрын төлбөрөө төлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч “““““““““““” ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар Хөшигтийн хөндийд 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамж гаргасан байна. /хх-н 41-р хуудас/
Энэхүү шийдвэрийг үндэслэн 000316588 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “““““““““““” ХХК болон ““““““““““ нар тус тус байгуулсан нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-н 44, 46-47-р хуудас/
Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-н 48-р хуудас/
Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийг эс зөвшөөрч “““““““““““” ХХК нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эцэслэн шийдвэрлэжээ. /хх-н 31-38-р хуудас/
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр Засаг даргын захирамжийг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан бөгөөд энэхүү гэрээг байгуулсан эсэх дээр зохигчдын хэн аль нь маргаагүй болно.
Улмаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Төв аймгийн ““““““““““ болон “““““““““““” ХХК нар нь дүгнэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байна. Энэхүү гэрээний хугацааг сунгасаныг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа тус компаний гэрээг сунгахгүй байх шалтгаан байхгүй байсан 2016 оны газрын төлбөрийг гэрээг дүгнэх үед хийсэн, засаг даргын захирамж хүчинтэй байсан болохоор гэрээг дүгнээд 1 жилийн хугацаатай сунгаад явсан гэж тайлбарласан болно. /хх-н -р хуудас/
Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх, үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлдэг бөгөөд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүргийг сумын газрын даамал гүйцэтгэдэг байна.
Дээрхи Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т тухайн жилийн газрын төлбөрт төлөх хэмжээг 4 000 000 төгрөгөөр тооцож, мөн гэрээний 2.3-т зааснаар газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор эзэмшүүлэгчийн 140000943 тоот Төрийн сангийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д зааснаар Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улиралуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээний 2.4-т зааснаар Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөхөөр зохицуулсан байна.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл “““““““““““” ХХК нь 2016 оны газрын төлбөр болох 4 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 140000943 тоот Төрийн сангийн дансанд төлсөн бөгөөд энэхүү газрын төлбөр нь тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан хугацаандаа төлсөн төлбөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин 2017 оны газрын төлбөр болох 4 000 000 төрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 140000943 тоот Төрийн сангийн дансанд төлсөн нь хийх ёсгүй төлбөр буюу Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар тус компаний газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосоны дараа энэхүү төлбөрийг хийсэн нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас болж газрын төлбөрт 8 000 000 төгрөг төлсөн иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн 2 нөхцлийг заажээ.
Эдгээр нөхцлөөс үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай:
1.Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх.
2. Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй.
3. Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон.
Эдгээр нөхцлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтанд байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заажээ.
Тус хэргийг анх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “““““““““““” ХХК нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШТ2019/00046 дугаартай шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, буюу Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан арга хэмжээг аваагүй гэх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-н ...р хуудас/
Улмаар “““““““““““” ХХК нь тухайн байгууллагын дээд шатны байгууллага болох Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж тус байгууллагаас албан бичгээр хариу авсан тул шүүхийн урьдчилан шийдвэрлүүлэх шалтгаан нөхцөл арилсан гэж үзэн тус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно. /хх-н ...-р хуудас/
Иймд Төв аймгийн ““““““““““аас газрын төлбөрт 8 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хангаж, 2016 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78 950 төгрөгийг Төв аймгийн ““““““““““аас гаргуулан нэхэмжлэгч “““““““““““” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар нэхэмжлэгч “““““““““““” ХХК-д 2017 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг Төв аймгийн ““““““““““аас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78 950 төгрөгийг Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамлаас гаргуулан нэхэмжлэгч “““““““““““” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ