Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0720

 

 Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, гуравдагч этгээд Д.Батзориг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Зүнзиндоржийн  нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хэргийн талаар хэлэлцээд “... хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нарын эзэмшил газрын кадастрын зураг зэргээс үзэхэд маргаан бүхий 280 м.кв газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ давхцуулан олгосон гэдэг нь тогтоогдож байна. Гэвч энэхүү давхцуулан эзэмшүүлсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэж үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг баримтлан шийдвэр гаргасан. Шүүх хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг баримтлан хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Шүүх хэргийн бодит байдал, үйл явдлыг бүрэн гүйцэд тогтоож, хэрэгт авагдсан материалд зөрүүтэй асуудал /эзэмшил газрын кадастрын зургийн хэмжээнүүд/ байсаар байхад тэр тухай нэг мөр болгож чадаагүй нь алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Тухайлбал, хавтас хэрэгт авагдсан материалаас нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн эзэмшил газар аймгийн Засаг даргын 183 дугаар захирамж, түүнийг үндэслэн байгуулсан газар эзэмших тухай гэрээн дээрээ 1400 м.кв гэх боловч бодит байдал дээр Газрын алба, кадастрын албаны ажилтны буруу хэмжилт тооцооллоос үүдэн газрын хэмжээг дутуу тооцон багасган шийдвэр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн асуудал болно. Иргэн Ц.Зүнзиндоржийн хувьд төрийн байгууллагын, мэргэжлийн байгууллагын хэмжилт, хэлсэн үгээр нь ойлгож байсан ба энэ тухайгаа мэдсэнээс хойш газрын хэмжээгээ бодит байдал дээрээ эзэмшиж байгаа хэмжээгээрээ шийдүүлэхээр зохих газарт нь хандаж байсан боловч өдийг хүртэл шийдээгүй.

Шинжээчийн дүгнэлтэд Ц.Зүнзиндоржийн эзэмшиж буй газрын кадастрын зураг 3 өөр хэмжээтэй байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтгүйгээр газар дээр нь хэмжилт хийн заалгаж, бодит байдал дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар нь аль болох, аль хэмжилт нь зөв болохыг тогтоох боломжтой байхад нотлох баримтыг бүрдүүлээгүй нь хэргийг үнэн бодитой, үндэслэлтэй шийдвэрлэх боломжгүй болгосон.

Гуравдагч этгээд Д.Батзориг 12183 м.кв талбай бүхий газар эзэмшдэг нь хууль ёсны боловч бодит байдалд энэ хэмжилтийн газар зүйн солбицол хаанаас хаана вэ гэдэгт дүгнэлт хийгдээгүй. Зөвхөн баримт бичигт тулгуурлан шийдвэрлэсэн. Ц.Зүнзиндорж нь газар эзэмших эрхийг хуулийн дагуу авч, эзэмшиж байгаа.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг яаж үнэлсэн нь ойлгомжгүй. Шүүхээс оролцогч этгээдийн газар зарим хэсэгтээ давхацсан гэж дүгнэн, эцэст нь энэ давхцалыг үндэслэн гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй гэснээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгаа нь эргэлзээтэй зөрүүтэй, бүрэн гүйцэд бодит байдалд тулгуурласан эсэхэд эргэлзэж байна.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөн эхэлсэн цаг хугацаанаас хойш Д.Батзоригийн “Геомастер” ХХК-иар хийлгүүлсэн эзэмшил газрын кадастрын зургийг үнэлэх нь зөв үү, Д.Батзориг энэ зургийг үндэслэн миний газар гэж маргаад байгаа юм биш үү, газар нь зарим зурагт доголтой, зарим зурагт доголгүй байгааг юу гэж дүгнэх вэ.

Шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг дутуу олгосон тухай үндэслэл хэсэгтээ дурдсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ тухай хариуцагч талд үүрэг болгох, даалгах тухай огт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх тухай заалтыг зөрчиж байна. Захиргааны байгууллагаас олгосон баримт, шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэдэг нь маргаангүй, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байхад шүүхээс дүгнэлт гаргасан хэрнээ шийдвэрлээгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, зөрүүтэй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь цаашид гарах шийдвэрт нөлөөлөх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх гуравдагч этгээд Д.Батзоригийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж нь “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “газрын хэмжилтийг буруу хийж, миний эзэмшил газрын хэмжээг багасгасан, миний бодит байдал дээр эзэмшиж байгаа 1970 м.кв газрын 280 м.кв орчим нь иргэн Д.Батзоригийн газартай давхцаж байна” гэж маргах боловч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 223 дугаар захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “ЦМК” ХХК-ийн эзэмшил газраас 1400 м.кв газрыг нэхэмжлэгчид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн газар эзэмших эрхийн 0008786 тоот гэрчилгээг олгож, улмаар Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар захирамжаар түүний 1400 м.кв /49.1х28.5/ газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэсний дагуу газар эзэмших эрхийн 0061260 тоот гэрчилгээг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д зааснаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “ЦМК” ХХК-ийн хашаанд байрлах 1400 м.кв газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй байх тул түүний бодит байдал дээрх газрын хэмжээг багасгасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, “ЦМК” ХХК-ийн хуваагдах гадна талбайн зураглал[1] зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмших эрхтэй 1400 м.кв газар нь гуравдагч этгээд Д.Батзоригийн Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар “Дорнод Онон” ХХК-иас шилжүүлэн авсан Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх орон сууц, авто гараашийн зориулалттай 12183 м.кв газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “...шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг дутуу олгосон тухай үндэслэл хэсэгтээ дурдсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ тухай хариуцагч талд үүрэг болгох, даалгах тухай огт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх заалтыг зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүх нэгэнт гуравдагч этгээдэд 12183 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн маргаж буй газартай холбогдуулан хариуцагчид аливаа үүрэг хүлээлгэж даалгах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “Шүүх хэргийн бодит байдал, үйл явдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтэд эзэмшил газрын хэмжээ зөрүүтэй байхад үүнийг нэг мөр болгож, газар дээр нь хэмжилт хийгээгүй...” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь 1400 м.кв газрыг “ЦМК” ХХК-иас шилжүүлэн авч, улмаар дээрх газрын хэмжээгээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байх тул түүнийг энэ хэмжээгээр газар эзэмших эрхтэй гэж үзнэ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцаагүй, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны А/122 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 12183 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “Дорнод Онон” ХХК-иас гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн Дорнод аймгийн Засаг даргын захирамжийн огноог алдаатай бичсэн байгааг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН