Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 160

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар магадлалтай, 1706010690078 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Г-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 8 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ эхнэр Д.Д-тэй маргалдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ялыг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ялласныг тэрээр мөрдөн байцаалтын шатнаас өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг сайн дураар нөхөн төлж арилгасан. Шүүгдэгч өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан талаарх нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч гэртээ согтуу ирж, түүнийг гэрээс хөөн доромжилж, толгойн тус газар хөлөөрөө хүрснээс болж маргалдсан бөгөөд энэ сэтгэлгээний болон биеийн хүчирхийлэл гэмт хэргийг үйлдэх нөхцөл болжээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, “гэм буруугаа ойлгон, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, өндөр настай эх, насанд хүрээгүй охин түүний асрамжид байдаг” зэрэг ял шийтгэл хөнгөрүүлэн үзэх байдлыг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-д заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулан шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг зөрчин, 6.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл, гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй”, мөн зүйлийн 3-д заасан “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин Г.Б-ын ялыг гэмтэл, хохирлын шинж байдлаар нь ялыг хүндрүүлэн үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хор, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн буюу арилгасан талаар дүгнэж үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг үндэслэлгүйгээр хэрэглээгүйд гомдолтой байна.

Мөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан өмгөөлөгч Ц.Энхмандахын хүсэлтийг прокурор, анхан шатны шүүх хуульд зааснаар хянан хэлэлцсэн бол Г.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байсан.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хор, хохирлыг сайн дураар арилгасан буюу төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны  шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршигт нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 88 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Д-тэй “Оройтож ирсэн, хөл дээр гишгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, массаж хийх зориулалттай модоор хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүх шүүгдэгч Г.Б-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан 6 сараас 3 жил хүртэлх хорих ялын хамгийн доод хэмжээтэй ойролцоо 8 сар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН