Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00047

 

 Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

 

Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Дуламсүрэнд холбогдох,

 

12,051,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч М.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

1. Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-иас М.Дуламсүрэнд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,375,500 төгрөг, хүүнд 1,403,700 төгрөг, хуримтлагдсан хүүнд 229,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43,062 төгрөг, нийт 12,051,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...миний бие Б.Цэцэгмаа, Б.Батбаатар нарын хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж зээл авсан ба зээлийн гэрээнд Б.Батбаатар хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан, уг мөнгийг аваад Батбаатарын данс руу шилжүүлсэн. Эхлээд 6 сая төгрөг гарах боломжтой гэж байсан боловч Б.Цэцэгмаа нь тус ББСБ-ын захирал Оюунсүрэнтэй ярилцаж тохироод 11 сая төгрөг авахаар болсон. Гэрээгээр халхавчлан Оюунсүрэн, Б.Цэцэгмаа нар намайг залилсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр: ...нэхэмжлэгч нь хариуцагчийг залилсан үйлдэл тогтоогдохгүй байна, зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, ...гэрээ хүчин төгөлдөр, ...зээлдэгч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй... гэх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Дуламсүрэнгээс үндсэн зээл 10,375,500 төгрөг, үндсэн хүү 1,403,700 төгрөг, хуримтлагдсан хүү 229,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,062 төгрөг, нийт 12,051,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалаар: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй... гэж дүгнэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч М.Дуламсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Миний бие тус ББСБ-аас Б.Батбаатар гэж хүнтэй хамтран түүний эхнэр Б.Цэцэгмаагийн хүсэлтийн дагуу 11 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хамтран хариуцагч Б.Батбаатар, Б.Цэцэгмаа нар тэр өдөртөө дээрх мөнгийг банкаар шилжүүлэн авсан байтал нэхэмжлэгч нь Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татаагүй ба анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлыг огт харгалзан үзэлгүй шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Зальт этгээд Б.Цэцэгмаа нь 2019 оны 04-р сарын эхээр мөнгөний хэрэг болоод байна гэж ирэхээр нь би мөнгө төгрөггүй гэхэд та 14 хоногийн хугацаатай хашаа, байшингийнхаа гэрчилгээгээ өгч байгаач би 14 хоногийн дараа буцаагаад өгнө гээд авч явсан. Гэтэл ганц 2 хоногийн дараа танай хашаа байшингийн гэрчилгээг Бэрс финанс ББСБ ХХК-д барьцаанд тавих боллоо та гэрээнд гарын үсэг зураад өг гэсэн. Тэгээд Батбаатарыг хамтран хариуцагч болгоод 11,000,000 төгрөгийн зээл авсан.

4.3. Энэ мөнгө нь миний данс руу ороход Б.Цэцэгмаа өөрөө ирээд бүгдийг нь нөхөр буюу хамтран хариуцагч Батбаатарын дансруу хийлгэж авсан. Гэвч 14 хоног өнгөрч, сар гаран болсны дараа Бэрс финанс ББСБ ХХК-иас зээлээ төл гэж хэлэхээр нь би гайхаж Б.Цэцэгмаатай ярихад Бэрс финанс ББСБ ХХК-ийн захирал Оюунсүрэнтэй хамтарч төлнө гэж хэлсэн. Ингэж би хамтран хариуцагч Батбаатар, түүний зальтай эхнэр Б.Цэцэгмаа нарт хууртсанаа мэдсэн.

4.4. Энэ бүх зүйл нотлогдоод байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Бэрс финанс ББСБ ХХК нь иргэн М.Дуламсүрэн, Б.Батбаатар нартай 2019.04.12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд зээлдэгч нар гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах, гэрээний үүргийг хангах баталгаа болгож М.Дуламсүрэнгийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3-р баг, Баянсуудал, Гарам гудамж, 29 тоот хаягт байрлах 22.7 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 1,524 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 

6.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн мөнгөн дүнг зээлдэгч М.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй, гагцхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч Б.Батбаатар, түүний эхнэр Б.Цэцэгмаа нар авсан, ...бусдад залилуулсан, ...энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буюу цагдаагийн байгууллагад шилжүүлж өгнө үү гэж маргажээ.

 

7. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заажээ.

 

8. М.Дуламсүрэн зээл хүсч Бэрс финанс ББСБ ХХК-д өргөдөл гаргасан, зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, зээлдэгч зээл авснаас хойш сар бүр графикийн бус төлөлт хийсэн, эргэн төлөлт хангалтгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр зээлийн өрийг төлөх талаар 2019.08.15, 2019.09.23, 2019.10.10, 2019.11.13-ны өдрүүдэд тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй 109 хоносон үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 10,375,500 төгрөг, хүү 1,470,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,062 төгрөг, нийт 12,051,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

9. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хамтран зээлдэгч Б.Батбаатарын эхнэр Б.Цэцэгмаагийн хүсэлтийн дагуу ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авч, Б.Батбаатар, Б.Цэцэгмаа нарт шилжүүлсэн байхад Б.Батбаатарыг хариуцагчаар татаагүй, ...зальт этгээдийн дээрх байдлыг огт харгалзан үзэхгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

9.1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн а/х Б.Хосбаярын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоолоор М.Дуламсүрэнг залилан мэхэлсэн гомдлоор Б. Цэцэгмаа-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь тогтоогдсон боловч дээрх баримт нь зээлдүүлэгч Бэрс финанс ББСБ ХХК зээлдэгчийг залилсан гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, дээр дурдсан үндэслэлээр зээлдэгч гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй, харин өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

 

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэнэ гэж тодорхойлсон тул нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө сонгодог.

 

Хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ. Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татах хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүх нэхэмжлэлд заагаагүй этгээдийг өөрийн санаачилгаар, эсхүл хариуцагчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татах боломжгүй, энэ нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэхгүй.

 

Иймд хариуцагч М.Дуламсүрэнгийн Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул ...шүүх зээлийн мөнгийг авсан Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн... гэх гомдол үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Дуламсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Дуламсүрэнгээс 2020.05.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД