Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 00064

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бэрс финанс ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй  

Хариуцагч: * тоотод оршин суух, 1968 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Бичээч овогт Мандширын Дд /РД:*/ холбогдох

            5051500 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр, Ц.Чинзориг, хариуцагч М.Д, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 235/353/00236 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг 1 сарын 3,9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал Гарам гудамж 29 тоотод байрлалтай улсын бүртгэлийн № 000381063 тоот гэрчилгээтэй Ү-1307007570 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, № 000347997 тоот гэрчилгээтэй Г-1307003170 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан байна.

Зээлдэгч М.Д нь зээлийн гэрээний хугацаанд зээл авснаас хойш сар бүр графикийн бус төлөлт хийсэн зээлийн эргэн төлөлт хангалтгүй зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн хариуцлагагүй хандсан бөгөөд өөрийн 96130923, 99573080 утсаар зээл хариуцсан ажилтан байнга зээлээ төлөхийг сануулж шаардаж байсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн түүнтэй биечлэн уулзаж зээлийн өр төлбөрийг төлөх талаар хэлсэн. Гэрээнд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх тухай мэдэгдэх хуудас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус биечлэн хүргэсэн, мөн нийт 4 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Үндсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн өрийн дүн 10375500 төгрөгийг заасан 3,9 хувь= 404644 ба /энэ нь 1 сарын хүү/. Нэг сарын хүү буюу 404644 /30 хоногх109 хоног=1470000 үндсэн зээлийн үлдэгдэл болох 10375500 төгрөгийг нэмэхээр нийт зээлийн үлдэгдэл 11845600 төгрөг болно.

Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн өрийн дүн болох 1,514,336.61 төгрөгнөөс нэмэгдүүлсэн хүүг бодно. Үндсэн зээлийн өрийн дүн болох 1,514,336.61 төгрөгнөөс гэрээнд заасан хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор 1,514,336.61х46,8 хувь/360х20 хувьх109 хоног = 43,062.52 төгрөг болж байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 12,051,500 төгрөгийг зээлдэгч М.Дгээс гаргуулж Бэрс финанс ББСБ ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 54А-35 тоотод оршин суух, 1984 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 36 настай, Бэрс финанс ББСБ ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, Их тугчин овогт Жавхлангийн Ганбаяраас /РД:ГН84090211/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Зээлдүүлэгч Бэрс финанс ББСБ ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Дтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нь иргэн М.Дгийн тус компанид хандаж өөрийн гараар бичсэн зээл авах өргөдлийг үндэслэн түүнтэй зээлийн гэрээ байгуулсан байна. Ингээд түүний хүссэн 11 сая төгрөгийг гэрээнд тусгасан зээлдэгчийн ХААН банкны 5001721651 тоот данс руу нь шилжүүлснээр зээлдүүлэгч зээлдэгч нарын нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хуульд заасан шаардлагыг хангуулж гэрээг бичгээр үйлдэн талууд гарын үсэг зурж тамга дарж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Зээлдэгч М.Дгийн данс руу нь 11 сая төгрөгийг шилжүүлж түүний зөвшөөрснөөр өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 29 тоотод байрлах хувийн сууцыг газрын хамт барьцаалж барьцааны гэрээ үйлдэж уг гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Энэ барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар гэрээнд тусгагдсан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн. Зээлдэгч М.Д нь зээлээ буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд хүү авахаар тохиролцсон байдаг. 11 сая төгрөгийг 1 сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Мөн хүүнээс гадна гнэмэгдүүлсэн хүүг тооцож авахаар заасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 10375500 төгрөг, хүүнд 1403700 төгрөг, хуримтлагдсан хүүнд 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 20 дугаар хороо 53-7-53 тоотод оршин суух, 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, Бэрс финанс ББСБ ХХК-ний Зүүнхараа салбарын эрхлэгч ажилтай, Харуул овогт Цогтбаярын Чинзориг /РД:РБ90012111/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 12051500 төгрөгийг М.Дгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Бэрс финанс ББСБ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 11 сая төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан юм. Энэ зээлийн гэрээг хамтран зээлдэгч Б.цэцэгмаа, Батбаатар нарын хүсэлтээр байгуулсан. Уг мөнгийг зээлж аваад би Батбаатарын данс руу шилжүүлсэн. Цэцэгмаа надаар энэ зээлийг авахуулахдаа Бэрс финанс ББСБ ХХк-ний Зүүнхараа салбарын эрхлэгч байсан Оюунсүрэнтэй ярилцаж тохиролцсон байсан учир зээл бүтсэн. Эхлээд 6 сая төгрөг гаргах боломжтой гэж байсан боловч Цэцэгмаа нь Оюунсүрэнтэй ярилцаж тохироод 11 сая төгрөг авахаар болсон. Зээлийн гэрээнд Батбаатар хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан. Иймд энэ хүнээр бас төлүүлж болдоггүй юм уу гэж бодож байна. Цэцэгмаа болохоор Оюунсүрэнгээс мөнгө аваад танд өгнө гэдэг. Гэрээгээр халхавчлан Оюунсүрэн, Цэцэгмаа нар намайг залилсан. Би одоо нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК нь зээлдэгч М.Дг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн төлбөр 10375500 төгрөг, үндсэн хүү 1403700 төгрөг, хуримтлагдсан хүү 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Д нь Б.Цэцэгмаа нь гэрээгээр халхавчилсан хэлцэл хийлгэж намайг залилсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч М.Д нь Бэрс финанс ББСБ ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 29 тоотод байрлах өөрийн өмчлөлийн № 000381063 дугаарын гэрчилгээтэй, Ү-1307007570 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, № 000347997 дугаарын гэрчилгээтэй, Г-1307003170 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалж зээл авсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан № 235/353/00236 дугаартай зээлийн, № 235/353/00236-01 дугаартай барьцааны гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч М.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Бэрс финанс ББСБ ХХК-иас 11000000 төгрөгийн зээл авахыг хүсч өргөдөл гаргасан нь тогтоогдож байх бөгөөд зээл авахыг хүссэн өргөдлийг нь үндэслэн Бэрс финанс ББСБ ХХК нь хариуцагчийн хүсэл зоригийн дагуу түүний хүссэн зээлийн хэмжээ буюу 11000000 төгрөгийг олгохоор  № 235/353/00236 дугаартай зээлийн гэрээг  байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлдэгчийн хүлээх үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон № 235/353/00236-01 дугаартай барьцааны гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК нь зээлдэгч М.Дтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын № 29 тоотод байрлах № 000381063 дугаарын гэрчилгээтэй, Ү-1307007570 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, № 000347997 дугаарын гэрчилгээтэй, Г-1307003170 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан барьцааны гэрээг байгуулахдаа хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Мөн зээлдэгч М.Д нь Бэрс финанс ББСБ ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээл авахдаа зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэн гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр мэдүүлж байх бөгөөд хавтаст хэргийн 03 дугаар талд Бэрс финанс ББСБ ХХК зээлдэгч М.Д нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан № 235/353/00236 дугаартай зээлийн гэрээ, хавтаст хэргийн 04 дүгээр талд Бэрс финанс ББСБ ХХК зээлдэгч М.Д нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан № 235/353/00236-01 дугаартай барьцааны гэрээ тус тус авагдсан байна.

Хариуцагч М.Д нь хамтран зээлдэгч Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал Б.Батбаатарыг хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрөөгүй тул шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № 237 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч М.Д нь зээлийн гэрээний нөхцлийг ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд гарын үсэг зурсны дагуу түүний дансанд Бэрс финанс ББСБ ХХК нь зээлийн мөнгийг шилжүүлснээр  зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон ба М.Д нь Бэрс финанс ББСБ ХХК-иас зээлийн гэрээ байгуулан зээлсэн мөнгөө бусдад шилжүүлэх, бэлэглэх, зээлдүүлэх болон хэрхэн яаж ашиглаж, захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал бөгөөд  хариуцагч М.Д нь иргэн Б.Цэцэгмаагийн хүсэлтээр Бэрс финанс ББСБ ХХК-иас мөнгө зээлсэн, Б.Цэцэгмаа нь намайг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөс № 203200012 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол гаргажээ.

Хэрэв иргэн Б.Цэцэгмаа нь М.Дг залилсан үйлдэл тогтоогдож Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос гаргаж шүүхээр гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд иргэн Б.Цэцэгмаа, М.Д нарын хоорондын хохирлын асуудал уг эрүүгийн хэргийн хохирол болж М.Дд олгогдож шийдэгдэх учиртайг дурьдах нь зүйтэй байна.

Харин Бэрс финанс ББСБ ХХК нь хариуцагч М.Дг зээлийн гэрээгээр халхавчлан түүнийг залилсан гэх үйлдэл одоогоор тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагч М.Дгээс үндсэн зээл 10375500 төгрөг, үндсэн хүү 1403700 төгрөг, хуримтлагдсан хүү 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэггчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 207780 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч М.Дгээс 207780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Дгээс үндсэн зээл 10375500 төгрөг, үндсэн хүү 1403700 төгрөг, хуримтлагдсан хүү 229300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43062 төгрөг, нийт 12051500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 207780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгээс 207780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.