Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2021/0805/З |
Дугаар | 128/ШШ2022/0244 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: Гаалийн төв лаборатори,
Маргааны төрөл: Бусад/БТКУС-ийн ангилал тодорхойлох/
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ц.У, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 тоот дүгнэлтээр “...“О” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортолсон “T 002” гэх бүтээгдэхүүнийг 99 хувийн хатуулагтай этилийн спиртийн найрлагатай тул БТКУС-ийн 2207.20.90 ангилалд хамааруулах”-аар тодорхойлсон.
1.2. Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/487 тоот албан бичигт “...Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т тус тус заасны дагуу бараа устгах горимоор гаалийн бүрдүүлэлт хийхийг мэдэгдье” гэжээ.
1.3. Гаалийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-2/4041 тоот “Гомдлын хариу” албан бичигт “... этилийн спирт гэж тогтоогдсон байна. иймд танай байгууллага хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, шийдвэрлэнэ үү” гэжээ.
1.4. O ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Гаалийн төв лабораторид холбогдуулан “Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь БНСУ-ын "S" компанийн албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд 2002 оноос тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг импортолж байна. "Химийн хорт болон аюултай бодис импортлох 0001613 дугаар тусгай зөвшөөрөл”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оныг дуустал авсан. CAIU6198087 тоот чингэлгээр ирсэн 90 лааз буюу 90 л будаг шингэлэгч THINNER 002-ыг өмнө мэдүүлж байсан 3814.00.00 кодоор 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 02-2101006-20103696R тоот гаалийн мэдүүлгээр Улаанбаатар хот дахь гаалийн газарт мэдүүлсэн. Гэтэл Улаанбаатар дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.А нь "3814.00.00 ангиллын код"-той, 1 литрийн савлагаатай, үйлдвэрлэгчийн хаяг шошго, марклалт тэмдэглэл бүхий шингэлэгчийг магадлан шинжилгээнд явуулах шийдвэр гаргасан. Ингээд Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 дугаар дүгнэлтээр "этилийн спирт тул барааны ангиллын кодыг 2207.20.00" хэмээн тогтоосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрөн дээд шатны захиргааны болон гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа гомдол гаргахад шийдвэрлэхгүй орхигдуулж байсан тул дахин гомдол гаргахад Улаанбаатар дахь Гаалийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 02/487 тоот хариунд "... дүгнэлтийг ... зөвшөөрөхгүй ... албан бичгээр хандсан байна. ... Гаалийн төв лабораторийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх чиглэл хүргүүлсэн байна" гэжээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийг эш татан, дараах үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна:
1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараанд уг шингэлэгч хамаарахгүй бөгөөд нано технологиор үйлдвэрлэгдсэн ундны усны хэрэглээний аюулгүй байдлыг хангах эко будгийн эко шингэлэгч юм. БОНХАЖ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356, 396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 854-т уг бодисыг "этанол; этилийн спирт" хэмээн бичсэн байх бөгөөд уг бодисыг "экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-ийг манай компани эзэмшдэг болно.
2. Уг шингэлэгч нь байгаль орчинд ээлтэй, уусгагчгүй будаг болох S 500, N 500 будгийн шингэлэгч бөгөөд ундны усны төмөр болон бетон сав, нөөцлүүр зэрэг ахуйн савны дотор ханын будгийн шингэлэгч, эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болно. Тэгэхээр "Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт"-ын 3814.00 мөрөнд “5кг юм уу эсвэл 5л -ийн жижиглэн худалдаалах савлагаа бүхий, ахуйн зориулалттай будаг шингэлэгч хамаарахгүй” гэснийг зөрчиж магадлан шинжилгээг тус лаборатори хийсэн байна.
3. Импортолсон бүтээгдэхүүний нэр нь “Thinner 002" (Шингэлэгч 002), зориулалт нь этанол шингэлэгч, найрлагадаа барааны эко зориулалт, онцлогоос хамаарч solvent агуулдаггүй, 91-100% ийн этанол агуулдаг. НҮБ-ын "Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем 2013" (GHS)-д Ethanol alcohol нэртэй, GAS 64-17-5-дугаартайгаар бүртгэгдсэн химийн бүтээгдэхүүн юм. "Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ын 5.4.-т "Магадлан шинжилгээ хийх шинжээч-гаалийн улсын байцаагч нь хуваарилагдсан сорьц, дээж, загварт магадлан шинжилгээ хийж, үр дунг холбогдох стандартын үзүүлэлттэй харьцуулан, лабораторийн дүгнэлтийн програмд оруулна" хэмээн заасан байх бөгөөд аль стандартын үзүүлэлттэй хэрхэн харьцуулсан нь огт мэдэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн дотоод бүтцэд тулгуурлан дүгнэлт хийсэн байх бөгөөд харьцуулалт огт хийгээгүй байна.
4. Шингэлэгч нь БНСУ-ын KSQISO9001:2015/ISO 9001:2015 болон KSIISO 14001:2015/ISO 14001:2015 стандартыг хангасан, "Samhwa paints" будгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 1 литрийн савлагаатай, үйлдвэрлэгчийн сав баглаа, боодол, хаяг, шошго бүхий бараа бөгөөд Химийн хорт болон аюултай бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем (GHS)/-д олон улсын бүртгэлийн GAS Дугаар 64-17-5-тай химийн бүтээгдэхүүн юм. Солонгосын гаалийн байгууллага нь олон улсын гэрээ конвенцийн хүрээнд будаг шингэлэгчийн HS кодыг 3814 зүйлд хамаарна хэмээн тогтоож, уг кодыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг байна. Үйлдвэрлэгч БНСУ-ын Магадлан итгэмжлэлийн Систем (KSA)-д магадлан нь итгэмжлэгдсэн ба энэхүү систем нь IAF /Олон улсын итгэмжлэлийн форум/-д нэгдсэн. Манай улс энэхүү форумд 2009 онд нэгдсэн бөгөөд гэрээнд нэгдсэн дэлхийн 97 улс орны магадлан итгэмжлэгдсэн сорилт шалгалт тохируулгын лаборатори, техникийн хяналтын байгууллагын үр дунг давтан сорилт шалгалт хийхгүйгээр хүлээн зөвшөөрөх үүрэг харилцан хүлээдэг байна. Тэгэхээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ манай улс зорчиж байна.
5. Химийн бодисын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь уг барааг химийн бодис буюу "шингэлэгч" хэмээн нэрлэсэн байхад Гаалийн төв лаборатори нь шингэлэгчийг орц, найрлагад нь үндэслэн 2207.20.00 кодоор "этилийн спирт" хэмээн ангилсан нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл ГТЛ нь ДГБ-ын БТКУС-ийн тухай олон улсын конвенцийн нэг бараа - нэг код, нэг тарифтай байх ангиллын зарчмыг зөрчиж байна.
6. Гаалийн төв лабораторид СХЗГ-аас олгосон TL17 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дууссан болох нь Үндэсний итгэмжлэлийн төвийн албан ёсны сайт http://103.17.109.93/masm.gov.mn/accreditation/ -аас харагдаж байна. Тэгэхээр гаргасан дүгнэлтүүд нь бүгд хууль бус байх болно.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх" маань зөрчигдөж байх тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-т заасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шингэлэгч нь хатуу, өтгөн, шингэн хий бодисыг шингэлэх үүрэгтэй. Дангаараа хэзээ ч хэрэглэгдэхгүй. Үндсэн бодисын химийн бодисыг өөрчлөхгүйгээр шингэлж ашиглах боломжийг олгодог бодис юм. Бүх төрлийн будагт тохирсон нийтлэг шингэлэгч гэж байхгүй. Зориулалт, онцлог найрлагаас хамаараад үйлдвэрлэгчээс өгсөн зааварчилгааны дагуу будагт нэмж шингэлснээр будгийг зориулалтын дагуу үр ашигтай хэрэглэх боломжийг олгодог нэг ёсондоо дагавар бүтээгдэхүүн юм. Дангаар нь шингэлэгч үйлдвэрлэх юм бол бид нар түүнийг аваад хийх зүйл байхгүй. Орчин үед этилийн спиртийг технологийн үйлдвэрт маш их ашиглаж байгаа. Будаг өнгөлгөө үнэртэй ус, гоо сайхан, цэвэрлэгч гэх зэрэг хэрэглэхгүй салбар байхгүй. Шингэлэгч өөрөө маш их өргөн хэрэглэгдэж байгаа этилийн спирт юм. Манай бүтээгдэхүүн нь этилийн спирт агуулсан бүтээгдэхүүн. Манай үйлдвэр будгийг шингэлэх зорилготойгоор нийлүүлдэг. Олон улсад бүртгэгдсэн яаманд хүлээн зөвшөөрөгдсөн химийн бодис юм. Өнгөрсөн нэг дэх өдөр E ТВ-ээр гарж байсан нэвтрүүлгийг үзэхэд этилийн спиртийг хэрхэн хийдэг талаар гарсан. Түүн дээр үнэртэй усны талаарх нэвтрүүлэг гарсан. Эрэгтэй хүний тансаг хэрэглээний үнэртэй усны 90 хувь нь этилийн спирт болж байгаа. Үнэртэй усны 90 хувь нь этилийн спирт байгаа юм. 2207.20.00 гэдэг дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага тавьж нэхэмжлэлийн хүрээнд энэ асуудлыг ярина гэж шүүхээс хязгаарлал хиймээр байна. Улсын байцаагч андуурч бичээд гараараа засаад тамга дараад өгсөн. Гэтэл нэг бараа нэг кодтой. 2207.20.00 талаар хэлэлцэгдэх ёстой байхад 2207.20.90 гээд өөр бараа хэлэлцээд байна. Улмаар хориглосон барааны зүйл рүү ороод явж байна. Тэгэхээр хориглосон бараа луу оруулж байгаа нь эрүүгийн гэмт хэрэг лүү түлхэж байна гэсэн үг юм. Үнэхээр хууль дүрмээрээ бол хууль ёсны дагуу хийж байгаа. Шинжилгээний мэдээлэл систем нь олон улсын магадлан итгэмжлэлийн хүрээний форумд элссэн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүд танд хүргүүлсэн. Тус шинжилгээний дүгнэлтүүд нь хүний биед хоргүй байх маш олон янзаар дүгнэлтээ гаргуулж байгаа. Манай улс өөрөө олон улсын конвенцэд элссэн. Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрөл хууль ёсны байгаа. Хүний биед хор нөлөөгүй үйлдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2002 оноос хойш БНСУ-ын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа юм. Химийн хорт болон аюултай бодисыг импортлох 13/16 дугаартай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оныг дуустал авсан. Хилээр 00381400 дугаартай кодын мэдүүлгээр 90 лааз будаг шингэлэгч орж ирсэн. Гаалийн улсын байцаагч Б.А 3818 дугаартай 1 литрийн шингэлэгчийг шинжилгээнд явуулах шийдвэр гаргасан. Гаалийн төв лаборатори нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 012003682 дугаартай этилийн спирт болох барааны ангиллын кодыг 220720 гэж тогтоосон. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч захиргааны дээд шатны байгууллагад гомдол гаргасан. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02480 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн албан бичиг байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 356 дугаартай хамтарсан тушаалаар химийн хорт бодис оруулж хил дамжуулна гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байхад лабораторийн магадлал шинжилгээнд хамрагдах барааны жагсаалтын 381402 мөр нь 5 кг буюу 5 литр жижиглэн савлагаа бүхий ахуйн зориулалттай будаг шингэлэгчид хамаарахгүй гэснийг зөрчиж тус лабораторид хийсэн. Шингэлэгч нь этилийн спирт агуулдаг. Химийн бодисын ангилал нь нэгдсэн системээр 2013 оноос хойш ЖС6717 дугаартай химийн бүтээгдэхүүн гэж нэрлэсэн. Гэтэл бараанаас сорьц, дээж, загвар авах магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах журмын 5.4-д “магадлан дүгнэлт хийх шинжээч гаалийн улсын байцаагчийн хуваарилсан сорьц дээжид магадлал шинжилгээ хийж үр дүнг холбогдох стандартын үзүүлэлтээр харьцуулж лабораторийн дүгнэлтийг гаргана” гэж заасан байдаг. Харьцуулалт огт хийгдээгүй байдаг.
Тухайн шингэлэгч нь БНСУ-ын будгийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 1 литрийн савлагаа бүхий химийн хорт бодис буюу олон улсын бүртгэлийн химийн бүтээгдэхүүн гэж байдаг. Улмаар шингэлэгчийг 3818 дугаарт хамаарна гэж үзэж кодыг үндэслэж хуулийн хилээр нэвтрүүлдэг. Үйлдвэрлэгч нь БНСУ-ын КС-д магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд олон улсын формд нэгдсэн. Манай улс 2009 онд нэгдэн орсон. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс зөрчсөн гэж үзэж байна. Химийн бодисын талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ ханган ажилладаг утаа барааг химийн бодис буюу шингэлэгч гэж нэрлэсэн байхад Гаалийн төв лаборатори нь шинэлэгчийн орц найрлагыг үндэслэж 2207200 гэж этилийн спирт гэж ангилсан нь олон улсын нэгдсэн орсон гэрээг зөрчсөн. Гаалийн төв лаборатори нь нэг бараа нэг код тарифтай байх ангиллын зарчмыг зөрчсөн.
Тухайн үед Гаалийн төв лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дууссан гэж цахим хуудаснаас харагдаж байна. Улмаар гарсан дүгнэлтүүд хууль бус юм. Үндсэн хуульд заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчиж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Гаалийн төв лабораторийн хувьд гаалийн хяналт болоод мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан, барааны кодыг ангилах магадлан шинжилгээ хийх байгууллага юм. Улсын төсөвт 690,000,000 төгрөгийн татварыг төлсөн. Тус лаборатори нь 14 ажилтан багтаасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага мөн юм.
Гаалийн улсын байцаагчийн хүсэлтээр барааны ангиллын кодыг тухайн үед зохицуулсан учраас тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан. Нийтийн эрх зүйн хүрээнд бараанаас сорьц дээж авах магадлан шинжилгээ хийх дүгнэлт болох журмын холбогдох заалтыг үндэслэж дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлт нь байгууллагын дотоодод үйлчлэхгүй харин бараа оруулж ирсэн этгээд руу чиглэсэн тул гадагш чиглэсэн байна. Устгалд оруулах үр дагавартайгаас гадна олон улсын байгууллагад нэр хүндийг унагааж байгаа нь эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож байна. Захирамжилсан шинж нь гаалиас барааг хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Иймд энэхүү шинжилгээний дүгнэлт захиргааны акт юм.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар хувийн аж ахуй эрхэлж байхад төрийн байгууллага саад болж байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эрх зөрчигдөж байна. Хэрэв бараа устгагдсан бол түүнийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагатай. Иймд Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 612 тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техникийн спирт гэдэгтэй талууд маргахгүй байна. Иш татаж байгаа А компанийн лабораторийн дүгнэлтээр техник гэж бичсэн. Яагаад техникийн гэдэг зүйлийн 6 дугаар хэсэгт байгаагаар зүйлчлэх ёстой талаар тайлбарлаж чадахгүй байна. Өөрсдөө маргахгүй байгаа иш татаж байгаа асуудлын тухайд 6 дугаар хэсэг буюу 38 дугаар зүйлийг хэрэглэх зохицуулалттай юм. Маргаж байгаа захиргааны акт хэлбэрийн хоёр шаардлага хангахгүй байгаа. Нэгдүгээрт завсартай байна. Мөн эрх бүхий албан тушаалтан хянаж гарын үсэг зурах ёстой. Гарын үсэг зураагүй байхад лабораторийн даргаар гарын үсэг зуруулж байгаа нь хувийн сонирхол явсан байна. Журмаараа эхлээд хянуулаад явах ёстой. Яагаад ахлах гарын үсэг зураагүй вэ? гэдэг зүйл байна. 2207.20.10, 2207.20.90 гээд олон улсын гэрээ болоод хэм хэмжээний актад байхгүй байна. Хэвлэж гаргахдаа алдаатай эсвэл харагдахгүй байгаа тайлбараар үгүйсгэхгүй юм. 20.10, 20.90-ыг гаргаад ир харна гэхэд харуулаагүй. Цаашаа задарна л гэсэн. Задарна гэдэгтэй маргахгүй. Хэм хэмжээний актад бүртгэгдээд сая үүнийг дагаж мөрдөх юм. Хэрэв 20.10.20.90 гэдгийг бүртгүүлээгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д заасны дагуу дагаж мөрдөөгүй гээд бусдад хариуцлага ногдуулахыг хориглох юм. Мухар байдлаар тайлбарлаад энэ заалтаа хэрэглээд хариуцлага хүлээлгэж байгаа бол хууль бус юм. Энэ 4 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гаалийн төв лаборатори нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт шалгалт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган, уг дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд ашиглах замаар гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №0220L02060 бүртгэлтэй "Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл"-ээр "О" ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирсэн "T 002" нэрийн будаг шингэлэгч" гэж мэдүүлсэн бараанаас УБГГ-ын ГУБ Б.А дээж авч, ГТЛ-д ирүүлсэн. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасны дагуу барааны ангиллын кодыг тодорхойлох зорилгоор уг дээжид MNS JIS 0117:2003 стандарт аргачлалын дагуу нил улаан туяаны спектрометр (FTIR) багажаар чанарын шинжилгээг хийхэд шинжилгээний ур дүнгээр этилийн спирт гарсан тул MNS 0987:1986 стандарт аргачлалын дагуу тоон шинжилгээг хийсэн.
Шинжилгээний үр дүнгээр 99.0%-ийн хатуулагтай этилийн спирт, болох нь тогтоогдсон тул, БТКУС-ийн холбогдох тайлбарын дагуу 2207 20.90 кодод хамааруулан ангилж, 2020 оны 08 сарын 13-ны өдөр 0120003682 тоот дүгнэлт гарсан. Тус лабораторийн шинжилгээний үр дүн нь уг дээжид хавсаргаж ирүүлсэн бичиг баримт болох барааны аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3-р хэсэг "химийн найрлага"-т заасан химийн бодисын CAS дугаар 64-17-5 болон химийн нэршил (Chemical name) этилийн спирт (Ethanol), Агууламж (Portion)- “91-100%"гэж заасантай тохирч байсан тул тус лаборатори нь шинжилгээг холбогдох стандартын дагуу үнэн зөв хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.
Тус компани нь 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 20/80 албан тоотоор БТКУС кодыг дахин тодорхойлох хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Гаалийн төв лабораторийн үр дүнг хянах дээд байгууллага болох ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн газарт ангиллын кодыг нягтлан шалгуулах зорилгоор 2020.08.28-ны өдрийн 91 тоот дотоод зурвасыг ГТЛ-ийн дүгнэлт болон холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн. ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн газраас 2020 оны 09 сарын 08-ны өдрийн ирүүлсэн 02-2/114 тоот дотоод зурваст этилийн спирт нь БТКУС-ийн 22-р бүлэг, зүйл 2207 кодод ангилагдах бөгөөд “Хувилсан болон хувилаагүй спиртийн аль нь болохыг нарийвчилсан шинжилгээгээр тодорхойлох шаардлагатай” гэсэн зөвлөмжийг ирүүлсэн.
Уг зөвлөмжийн дагуу хувилсан (техникийн) болон хувилаагүй (хүнсний) аль нь болохыг нарийвчлан тодорхойлуулах зорилгоор хүнсний итгэмжлэгдсэн лаборатори болох АПУ ХК-ийн лабораторид хүргүүлэн нарийвчилсан шинжилгээ хийлгэсэн. Уг шинжилгээний үр дүнгээр 99,5%-ийн агууламжтай бөгөөд MNS 0178:2014 Хүнсний спиртийн техникийн шаардлагыг хангахгүй буюу техникийн зориулалттай спирт болно гэж тодорхойлогдсон бөгөөд энэ нь ГТЛ-ийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн №0120003682 тоот дүгнэлттэй тохирч байсан.
Тус барааг БТКУС-ийн 2207.20.90 кодод ангилах үндэслэл: БТКУС-ийн тайлбар дүрэм 1-ийн дагуу "хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдоно" гэж заасны дагуу уг барааг 22-р бүлгийн тайлбар, зүйл 2207-ын гарчиг болон тайлбаруудыг үндэслэн ангилсан болно. Үүнд:
- БТКУС-ийн I тайлбар бичгийн 22-р бүлгийн Ерөнхий тайлбар (с) -д Архи, спиртлэг ундаа, тэдгээрт үндэслэн бэлтгэсэн нийлмэл найрлагатай спиртлэг бүтээгдэхүүн, этилийн спирт хамаарна гэж заасан.
- БТКУС-ийн I тайлбар бичгийн 309-р хуудаст зүйл 2207-ын гарчигт: "80% эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт; ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон бусад спирт" хамаарна гэж заасан.
- БТКУС-ийн I тайлбар бичгийн 309-р хуудас 22-р бүлгийн зүйл 2207-ын тайлбар: Энэ зүйлд орох бүтээгдэхүүн нь: 1-р догол мөрийн тайлбарт этилийн спирт нь цагариг бус бусад спиртийн хамт зүйл 29.05-д хамаарахгүй, харин 29-р бүлгийн 2(ь) тайлбарын дагуу 29-р бүлгээс хасагдана гэж заасан.
- БТКУС-ийн I тайлбар бичгийн 22-р бүлгийн зүйл 2207-ын тайлбарт
(1)-т 80% болон түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт
(2)-т Ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон хувилсан бусад спирт гэж заасан.
Тус компанийн мэдүүлсэн 3814.00.00 БТКУС-ын ангиллын кодод ангилагдахгүй байх байх үндэслэл:
1. 38-р бүлгийн хамаарахгүй хэсгийн тайлбар 1(а)-д химийн хувьд тодорхойлогдсон бие даасан нэгдэл хамаарахгүй гэж заасан. Гэтэл ГТЛ болон АПУ ХК-ны шинжилгээний ур дүнгээр 99,6%-ийн хатуулагтай этилийн спирт болох нь тодорхойлогдсон.
2. Зүйл 3814-д хамаарах органик уусгагч ба шингэрүүлэгч нь өөр бусад зүйлд ангилагдаагүй, химийн хувьд тодорхойлогдсон дан цэвэр нэгдэл биш байх ёстой гэж заасан байна. Зүйл 3814-ийн хамаарахгүй тайлбарын (а)-д химийн хувьд тодорхойлогдсон, дан цэвэр уусгагч буюу шингэрүүлэгч нэгдлүүд (29-р бүлэг) хамаарагдана гэж заасан байна.
3. Этилийн спирт нь органик нэгдэлд хамаарах бөгөөд химийн цэвэр нэгдэл учир 29 р бүлгийн (а) тайлбараар 29-р бүлэгт хамаарах боловч 29-р бүлгийн 2(b) "хасагдах" тайлбараар зүйл 2207, 22.08-д ангилагдахаар заасан байна.
СХЗГ-аас ГТЛ-д олгосон Дугаар TL 17 тоот гэрчилгээгээр MNS ISO/IEC 17025:17(MNS ISO/IEC 17025:17) стандартын шаардлагыг хангасан тул 2019.10.31 өдрөөс 2020.09.29-ны өдөр хүртэл итгэмжлэлийн хугацааг сунгасан бөгөөд тус компанийн ирүүлсэн дээжид шинжилгээ хийх хугацаанд итгэмжлэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улс конвенцэд 1991 онд нэгдэн ороод 1993 оноос эхэлж хэрэгжүүлж эхэлсэн. Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн тухайд 200 гаруй улс орон хэрэглэж байгаа. Конвенц өөрөө 20 заалттай байдаг. Мөн дээрээс нь жагсаалт хэсэг бүлэг тайлбар тоон кодлох жагсаалт уялдуулсан системийн тайлбар дүрмээс бүрдэж байгаа. Конвенцийн гол зорилго бол барааг нэгдмэл байдлаар тодорхойлоод барааны ангиллын статистик мэдээ гаргах зорилготой байдаг. Барааны ангиллын нэгдмэл байдлыг хангахын тулд жагсаалтаас гадна уялдуулсан системийн тайлбар дүрмийг баталсан. Конвенц нь тогтоосон дэг дарааллын дагуу явах ёстой. 6 дүрэм байдаг. Нэгдүгээр дүрэмд юу гэж заадаг вэ гэхээр хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад анхан шатны лавлагаа баримжаа болно гэж заасан. Нэхэмжлэгч талаас 22 дугаар бүлгийг зөвхөн согтууруулах ундаа гэдэг талаас нь бүлгийн гарчигт орсноор тайлбарлаад байна. Гэтэл хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь зөвхөн анхан шатны баримжаа буюу хууль ёсны ангилал нь зүйлүүдийн гарчиг, холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогдоно гэж заасан. Хувилгаагүй бол 80-аас дээш хатуулгатай, хувилсан нь ямар ч хатуулгатай байсан хамаагүй 2207 гэдэг зүйл буюу 4 оронтой кодод ангилна гээд олон улсын түвшинд дүрмээрээ заагаад өгсөн байна. Эсрэгээрээ гаалийн байгууллагад мэдүүлсэн 3814 гэдэг код бол бусад газарт зааглаагүй нийлмэл уусмал болон шингэрүүлэгч будаг арилгагч гэж заасан. Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр 99 хувийн агууламжтай этинол агуулсан гэсэн дүгнэлт гарсан. АПУ ХХК-д хийсэн шинжилгээний дүнгээр багтсан. 3814 болохоор органик нийлмэл уусгагч будаг шингэлэгч. Түүнээс 99 хувийн агууламжтай этинол спирт ангилагдахгүй гэсэн тайлбар дүгнэлтүүдэд заагаад өгсөн. Уялдуулсан системийн тайлбар дүрмийн дагуу 2207 ангилна гэдэг шийдвэрийг гаалийн төв лаборатори шинжилгээний дүгнэлтээр үндэслэж гаргасан.
Олон улсын түвшинд конвенцийн жагсаалт 6 оронтой тоо байгаа. 6 орноос хойш тухайн улс орон өөрийнхөө хууль тогтоомжийн дагуу оруулж болдог. 2207.20 гэдэг бол олон улсын түвшний код юм. 2207.20 гэдэг кодыг цаашаа 20 10, 20 90 гээд үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу задаргаа хийсэн. Ямар учиртай вэ гэхээр судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахаас бусад спиртийг хориглох шийдвэр Улсын их хурлын 05 түүнийгээ үндэслээд авсан Засгийн газрын 54 дүгээр тогтоолд кодтойгоо барааны нэршилтэй заагдсан. Судалгаа шинжилгээний зориулалттай этилийн спиртийг тодорхой хэмжээгээр оруулна. Бусад спиртийг хориглосон шийдвэр байгаа. Энэ хоёр спиртийг ялгахын тулд 2207.2010, 2207.2090 гэсэн үндэсний код батлагдсан. Судалгаа шинжилгээний зориулалттай этилийн спирт байгаа. 20.90-д судалгаа шинжилгээний зориулалттай бусад спирт хамаарах юм.
Барааг тодорхойлох кодлох уялдуулах системийн хавсралт буюу жагсаалт нийт 21 хэсэг 97 бүлэг 5205 зүйл анги байгаа. Зүйл дотроо 6 кодод задраад явсан. Тайлбар дүрмийн 1-д хэсэг бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатаар ангилна. 22 дугаар бүлгийн гарчиг хүнсний зүйл болон согтууруулах ундаа гээд заагаад байгаа нь зүгээр баримжаа болгож гарчиг юм. Албан ёсны ангилал гэдэг бол 2207 юм. Үүнийг зүйл гэж нэрлэдэг. Энд байгаа зүйлийн гарчиг нь албан ёсны ангилал юм. Зүйлийн гарчгаас гадна хэсэг бүлгийн тайлбар юм. Энэ өөрөө албан ёсны ангилал гэдгийг нэгдүгээр дүрэм хэлж өгөөд байгаа. Хэсгийн гарчиг буюу зүйлийн гарчгаар ангилж тодорхойлох боломжгүй. Бүх үг үсгээр оруулах боломжгүй учир баримжаа юм. Гол барааны ангилал зүйлийн гарчиг буюу 4 оронтой код болон түүний хойно байгаа барааны бичиг гэж зааж өгч байгаа. Хэсэг бүлэг мөрийн тайлбар албан ёсны ангилал гээд 1 дүгээр дүрэмд заасан. 29-38 дугаар бүлэгт химийн бодис ангилж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Манай ангиллын зарчим ангилахаар байгаа. Уялдуулсан системийн тайлбар дүрмээ баривал 3814 гарчиг нь бусад газарт зарагдаагүй органик нийлмэл уусмал болон шингэрүүлэгч будаг лак арилгагч гэж байгаа. Өмнө нь зүйлүүдэд дурдагдаагүй гэсэн байдаг. Органик нийлмэл уусгагч гэж байгаа. Эднийх болохоор 99 хувийн агууламжтай этинол гэдэг бол лабораторийн шинжилгээгээр тодорхойлоод гаргасан. 91-99 хувийн агууламжтай GAS дугаар 64175 гээд заасан талаар ирүүлсэн бичигт байгаа.
Будаг шингэлэгч буюу 99 хувийн этилийн спирттэй агууламжийн зориулалтыг нь үгүйсгээгүй. Зориулалтаар ангилаагүй. Химийн бодис гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 3814-д яагаад ангилахгүй байгаа вэ гэхээр этилийн спирт нь цагариг бус бусад спиртийн хамт 2905 зүйлд хамаарахгүй, харин 29 дүгээр бүлгийн 2Б тайлбарын хамт 29 дүгээр бүлгээс хасагдана. 3814 дүгээр зүйлийн тайлбараас уншихаар 29 дүгээр бүлэгт ангилахаар заасан байгаа боловч 29 дүгээр бүлгийн тайлбараар 2207 дугаар бүлэгт ангилна гэдгийг хэсэг бүлгийн тайлбар буюу албан ёсоор заагаад өгсөн. Энэ тайлбар зүйлийн гарчгийг нь үндэслэж уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн 1-д заасныг баримтлаад ангиллын кодыг 2207.2020 гэж тодорхойлсон. Олон улсын стандарт ангилалд нийцүүлж конвенцийг баталж байна гээд удирдтал хэсэгт заагаад өгсөн. Конвенцээс өмнө олон улсын стандарт ангилал гээд тусдаа кодын систем явж байсан. Түүнд нийцүүлэн олон улсын стандарт батлагдсан. Бүүр өөр тусдаа зүйл биш юм. Тэрийг зохицуулж байгаа тусдаа конвенц байхгүй юм.
2207.20 гээд олон улсын түвшний код. 7, 8 дах орон бол манай өөрийн үндэсний код байгаа. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан. 6 оронгын түвшний код доод талдаа 3 зураастай бичиглэлтэй. Энэ бол цаашаа энэ хоёр кодоор задарч бараа ангилна гэж зааж байгаа гэсэн үг. 20.10, 20.90 гэж байхгүй байна гэсэн. 20.20 гэдэг бол хэвлэж байгаа номд алдаа гарсан байгаа. 20.90 гэдгийг 20.20 гээд бичсэн. Гаалийн бүрдүүлэлтийн програм болон цахим хуулбар дээр 20.90 гээд зөвөөрөө байж байгаа. Хэвлэлд алдаа гарсан. Өөрөөр хэлбэл 20.90 гэдгийг 20.20 гээд алдаатай гаргасан. Цахим хувилбарт бид нарын алдааг залруулсан байдалтай байгаа.
6 оронгоос цааш задаргаа хийх эрхийг нь 59 дах заалтаар өгсөн. Улс орнууд тарифын зохицуулалтын дагуу цаашаа задлах эрхийг өгсөн. Хаан ч байхгүй код гаргаад ирсэн юм шиг яриад байна. 2207.20 гэдэг код олон улсын код юм. Цаашаа задаргаа хийх эрх нь Монгол Улсад байгаа” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улс хяналтын үр дүнг хүлээн зөвшөөрөх үүрэг хариуцлага хүлээх заалт байхгүй. Ахлах байцаагч гарын үсэг зураагүй болохоор шинжээч хувийн ашиг сонирхолтой гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тэр хүн өвчтэй, чөлөөтэй байж болно. Тэр үед дарга дүгнэлтээ гаргадаг. Аль нэг байхгүй байлаа гээд төрийн ажил зогсохгүй.
...манай шинжилгээний дүнгээр мөн АПУ компанийн шинжилгээний дүнгээр этилийн спирт буюу техникийн спирт гэж тодорхойлогдсон. Будаг шингэлэгч нь зориулалтаар ашигладаг байсан ч конвенцийн дүрмийн уялдуулсан системийн тайлбар дүрмийг бариад ангилахаар 2207 ангилалд хамаарч байгаа. 2207 нь этилийн хувилсан болон бусад спирт гэж байгаа. Хувилсан спирт өөрөө техникийн спирт юм. 2207 гарчигт хувилсан спирт энд орно гээд заасан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч O ХХК-иас Гаалийн төв лабораторид холбогдуулан тус лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмлжлэлийн үндэслэлээ,
- Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтад байхгүй 2207.20.00, 2207.20.90 кодоор кодлосон 2 дүгнэлт өгсөн,
- Дээж авах журамд заасныг зөрчиж 5л-ээс бага савлагаатай бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулсан,
- Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай конвенцийн нэг бараа нэг кодтой байх зарчмыг алдагдуулж олон улсын худалдааны стандарт ангилалд органик химийн бүтээгдэхүүний ангилалд хамаардаг будаг шингэрүүлэгчийг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулсан нь хууль бус гэж маргасан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а)-д ““Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем(цаашид уялдуулсан систем гэх)” гэж энэхүү конвенцид хавсаргасан зүйл болон мөр, тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон уялдуулсан системийн тайлбар дүрэм”-ийг ойлгохоор, 3 дугаар зүйлийн 1-ийн (а)-д “4 дүгээр зүйлд тусгайлан заасныг баримтлан: Хэлэлцэн тохирогч тал бүр ...дараах үүрэг хүлээнэ: (ii)-т “Уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, зүйл, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсхүл мөрний үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх” гэж заасан байна.
1.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 22 дугаар бүлэг нь “Согтууруулах болон согтууруулах бус ундаа, цуу” нэртэй, 2207 дугаартай зүйл нь “80% эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт” нэртэй, 2207.20 дугаартай мөр нь “Ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон хувилсан бусад спирт” нэртэй, 2207.20.10 дугаартай үндэсний код нь “Судалгаа шинжилгээний зориулалттай этилийн спирт”нэртэй, 2207.20.20 дугаартай код нь “бусад” гэсэн нэртэй байна.
1.2. “Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм”-ийн 2 зүйлийн (b)-д “Аливаа зүйлд дурьдагдах материал, бодистой холбоотой заалт нь тухайн бодисыг өөр материал, бодистой хольсон хольц, нэгдэл мөн адил хамаарна. Тодорхой нэг материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн материал буюу бодисоор бүхэлдээ буюу хэсэгчлэн хийгдсэн бараа бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Нэгээс дээш тооны материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнийг 3 дугаар дүрмийн зарчмыг баримтлан ангилна” гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн БНСУ-аас импортолсон “TН 002” бүтээгдэхүүн нь,
2.1. Гаалийн төв лабораторийн 002359 дугаартай сорилтын дүнгээр 99%-ийн этилийн спиртийн найрлагатай болох нь,
2.2. Хариуцагч байгууллагын хүсэлтээр “АПУ” ХХК-ийн лабораторит хийгдсэн 2383 дугаартай сорилтын дүнгээр “TH002” бүтээгдэхүүн нь 99,5%-ийн хатуулагтай этилийн спирт болон альдегид, совс, метилийн спирт, этилбутират, изобутилацетат, ацетон, этилийн эфир, бутанон, бутанол, кротональдегид, тентанол, гексанол, бензальдегид, бензилийн спирт, фенилэтанол, этиллазтат, фурфуролын найрлагатай техникийн спирт болох нь,
2.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хими, хор судлалын лабораторийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21-2928 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээ 99,6%-ийн этилийн спирт болох нь тус тус тогтоогдож байна.
2.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас лабораториудын сорилтын энэхүү дүнг хүлээн зөвшөөрч байх ба бүтээгдэхүүний орц, найрлагын хувьд маргаагүй.
3. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS2947:80 Техникийн этилийн спирт стандартад уг спиртийг 93 хувийн хатуулагтай этилийн спирт болон хүчил, нийлмэл эфир, альдегид, совс, метилийн спиртийн найрлагатай байхаар заасан байна.
4. Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгээс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/82 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн мэдээлэлд “...Техникийн этилийн спиртийг ариутгал, цэвэрлэгээ, хөргөлтийн систем болон лак будгийн үйлдвэрт техникийн зориулалтаар ашигладаг, ... хүнсний зориулалтаар ашиглахыг хориглоно. Химийн бодисын олон улсын бүртгэлийн CAS 64-17-5 дугаарт бүртгэлтэй, ...” гэжээ.
5. Түүнчлэн будаг, будаг шингэлэгч болон синтетик давирхай боловсруулах, үйлдвэрлэх болон нэмэлт үйлчилгээний зөвшөөрөл бүхий БНСУ-ын “Самхуа пэйнт гуноб” ХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах онцгой эрхийн гэрээг OХХК”-тай байгуулагч төлөөлөгийн газрын гэрчилгээ олгосон байх ба TH 002 этанол суурьтай шингэлэгчийг уусдаггүй суурьтай будганд зориулан тусгайлан бүтээсэн болон зөвхөн будаг шингэлэх зориулалтаар ашиглах баталгааг гаргасныг нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн.
6. “Superpoxy 500” сайжруулсан эпокси түрхлэгийн техникийн үзүүлэлтэд техникийн үзүүлэлтэд шаардлагатай тохиолдолд thinner 002 шингэлэгчийг ашиглахаар заасан, энэхүү этанол шингэлэгчийн үйлдвэрлэгчээс өгсөн “Хор аюулын лавлах мэдээлэл”-д “... 91-100 хувийн этанолын найрлагатай, CAS 64-17-5 дугаартай” гэжээ(2хх, 13-22 дахь талд).
Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь магадлан шинжилгээний 01200003682 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн БНСУ-аас импортолсон “TН 002”бүтээгдэхүүний гол найрлагыг үндэслэж уялдуулсан системийн 22 дугаар бүлгийн 2207 зүйлийн 20 дугаар мөрний “бусад” гэсэн 90 дэх ангилалд хамаарах этилийн спирт байх тул мэдүүлсэн барааны ангиллын код зөрүүтэй гэж дүгнэсэн нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенциор хүлээсэн “Уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, зүйл, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсхүл мөрний үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх” гэсэнд нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь:
а. Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн барааг ангилах 1 дүгээр зарчимд заасан “Бүлгийн гарчиг нь барааг ангилах анхан шатны баримжаа болно” гэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “22 дугаар бүлгийн гарчиг хүнсний зүйл болон согтууруулах ундаа гээд заагаад байгаа нь зүгээр баримжаа болгох гарчиг юм” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч тэднээс ангиллыг тодорхойлох гол зарчим гэж тайлбарлаж буй “...Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурьдах дүрмийн заалтыг баримтална” гэсэн хэсгийн “болон” гэсэн холбоос нь маргааны тохиолдолд, 2207 зүйлийн гарчиг нь хүнсний бэлэн бүтээгдэхүүн гэсэн IV хэсэг болон согтууруулах ундаа гэсэн 22 дугаар бүлгийн тайлбартай хамтдаа буюу уялдсан байдлаар тайлбарлагдаж барааны ангиллыг тодорхойлохоор байх тул нэхэмжлэгч талын “... химийн бодис байхад хүнсний бүтээгдэхүүн ангилалд оруулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээлэлд “Техникийн спирт нь ойролцоогоор 92%-ийн этилийн спирт агуулсан метилийн, изопропилийн спирт болон бусад органик хольц бүхий өвөрмөц хурц үнэртэй шингэн юм. ... GAS дугаараар химийн ямар бодис болохыг мэдэх боломжтой(хүний регистрийн дугаарын адил)” гэсэн байх ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортолсон ТН 002 бүтээгдэхүүн CAS 64-17-5 дугаартай болохыг үйлдвэрлэгч тодорхойлсон байх тул хариуцагчийн талаас хэрэглэвэл зохих конвенцийн зохицуулалтыг системчлэн тайлбарлахаас татгалзаж “зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол 2 дугаар дүрэм(зарчим)-ээр ангилдаг, 2207.20.90 кодод хамаарч байгаа учраас 2 дугаар дүрмийг хэрэглээгүй” гэж тайлбарласан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч талын “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай конвенцийн нэг бараа нэг кодтой байх зарчмыг алдагдуулж олон улсын худалдааны стандарт ангилалд органик химийн бүтээгдэхүүний ангилалд хамаардаг будаг шингэрүүлэгчийг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулсан нь хууль бус” гэх тайлбар илүү үндэслэлтэй.
б. Мөн дээрх хууль ёсны ангиллыг тодорхойлох 1 дүгээр зарчмын зохицуулалтын “зэрэгцээ” гэдэг холбоос нь гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбарыг баримтлах түүнчлэн дор дурьдсан заалтыг баримтлах гэсэн зэрэгцсэн утгыг илэрхийлж байхад хариуцагч нь энэхүү 1 дүгээр зарчим(хариуцагч талаас 1 дүгээр дүрэм гэж тайлбарлах)-ын агуулгыг зүйлийн гарчиг, бүлгийн тайлбараар буюу бүтээгдэхүүний дан ганц этилийн спирт гэсэн орц, найрлагад үндэслэж спирт гэсэн 2207 зүйлд хамаарахаар ангилсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, O ХХК-ийн импортолсон бүтээгдэхүүн нь этилийн спиртийн найрлагатай болох нь сорилтын дүнгээр тогтоогдсоноос үзвэл, ерөнхий дүрмийн 2 дугаар зарчмын дагуу спирт агуулсан бусад бүх төрлийн барааны ангилалд хамаарах боломжтой, түүнчлэн 1 дүгээр зарчим нь дангаараа бус 2 дугаар зарчимтай зэрэгцсэн байдлаар хэрэглэгдэхээр байх тул тухайн барааны зориулалт болон хэрэглээг бүтээгдэхүүний орц, найрлагад үндэслэн үгүйсгэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын “...жагсаалтын ...зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй тул 2 дугаар дүрмийг хэрэглэхгүй, ... будаг шингэлэгчийн зориулалтаар ашигладаг байсан ч конвенцийн дүрмийн уялдуулсан системийн тайлбар дүрмийг бариад ангилахаар 2207 ангилалд хамаарч байгаа. 2207 нь этилийн хувилсан болон бусад спирт гэж байгаа. Хувилсан спирт өөрөө техникийн спирт юм. 2207 гарчигт хувилсан спирт энд орно гээд заасан” гэх тайлбарыг гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж заасан.
7.1. Хариуцагч байгууллагаас O ХХК-д хүргүүлсэн 0120003682 тоот магадлал шинжилгээний дүгнэлтэд барааны ангиллын кодыг 2207.20.00 гэж тэмдэглэсэн байна(1хх, 12 дахь талд).
7.2. Хариуцагч байгууллагаас хуулбар үнэн тэмдэгтэйгээр шүүхэд ирүүлсэн 0120003682 тоот магадлал шинжилгээний дүгнэлтэд барааны ангиллын кодыг 2207.20.90 гэж гараар засварласан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан жагсаалтад 2207.20.10 гэсний дараа 2207.20.20 гэж хэвлэгдсэн нь хэвлэлтийн алдаа гарсан байгаа. 20.90 гэдгийг 20.20 гээд бичсэн. Гаалийн бүрдүүлэлтийн программ болон цахим хуулбар дээр 20.90 гээд зөвөөрөө байж байгаа” гэж тайлбарласан.
7.3 Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2018 оны №7 дугаар хэвлэгдсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-д 2207.20.00 2207.20.90 код аль аль нь байхгүй байна.
8. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус зааснаас үзвэл, маргаан бүхий акт нь эрх зүйн үйлчлэлгүй буюу хэм хэмжээний актын хэвлэгдээгүй зохицуулалтыг үндэслэж гарсан байх тул захиргааны илт хууль бус актын шинжтэй, утга агуулгын илэрхий алдаатай акт болжээ.
9. Гаалийн ерөнхий даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.9-д “... магадлан шинжилгээний дүгнэлтэд гаалийн улсын байцааг, ахлах байцаагч, лабораторийн дарга гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулах”-аар заасан байхад маргаан бүхий дүгнэлтэд гаалийн улсын ахлах байцаагч гарын үсэг зураагүй нь журамд нийцэхгүй байна.
10. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн ТН002 бүтээгдэхүүн 1 литрийн савлагаатай байдаг болон шинжилгээнд дээжийг тус хуулийн этгээдээс өгөөгүй, гаалийн улсын байцаагчаас шинжлүүлэхээр шилжүүлсэн зэрэг нь гаалийн байгууллагаас барааны ангиллын кодыг тодорхойлох зорилгоор шинжилгээ хийх, дүгнэлт гаргах эрхийг хязгаарлахгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээж авах боломжгүй юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 тоот дүгнэлтээр “...O ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортолсон “THINNER 002” гэх бүтээгдэхүүнийг 99 хувийн хатуулагтай этилийн спиртийн найрлагатай тул БТКУС-ийн 2207.20.90 ангилалд хамааруулах”-аар тодорхойлсон нь “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн жагсаалтад байхгүй кодоор барааг кодлож мэдүүлэх үүргийг болгосон илт хууль бус захиргааны акт байхын зэрэгцээ Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн уг дүрмийн хэрэглэвэл зохих зарчмыг хэрэглээгүй хууль бус акт болсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а), 3 дугаар зүйлийн 1-ийн (а), (ii), Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч O ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02120003682 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ