Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Г.Нямдорж,

улсын яллагч Б.Чимгээ,

хохирогч Э.Саруул-Ирээдүй, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

гэрч Ш.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.Алтанцоож, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалт овогт Сундуйн Алтанцоожид холбогдох эрүүгийн 201625014131 дугаартай, 105/2017/0068/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 1 баг, Сумт, Дэнж 10 гудамж, 04 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Сахалт овогт Сундуйн Алтанцоож, /РД:НА84121473/,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800А тоотод хамтран амьдрагч Э.Саруул-Ирээдүйтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар хүч хэрэглэн халдаж хэвлийн тус газарт өвдөглөснөөс биед нь санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Алтанцоож нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Саруул-Ирээдүй машин жолоодож явна гэснээс болж бид хоёр ам мурийсан. Би хэвлийн тус газар нь нэг өвдөглөсөн. Би хүүхдүүдээ аваад хөдөө явсан. Ийм зүйл болчихно гэж бодоогүй. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.Саруул-Ирээдүй нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машинаа унах гэхээр уурладаг байсан. Тэрнээс болж хэрүүл гараад бид хоёрыг барилцаж байхад дүү нь тавиулсан. Тэгээд намайг өвдөглөхөд нь ухаан балартаад газар хэвтэж байсан. Би хүүхдээ аваад машинаа унаад  ажилдаа явсан. Бид хоёр уурлаж хэрэлдээд байдаггүй. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч С.Алтанцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид хоорондоо хэрэлдсэн. Эхнэр миний өөдөөс маажих гээд гэдэснээс базсан байсан. Тэгэхлээр нь би түлхэж, манай эхнэр миний өөдөөс дайрсан. Би цээжин тус газарт нь өвдгөөрөө цохисон...” гэх мэдүүлэг. /хх 55-58 дугаар хуудас/,

Хохирогч Э.Саруул-Ирээдүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Алтанцоож 12 настай миний дагавар хүү бид хоёрыг хөөж ‘’танайхан угаасаа бузарууд, дандаа нөхрөөсөө салсан янханууд’’ гэж загнаж байгаад сандлаар 2 удаа цохиж авсан. Би зөрүүлээд цамцнаас нь бариад заамдсан, дүү Нямкаг /Бат-Эрдэнэ/ ахыгаа аваач гэхэд босож ирээд ахыгаа салгасан. Тэгтэл Нямкагийн гарыг тавиулж гүйж ирээд намайг өвдөглөсөн. Тэр үед миний ухаан балартаж унасан. Нэг хэсэгтээ л амьсгаа авч болохгүй тэр газраа хэвтсэн. Алтанцоож хүү Билгүүнийг дуудаад ‘’эхийгээ аваад гарга, үхвэл гарч үх’’ гэхэд нь жоохон хэвтэж байгаад өөрөө боссон. Машинаа асаагаад манай ажил гэрээс холгүй байдаг болохоор шууд ажил дээрээ ирсэн. Ирээд шар ногоон юмаар бөөлжөөд шууд л хэвтсэн, Энхжаргал эгч түргэн тусламж дуудаад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Алтанцоож нь миний ээж Эрдэнэцэцэгийн төрсөн дүү нь учраас би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Өглөө гараад орой ирдэг болохоор тэдний амьдралын талаар нарийн ширийнийг сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /хх 20 дугаар хуудас/,

Гэрч Л.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Саруул-Ирээдүй ажилдаа ирэхдээ бие нь муу ирсэн. Огиулж атиралдаад намайг түргэн тусламж дуудаад өгөөч гэсэн. Эмч нь үзэж гарч ирээд наад хүн чинь нөхөртөө зодуулсан юм байнаш дээ та яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэж өг гэсэн. Тэгээд би яасан юм бэ, нөхөр чинь зодсон юм уу, үнэнээ хэлэхгүй яасан юм бэ гэхэд харин тиймээ манай нөхөр хэвлий рүү өшиглөж, өвдөглөсөн гэж хэлсэн. Хааяа ажил дээрээ уйлсан, хямарсан байдалтай ирдэг байсан...” гэх мэдүүлэг. /хх 24 дүгээр хуудас/,

Гэрч Э.Цэдэнсодномын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгч хажуу гэрт чанга чанга хэрэлдээд байх шиг байсан ба эгч хүүхдээ дагуулаад өөрийнхөө юмнуудыг аваад ороод ирсэн. Дараа нь ажилдаа явлаа гээд яваад өгсөн. Хүргэн Алтанцоож хоёр хүүхдээ аваад Төв аймаг явчихсан байсан. Өдөр 12 цагийн үед эгчийн ажлаас утасдаад эгч чинь шар ногоон юмаар бөөлжөөд байна, түргэн дуудчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹15468 дүгнэлтэд “Э.Саруул-Ирээдүйн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, нойр булчихайн толгойн хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн хөндий дэх цусан хураа /450 мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо, ... хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх 29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹55 дүгнэлтэд “...Шинжээчийн №15468 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, Э.Саруул-Ирээдүйгийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, нойр булчирхайн толгойн хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн хөндий дэх цусан хураа /450мл/ гэмтэл нь өвчний улмаас үүсэхгүй гэжээ /хх 46-48 дугаар хуудас/,

Өвчний түүх /хх 33-44 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хх 66-75 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 60 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Алтанцоож нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 800А тоотод хамтран амьдрагч Э.Саруул-Ирээдүйтэй ахуйн чанартай маргаан үүсгэн, улмаар хүч хэрэглэн халдаж хэвлийн тус газарт өвдөглөснөөс биед нь санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Алтанцоожид  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.Алтанцоожид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч С.Алтанцоож нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн С.Алтанцоож нь ганц бие эцэг тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэснийг үндэслэлгүй гэж үзлээ. С.Алтанцоож, Э.Саруул-Ирээдүй нар нь хамтран амьдарч тэдний дундаас хоёр хүү төрсөн бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанаас хойш тэд тусдаа амьдарч байгаа гэх боловч тэдний тусдаа амьдарч байгаа, хүүхдүүдийн эх хүнд гэмтэлтэй зэргээс шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Алтанцоож нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.