Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2020/00596

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б.М--ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 тоот мэдэгдлээр  мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг  2019 оны 12 дугаар сарын 31-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б, Н.Н нарын өмгөөлөгч Н.Володъя, гэрч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгээс гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32019/01271 захирамжаар Б.М-оос 107 856 610 төгрөгийг гаргуулж “Манго капитал ББСБ” ХХК-д олгохоор, сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаарт бүртгэлтэй, Н.Б, Н.Н нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан.

Энэ орон сууц нь миний эцэг, эхийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө тул 450 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу 103 806 500 төгрөгөөр үнэлсэн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарын хууль ёсны эрхэд шууд хохирол учруулж төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон. Учир нь үнэлгээний байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж, тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлгээгүй байна. Мөн Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт,... хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан байдаг. Гэвч “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн тайлангаас үзэхэд холбогдох хуулиар тогтоосон дүрэм журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн. 2018 оны байдлаарх судалгааг үндэслэн индексжүүлж үнэлгээ хийсэн бөгөөд тухайн хөрөнгийн тухайн хугацаанд байгаа бодит үнэлгээг гаргах ёстой. Орон сууцыг гэрчилгээн дээр байгаа талбай буюу 50 м.кв хэмжээгээр тооцсон, гэтэл бодит байдалд уг орон сууц нь 80 м.кв талбайтай, энэ хэмжээгээр үнэлбэл 60 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс үзэхэд үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй.

Хариуцагч нь үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар үнэлсэн гэдэг. Гэтэл албан бичигт нь мөн өдөр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томисугай гээд томилсон. Өөрөөр хэлбэл Г.Отгонбаяр нь шинжээч биш байхдаа үнэлгээг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т зааснаар ажлын 3 өдөрт үнэлгээг талуудад мэдэгдэх ёстой. Гэтэл 2019 оны12 дугаар сарын 25-нд мэдэгдсэн нь хууль зөрчсөн, мэдэгдлээр үнэлгээг танилцуулж санал авсан зүйл байхгүй. Иймд үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5.-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 шийдвэрээр Б.М-оос 107 871 610 төгрөгийг гаргуулж “Манго капитал БСББ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Б, Н.Нанарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 03 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаарт бүртгэлтэй, 50 м.кв  талбайтай орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19300994/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19300994/08 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг хийлгэхээр шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК буюу түүний итгэмжпэгдсэн үнэлгээчинг томилоход 103 806 500 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлэгдсэн үнэ 103 806 500 төгрөгийн 70 хувь буюу 72 664 550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болж, энэ тухай талуудад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664, 4/29670 тоот,  өмчлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29986 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд эрх үүргийг тайлбарлан танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Н.Володъяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмчлөгч Н.Б, Н.Н нар нь шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг 2018 оны судалгааг үндэслэн гаргасан нь буруу, бодитой бус, эд хөрөнгийн чанарын шинж байдалтай тохироогүй, 2019 онд засвар хийж хөрөнгө оруулалт хийснийг харгалзаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны шүүгчийн захирамж өөрөө гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн. Уг төлбөрийг гаргуулахдаа барьцааны хөрөнгийн өмчлөгч  нар болох гуравдагч этгээд нарт огт мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгчээс үнийн санал авахдаа хууль зөрчсөн. Хуульд зааснаар үнэлгээ хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б, Н.Н нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  19б байрны 03 тоот  хаягт байршилтай, 50 м.кв талбайтай орон сууц нь зочны 1, унтлагын 2, ажлын 1 гэсэн 4 өрөөтэй. Тухайн орон сууцны гал тогоо, банны өрөө, ариун цэврийн өрөө, коридор, агуулахын өрөөнүүдийн  талбай нь тусдаа 30 м.кв бөгөөд гэрчилгээд уг талбайн хэмжээ ороогүй болно. Манай байр шиг 4 өрөө нь тусдаа 80 м.кв талбай бүхий угсармал орон сууц маш ховор байдаг. Мөн 6,2х1,0 м.кв буюу 6,2 м.кв талбайтай шилэн тагттай. Тус байрны гадна зам, талбайг иж бүрэн бетон болон асфальтан зам тавьж 2019 онд бүрэн тохижуулж амьдрах орчин нөхцлийг дээд зэргээр сайжруулсан. Энэхүү орон  сууцыг бид олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд бий болгосон учраас 480 000 000 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/26670 тоот мэдэгдлээр мэдэгдсэн 103 806 500 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах саналтай байна.  

Б.М нь 2017 оны 05 дугаар сард “Манго капитал ББСБ” ХХК-иас 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 48 хувийн, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба 2018 оны 01 дүгээр сард зээлийн хүүг олгосон мэтээр нэмж тооцон 70  000 000 төгрөгийн зээл дахин авсан болгож тус ББСБ-ын ятгалага, тулган шаардалтад автан 2018 оны 01 дүгээр сарын 16-нд сунгаж гэрээ хийсэн байна. Анх 50 000 000 төгрөгийг зээлж авсан атал тэр нь үржигдэж нэмэгдсээр 107 856 610 төгрөг болж, зээлээс илүү 57 856 610 төгрөг нь хүү болно. “Манго капитал ББСБ” ХХК-ийн энэхүү үйлдлийг бид хууль бус гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дугаартай захирамжаар Б.М-оос 107 856 610 төгрөгийг гаргуулж “Манго капитал ББСБ” ХХК-д олгуулах, сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Н.Б, Н.Н нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  19б дүгээр байрны 03 тоот  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарах үед тухайн байрны өмчлөгч буюу гуравдагч этгээд болох бид хоёрт огт мэдэгдээгүй ба бидний хоорондын итгэмжлэлийн хугацаа ч дууссан байсан юм.

Дээрх үндэслэлээр шүүгчийн захирамж, шүүгчийн захирамжийн дагуу хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлдээ хууль бус гэж үзэж байгаа тул уг ажиллагааны дагуу  үнэлсэн үнэлгээ мөн адил хүчингүй болох ёстой. Өмчлөгч нарын зүгээс Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/26670 тоот мэдэгдлээр мэдэгдсэн 103 806 500 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 103 806 500 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан  Н.Б, Н.Н нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  19б байрны 03 тоот  хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцыг  шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас 103 806 500 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлж өмчлөгч нарт хохирол учруулсан, төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан, шинжээч нь 2019 онд тухайн үеийн байдлаар үнэлэх ёстой атал 2018 оны байдлаар индексжүүлэн үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээс үзэхэд гэрчээр оролцож байгаа үнэлгээг хийсэн үнэлгээчин Г.Отгонбаяр нь шинжээчээр томилогдоогүй байхдаа үнэлгээг хийсэн харагдаж байна, шинжээчийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т зааснаар талуудад ажлын 3 хоногт танилцуулах ёстой, гэтэл 12 дугаар сарын 25-нд танилцуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Орон сууцны өмчлөгч буюу бие шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б, Н.Н нар нь шинжээчийн үнэлгээ бодитой бус, эд хөрөнгийн шинж байдалтай тохироогүй, манай байр шиг 4 өрөө байр маш ховор байдаг, гал тогоо, банны өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, коридорийн өрөөний нийт 30 м.кв талбайнууд гэрчилгээнд ороогүй, 2019 онд орон сууцанд хөрөнгө оруулалт хийж тохижуулан засварласан тул бид 480 000 000 төгрөгөөр үнэлсэн, шүүгчийн захирамжаар бидэнд огт мэдэгдэлгүй шийдвэрлэсэн хууль бус болсон, үүний дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн хууль бус болсон гэж тайлбарлан  дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлгээ тогтоосон, орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 103 806 500 төгрөгөөр тогтоосон, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид  2019 оны 12 дугаар сарын 25-нд мэдэгдсэн, манай байгууллага хууль зөрчсөн зүйлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж,  Б.М-оос 107 856 610 төгрөгийг гаргуулж “Манго капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг  баталгаажуулах тухай” захирамж,  2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 7126 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 591 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 23-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 19300994 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.М-д 2019 оны 11 дүгээр сарын 08-нд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасны дагуу  үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдсөн эсэх талаарх лавлагааг авахаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг явуулж шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах ажиллагаануудыг явуулсан байна.

Төлбөр төлөгч Б.М нь хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 08, 11-ний өдрүүдийн мэдэгдлээр шийдвэрийг биелүүлэх хугацааг тогтоосон боловч уг хугацаанд  төлбөрийг төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1., 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасны дагуу барьцааны зүйл болох гуравдагч этгээд Н.Батбаатар, Н.Намчин нарын  өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  19б байрны 03 тоот хаягт байршилтай,   50 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг  2019 оны 11 дүгээр сарын 11-нд битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 19300994/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 19300994/08  тоот эд хөрөнгө хураасан тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.  

Дээрх тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7., 49., 54. дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 12 дугаар сарын 11-нд төлбөр төлөгч Б.М, өмчлөгч нарт барьцааны зүйл болох 4 өрөө бүхий орон сууцаа үнэлэх, үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байх ба Б.М нь 450 000 000 төгрөгөөр, гуравдагч этгээд буюу өмчлөгч Н.Б, Н.Н нар нь 480 000 000 төгрөгөөр үнэлэхээр үнэлгээний саналаа гаргасан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19300994/06 тоот мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.М-оос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан үнийн санал, Н.Б, Н.Н нараас  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан үнийн санал зэрэг баримтуудаар нотлогдсон.

Төлбөр төлөгч болон өмчлөгч нарын үнийн саналыг төлбөр авагч “Манго капитал ББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12  дугаар  сарын 16-ны өдрийн 03 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК буюу тус компанийн үнэлгээчин Г.Отгонбаярыг  шинжээчээр томилсон байна.

Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК буюу үнэлгээчин Г.Отгонбаяр нь барьцааны зүйл болох Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн 4 өрөө орон  сууцыг 103 806 500 төгрөгөөр  үнэлж,  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г үйлдэж хавсралтуудын хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн  үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээч нь гуравдагч этгээд нарын өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ тус орон сууцны байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан орлогын хандлагын арга, өртгийн хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн арга зэрэг хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг  харьцуулан дүгнэж, уг орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 103 806 500 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас зөрүүтэй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, уг хөрөнгөд 2019 онд хийсэн засвар хөрөнгө оруулалтыг харгалзаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шинжээчийн үнэлгээг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн барьцааны зүйл болох дээрх 4 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээс илүү хэмжээтэй талбайтай болох талаар тодорхойлсон болон энэ нь үнэлгээнд нөлөөлсөн гэх байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал, хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярын “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар барьцааны хөрөнгөд үнэлгээ тогтоосныг, уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Б.М, болон төлбөр авагч талд  2019 оны 12 дугаар сарын 25-нд мэдэгдэж, танилцуулсан нь  хариуцагч байгууллагын  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 тоот, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29986 тоот  мэдэгдлүүдээр, гуравдагч этгээд буюу өмчлөгч Н.Б, Н.Н нарт 2019 оны 12 дугаар сарын 25-нд мэдэгдсэн нь “Монгол шуудан” ХК-ийн тэмдэг бүхий 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/26670 тоот мэдэгдлээр тус тус нотлогдсон байх тул нэхэмжлэгч талын ажлын 3 өрдийн дотор шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, бидний эрхийг зөрчсөн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгөд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээнд гомдол гаргах хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 31-нд шүүхэд гомдол гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг  баталгаажуулах тухай” захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд буюу өмчлөгч  нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй  мөн  “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн албан бичгийг үндэслэн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээч биш гэж үзэх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.М-ын  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон

  

                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тус газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  00631 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

       

 

 

                            ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА