Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2020/00939

2020 оны 03 сарын 24 өдөр  Дугаар 184/ШШ2020/00939 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... сургууль-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн төлөөлөгч М.Т, гэрч З.А, Э.О, Б.Ш, Н.О, Д.Э, Э.О, Б.О, Н.Э, С.Э, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 30 жил ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий боловсролын ... дугаар сургуульд хөгжмийн боловсролын багшаар ажилласан. Захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ба тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны 16 цагт сургуулийн менежер З.Аээс гардан авсан. Ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдийг хөгжүүлэх, бага дунд боловсролын ёс зүйн дүрмийг чандлан баримтлах зэргээр ажиллаж байсан. Гэтэл хүүхдүүдийн эцэг эхчүүдээс дамжин ирсэн явган яриатай холбоотой өргөдөл гомдлын дагуу намайг ажлаас халсанд гомдолтой байна. Хэрвээ би хүүхэд зодсон бол түүнийг гэрчлэх баримт материал байгаа юу гэдэг байна. Эцэг эхчүүдийн зүгээс өгсөн өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боловсролын салбарт 31 жил ажилласан, 3 жилийн дараа тэтгэвэрт гарах учраас ажилдаа эргэн орж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, гаргуулах саналтай байна. Мөн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт Ажлаас халах гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2 дахь хэсгийн заалтууд ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ... дугаар  сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар У.Оийг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар авч ажиллуулсан. Нэхэмжлэгч У.Од 2019 оны 01 дүгээр сард 4 дүгээр ангийн нэр бүхий 18 хүүхдийн эцэг эхээс ирсэн бага насны хүүхдүүдэд дарамт шахалт үзүүлдэг, бага насны хүүхдүүдийг нүдэндээ нулимстай, зүрхэндээ айдастай сургаж байгаа талаар бичсэн гомдлын дагуу сургуулийн захирал хөгжмийн боловсролын багш У.Отэй биечлэн уулзаж амаар сануулга өгч зөвлөн тусалж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/45 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Нэхэмжлэгч У.Од 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн. /Тушаалд техникийн илт алдааны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 гэж бичигдсэн байна./ Нэхэмжлэгчтэй холбоотой суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад давтан /3 удаа/ зөрчил гаргасан бөгөөд суралцагчийг ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог, айлгаж сэтгэл зүйн дарамт үүсгэж байсан нь тогтоогдсон. Тус сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн хурлаар орж өөрийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтын дагуу дуу хөгжмийн багш У.О нь багшийн хувийн журнал хөтлөөгүй, бага дунд боловсролын стандартын хэрэгжилтийн ахиц, үр дүнг тооцдоггүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно.Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 09-ний иргэний гомдол мэдээллийн дагуу Боловсролын хяналтын улсын байцаагч Э.О тус сургуулийн дуу хөгжмийн багш нарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-16/304 тоот албан бичгээр дуу хөгжмийн багш У.Од арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгч У.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т сахилгын шийтгэлийг 3 удаа авсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцохоор заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэгч У.О нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/45, Б/95 дугаар захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрх бүхий байгууллагад гомдол санал гаргаж, маргаан үүсгэж байгаагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гаргана гэж заасанчлан хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гомдол гаргаж маргаан үүсгээгүй байгаа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 5 дугаар зүйлийн 5.1-д: Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж заасан тул захирлын эрхийнхээ хүрээнд У.О багшийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.О нь өмнө эрхэлж байсан ажил болох Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар  сургуулийн хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч У.О нь 2016 оноос хойш Нийслэлийн ерөнхий боловсролын... дугаар  сургуулийн хөгжмийн боловсролын багшаар ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба сүүлд ажил олгогчтой 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж байгаад сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

/ хх 30-31, 139 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь багшлах явцдаа суралцагч хүүхдүүдийн эрхийг зөрчсөн, хуулиар хүлээсэн багшийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

1.    Гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл болон нотлох баримтын талаар

1.1 Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4-т: ...багш нь суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах үүрэгтэй..., мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.6-д: ...багш нь суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй ... гэж заажээ. Нэхэмжлэгч У.О нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Боловсролын тухай хуулийн эдгээр заалтыг зөрчиж тус сургуулийн 9в ангийн сурагчдыг зүй бус үгээр доромжилсон, ялгаварласан, сэтгэл зүйн байдалд хохирол учруулсан болох нь тус сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ баримт, сургуулийн захирлын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон сургуулийн нийгмийн ажилтан З.А, Н.Э нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 46, 52-57, 58-68 дугаар тал/

Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан баримтууд ба шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу цуглуулсан баримтууд болно.

Хүүхдийн эрхийн аливаа зөрчлийг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эсхүл Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шалгаж тогтоосон байхыг хуулиар заагаагүй байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар, эсхүл эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авах үүрэгтэй болохыг хуульчилсан ба нийгмийн ажилтан нь хуулиар хүлээсэн энэ чиг үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг тогтоосон, шалгасан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч У.О нь дээр дурдсанаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хүүхдийн хөгжих эрхэд халдсан байх тул эрх бүхий албан тушаалтан болох сургуулийн захирлын зүгээс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. /хх 41 дүгээр тал/

1.2 Нэхэмжлэгч У.О нь 2019 оны 9 дүгээр сард найрал дууны уралдаанд сурагч хүүхдүүдийг бэлдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу багшийн ажлын үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь сургуулийн Хөгжмийн боловсролын заах аргын нэгдлийн багш нарын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн сургуулийн захиргаанд хандаж гаргасан хүсэлт, найрал дууны уралдаанд бэлтгэсэн хөгжмийн багш нарын ирцийн бүртгэл, захирлын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл болон гэрч Н.Энэбишийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 32-34, 73-81 дүгээр тал/

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.5-д: Ажилтан нь ажил олгогчийн зүгээс санаачлан зохион байгуулж байгаа соёл, хүмүүжил, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагаа, сургалт мэдээллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй гэж заажээ. Мөн ажил таслах нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох талаар сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д заасан байна.

Мэргэшсэн чиглэлийн дагуу сурагчдыг улсын чанартай уралдаан, тэмцээнд бэлдүүлэх нь багшийн ажил үүргийн салшгүй нэг хэсэг мөн тул энэ үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, бэлтгэл сургуулилтыг тасалдуулсан гэж үзэж захирлын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/95 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

1.3 Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т: ...багш нь сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх ... үүрэгтэй гэж заажээ. Хөгжмийн боловсролын багш У.О нь сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх үүргээ биелүүлээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрч Э.О, Н.Э, З.А нарын мэдүүлэг, захирлын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон байна. /хх 103-104 дүгээр тал/

Боловсролын тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хуульд зааснаар багш нь сургууль буюу ажил олгогчийн өмнө хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар үүрэг хүлээхээс гадна хуулийн дагуу гуравдагч этгээд болох суралцагчдын өмнө давхар үүрэг хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэгт хөдөлмөрийн гэрээний зөрчил, дотоод журмын зөрчлөөс гадна суралцагчдын болон сургуулийн өмнө хүлээсэн хууль тогтоомжийн зөрчлийг мөн хамруулж ойлгох ёстой юм.

Иймд багшийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар, ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

1.4 Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ... дугаар  сургуулийн 4ё ангийн эцэг, эхчүүдээс гаргасан хүсэлтийг сургуулийн Нийгмийн ажилтны баг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэж, дүгнэлт гаргасан талаар сургуулийн захиргаанд хүсэлт хүргүүлжээ. /хх 99 дүгээр тал/

Дээрх дүгнэлтээр хөгжмийн боловсролын багш У.О нь сурагч хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хүүхдэд бие махбодын шийтгэл хүлээлгэсэн, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдалд хүүхдийг оруулсан болохыг тогтоосон байна. Сургуулийн нийгмийн ажилтны хамтарсан багийн энэ дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Н.Эийн мэдүүлгээр мөн давхар тогтоогдсон.

Дээр дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар ажилтны нэг жилийн дотор гаргасан сахилгын давтан зөрчилд тооцогдох юм.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т: ...ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 3 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана... гэж талууд тохиролцсон байх тул ажил олгогчийн зүгээс, хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалтыг үндэслэл болгон, У.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цуцалсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч тал нь Б.Х, Г.С, Н.Я нарыг гэрчээр дуудуулж, мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан, мөн шүүхийн зүгээс хавтаст хэргийн 47-49, 101, 102, 114 дүгээр талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг талуудад тайлбарласан боловч талуудын хэн аль нь уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, ишлэхээс татгалзсан болно.

Түүнчлэн нэр бүхий 10 гэрчээс шүүх хуралдааны явцад мэдүүлэг авсан ба зохигч талууд шинээр нотлох баримт /гэрчүүдийн мэдүүлэг/ цугларсантай холбоотой нэмэлт нотлох баримт цуглуулахаас татгалзсан болно.

2.    Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр /тушаал/-ийн талаар

Ажил олгогчийн зүгээс ажилтан У.Оийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т заасныг удирдлага болгон, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй болохыг дээр дурдсан.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б/108 дугаартай тушаал гаргасан байх ба энэ тушаалтай ижил агуулга, дугаар бүхий тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин гаргажээ.

Нэхэмжлэгч У.Оийн: ...2019 оны 12 сарын 11-нд тушаал гарсан. Тэр тушаалыг уншуулаад сургалтын менежер буцааж авсан. Ер нь бол намайг ажлаас халах байнгын дарамттай байгаа учраас намайг халж байна гэж ойлгоод үйлдвэрчний эвлэлд хандаж би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл өгсөн... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ты: ...У.О багш над дээр орж ирж уулзаад би алдаагаа ойлгож байна, энэ хичээлийн жил дуустал ажилламаар байна. Та намайг 8 дугаар сар юм уу, эсвэл 12 дугаар сарыг дуустал ажиллуулаач гэсэн. Би 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын дараа 12 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргасан байснаа 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгаад бүх нэмэгдэлтэй цалинг олгосон... гэх тайлбар, гэрч З.Аийн: ... би захирал дээр ороод энэ багшид хугацаа хэрэгтэй учраас 2019 оны 12 дугаар сарын 31 болгох боломж байна уу, өөрөө хичээлийн жил дуусгах хүсэлтэй байна гэсэн. Захирал хүлээж аваад 2019 оны 12 дугаар сарын 31 болгож өөрчилсөн ... гэх мэдүүлэг зэргээс үзвэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал буюу ажлаас халах шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гэж үзэхээр байна.

Ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажил хүлээлгэн өгөх сүүлчийн хугацааг хойшлуулан тогтоож болдог бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн сургуулийн захирлын тушаал нь хууль зүйн хувьд ажилтныг дахин үүрэгт ажлаас чөлөөлж байгаа биш, харин ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацааг хойшлуулан тогтоосон шийдвэр гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т: Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. хэмээн заасан боловч хуулийн энэ зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргах, ажилтныг ажлаас халагдсан гэж үзэх нь өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн ойлголтууд юм.

Ажил олгогч нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/108 дугаартай Хөгжмийн багш У.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж, У.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг удирдлага болгосон, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тушаал гаргахдаа хэрэглээгүй, мөн ажилтны гаргасан зөрчлийг тушаалдаа нэрлэж заагаагүй зэрэг хууль хэрэглээний болон албан бичгийн найруулга зүйн алдаануудыг гаргажээ.

Дээрх зөрчлүүд нь ажилтныг ажлаас буруу халсан, эсхүл хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

Учир нь, хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэл-гүйгээр цуцалсан гэдэгт хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хуулиар зөвшөөрөөгүй байхад цуцалсан, хууль хэрэглээний урьдач нөхцөл бий болоогүй байсан, эсхүл хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ажил олгогч зөрчиж, өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан болон ажилтны гаргасан зөрчлүүд нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан зэргийг ойлгох нь зүйтэй юм. Харин хуулийг хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа хуулийн буруу зүйл заалтыг ишилсэн, хэрэглэсэн явдал нь хууль хэрэглээний алдаанд тооцогдохоос хууль зүйн үндэслэлгүй шийдвэрт хамаарахгүй юм.

Түүнчлэн, ажил олгогч нь 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, захирлын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хурал дээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл, зөрчлийн талаар ажилтан У.Од мэдэгдсэн байх ба хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар ажилтан буюу гэрээний нөгөө тал мэдсэн нөхцөлд уг зөрчлийг тушаалдаа нэрлэн заагаагүй гэх үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Ажилтан У.О нь захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцлаж байгааг мэдсэн болох нь сургуулийн захирлын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн хурлын тэмдэглэл, шүүх хуралдаанд: ... эцэг эхийн гомдлоор халж байна гэж ойлгосон ... дандаа хүмүүсийн дэгс яриагаар шийдвэр гаргаж байгаа учраас би юм хэлээгүй ... миний гомдлыг хүлээн аваад ажлаа үргэлжлүүлж байна гэж ойлгосон ... 3 удаа өргөдөл бичиж орсон... хэмээн тайлбарласан нэхэмжлэгч У.Оийн өөрийн тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн сургуулийн захиргаанд бичгээр гаргасан У.Оийн өргөдөл, өмнөх сахилгын шийтгэлүүд дээр гомдол гаргаагүй зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэрээ цуцлах болсон үндэслэлийг нөгөө талдаа мэдэгдэх / амаар болон тушаалд нэрлэн заах байдлаар бичгээр мэдэгдэх / явдал нь гэрээний талуудын ил тод байдлын зарчимтай холбоотой ба үүнээс өөрөөр эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй байна. Иймд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд гэрээг цуцлах саналыг бичгээр илэрхийлэх /тушаалд бичих/ шаардлагагүй юм.

Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл буюу гэрээг цуцлах саналыг тушаалд нэрлэн заах ёстой талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заагаагүй тул энэ зөрчил нь хууль зүйн зөрчилд тооцогдох бус харин шийдвэр гаргагчийн бичиг баримт боловсруулахтай холбоотой дутагдалд тооцогдоно.

Дээр дурдсанаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөлд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар талууд хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т харилцан тохиролцсон, гэрээг энэ үндэслэлээр цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар зөвшөөрсөн байх тул хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар  сургуулийн хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч У.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар  сургуулийн хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч У.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ төрлийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР