Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02062

 

 

 

 

 

 

 

 

 

У.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/02478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 429 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: М.Туулсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Батчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.О- ерөнхий боловсролын сургуульд багшаар 30 жил, ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуульд 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс хөгжмийн боловсролын багшаар ажилласан. Тус сургуулийн захирлын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ба тушаалыг 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 16 цагт сургуулийн менежер З.Алтанцэцэгээс гардан авсан. Ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдийг хөгжүүлэх, бага дунд боловсролын ёс зүйн дүрмийг чандлан баримтлах зэргээр ажиллаж байсан. Гэтэл хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс дамжин ирсэн явган яриатай холбоотой өргөдөл гомдлын дагуу ажлаас халсанд гомдолтой байна. Эцэг, эхчүүдийн зүгээс өгсөн өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 жилийн дараа тэтгэвэрт гарах учраас ажилдаа эргэн орж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, гаргуулах саналтай байна. Сургуулийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримталсан. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 буюу ажлаас халах гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2-т заасныг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байх тул хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 429 600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-сургуулийн захирлын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар У.О- нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилласан. Нэхэмжлэгч У.О- нь 2019 оны 1 сард 4 дүгээр ангийн 18 нэр бүхий эцэг, эхээс ирсэн бага насны хүүхдүүдэд дарамт шахалт үзүүлдэг, бага насны хүүхдүүдийг нүдэнд нулимстай, зүрхэнд айдастай сургаж байгаа талаар бичсэн гомдлын дагуу сургуулийн захирал хөгжмийн боловсролын багш У.О-тэй биечлэн уулзаж аман сануулга өгч зөвлөн тусалж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан. 2019 оны 5 сарын 08-ны өдрийн Б/45 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сар 20% бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Б/95 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Нэхэмжлэлтэй холбоотой суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад давтан /3 удаа/ зөрчил гаргасан бөгөөд суралцагчийг ялгаварлан, гадуурхдаг, хэл амаар доромжилдог, айлгаж сэтгэл зүйн дарамт үүсгэж байсан нь тогтоогдсон. Тус сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн хурлаар орж өөрийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар дуу хөгжмийн багш У.О- нь багшийн хувийн журнал хөтлөөгүй, бага дунд боловсролын стандартын хэрэгжилтийн ахиц, үр дүнг тооцдоггүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч У.О- нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/45, Б/95 дугаар захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагад гомдол санал гаргаж, маргаан үүсгэж байгаагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гаргана” гэж заасанчлан хяналт, шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гомдол гаргаж маргаан үүсгээгүй байгаа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н-сургуулийн хөгжмийн боловсролын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч У.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: У.О-ийн нэхэмжлэлтэй Н-дунд сургуульд холбогдох хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10 429 600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 8 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2020/02478 дугаартай шүүхийн шийдвэрээр хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгч хэт нэг талыг барьж хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн өгсөн мэдүүлэгт үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч 12 дугаар сургуулийн захиргаа хөдөлмөрийн сахилгын зөрчил хоёр удаа, ажлаас халах тушаал гаргахдаа эцэг эхийн гаргасан гомдлын дагуу халсан байдаг. Анхан шатны шүүхээс тухайн сахилгын зөрчлүүдийг ногдуулахад нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгуулагад хандаж маргаагүй, хүсэлтүүд бичиж өгч байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халагдах тушаал нь үндэслэлтэй гэж үндэслэх хэсэгт дурдсан байна. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон 12 дугаар сургуулийн ажилтнуудын мэдүүлэгт үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн гэрчээр оролцсон хүмүүс нь тухай сургуулийн ажилтнууд бөгөөд тус сургуульд үргэлжлүүлэн ажиллах ажилчид сургуулийн захиргааны эсрэг мэдүүлэг өгөхгүй, шүүх хуралдааны явцад хууль сануулсан байх атал ямар ч баримтгүй худал мэдүүлэг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У.О- нь хариуцагч Н-сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 429 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч У.О- нь хариуцагч Н-сургуулийн захирлын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар дуу хөгжмийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны 12 сарын 11-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2, дотоод журмын 8.2.4, 8.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 20-21, 118-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т “ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 3 ба түүнээс дээш удаа хүлээсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцална” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Н-сургуулийн захирлын 2019 оны 5 сарын 08-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар нэхэмжлэгч У.О-д багшийн ёс зүйн зөрчил гаргаж, сурагчидтай зүй бус харьцсан алдааг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр сарын үндсэн цалинг, 3 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 41-р тал/, 

 

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.5-д багш нь “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих”, “суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй талаар заасан. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т “ёс зүйн зөрчил болон хөдөлмөрийн сахилга алдсан багш ажиллагсдыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч У.О- нь дээрх хууль, журмыг зөрчиж багшийн ёс зүйн зөрчил гарган, сурагчидтай зүй бус харьцсан болох нь хариуцагч байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн шийдвэр, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2019 оны 5 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч З.Алтанцэцэг, Н.Энхцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ. /хх-ийн 46, 52-57, 58-68 дугаар тал/

 

Мөн тус сургуулийн захирлын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар нэхэмжлэгч У.О-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн багшийн ажлын үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, сургалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, удаа дараа давтан ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. /хх-ийн 69-р тал/

 

Хөдөлмөрийн гэрээний 2.2.5-д “Ажилтан нь ... соёл, хүмүүжил, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагаа, сургалт мэдээллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй” гэж, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д ажил таслах нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох талаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн багшийн ажлын үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, сургалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан зөрчил гаргасан болох нь хөгжмийн боловсролын заах аргын нэгдлийн хүсэлт, ирцийн бүртгэл, захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-ийн 32-34, 73-81 дүгээр тал/

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2019 оны 12 сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагын дуу хөгжмийн багш нарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тус шалгалтаар багш Д.Бямбадорж, У.О- нар нь багшийн хувийн журнал огт хөтлөөгүй, бага, дунд боловсролын стандартын хэрэгжилт ахиц, үр дүнг тооцдоггүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус сургуулийн захирал М.Туулсайханд мэдэгдсэн байх бөгөөд ажил олгогч нь Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн тайлан, зөвлөмжийг үндэслэн ажилтныг 3 дахь удаагаа сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 103 тал/

 

Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “багш нь сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч У.О- нь хуулийн дээрх заалтыг зөрчсөнөөс гадна хөдөлмөрийн дотоод журмын 8.3.6, 8.3.11-т зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдсан, хувийн журнал огт хөтлөөгүй зөрчил гаргасан нь Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт, шалгалтын үр дүнгээр тогтоогджээ. /хх-ийн 104-р тал/

 

Нэхэмжлэгч У.О- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь дээрх байдлаар нотлогдсон, мөн нэхэмжлэгч нь Б/45, Б/95 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор зохих байгууллагад гомдлоо гаргаагүй байх тул дээр дурдсан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн дотор гаргасан сахилгын давтан зөрчил гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч У.О- нь Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөвлөмж, дүгнэлтийг танилцуулаагүй гэж маргаж байх боловч энэхүү тайлбар нь 2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан бичиг хүргэгч Б.Нэмэхбаярын “Э.Оюунтуяа байцаагчийн дуудуулснаар У.О- багшийг дуудсан боловч ирээгүй, коридороор зугтаасан, Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж, албан бичиг ирснийг мэдсэн” гэх тэмдэглэл, шалгалтын дүнг багш нарт танилцуулсан, энэ талаар хурал хийсэн гэх гэрч Н.Энхцэцэг, Д.Энэбиш, Б.Нэмэхбаяр нарын мэдүүлгээр няцаагдаж байна. /2хх-ийн 103-104-р тал/

 

Хариуцагч нь 2019 оны 12 сарын 11-ний өдрийн Б/108 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байсан гэж тайлбарласан ба 2019 оны 12 сарын 31-ний өдөр Б/114 дугаар тушаалаар дээрх тушаалд засвар хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг 40.1.4 болгон өөрчилжээ. Ажил олгогч өөрийн гаргасан тушаалд засвар хийсэн нь хууль зөрчөөгүй, мөн тушаалд техникийн шинжтэй алдаа гаргасан нь ажилтны гаргасан зөрчлүүдийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна. /хх-ийн 117-118-р тал/

 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 429 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/02478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ