Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/00746

 

Иргэн Б.Оргилмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Б.Оргилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Оргилмаагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.6 -д заасныг тус тус баримтлан Б.Оргилмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оргилмааг өмнө эрхэлж байсан Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Б.Оргилмаагийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 849,562 төгрөгөөр тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 680 тоот шийдвэрийг үл зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7 дугаар заалтад “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгтэй тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг. Тус газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээчээр ажиллаж байсан Б.Оргилмаа нь ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн энэхүү зөрчил нь иргэн, аж ахуй нэгжийн өргөдөл, хүсэлт болон бусад зүйлээр нотлогдож байгааг үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шинэ бүтээлийг улсын бүртгэлд авч, хэвлэлд нийтлэх тухай шийдвэр гарсны дараа шинэ бүтээлийн ном зүй, томъёолол болон товч тайлбарыг “Оюуны өмчийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, нийтэд зарладаг ба хэвлэлийн огноог шийдвэрийн мэдээлэл үүсгэсэн огноогоор болгож өөрчлүүлснээс үүдэн сэтгүүлийн дугаарт өөрчлөлт орж, будлиан үүсч, цаашид патент бичигдэж олгогдох асуудалд хүндрэл учирсан болно.

Хэвлэлийн огноог өөрчлүүлснээр Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд авч, хэвлэлд нийтлэх тухай шийдвэр гарахаас өмнө хэвлэгдэж, нийтэд зарлагдсан мэтээр харагдах болсон ба энэ нь Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх заалтыг ноцтой зөрчсөн асуудал юм. Энэхүү автоматжуулсан системд оруулсан өөрчлөлтийг буцааж засвар оруулахын тулд бид гүйцэтгэгч болох БНСУ-ын компанид дахин хандахаас өөр аргагүй байдал үүссэн юм.

Улсын Дээд шүүхийн Төрийн албаны тухай уг заалтыг тайлбарласныг шүүх харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргаж төрийн захиргааны байгууллагыг илтэд буруутгаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан байдаг. Уг зөрчил нь албан үүргээ удаа дараа буюу 2 буюу түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-ийг үндэслэн халсан нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолоор тодорхой тайлбарлаж өгсөн байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/3 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Оргилмааг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

Б.Оргилмаа нь дээрх тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөлүүдийг заасан бөгөөд Б.Оргилмаагийн тухайд хуулийн дээрх заалтад хамаарахгүй, нэхэмжлэгчийг төрийн албанаас халах нөхцөл бүрдээгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “иргэдээс удаа дараа гомдол ирсэн, нэхэмжлэгч ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тайлбарладаг боловч иргэн С.Эрдэнэбал гаргасан гомдлоосоо татгалзсан, Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранбилэгийн гаргасан гомдлыг Оюуны өмчийн газрын Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг үйлчлүүлэгчтэй харилцахдаа тус газрын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль, журмыг чанд сахиж ажиллахыг анхааруулсан байна.

Уг Ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэж, нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзээд маргаан бүхий захиргааны акт гарсан бол 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа өнгөрсөн 2. Нэхэмжлэгчийг гаргасан зөрчлийг хянан шалгаж, тогтоогоогүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна маргаан бүхий акт болох 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/3 дугаар тушаалаар Б.Оргилмааг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР