Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00556

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2358 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль бусаар цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,822,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг тус тус баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 1,057,000 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2358 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 3,057,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “29,918 төгрөгийг” гэснийг “63,862 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 2358 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эд хөрөнгө хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцлагдсанаас учирсан хохирол, олох ёстой байсан орлогоо алдсан тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогддоггүй. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 4,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг олох ёстой байсан ашиг гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,о нь худалдааны төвийн лангуунаас хэдий хэмжээний орлого олсон, үүнээс цэвэр ашиг хэд байсан нь нотлогдохгүй байхад хийсвэр дүгнэлт хийн 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг баримтаар хангалттай бүрэн нотлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн банк дахь гүйлгээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлэн олсон орлого эсэх нь эргэлзээтэй, бодит бус, хэдий хэр хэмжээний ашиг орлого олсон, үүнээс алдагдсан ашгийн хэмжээ зэрэг нь нотлогдоогүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг анхаарч үзээгүй. Олох ёстой орлогын шаардлагын тухайд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

4.2. Хариуцагч талаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон торгууль гэх 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин давж заалдах шатны шүүхийн “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-д илүү зардалд төлсөн 757,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,о нь “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-тай түрээсийн гэрээг хэдэн төгрөгөөр байгуулах эсэх нь талуудын сайн дураар тохиролцох асуудал ба түрээсийн талбай, м2 үнэ зэргийг зах зээлийн үнээс өндөр буюу бага хэмжээгээр харилцан тохиролцож тогтоодог тул ,,,,,,,,,,,,,,,,, худалдааны төвийн түрээсийн төлбөрөөс өндрөөр төлсөн зөрүү төлбөрийг манай байгууллага хариуцах үндэслэлгүй. Хариуцагч талаас эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгаж өгсөн тул шүүхээс “хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан” гэсэн нь үндэслэлгүй байна. Компанийн зүгээс 2020 оны урсгал засварыг зайлшгүй хийх болсон учраас лангууг чөлөөлүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болно. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд гэрээний дагуу төлөх ёстой торгууль 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй. Гэрээнд заасан нөхцөлөөр эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,822,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 1,057,000 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,057,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

7. Хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасны дараа буюу хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос “ ... ,,,,,,,,,,,,,,,,,,,, би “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль бусаар цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагаас 1,057,000 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 7,765,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талаас 3,057,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. ...Нэхэмжлэгч миний бие хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн  хүсэлтийг ирүүлжээ.

8. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй ба мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-ийн дагуу “хяналтын журмаар гомдол гаргасны дараа ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй”.

9. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын татгалзал нь бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2358 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль бусаар цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ