Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00111

 

 

Удирдлагын академи УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 953 дугаар магадлалтай,

 

Удирдлагын академи УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

М.Мөнхболдод холбогдох,

 

Дутуу гүйцэтгэсэн 123 цагийн өрийн үлдэгдэл 4,133,180.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгийн төлөөлөгч С.Зулпхарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ-аас М.Мөнхболдод холбогдуулан 2018-2019 оны хичээлийн жилийн дутуу гүйцэтгэсэн 123 цагийн өр 4,133,180.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...ажил олгогч ажлаар хангаагүй, ...цагийн өрний асуудлыг сургууль комисс байгуулж шийддэг атал тийм шийдвэр байхгүй, ...тухайн хичээлийн жилд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, бусад суутгалыг тухай бүр хийж 2,000,000 төгрөгийн цалингаас 500,000 төгрөг бэлнээр гарт олгогдож байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мөнхболдоос 4,133,180.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 953 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Зулпхар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч М.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэг, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй байхад давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Нэхэмжлэлийн агуулга, шаардлагаас үзвэл хариуцагч М.Мөнхболдод урьдчилан олгосон цалин хөлснөөс хийгээгүй ажилд нь тооцсон цалинг буцаан гаргуулахаар шаардсан байна. Хэрэгт ажил олгогчоос хариуцагч М.Мөнхболдод бодитоор урьдчилан олгосон гэх цалин хөлсний хэмжээг тодорхойлсон талаар баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хийсэн ажил, түүнд олгосон цалингийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд илүү олгосон цалингийн хэмжээг тооцон гаргах боломжгүй юм. Нэхэмжпэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох, шүүх зохигчдын маргаж буй үйл баримтын талаар тодруулах, энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлж улмаар тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ гэжээ.

Гэтэл хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч М.Мөнхболдоос гаргуулах 4,133,180.20 төгрөгийг үл зөвшөөрч, 1,767,405.1 төгрөг гаргуулах атал 2,365,775.1 төгрөгийг илүү тооцож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэжээ. Хариуцагч М.Мөнхболд нь 2018-2019 оны хичээлийн жилд Багшийн ажлын ногдох цагийн гүйцэтгэлийг 123 цагаар дутуу гүйцэтгэсэн. Уг дутуу гүйцэтгэсэн цагийн тооцоог Удирдлагын академийн Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15-т зааснаар Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж тухайн цагт ногдох цалин хөлсийг суутгана гэсний дагуу дутуу гүйцэтгэсэн 123 цагийн хөлсийг буцаан авна. Уг журмын 3.3-т Багшийн гүйцэтгэх ажлын нэг сарын ногдол нь 53 цаг байна гэж зааснаар 53 цагийн ногдлыг хариуцагч М.Мөнхболдын 25 хувиар /профессорын 25 хувь/ тооцоход түүний сард гүйцэтгэх цагийн ногдол нь 13.25 цаг болно. Үүнийг ч хариуцагч М.Мөнхболд давж заалдах шатны шүүх хурал дээр зөвшөөрч илэрхийлсэн бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон магадлалд дурдагдсан.

4.3. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа уг нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг оруулсныг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй болно. Уг тайлбарт задаргаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 5.15-т зааснаар хийгдсэн. Хариуцагч давж заалдах гомдолдоо 123 цагийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, улмаар уг өрийг Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15-т зааснаар суутгадаг гэдгийг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15-т зааснаар суутгал хийдгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн, уг журмын 3.15-т зааснаар хэрхэн суутгал хийснийг нэхэмжлэгч тал хариу тайлбартаа задаргаа хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа хариуцагч суутгал хийх үндэслэлийг тогтоосон Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15 дахь хэсэгт маргаагүй байхад магадлалдаа Хэрэгт ажил олгогчоос хариуцагч М.Мөнхболдод бодитоор урьдчилан олгосон гэх цалин хөлсний хэмжээг тодорхойлсон талаар баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хийсэн ажил, түүнд олгосон цалингийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд илүү олгосон цалингийн хэмжээг тооцон гаргах боломжгүй юм гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад зааснаар ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15 дахь зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнг хэрхэн тооцож цалин хөлс олгох талаар зохицуулсан нарийвчилсан зохицуулалт хүчин төгөлдөр байхад уг журмын дагуу суутгал хийхийг хариуцагч хуралдааны явцад илэрхийлсэн атал Хэрэгт ажил олгогчоос хариуцагч М.Мөнхболдод бодитоор урьдчилан олгосон гэх цалин хөлсний хэмжээг тодорхойлсон талаар баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хийсэн ажил, түүнд олгосон цалингийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд илүү олгосон цалингийн хэмжээг тооцон гаргах боломжгүй юм гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дэх хэсгийг зөрчиж байна.

4.4. Хариуцагч М.Мөнхболдын сарын үндсэн цалин 412,500 төгрөг, нэмэгдэл цалин 123,750 төгрөг, сарын нийт цалин нь 536,250 төгрөг болно. Нийт цалинг сарын цагийн ногдолд хувааж нэг цагийн цалин хөлсний хэмжээ гардаг. Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам-ын 3.15 дахь хэсэгт зааснаар (536,250/13,25=40,472) нэг цагт ногдох цалин хөлс нь 40,472 төгрөг байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт дурдсан задаргаанд хариуцагч М.Мөнхболд эсэргүүцээгүй. Нийт 123 цагийн дутуу гүйцэтгэсэн цагийн хөлсийг нэг цагийн хөлсөөр (123*40,472.=4,978,056) үржүүлж нийт дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс гардаг. Эндээс нийт төлбөр нь 4,978,056 төгрөг гарснаас хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын цалингаас 45,729.06 төгрөг, 08 дугаар сарын ээлжийн амралтын олговроос 649,146.74 төгрөг, 10 дугаар сарын цалингаас 150,000 төгрөг тус тус суутгаж 4,133,180.20 төгрөгийн дутуу гүйцэтгэсэн цалингийн авлага үлдсэн болно.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч 2019 оны 06, 08, 10 дугаар саруудад дутуу гүйцэтгэсэн цагийн хөлсийг суутгаж байхад дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4,133,180.20 төгрөгийн хэмжээнд гомдол гаргаж байгаагүй билээ. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох боломжтой. Үүнийг ч давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй болно.

4.5. Хариуцагч М.Мөнхболд давж заалдах гомдолдоо цагийн өрийн мөнгөн дүнг зөв тооцсон эсэх болон энэ нь Удирдлагын академийн санхүүгийн тайланд үнэн зөв тусгагдсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэсэн. Хариуцагч М.Мөнхболд анхан шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу гэхэд байхгүй гэж хариулсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн эхний хуудсанд бичигдсэн. Мөн шүүх хуралдааны явцад болон хариуцагч анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, алдаатай, үнэн зөв эсэхэд эргэлзсэн талаар огт дурдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлтэй бол хариуцагч уг хүсэлтээ анхан шатны шүүх хуралдаанд гаргах боломж байсан билээ. Мөн шинжээч томилуулах талаар хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтээ гаргасан бол үүний дагуу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүгч захирамж гаргах эрхтэй билээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч энэ талаар хүсэлт гаргаагүй. Мөн хариуцагчийн шинжээч томилуулах асуудал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан эдийн засгийн шинжилгээ хийлгэх нөхцөл байдалд хамаарахгүй байсан. Хариуцагч гомдолдоо цагийн өрийн мөнгөн дүнг зөв тооцсон эсэх болон энэ нь Удирдлагын академийн санхүүгийн тайланд үнэн зөв тусгагдсан эсэхийг тогтоолгох гэжээ. Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журамд заасны дагуу дээрх тооцооллоор дутуу гүйцэтгэсэн цагийн хөлсийг Удирдлагын академийн авлагын дансанд бүртгэж, 2019 оны санхүүгийн тайланд тусгагдсан. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болно. Уг баримт эргэлзээтэй, үнэн зөв эсэхэд хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр маргаагүй болно. Энэ нь хуралдааны тэмдэглэлээр нотлогддог.

4.6. Хариуцагч М.Мөнхболд давж заалдах гомдолдоо ...анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг шинжээч томилуулах үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. Гэтэл гомдолд дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь, хариуцагчийн гомдолд дурдсан асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 953 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дахь заалтын ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ нь хариуцагч М.Мөнхболдод холбогдуулан 2018-2019 оны хичээлийн жилийн дутуу гүйцэтгэсэн 123 цагийн өрийн үлдэгдэл 4,133,180.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...хэрэгт ажил олгогчоос хариуцагчид бодитоор урьдчилан олгосон гэх цалин хөлсний хэмжээг тодорхойлсон талаар баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хийсэн ажил, түүнд олгосон цалингийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд илүү олгосон цалингийн хэмжээг гаргах боломжгүй, ...нэхэмжлэлийн шаардлага түүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох, ...зохигчийн маргаж буй үйл баримтыг тодруулах, энэ хүрээнд мэтгэлцүүлэх шаардлагатай... гэжээ.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...М.Мөнхболд нь Удирдлагын академийн эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимд багшийн ажлын байранд профессорын шатлалаар ажилласан, 2018-2019 оны хичээлийн жилд 354,40 цагийн ногдол биелүүлэхээс 123 цагийн өртэй гарсан, Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын 3.15.-д заасны дутуу 123 цагийн өр нь 4,978,056 төгрөгийн цалинтай тэнцэх бөгөөд ажил олгогч ажилтны 2019 оны 06, 08, 10 сарын цалин, амралтын олговроос нийт 844,875.80 төгрөгийг суутгал хийсэн, үлдэх 4,133,180.20 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...дутуу цагийн гүйцэтгэлтэй маргаагүй, харин дутуу цагийн гүйцэтгэлийг амралтыг нь багасгаж тооцоод дараа жилд нэмж ажил гүйцэтгүүлдэг болохоос дутуу цагийн өр гэж нэр томъёо байхгүй... гэж маргасан байна.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын 3.1.-д багшийн ажлын гүйцэтгэлийг хичээлийн жилээр тооцно, 3.3.-т багшийн гүйцэтгэх ажлын нэг сарын ногдлыг хасч тооцохдоо багшид 53 цаг, ...байхаар тооцно, 3,14.-т ...цагийн тооцоог Сургалтын алба хянаж баталгаажуулна, ...нэгдсэн тооцоог хичээлийн жилийн эцэст гаргаж, гүйцэтгэлийг тооцно, 3.15.-д Багшийн хичээлийн жилд гүйцэтгэсэн ажлын цагийн илүү, дутууг тооцохдоо бодит гүйцэтгэлээс үндсэн ногдолт цагийг хасч тооцно, ...дутуу гүйцэтгэсэн бол Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж тухайн цагт ногдох цалин хөлсийг суутгана гэжээ.

 

Удирдлагын академийн сургалтын албанаас М.Мөнхболд багшийн гүйцэтгэсэн багц ажлыг тооцох хуудас гаргаж, ногдол 345.4 цаг гүйцэтгэхээс 123 цаг дутуу болохыг баталгаажуулсан /хх-48/, Удирдлагын академийн захирлын зөвлөлийн 2019.07.01-ний өдрийн хуралдаанаар цагийн өртэй багш нарын мэдээллийг хэлэлцэж, М.Мөнхболд багшийн тухайд 123 цагийн гүйцэтгэл дутуу, багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмаар нэг цагийн цалин хөлсөөр тооцвол 4,978,000 төгрөгийн өртэй гарсан цагийн өрд ногдох авлагыг санхүүгийн тайланд тусгаж, цалин хөлснөөс суутгах, эсвэл нэхэмжлэл гаргах зэрэг боломжит хэлбэрээр барагдуулахыг дэд захиралд даалгасан, /хх-42/, Удирдлагын академийн захирлын 2019.07.01-ний өдрийн А/226 тушаалаар Тус академийн 2018-2019 оны хичээлийн жилд гүйцэтгэх багшийн ажлын цагийн нормыг дутуу гүйцэтгэсэн багш нарын цагийн тооцоо, суутгах цалин хөлсний хэмжээг хавсралтаар баталсан байх бөгөөд хавсралтын 1-д Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш М.Мөнхболд дутуу цаг 123, суутгах цалин хөлс 4,978,056 төгрөг гэж тусгагдсан байх бөгөөд тушаалыг үндэслэн М.Мөнхболдын цалин, хөлснөөс 844,875.80 төгрөгийн суутгал хийсэн, дутуу гүйцэтгэсэн ажлын цагийн хөлсийг Удирдлагын академийн авлагын дансанд бүртгэж, 2019 оны санхүүгийн тайланд тусгасан /хх-63-67/ үйл баримт тус тус тогтоогджээ.

 

9. Хариуцагч нь ажиллаж байсан хугацаанд ажил олгогчоос дутуу цалин хөлс олгож байсан талаар маргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх зохигчийн маргаагүй үйл баримтыг тодруулахаар шийдвэрийг хүчингүй болгосон нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

10. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлсэн үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Хэдийгээр зохигч хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан боловч ажил олгогчийн олгосон цалин хөлсөнд тохирсон ажлыг ажилтан бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр энэ хэмжээгээр ажилтныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулиар зохицуулагдахаар байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө шилжүүлсэн этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Ажил олгогч ажилтанд тухайн жилд ногдох цалин хөлсийг бүрэн олгосон боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн гүйцэтгээгүй байна. Иймд гүйцэтгээгүй ажлын хөлсийг төлөх үүрэг ажил олгогчид үүсэхгүй гэх үндэслэлээр хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 953 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00614 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт заасныг... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Зулпхарын гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД