Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/00614

 

2020 оны 03 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2020/00614 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Стадион оргил 0, Удирдлагын академи УТҮГ /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0-р хороо, 0 хэсэг, 0 байр, 0 тоотод оршин суух, Б овогт М-н М /РД:0000000/-од холбогдох,

 

4,133,180.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч М.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын академид Эдийн засгийн тэнхимд Доктор, профессорын шатлалд ажиллаж байсан хариуцагч М.М-оос дутуу гүйцэтгэсэн цагийн өр болох 4,133,180.20 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох талаар Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох журмын дагуу цалинг бодож олгодог. Удирдлагын академийн нэг багш нэг хичээлийн жилд 530 цагийн ногдолтой ажилладаг. Нэг сард 53 цагийн ногдол хийснээрээ цалин авдаг. Цагийн ногдлыг сар бүр тооцож болдоггүй учир нь тухайн багш цагийн ногдлоо энэ сардаа биелүүлээгүй байсан ч гэсэн дараа сардаа гүйцээх боломжтой. Сургалтын үйл ажиллагааны онцлогоос хамаарч сар болгон цагийн ноогдлыг тооцох боломжгүй бол тухайн хичээлийн жилийн эцэст тооцон гаргах боломжтой байдаг журмын зохицуулалттай. 530 цагийг ноогдлыг бүрэн гүйцэтгэсэн бол цагийн өргүй гарах, илүү гүйцэтгэсэн бол илүү цагийн хөлс тооцох, 530 цагийн гүйцэтгэлдээ хүрээгүй бол цаг тооцох журмын 3 дугаар зүйлийн 14-т зааснаар суутгал хийгддэг. Урьдчилаад өгсөн цалингаас хийгээгүй ажилд нь олгосон цалингаа эргүүлэн авдаг. Багш 530 цагийг гүйцэтгэхдээ хичээл заах, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаар, зөвлөх үйлчилгээ эрхэлсэн үйл ажиллагаагаар тооцож болно. Хариуцагчийн хувьд 2016 оны эхнээс эхлэн сүүлийн 3 жил дандаа хичээлийн цагийн өртэй гарсан. Хариуцагч багш нь цагийн гүйцэтгэлээ зөвхөн хичээл зааж байсан.Удирдлагын академийн үйл ажиллагааны гол онцлог нь зөвхөн хичээлийн цагаар цагийн гүйцэтгэлээ гүйцээх биш эрдэм шинжилгээний ажил болон зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгэж болдог. Энэ үйл ажиллагааг хариуцагч тал огт хийж байгаагүй зөвхөн хичээл зааж байсан тул дандаа цагийн өртэй гарсан. Хариуцагч тал өмнөх 2 жилийн хичээлийн жилд үүссэн өрөө үл маргах журмаар төлж барагдуулсан. Харин одоо бол хариуцагчаас 2018-2019 оны хичээлийн жилд 123 цагийн өртэй гарсан. Энэ 123 цагийн өрнөөс суутгалаа хийсээр байгаад одоогийн байдлаар 4,133,180.20 төгрөг дутуу байгааг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Удирдлагын академид багшаас, дэд захирал хүртэл ажиллаж байсан.Сургалтын цагийн ажил, цагийн өрийг 3 төрлийн ажлаар гүйцэтгэх ёстой. Гэтэл 2016 оноос захирал солигдсоноос хойш намайг эрдэм шинжилгээний зөвлөлөөс хасаж эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй болгосон. Мөн хичээл баталж гаргахдаа миний заадаг хичээлийг 5 багшид хувааж заалгахаар болгосон тул би хичээлийн цагийн өрөнд орсон. Миний хувьд энэ өр гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тиймээс би хичээлийн цагийн өрөнд 4,133,180.20 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч өөрөө ажил олгох тэр боломжоор нь хангах ёстой байсан боловч тэгж хангаагүй байж илүү өгсөн цалин гэж нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цагийн өрний асуудлыг сургууль комисс байгуулж шийддэг. Гэтэл тийм шийдвэр ч байхгүй. Дээрээс нь би тойрох хуудсаа зуруулаад тооцоогүй болсон гээд явсан байсан. Удирдлагын академийн 2017-2018 он, 2018-2019 оны хичээлийн жилд нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл, бусад суутгал тухай бүр хийж байсан. Надад 2,000,000 төгрөгийн цалингаас 500,000 төгрөгийн цалин л гарт ирж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ 4,133,180.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч М.М-од холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч М.М нь 2016 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ажил олгогч Удирдлагын академитай багшийн албан тушаалд профессорын шатлалд, сарын үндсэн цалин нь 1,500,000 төгрөг, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх 61-65/

 

Дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмаар нэг хичээлийн жилд заах багц ажлын хэмжээг тогтооно. Ажлын гүйцэтгэлийг хичээлийн жил бүрийн эцэст Акедимийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг дуусгавар болгох эсэх тухай шийдвэр гаргана , мөн гэрээний 3.2.2-д Ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт,... Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журам болон холбогдох бусад дүрэм журамд нийцүүлэн чанартай, бүрэн биечлэн гүйцэтгэх гэж заажээ. /хх 61,62/

 

Хариуцагч М.М ажил олгогчтой дээрх Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Удирдлагын акедимийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын дагуу хичээлийн жилд заах багц, ажлын хэмжээгээр тогтоосон ажлыг хийж гүйцэтгэх, журмыг баримталж ажиллах, журмын дагуу ажлын гүйцэтгэлийг тооцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул хариуцагч Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.

 

Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын 3.3-д Багшийн гүйцэтгэх ажлын нэг сарын ногдлыг хасч тооцохдоо багшид 53 цаг, ... байхаар тооцно гэж журамласан байх тул нэг хичээлийн жилд багш 530 цагийн ажил гүйцэтгэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна. /хх 42/ Мөн журмын 3.5, 3.6-д сургалтын ажлын гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар журамласан байх тул багш хичээл заахаас гадна журмын 3.5, 3.6-д заасан ажлын гүйцэтгэлээр хичээлийн жилд ажлын гүйцэтгэлээ тооцуулах боломжтой байх тул ажил олгогч ажил олгоогүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна./хх 42-45/

Хөдөлмөрийн гэрээний 2.7-д ... Ажлын гүйцэтгэлийг хичээлийн жил бүрийн эцэст Акедимийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг дуусгавар болгох эсэх тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Удирдлагын академийн захирлын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, профессор М.М ... нарт цагийн өрийн талаар мэдэгдэл өгөх, гарсан цагийн өрд ногдох авлагыг санхүүгийн тайланд тусгах, М.М ... нарт олгох аливаа цалин хөлснөөс суутгах эсвэл нэхэмжлэх, мөн 2018-2019 оны хичээлийн жилийн багш нарын ажлын гүйцэтгэл хүснэгтээр хариуцагч М.М нь 123 цагийн дутуу ажлын гүйцэтгэлтэй болох нь тус тус тогтоогдож байна. /хх 48,52 /

 

Мөн 2018-2019 оны хичээлийн жилийн ажилласан жилд ногдох ээлжийн амралтын олговроос дутуу гүйцэтгэсэн цагийн тооцооны төлбөрийг нэхэмжлэгч суутган авсан боловч хариуцагч М.М сургуулийн захиргаанд хүсэлт гаргасны дагуу ар гэрт нь гарсан гачигдлыг хүндэтгэн үзэж ээлжийн амралтын олговроос 560,000 төгрөгийг түүний хүсэлтээр хариуцагчид олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдож байх ба хариуцагч ээлжийн амралтын олговроосоо уг цагийн тооцооны төлбөрт 649,146 төгрөг суутгуулсан, үлдэх хэсгийг нэхэмжлэгч нэхэмжлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байна./хх- 68,74/

 

Учир нь хариуцагч ээлжийн амралтын олговроос дутуу гүйцэтгэсэн цагийн тооцооны төлбөр суутгахад тухай үед маргаагүй болох нь нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч түүний хүсэлтээр ээлжийн амралтын олговрын зарим хэсгийг олгож, дутуу гүйцэтгэсэн цагийн тооцооны төлбөр нэхэмжилсэнг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд хариуцагч маргаж, төлөхгүй гэх хүсэл зоригоо илэрхийлсээр байхад шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бол нэхэмжлэгчийн буруу болно. Тэгвэл хариуцагч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчтэй маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан ба хичээлийн жилд 153 багц цаг хангаж багш ажил үүргээ гүйцэтгэхээр, цалинг урьдчилан сар бүр ажил олгогч олгож байхаар, хичээлийн жилийн эцэст 153 багц цаг хичээл заах ажил, үүргээ биелүүлээгүй бол цалин хөлс болон бусад хэлбэрээр суутгахаар зохичид хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон тул хариуцагчаас хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй авсан цалин хөлс 4,133,180.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М-оос 4,133,180.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Удирдлагын академи УТҮГ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжинд 81,081 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ