Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0113

 2019 оны 2 сарын 20 өдөр                   Дугаар                                    Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0113                              

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Боржигон овгийн Д.Ж /РД:**/.

Хариуцагч: Хууль сахиулахын их сургууль.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай” захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “... Миний бие нь 2000 онд Цагдаагийн Академийн анхан шатны сургалтын төвд дамжааны даргын туслахаар орж, улмаар Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд тасралтгүй, тогтвор суурьшилтайгаар 18 жилийн хугацаанд дэд ахлагчаас ахмад цолтойгоор Цагдаагийн мэргэжлийн сургалтын төвийн жагсаалын дарга, Цагдаагийн академийн захиргаа  дэг журам соёл хүмүүжлийн албаны дамжааны захирагч, Дотоод хэргийн их сургуулийн дамжааны захирагч, дамжааны захирагч багш, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багш, албаны зохион байгуулалт ёс журам хариуцсан ажилтан, Цэргийн албаны зохион байгуулалт ёс  журмын  офицер багш зэрэг албан тушаалуудад ажиллаж,  Цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн ур чадвартай алба хаагчдыг төгсгөн гаргах тэдгээрийг цэргийн эрдэмд мэргэшүүлэх, сурган хүмүүжүүлэх ажлыг үр  бүтээлттэйгээр зохион байгуулан ажиллаж ирсэн билээ. Ажиллах хугацаандаа сахилга ёс зүйн ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

Гэтэл Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6/463 тоот тушаалаар Цагдаагийн сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицерын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ба энэхүү тушаалыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6/463 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж байна.

Төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх наад захын хууль зүйн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, оролцогчийг бичиг баримттай танилцуулах зэрэг ажиллагааг хуулийн дагуу бүрэн хэрэгжүүлэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 1.4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан. Намайг ямар албан тушаалтны шийдвэрээр, хэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгаа талаар танилцуулж, тайлбар тодорхойлолт аваагүй, шалгалтын дүн, холбогдох материалыг танилцуулж, нэмэлт тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр хангаагүй.

2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулиас зохион байгуулсан, Цагдаагийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үед зарим албан хаагчдын хооронд хэрүүл маргаан, зодоон болох үеэр миний бие уг зодоон маргааныг салгасан бөгөөд уг асуудлын талаар албаны шалгалт явагдаж, үр дүнг нь хэлэлцсэн Хууль сахиулахын их сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар миний бие орсон. Уг хурлаар 2018 оны 6 дугаар сард болсон үйл ажиллагааны талаар яригдаж, энэ асуудлаар тайлбар өгнө гэсэн ойлголттой байтал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн н.Отгонбаяраас  “Д.Ж нь Цагдаагийн сургуулийн дамжааны дарга н.Баттулгыг дарамталж утасны төлбөрөө төлүүлсэн, баранд даалгуулсан, ажлын үр дүнг буруу үнэлж С үнэлгээ тавьсан” гэсэн огт сонсож дуулаагүй мэдээлэл хийсэн. Дамжааны дарга Баттулгын ярьсан, мэдээлсэн зүйлийн талаар надаас тайлбар авч, үнэн зөвийг нягтлан шалгалгүйгээр ганц хүний гүтгэлгийн чанартай мэдээллээр намайг ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Тушаалын үндсэн хэсэгт “Цагдаагийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер багш, цагдаагийн ахмад Д.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.5,13.1.11, Хууль сахиулах их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.15, Хууль сахиулах их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6.3, 5.6.8-т заасныг тус тус зөрчсөн тул төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахмад цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсугай” хэмээн дурджээ. Энэхүү хэсэгт зөрчил гаргагч нь ямар хууль зүйн факт буюу сахилгын зөрчил гаргасан энэ нь ямар хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн болохыг тодорхой тусгах ёстой. Гэтэл энэхүү тушаалд факт буюу зөрчлийн талаар тусгалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг зөрчсөн. Миний бие үүнд маш их гомдолтой байгаа ба арга хэмжээ авч байгаа үндэслэл нөхцөл байдал тодорхойгүй, цагдаагийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүмүүсийг зодолдож байхад нь салгасан үйлдэлд шууд ажлаас халах тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй хэмээн үзэж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26.1-д мөн хуулийн 13-р зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан шийтгэл ногдуулахаар заасан.

Тушаалд заасан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5,3.1 11, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.15, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6.3, 5.6.8-т заасан заалтуудыг зөрчөөгүй. Миний бие нь өргөсөн тангаргаа зөрчсөн, хамт олон, олон нийтийн хүндэтгэлийг хүлээгээгүй, албан үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж хамт олныхоо нэр хүндийг сэвтээсэн, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг дарамталсан, эрхшээлдээ байлгасан үйлдэл огт гаргаагүй, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 5.6.8-ийг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, миний бие нь ажлын цагаар, ажлын байранд, дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тухай үед Цагдаагийн сургуулиас нэгдсэн зохион байгуулсан Цагдаагийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд их сургуулийн байрлалд бус амралтын цагаар, амралтын газар оролцсон болно.

Харин хамт ажилладаг Бас мөнгө зээлж, утасны төлбөрөө төлсөн, ажлын бус амралтын цагаар хамт олон, найз нөхөдтэйгээ баранд орж, өөрийнх нь хүсэлтээр Бар тооцоо хийлгүүлсэн, ажлын үр дүнг буруу үнэлж С үнэлгээ тавьсан гэх шалтгаан нь тушаалд заасан хууль, ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчөөгүй. Уг үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзлээ ч намайг ажлаас халалгүйгээр өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хууль Сахиулахын Их сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/463 тоот “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү. Өнгөрсөн хугацааны цалин 8.476.587 төгрөг болж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “...Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/463 тоот тушаалаар Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Д.Жыг нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас халсан байна. Уг тушаалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, төрийн албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журмууд, холбогдох эрх зүйн актуудыг ноцтой зөрчсөн хууль бус акт байна.

Хэлбэрийн хувьд хэлэхэд, төрийн албан хэрэг хөтлөлтийн журамд заасан шаардлагад нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан байна. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хэсэг тодорхойгүй, хууль зүйн үр дагавар үүсэхэд чиглэгдсэн факт нь хаана байгаа нь ойлгомжгүй. Албаны шалгалтын үйл ажиллагаа явуулсан тухай хурлын тэмдэглэл байна. Хэрэв энэ хүн алдаа гаргасан бол аль шийтгэлийг ногдуулж байгаа нь тодорхойгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасны дагуу бодит нөхцөл байдлыг тусгаагүй гэж үзэж байна. Илт утга агуулга, бодит нөхцөл байдлыг заагаагүй, хууль бус захиргааны акт тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээх шаардлагатай.

Тушаалд дурдсан хуулийн зүйл заалтуудыг авч үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2-т заасныг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хуульд үндэслээгүй бөгөөд захиргааны актын шаардлагыг харгалзаж үзээгүй тушаалыг гаргасан. Тухайн нөхцөл байдал үүсэх үед нэхэмжлэгч амралтанд амарч байсан. Үүнийг төрийн албаны үйл ажиллагааг эрхэлж байсан гэж үзэж болох уу?, хамт олноороо амарч байгаа хүмүүс зодолдсон байх ба үүнийг салгасны төлөө ажлаас чөлөөлж болох уу?

Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн материалтай танилцлаа. Албаны шалгалт явуулахдаа олон хууль тогтоомжийг зөрчсөн байна. Хэн ч хуулиас гадуур бусдыг байцаан, шалгах эрхгүй. Уг албаны шалгалтын гэх тэмдэглэлээс харахад байцаалтын шинжтэй байна. Буруутай албан тушаалтнаас тайлбарыг авалгүй, тулгасан байдалтай асуудлыг шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...Тус Их сургуулийн Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багшаар ажиллаж байсан Д.Ж нь 2018 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Төр хурах” амралтын газарт Цагдаагийн сургуулийн хамт олны зохион байгуулсан арга хэмжээний үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын байрласан гэрт агсан тавьж, дамжааны захирагч багш цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттулгыг зодсон гэх үйлдэлд албаны шалгалт хийх үед, түүний хувийн байдлыг тодорхойлох явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа дамжааны захирагч багш Ч.Баттулгыг өөрийн эрхшээлд олон нийтийн газар үйлчлүүлж 220.000 төгрөгийн тооцоо хийлгэх гэх мэтээр байлгаж дарамт үзүүлсэн, түүнчлэн сонсогч Б.Сд хууль бус шаардлага тавьж, хичээл сургалтын ангид оруулж, сонсогч хамт олны өмнө дээрээс нь дэвсэлж, шүлсээ нулиман, нүцгэлж дотуур хувцастай 3 дугаар давхрын коридороор явуулсан, гараар нь олон нийтийн бие засах газар цэвэрлүүлж бүдүүлэг авир гаргасан, сонсогч суралцагчдаас шатахуун, гар утасны төлбөр гарган авч байсан зэрэг сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь шалгалтаар нотлогдож, түүний гаргасан үйлдэлд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.11, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.15, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6.3, 5.6.8-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэн Д.Жыг байлцуулан, Их сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/463 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2-д заасныг тус тус үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахмад цолыг хураасан.

Д.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна гэжээ. Нэхэмжлэлд дурдсан Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоол нь төрийн захиргааны албан хаагчид хамаарах эрх зүйн зохицуулалт учраас Цагдаагийн байгууллагын алба хаагч буюу төрийн тусгай алба хаагчид хамаарахгүй эрх зүйн акт гэж үзэж байна.

Үндэслэлийг тайлбарлавал, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар буюу 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна: Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан 8.1.6. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарна” гэжээ.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 74.5 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын цагдаагийн цолтой алба хаагч нь цагдаагийн алба хаагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан учраас Д.Ж нь төрийн тусгай албан хаагч болох нь батлагдаж байна.

Нэхэмжлэлд дурдсан ямар албан тушаалтны шийдвэрээр, хэний гаргасан гомдол мэдээллийн дагуу, ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгаа талаар танилцуулж, тайлбар тодорхойлолт аваагүй, шалгалтын дүн, холбогдох материалыг танилцуулж, нэмэлт тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр хангаагүй гэх гомдолд дараах тайлбарыг гаргая.

Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль Цагдаагийн сургуулиас зохион байгуулсан арга хэмжээний үед тус сургуулийн алба хаагчид хоорондоо маргалдаж, багш Б-г гэмтээсэн үйлдэл гарч, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгагдсан асуудлыг шалган шийдвэрлэхтэй холбогдуулан бүрэлдэхүүн сургуулийн захирлын мэдээллийн дагуу Их сургуулийн захирлаас үүрэг өгч, Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албанаас болсон нөхцөл байдлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шалгасан. Шалгалтын явцад Д.Жы албан тушаалаа ашиглаж, бусдыг эрхшээлдээ байлгасан, сонсогч оюутантай зүй бусаар харьцсан зөрчлүүд шинээр илэрсэн тул Төрийн албаны хуулийн 26.4-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан.

Шалгагдах хугацаанд Д.Жы гаргасан зөрчлийн талаар удаа дараа тайлбар авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Их сургуулийн захирлын зөвлөлийн ээлжит 7 дугаар хуралдаанаар Д.Жыг өөрийг нь байлцуулан түүний гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсгох ажиллагааг гүйцэтгэсэн.

Зөвлөлийн хурлын үед хэний шийдвэрээр албаны шалгалт явуулсан, гаргасан зөрчил нь ямар үндэслэл, нотлох баримтуудаар нотлогдож байгаа, албаны шалгалт болон ногдуулах сахилгын шийтгэлийн талаар нэмэлт тайлбар, ярих зүйл байгаа эсэхийг асууж танилцуулсан нь мөн хуулийн 27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.3.биечлэн уулзах хэлбэрээр сонсгох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Түүнчлэн мөн хуулийн 28.1.6. дахь хэсэгт дурдсан “төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол” сонсгох ажиллагааг хийхгүй байж болно гэж заажээ.

Түүнчлэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Хувь хүний нууцыг хамгаалах, 20.1 Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн зарим үйлдэл нь тухайлбал хувь хүний нууцтай холбоотой учраас сонсогч нараас өгсөн мэдүүлгийг нэг бүрчлэн танилцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Зөвлөлийн хурлаар гаргасан зөрчлийн талаар тодорхой хэлэлцэж, шийдвэрлэн, Захиргааны хяналтын дагалдах хуудсыг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байх тул гомдолд дурдсан зөрчлийн талаар танилцуулаагүй, ямар зөрчилд гаргасан тухайгаа мэдээгүй мэт дүр эсгэж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Түүнчлэн Их сургуулийн захирал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөдөл хүсэлтэд хууль тогтоомжийн дагуу хариу өгсөн.

Сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26.1-д хуулийн 13-р зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан шийтгэл ногдуулахаар заасан байхад ажлаас халалгүйгээр өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3 дахь хэсэг захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана гэснийг зөрчөөгүй болно. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж заажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаврын 1.1 дэх хэсэгт Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах, 1.3 дахь хэсэгт “Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх” тухай үүрэг болгосон.

Д.Ж нь бусдыг эрхшээлдээ байлгасан, сонсогч оюутантай зүй бусаар харьцаж, сонсогч оюутнуудын дэргэд бүдүүлэг авир гарган зодож, дээрээс нь дэвслэн, шүлсээ хаяж, сургуулийн коридороор дотуур хувцастай нь явуулсан, гараар нь нийтийн бие засах газрын суултууруудыг цэвэрлүүлсэн, хувийн хэрэглээний шатахууны мөнгө, гар утасны төлбөр гэх мэт татаас авдаг зэрэг зөрчил үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул Монгол Улсын хууль сахиулах салбарын мэргэшсэн хүний нөөц бэлтгэж байгаа Хууль сахиулахын их сургуулийн төрийн тусгай алба хаагчийн ёс зүйд тэнцэхгүй гэж дүгнэсэн учраас сахилгын шийтгэлийг шат дараалан хэрэглэх шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 26.1.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан болохоо үүгээр тайлбарлая. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан дахин шалгуулах, нэмэлт тайлбар гаргуулах, ямар албан тушаалтны шийдвэр, хэн нэгэн хүнээс гомдол гараагүй байхад шалгасан зүйл байхгүй. Тухайн үед албаны шалгалт Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Албаны дотоод хяналт шалгалт явуулах тухай” журмын хүрээнд хийгдсэн учраас нэхэмжлэгчид цаг тухайд мэдэгдэж байсан гэдгийг хэлье.

Иймд Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны Б/463 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул иргэн Д.Жы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер багш цагдаагийн ахмад Г.Мөнх-Эрдэнэ би нэхэмжлэгч Д.Жы гаргасан нэхэмжлэлд ямар нэгэн санал гомдол байхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд хандан “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинд 8.476.587 төгрөгийг нөхөн гаргуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох, бичиг баримттай танилцуулах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, хууль бус шийдвэр гаргаж эрх, ашиг сонирхлыг хөндсөн, маргаан бүхий акт нь төрийн албан хэрэг хөтлөлтийн журам болон Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 40.2.3-д заасан шаардлагад нийцээгүй гэхчлэн маргаж байгаа бол, хариуцагчийн зүгээс албаны шалгалтаар тогтоогдсон зөрчилд нь холбогдуулан нэхэмжлэгчийг өөрийг нь байлцуулж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, албан тушаалаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

            Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлтэй холбогдуулан ямар нэгэн саналгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/463 дугаар тушаал[1]-аар нэхэмжлэгчид “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай” сахилгын шийтгэл ногдуулсаныг нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон авч үзсэн ба уг акт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургууль”-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.2-д заасныг үндэслэн гарчээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 17-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багш Б-г зодсон, 2016 аас 2017 оны хооронд нийт найман улирал, улирал бүрт 60.000 төгрөгийг хувийн автомашины шатахууны төлбөрт сонсогч нараас авдаг байсан, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонсогч оюутан Б.Сг зодсон, 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 120.000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын  сүүлээр 60.000 төгрөг, мөн 40.000 төгрөг нийт 220.000 төгрөгийг багш Ч.Бас гаргуулан, каракоед орж уусан архины тооцоо хийлгэх, утасны төлбөр төлүүлэх зэргээр дарамтлах байдал гаргасан хэмээн нэхэмжлэгчийг буруутгаж, энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1: “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.5: “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.11: “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.5: “Монгол Улсын хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 33.1.15: “хууль тогтоомж, Их сургуулийн бие бүрэлдэхүүний дагаж мөрдөх дүрэм, журам болон бусад эрх зүйн актыг сахин биелүүлэх”, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1: “Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа багш, ажилтан, сонсогч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн зарчмыг баримтлана”, 5 дугаар зүйлийн 5.1: “өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, зан байдлаараа хамт олон, сонсогч, ард иргэд олон нийтийн хүндэтгэлийг хүлээж ажиллана”, 5.5: “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, хамт олны нэр хүндийг өргөж, сэвтээх үйлдэл гаргахгүй ажиллана”, 5.6.3: “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, 5.6.8: “дүрэмт хувцастай, ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргах” гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ.

            Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.6-д: “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх,  ... мэргэжилтэн хамаарна”, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх ба багш, ажилтан нар нь төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол хэрэглэж, ялгах тэмдэгтэй байна”, мөн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.2-т: “Их сургуулийн багш, ажилтан нар нь төрийн тусгай албан хаагч байна” гэснээс үзвэл нэхэмжлэгч /албан хаагч/-ийн эрх зүйн байдал нь төрийн тусгай албан тушаал байна.

            Тэгэхээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “энэ хуулийн 13, 15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэл ногдуулна” гээд 26.1.3: “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж, төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулахаар /26.3/, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй /26.4/ хэмээн зааж зохицуулсан байжээ.

            Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/25 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт явуулах журам[2]”-ын дагуу хариуцагч захиргааны байгууллагын зүгээс албаны шалгалт явуулсан ба нэхэмжлэгч нь захиргааны актад дурдсан зөрчлүүд гаргасан болох нь албаны шалгалт явуулсан тухай илтгэх хуудас[3], Цагдаагийн сургуулийн хурлын тэмдэглэл[4], Хууль сахиулахын их сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл[5] зэргээр нотлогдож байна.

            Тодруулбал, Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багш, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баттулгын тайлбарт: “... а/х Д.Ж намайг цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би та 3 намайг бага дээрлэхээрэй, тэгвэл нэг нэгээрээ зодолдъё гэтэл тэр гурав нийлж над уруу дайрч намайг цохисон. Тэгээд би зугтаагаад хашааны захад сууж байхад хошууч Г.О ирээд дахиад алгадаад, өшиглөөд цохиод байсан. Тэгээд байж байтал а/х С.Б, а/х Д.Ж хоёр ирээд дайраад байсан. Д.Ж ахмад ер нь бол тиймэрхүү дарамтлах байдал гаргаж сонсогчдын хажууд элдэв янзаар хэлж дарамталдаг байсан.

2018 оны 3 дугаар сарын дундуур ажил тараад 19 цагийн орчим 13 дугаар хороололд байрлах “Хүлэг” каракоед 120000 төгрөгийг тооцоог машинаа зарсан тул намайг даа гэж хэлсэн, 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр а/х Д.Ж хамт явъя, миний төлбөрийг цуг хийчих би чамд дараа өгье гэж хэлээд утасны төлбөрөө төлүүлсэн, мөн 4 дүгээр сарын сүүлээр .... бид гурав Д.Ж ахмадыг хүлээгээд сууж байтал нилээд халамцуу архи уучихсан ажлаас гарч ирсэн. Бид 4 яваад хэсэг сууж шар айраг ууж байгаад би түрүүлээд гэртээ харьж явтал намайг араас дуудаад төлбөр тооцоогоо хий хаашаа алга болчихов гэснээр би буцаж очиж 60.000 төгрөгийг тооцоо хийсэн. Би ахмад Д.Жд гурван удаа нийт 220.000 төгрөг зарцуулсан” гэжээ.

Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Бямбахүүгийн тайлбарт: “... ахмад Д.Ж дамжааны захирагч багш, ахлах дэслэгч Ч.Бд хэдэн үг хэлж байсан. Тэгэхлээр нь дүү нар чимээгүй бай гэтэл С.Б чи намайг дүү гэлээ гэсээр агсраад босоод ирсэн. Энэ үед ширээ тас гээд цохих шиг болсон, ширээн дээр байсан зүйлс гэрэл цохиж унтарсан” гэжээ.

Цагдаагийн сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Г.Оын тайлбарт: “... Д.Ж шинжлэн магадлахуйн 2 хурандаа гадаа бороонд нороод байж байхад та нар багш нартаа анхаарал тавьсангүй гэж уурлан ширээ цохиж ширээн дээр байсан зүйлс унаж, доогуур асгарсан тэр үед юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, Б, Бямбахүү нар хоорондоо маргаад босоод ирсэн ба Бямбахүү хойшоогоо савж газар унаад, дээрээс нь "Бодь-Интернэшнл" ХХК дараад унасан, тэгээд зууралдаад тал талаас хүмүүс салгасан” гэжээ.

Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багш, цагдаагийн ахмад С.Бийн тайлбарт: “... ахлах дэслэгч Ч.Бтай согтуу байсны улмаас ам муруйж муудалцан гар зөрүүлсэн. Энэ үеэр ахмад Д.Ж бид хоёрыг салгасан” гэжээ.

Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч багш, цагдаагийн хошууч Ц.Бямбацогтын тайлбарт: “... Энэ үед а/х Д.Ж ширээ цохиод авахад ширээ нь дээр байсан шилтэй зүйлс газар унаад 2 ноцолдож байсан хүмүүс гэрийн баганад хүрснээр гэрийн тог тасарсан” гэжээ.

Шинжлэн магадлахуйн институтийн багш, цагдаагийн хошууч Д.Алтантуяагийн тайлбарт: “... Баттулгын нүүр нь нэлээн хавдсан байдалтай аман дэрээрээ 00-ийн цаасаар дарсан байдалтай орж ирсэн. Юу болов яагаад ийм болчихов гэтэл Б нөгөө гурав нийлээд намайг зодчихлоо гэхээр нь хэн гурав гэхэд Б, Ж, О гээд яриад сууж байтал тэр гурав орж ирсэн. Тэгээд Л юу болоод хоорондоо зодолдоод байгаа юм бэ гэхэд Б та нарт ямар хамаатай юм гэхэд Бямбахүү багш дүү нар юу болоод ахлах офицеруудын урдаас том том дуугараад байгаа юм гэхэд ... Д.Ж та нар ер нь яах гээд байгаа юм гээд ширээ хоёр цохиод, ширээг хөмрөхөд Б багана өшиглөсний улмаас гэрэл унтарсан” гэжээ.

Шинжлэн магадлахуйн институтийн багш, цагдаагийн хошууч З.Сийн тайлбарт: “... Гадаа хүмүүс муудалцаад байхаар нь гараад харсан чинь хашааны ойролцоо Б, Б, О, Ж нар муудалцаад зодоон хийгээд байсан. Б болиочээ гээд орилоод байсан. ... Д.Ж та нар ер нь яах гээд байгаа юм гээд ширээ хоёр цохиод, ширээг хөмрөхөд Б багана өшиглөсний улмаас гэрэл унтарсан гэжээ.

Шинжлэн магадлахуйн институтийн захирал, цагдаагийн дэд хурандаа Б.Лгийн тайлбарт: “... Ж, О нар орж ирсэн ба байрандаа очиж амар, маргааш эрүүл болохоор чинь уулзана гээд гэрээс гаргасан. Гэтэл удалгүй тэд дахин орж ирж маргаан үүсгэж, энэ үед Д.Ж гэрт байсан ширээг авч шидсэн ба тэр агшинд гэрэл унтарсан” гэжээ.

Цагдаагийн сургуулийн лаборант энгийн Э.Гын тайлбарт: “... гэрт очиход Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б нь зодуулчихсан байдалтай байсан” гэжээ.

            Цагдаагийн сургуулийн 342 дугаар дамжааны сонсогч Б.А, Д.Т, М.Т нарын тайлбарт: “... цагдаагийн ахмад Д.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сонсогч Б.С-г анги дотор зодож, дээрээс нь дэвсэлж, шүлсээ хаяж, хувцсыг нь тайлуулж дотуур хувцастай сургуулийн коридороор явуулсан” гэжээ.

            Цагдаагийн сургуулийн 342 дугаар дамжааны сонсогч, дэд түрүүч М.Тгийн тайлбарт: “2016 аас 2017 оны хооронд багш, ахмад Д.Ж нь улиралдаа нэг удаа манай анги буюу 342 дугаар дамжаанаас автомашиндаа шатахуун хийнэ гэж 60.000 төгрөг авдаг байсан” гэжээ.

            Тэгэхээр захиргааны байгууллагын зөрчилд тооцсон зарим зөрчил буюу “сонсогч Б.Стэй зүй бус харьцсан, хувийн автомашиндаа шатахуун хийх зорилгоор сонсогч нараас мөнгө авсан” гэх зөрчлүүдийг гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх заалтад нийцэхгүй байна.

            Гэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Төрийн тусгай албан хаагч ялангуяа цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч нь бусадтай хүнлэг харьцах, бусдын нэр төрийг хүндэтгэх наад захын зөв хэвшилтэй байх үүрэгтэй, түүнчлэн нэхэмжлэгч Д.Ж нь Цагдаагийн сургуулийн албан хаагчдын эв нэгдлийг бататгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Цагдаагийн баяр”-ыг угтан тэмдэглэх арга хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэрээр амралтын цагаар амарч байх үедээ хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, энэ утгаараа төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд ажил болон амралтын аль ч үед ёс зүйтэй байх, биеэ зөв боловсон авч явах үүрэгтэй байна.

Тэгэхээр нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /13.1.1, 13.1.5/ зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнийг төрийн албанаас халсан үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэлээ.

            Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн Хууль сахиулахын их сургуулийн захирлын нэр дээр гаргасан өргөдөл[6], Цагдаагийн сургуулийн хурлын тэмдэглэл, Хууль сахиулахын их сургуулийн захирлын зөвлөлийн тэмдэглэл, захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудас[7] зэрэг баримт нь нэхэмжлэгчээс маргаан бүхий асуудлаар тайлбар авсан, түүний оролцоог хангаж, шийдвэрийн талаар мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэж байна. Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “оролцогчийг сонсох, бичиг баримттай танилцуулах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, гаргасан зөрчилд нь тохирсон арга хэмжээ авсан маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жаас Хууль сахиулахын их сургуульд холбогдуулан гаргасанХууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.Б

[1] Хавтаст хэргийн 32- р хуудас

[2] Хавтаст хэргийн 34-38-р хуудас

[3] Хавтаст хэргийн 100-110-р хуудас

[4] Хавтаст хэргийн 20-27-р хуудас

[5] Хавтаст хэргийн 28-30-р хуудас

[6] Хавтаст хэргийн 111-116-р хуудас

[7] Хавтаст хэргийн 48-51-р хуудас