Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00711

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 срын24 өдөр

                           181/ШШ2020/00711

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И Х  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г -т холбогдох

 

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 809 дугаартай, шийдвэрээр хариуцагч И Х  ХХК-иас 725,390,182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох шүүхийн шийдвэр гаргасан байдаг.

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбогдуулан Н Ш Ш Г Г  дээр төлбөр төлөгч И Х  ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч манай компанийн Төрийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан И Х  ХХК-ийн гүйцэтгэх захирал, иргэн Д.Энхтайваны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020631 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж, 72 байрны 9 тоотод байрлах 179 м.кв талбайтай, 4 өрөө, сууцны зориулалттай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилж, хураан авч улмаар албадан дуудлага хуралдаанд оруулахаар хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд 514,454,000 төгрөгөөр үнэлжээ. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд хийлгүүлсэн 514,454,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компанийн барьцаалбарын эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий доогуур бага үнэлсэн гомдолтой байна.

Төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлантай танилцахаар Н Ш Ш Г Г  дээр очиж тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалтай уулзаж шинжээчийн дүгнэлттэй 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр танилцлаа. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн, Виннэр вэй ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн дүгнэлтээр Ү-2206020631 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж, 72 байрны 9 тоотод байрлах 179 мкв талбайтай, 4 өрөө, Сууцны зориулалттай орон сууц; 18 мкв талбайтай авто зогсоолыг хамт нь 514,454,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх хөрөнгүүдийг харьцуулалтын аргаар Виннэр вэй ХХК нь өөр бусад орон сууц, авто зогсоолтой харьцуулж зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тодорхойлохдоо ижил биш орон сууцны байгууламж, авто зосоолтой харьцуулахаас гадна байршил зүйн хувьд өөр өөр бүсчлэлд байгаа хөрөнгүүдийн зар мэдээтэй харьцуулан үнийг тодорхойлсон үндэслэл муутай болж төлбөр төлөгч манай компанийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлсэн байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс Виннэр вэй ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлтийг амаар гаргахад хуулбарлан өгөх боломжгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрх төлбөр төлөгчид байдаг харин мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хуулбарлан өгөх боломжтой гэж тайлбарлан уг баримтыг хуулбарлан өгч байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж өгсөн болно.

Төлбөр төлөгч И Х  ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж, 72 байрны 9 тоотод байрлах 179 м.кв талбайтай, 4 өрөө, сууцны зориулалттай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дүгээр шийдвэрээр И Х  ХХК-иас 725,390,182 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 72 дугаар байрны 9 тоот зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 179 м.кв, 18 м.кв талбайтай Ү-2206020631, №000436047 гэрчилгээний дугаартай орон сууц, авто зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 85а байр 202 тоот г85 барилгын 33 тоот хаягт байршилтай 89 м.кв, 10 м.кв талбайтай Ү- 2206020609, №000285904 орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2447 м.кв талбайтай ГД000318515, нэгж талбар 18648310995741 газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 13301 Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 74 тоот хаягт байршилтай 1208,3 м.кв талбайтай Ү-2204035723 үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч И Х  ХХК-д 2019 оны 157/02, 157/01, 157/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 157/01 дүгээр битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураах тогтоолоор хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч И Х  ХХК нь 900,000,000 төгрөгөөр, Төрийн банк нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 514,454,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/25185, 4/26920 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 83 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул , нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И Х  ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дүгээр шийдвэрээр И Х  ХХК-иас 721,624,111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06085 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19280740 дүгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 157/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 157/02 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолын үнийн саналын авахад нэхэмжлэгч нь 900,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Төрийн банк ХХК нь  2019 оны 11 дүгээр сарын 05-ны 22-08/527 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор “Виннэр Вэй ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Виннэр Вэй” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолын хамт зах зээлийн үнэлгээний хандлагаар 514,454,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ“...Дээрх хөрөнгүүдийг харьцуулалтын аргаар Виннэр вэй ХХК нь өөр бусад орон сууц, авто зогсоолтой харьцуулж зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тодорхойлохдоо ижил биш орон сууцны байгууламж, авто зосоолтой харьцуулахаас гадна байршил зүйн хувьд өөр өөр бүсчлэлд байгаа хөрөнгүүдийн зар мэдээтэй харьцуулан үнийг тодорхойлсон үндэслэл муутай болж төлбөр төлөгч манай компанийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлсэн” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолыг үнэлэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоотод байрлах 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И Х  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР