Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00182

 

 

 

 

 

 

 

                2020          01          14  

                                 181/ШШ2020/00182

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

              Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Канад улс, Ванкувер хот, БС В6П 2Р5, 66-р өргөн чөлөө, 726 тоотод оршин суух, Фан Иен Юн Чи-гийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух, Чонос овогт Жаргалын Бямбажаргал /рд:ЗЮ82040330/-д холбогдох,

           Ж.Бямбажаргалыг гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмөнх, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Цэвэлмаа нар оролцов.                         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Фан Иен Юн Чи болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

           Канад улсын иргэн Фан Иен Юн Чи нь 2012 онд Монгол Улсад ирж, Өмнөговь  аймгийн Хан богд суманд, Оюу толгой төсөлд ажиллах болсон. Монголд ажиллаж амьдрах хугацаандаа улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10\1 дүгээр байрны 27 тоотод байрлах, 3 өрөө, 98 м.кв орон сууцыг 2012 оны 4 сард худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон байдаг.

 Ингээд 2013 онд Оюу толгой төсөлд ажиллах гэрээний хугацаа дуусч, Канад улс руу нутаг буцах болсон. 2014 оны 1 сард түүний монгол түнш Ж.Бямбажаргал нь түүнтэй аман гэрээ байгуулж, 220.000.000 төгрөгөөр миний 3 өрөө 98 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон.

Энэхүү тохиролцоо ёсоор Ж.Бямбажаргал нь 80,000,000 төгрөгийг эхний ээлжинд төлж, үлдэгдэл 140.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон юм. Орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасны дараа миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Бямбажаргалын нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон.

Мөн түүнчлэн Ж.Бямбажаргал бид хоёр харилцан тохиролцон, орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулж, орон сууцны төлбөр 220.000.000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 1.500.000 төгрөгийг орон сууцыг хөлсөлсний төлбөр болгон надад төлж байхаар тохирсон билээ. Өөрөөр хэлбэл Ж.Бямбажаргал нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 1.500.000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх, 2015 оны 7 сард багтаан орон сууцны үнэ 220.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Цаг хугацаа давчуу байсан тул эдгээр гэрээг бичгээр байгуулж амжаагүй, харилцан итгэлцэлийн үндсэн дээр аман хэлбэрээр байгуулсан билээ. Ингээд би Ж.Бямбажаргалд итгэж, өөрийн орон сууцандаа түүнийг оруулж, одоог хүртэл амьдруулж байна. Тухайн үед Ж.Бямбажаргалд байрыг хүлээлгэж өгөх үедээ би орон сууцандаа олон сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн байсан. Ж.Бямбажаргал нь нэгэнт харилцан итгэлцэлийн үндсэн дээр байгуулсан дээр дурьдсан гэрээнүүдээ зөрчсөн, нэг ч төлбөр төлөөгүй тул миний бие Ж.Бямбажаргалыг миний хууль ёсны өмчлөлийн байрнаас нүүхийг шаардсан боловч одоог хүртэл нүүгээгүй байна.

Иймд төлбөрт өгсөн 80,000,000 төгрөг нь орон сууцанд өдийг хүртэл суусан хугацааны хөлс гэж үзэн, шүүхэд хандаж албадан нүүлгэх, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

           Хариуцагч Ж.Бямбажаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2014 онд 220.000.000 төгрөгөөр орон сууц худалдах, миний бие худалдан авахаар тохиролцсон тал дээр маргаангүй үнэн бөгөөд нэхэмжлэгчид 2014 оны 03 дугаар сарын 03-нд 512090739 тоот дансанд 100.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд Фан Иен Юн Чи-ний ХХБанкны 410034194 тоот төгрөгийн дансанд 79.909.180 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд 5.000.000 төгрөг тус тус төлсөн. Нийт 184.909.000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн гаргасан буй орон сууц хөлслөх тухай асуудал огт яригдаагүй бөгөөд түрээсийн гэрээгээр суух байсан бол дээрхи төлбөрийг шууд төлөх биш, бүр бага багаар нь төлж байх байсан. Энэхүү нэхэмжлэл нь Фан Иен Юн Чи-гийн өөрийн хүсэл сонирхлоор гаргаагүй ба харилцан тохиролцсон үнэ болох 220.000.000 төгрөгнөөс 184.909.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 35.091.000 төгрөг дутуу байгаа СБДүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, 10\1 дүгээр байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Фан Иен Юн Чи нь хариуцагч Ж.Бямбажаргалд холбогдуулан Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Бямбажаргал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 220,000, 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, түрээсийн гэрээгээр суугаагүй, нийт 184,909,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 35,091,000 төгрөгийг тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө, нэхэмжлэл үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Нэхэмжлэгч Канад улсын иргэн Фан Иен Юн Чи нь иргэн Ц.Баярмөнхөд 2019 оны 12 сарын 23-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаарт бүртгэлтэй, 000189338 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор өөрийн эдэлж буй өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн үүнтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгожээ./хх-136-139/

Маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгч нь Канад улсын иргэн Фан Иен Юн Чи болох нь Улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдсон./хх-7/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Талууд гэрээг бичгээр хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч Ж.Бямбажаргалын эзэмшилд орон сууцыг бодитоор шилжүүлэн өгчээ.

Иймд хариуцагч Ж.Бямбажаргалыг гэрээний үндсэн дээр дээрхи орон сууцыг эзэмшсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодохойлохдоо “өмчлөгч хууль бус эзэмшлээс өмчөө шаардаж байгаа бид гэрээнээсээ татгалзаагүй хариуцагчийн төлсөн 80,000,000 төгрөг нь 2014 оноос өдийг хүртэл амтдарсан хугацааны хөлс” гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодорхойлбол хариуцагч Ж.Бямбажаргалын эзэмшлээс орон сууцыг гаргуулах гэж ойлгогдохоор байна.

Харин хариуцагч нь 2014 оны 03 сараас 2014 оны 05 сар хүртэл 3 удаагийн үйлдлээр нийт 184,909,000 төгрөгийг төлсөн гэж тайлбар нь үндэслэлгүй байна.

  Учир нь хариуцагчийн гаргаж өгсөн Голомт банкны “Мэргэн арцат” ХХК-ний 1705013161 тоот данснаас 2014 оны 03 сарын 13-ний өдөр “Бямбажаргал IAN  FUNG зээл төлөх” гэсэн утгатайгаар 100,000,000 төгрөгийн зарлага хийсэн бөгөөд  энэ нь маргаан бүхий байрны төлбөр гэж үзэх боломжгүй.

 Харин ХААН банкны Ж.Бямбажаргалын 5003480974 тоот данснаас 79,909,180 төгрөгийг “ХХБ-ний 410034194 тоот дансанд LAN YUEN CHI FUNG байрны төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэнийг нэхэмжлэгч авсан бөгөөд маргаагүй.

Харин хариуцагч Ж.Бямбажаргал нь худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 79,909,180 төгрөгийг нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д төлжээ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь ердийн элэгдэл хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй.” гэж заажээ.

Хариуцагч Ж.Бямбажаргал нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж орон сууцаа шаардаж байна гэж үзэхээр байна.

 Талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тохирсон эсэх нь тодорхойгүй бөгөөд талуудын хооронд орон сууцыг хөлслөн сар бүр 1,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй энэ талаар хавтас хэрэгт баримт авагдаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д төлсөн 79,909,180 төгрөгийг хариуцагч Ж.Бямбажаргал жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Фан Иен Юн Чи өөрийн өмчлөлийн орон сууцаа Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д зааснаар Ж.Бямбажаргалаас шаардах эрхтэй эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Бямбажаргалын эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бямбажаргалаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Фан Иен Юн Чи-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ