Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 129/2020/00112/И |
Дугаар | 001/ХТ2022/00140 |
Огноо | 2022-02-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00140
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэр,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалтай,
*******ын нэхэмжлэлтэй,
Т.Зандансүрэнд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч*******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
1. Нэхэмжлэгч *******аас*******д холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь ...уг мөнгийг би авч хэрэглээгүй, өөр хүнд авч өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч*******гээс 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч*******гийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Би Энхжаргалаас 2,800,000 төгрөгийг зээлж Анхтуяа гэх эмэгтэйд өгсөн. Авсан мөнгөнөөсөө би бараа болон бэлэн мөнгө цувуулж өгсөөр зөвхөн 2016 онд 1,000,000 төгрөгийг нь өгсөн. Харин 2017 оноос хойш Анхтуяагаас авч өгнө, би хүний өмнөөс мөнгө төлөхгүй гэж маргаад нэг ч төгрөг төлөөгүй. Шүүх хуралдаанд Энхжаргал нь 2016-2019 оны хооронд 1,000,000 төгрөгийн бараа болон бэлэн мөнгө авсан гэж тайлбарласан ба үүнтэй хариуцагч маргахгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
4.2. Миний бие анхан шатны шүүх хуралдааны үед бага насны 3 сартай хүүхэдтэй бөгөөд хүүхэд харах хүнгүй шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Өмнө нь Энхжаргал 2016-2019 оны хооронд бараа бүтээгдэхүүн болон мөнгө авч байсан гэж тайлбарлаж байгаагүй учраас энэ тайлбарыг шүүхийн шийдвэрээс уншиж мэдсэн. Би 2017 оны 01 дүгээр сараас эхлэн Энхжаргалд бараа бүтээгдэхүүн болон мөнгө огт өгөөгүй. 2016 онд өгсөн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн өгөхдөө би буцааж авна гэж өгсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байхад энэ хугацаагаа алдахгүйн тулд Энхжаргал нь 2016 онд авсан бараа болон мөнгийг 2016-2019 оны хооронд авсан гэж тайлбарласан байна. Энэ тайлбараа Энхжаргал нотлоогүй байна. Мөн энэ мөнгийг Анхтуяа гэдэг хүн хариуцна гэдгийг Энхжаргал анхнаасаа мэдэж байсан. Анхтуяад өгөхдөө чиний дансаар дамжуулаад өгчихье гэж шилжүүлсэн. Анхтуяагаас мөнгө авах ёстой гэдгээ Энхжаргал мэдэж байсан учраас 2017 оноос хойш надаас мөнгөө нэхэлгүй өдий хүрсэн.
Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож *******ын нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2016.03.25-ны өдөр 2,800,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хугацаандаа зээлийг буцааж төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн өгсөн, иймд үлдэгдэл 1,800,000 төгрөгөө нэхэмжилнэ... гэж тайлбарласан, хариуцагч ...мөнгийг би хэрэглээгүй, өөр хүнд авч өгсөн... гэх шалтгаанаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
7. 2016.03.25-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь данснаас хариуцагч*******гийн дансанд 2,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримттай хариуцагч маргаагүй, улмаар бэлэн мөнгө болон бараагаар нийт 1,000,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4. дэх заалтад нийцжээ.
Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.
8. Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 1,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.
9. Хариуцагч нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...энэ мөнгийг Анхтуяа гэдэг хүн хариуцна гэдгийг нэхэмжлэгч нь анхнаасаа мэдэж байсан, Анхтуяад өгөхдөө миний дансаар шилжүүлж өгсөн тул 2017 оноос хойш надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн, ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэжээ.
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь ...уг мөнгийг анхнаасаа Анхтуяа гэдэг хүн хариуцна гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа, мөнгийг миний дансаар шилжүүлэн өгснөөс би авч хэрэглээгүй... гэх татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, уг дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
9.2. Нэхэмжлэгч нь зээлийг 2016.03.25-ны өдөр шилжүүлсэн, зээл буцаан төлөх хугацааг талууд тохиролцсон нь тогтоогдоогүй тул 2017 оноос хойш зээлийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оноос эхлэн тоолно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн ...хариуцагчаас байнга мөнгөө нэхэж байсан, бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүнийг 2016-2019 оны хооронд авсан, өнгөрсөн жил буюу 2018 онд эвлэрүүлэн зуучлахад хандахад хариуцагч хүрэлцэн ирээгүй... гэх тайлбарыг үгүйсгэсэн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Мөн хариуцагчийн гомдолд бичсэн ...2017 оноос хойш мөнгийг Анхтуяагаас авч өгнө, хүний өмнөөс мөнгө төлөхгүй гэж маргаад нэг ч төгрөгийг өгөөгүй... гэх тайлбар нь Анхтуяа мөнгө өгвөл нэхэмжлэгчийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай гэж үзнэ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, бодит байдалд нийцсэн гэж дүгнэж, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2020.05.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД