Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 16

 

Д.П-, Н.З- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0416/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Хохирогч                                       З.С-

Хохирогчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

Шүүгдэгч                                       Д.П-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой Д-гийн П-, Н-ийн З- нарт холбогдох, 1918002960403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын танилцуулсанаар хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-гийн П-,

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ц- овогт Н-ийн З-.

Шүүгдэгч Д.П- нь ганцаараа иргэн З.С-гээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Солонгосын виз хөөцөлдөнө, маргааш мөнгийг чинь буцааж өгнө” гэж 1.500.000 төгрөг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “маргааш, өгье, удаахгүй өгнө” гэж 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурч авсан,

-мөн “Капитал” банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Н.З-тай гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, зохиомол байдлыг зориуд бий болгон, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажлын өрөөнд иргэн З.С-д “Н.З-ыг урд авсан зээлээ хаагаад шинээр “Төрийн” банкнаас их хэмжээний авах зээлийг би хөөцөлдөж байгаа., 7 хоногийн дотор гарна, зээл авахаар буцаагаад хүүтэй төлнө” гэж хуурч залилан мэхлэн түүний 30.0 сая төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан авч 32.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.З- нь “Капитал” банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан Д.П- албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон үйлдэлд хамтран оролцож зохиомол байдлыг зориуд бий болгон, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Капитал” банкин дотор иргэн З.С-д “би зээлээ хаагаад шинээр “Төрийн” банкнаас их хэмжээний авах зээл гарахаар хүүтэй төлнө, миний зээлийг Д.П- эгч хөөцөлдөж байгаа” гэж хуурч, түүний 30.0 сая төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан авсан залилангийн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.2 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Х- овогт Д-гийн П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн.,

 Ц- овогт Н-ийн З-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Х- овогт Д-гийн П-д 2 /хоёр/ жил хорих ял, Ц- овогт Н-ийн З-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Д.П-д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277.778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар Д.П-гаас 19.449.000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөг, Н.З-аас 4.881.000 /дөрвөн сая найман зуун наян нэгэн мянга/ төгрөг тус тус гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-5-57 тоотод оршин суух И- овогт З-ын С- /РД: **********/-д олгож,

-Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.т зааснаар 2003 оны 5 сарын 23-нд төрсөн хүү У.Өсөхбаяр, 2016 оны 12 сарын 21-нд төрсөн охин У.Анна нарыг асран хамгаалахыг эцэг Ц.Ууганбаярт даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.П-, Н.З- нарт Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 71, 72 дугаар захирамжаар авсан Монгол улсын хэлээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан өдрөөс хүчингүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Д.П- гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлынхоо зохих хэсгийг төлж барагдуулаад, үлдсэн хэсгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн, 3-16 насны 2 хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэхгүйгээр түүнд хорих ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл хүндэдсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.П- нь “Капитал” банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, иргэн З.С-гээс 3 удаагийн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 23, 30-ны өдөр, 12 дугаар сарын 24-ний өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 32.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугийн тухайд маргаагүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа болно.

Хохирогч З.С-гийн хадгаламж барьцаалсан 30.0 сая төгрөгийн зээлийн хүү 1.830.000 төгрөг, өмнө нь зээлсэн 2.5 сая төгрөг, нийт 34.330.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Д.П- 26.449.000 төгрөгийг хариуцан төлөхөөр тогтоогдсоноос 12.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 14.449.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлын өмнө төлж барагдуулна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгчийн Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Шүүгдэгч Д.П- нь 03-16 насны хоёр хүүхэдтэй. Нөхөр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Д.П- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж учирсан хохирлоос тодорхой хувийг төлсөн. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруугийн тал дээр маргаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх түүнд хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Цаашид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах болно. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.П- тайлбартаа:

Миний бие хоригдохоос өмнө Улаанбаатар хотод хүмүүстэй хамтарч зээл хөөцөлдөж байсан бөгөөд анхан шатны шүүх хурал болохоос өмнө хохирлыг барагдуулах гэсэн боловч амжаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үлдсэн хохирлыг цаг алдалгүй барагдуулах болно. Надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.С- тайлбартаа:

Хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлттэй байна. Д.П-гийн өмгөөлөгчийн хэлээд байгаа зүйлд итгэхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.С-гийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Шүүгдэгч одоо хүртэл хохирол төлбөрөө төлөөгүй байгаа нь түүний ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувьд маш их худал хэлдэг, итгэхэд хэцүү хүн байгаа. Н.З-аас хохирол төлбөрөө төл гэж шаардахад би төлөх ёсгүй Д.П- төлөх ёстой гэсэн тайлбарыг хэлдэг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэцэж хэргийн бүх ажиллагаа болон  шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.П-г 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуучин танил З.С-гээс “Солонгосын виз хөөцөлдөнө, маргааш мөнгийг чинь буцааж өгнө” гэж 1.500.000 төгрөг., мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “маргааш, өгье, удаахгүй өгнө” гэж 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурч авсан,

-мөн “Капитал” банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Н.З-тай гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, зохиомол байдлыг зориуд бий болгон, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажлын өрөөнд иргэн З.С-д “Н.З-ыг урд авсан зээлээ хаагаад шинээр “Төрийн” банкнаас их хэмжээний авах зээлийг би хөөцөлдөж байгаа, 7 хоногийн дотор гарна, зээл авахаар буцаагаад хүүтэй төлнө” гэж хуурч, түүний 30.0 сая төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан авч залилан 32.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Н.З-ыг “Капитал” банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан Д.П- албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэх талаар  тохиролцсон үйлдэлд хамтран оролцож зохиомол байдлыг зориуд бий болгон, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Капитал” банкин дотор иргэн З.С-д “би зээлээ хаагаад шинээр “Төрийн” банкнаас их хэмжээний авах зээл гарахаар хүүтэй төлнө, миний зээлийг Д.П- эгч хөөцөлдөж байгаа” гэж хуурч, түүний 30.0 сая төгрөгийг “Капитал” банкны данснаас гаргуулан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.2 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Д.П-г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх., шүүгдэгч Н.З-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277.778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх., мөн Д.П-гаас 19.449.000 төгрөг, Н.З-аас 4.881.000 төгрөг  гаргаж хохирогч З.С-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.П-, Н.З- нарын үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох тэдний өөрсдийн мэдүүлгээс гадна хохирогч З.С-, гэрч М.Одгэрэл, Ш.Баярцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019-09-19-ний өдрийн 83 дугаар дүгнэлт /х.х-ийн 42-54-р хуудас/, гэрч Д.Уртнасан, мөн Н.З- нарын нэр дээр авсан тэтгэврийн зээлийн гэрээ, “Капитал” банкны дансны хуулга /х.х-ийн 176-187-р хуудас/, хэв, загвар авсан тэмдэглэл /х.х-ийн 57-р хуудас/, “ХААН” банкны дансны хуулга, баримтууд /х.х-ийн 10-р хуудас/, хохирогч З.С-гийн “Капитал” банктай харилцсан дансны хуулга, баримтууд /х.х-ийн 157-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх үйл баримт болон нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

           Мөн шүүгдэгч Д.П-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдалд тохирсон байна.

            Харин шүүгдэгч Н.З- нь банкны ажилтан биш, ямар ч ажил эрхэлдэггүй, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан биш, харин “Капитал” банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан Д.П- болон хохирогч З.С-гийн танил бөгөөд тухайн үед Д.П-д мөнгөний хэрэгцээ байсан, мөн  З.С-гээс урьд мөнгө зээлсэн учраас дахин гуйх боломжгүй нөхцөл байдал үүсч  тэрээр Н.З-ыг гуйж мөнгө зээлүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцож Н.З-ын нэрээр иргэн З.С-гээс 30.0 сая төгрөгийг шүүгдэгч Д.П-  авсан үйл баримт болжээ.

               Энэ үйлдэл, үйл баримт болон  гэрч, хохирогчийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Н.З- нь шүүгдэгч Д.П-гийн гуйлтаар бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн З.С-г төөрөгдөлд оруулж залилан түүний 30.0 сая төгрөг авсан үйлдэлд оролцсон байх тул Н.З-ын үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг харгалзан үзэж энэ зүйл, хэсэгт заасан ял оногдуулах нь зүйтэй.

Мөн залилах гэмт хэрэг үйлдэж авсан мөнгийг бүгдийг нь шүүгдэгч Д.П- авсан учраас 30.0 сая төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч Д.П-гаас гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Н.З-аас тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  буруу байна.

           Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан ... Д.П- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж, хохирлоос тодорхой хувийг төлсөн..,  гэм буруугийн тал дээр маргаагүй., цаашид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дуусгана., түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.0 сая төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.2 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1. болгон  өөрчлөн  зүйлчилсүгэй.

            2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 4., 5 дугаар заалтын шүүгдэгч Н.З-д холбогдох хэсгийг:

           - ...Шүүгдэгч Н-ийн З-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай... гэж.,

- ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3., 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...гэж.,

 - ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай... гэж.,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Д.П-гаас 24.330.000 /хорин дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-5-57 тоотод оршин суух, РД: ТИ55070144, Монгол овогт Зодовын С-д олгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалт болон шүүгдэгч Д.П-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3.Шүүгдэгч Д.П- нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хохирогч З.С-д 7.000.000 /долоон сая/ төгрөг төлснийг шийтгэх тогтоолоор төлөх төлбөрөөс хасч тооцсугай.

           4.Шүүгдэгч Д.П-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ