| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0006/З |
| Дугаар | 221/МА2025/0666 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0666
Л.Ц, Ц. нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ц.Э, түүний өмгөөлөгч С.Э нар,
Нэхэмжлэгч: Л.Ц, Ц.Э нар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “О” СӨХ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0408 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, Б.Ц гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Т нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0056/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ц Ц.Э нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0408 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан иргэн Л.Ц, Ц.Э нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Э нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “...Хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосонд зохигч нараас гол маргасан.
Хариуцагчаас газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг үндэслэсэн боловч үүнийгээ нотлоогүй. Нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/255 дугаартай шийдвэр нь ямар үндэслэлээр хууль бус байсан, ийнхүү хууль бус гэж үзсэн бол энэ шийдвэрийн улмаас бусдын эрх, эсхүл нийтийн ашиг сонирхолд хэрхэн сөргөөр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг хариуцагч тогтоож нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүй. Захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэрийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан зохих ажиллагааг гүйцэтгэх нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх" зарчимд нийцэх учиртай.
3.2. Гэтэл, хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 25 дугаар зүйлийн 25.1 "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг албан тушаалтнууд газар дээрх нөхцөл байдлын талаар уулзах үеэр зохих байдлаар зөвшилцөн тэр дундаа барилга бариулахгүй гэх СӨХ-тэй зөвшилцөж барилгын ажлыг эхлүүлж болох талаар нэхэмжлэгч нарт тайлбарласан агуулга бүхий баримт хэрэгт авагдсан.
3.3. Нэхэмжлэгч нар хэдийгээр хориод жил тухайн газрыг эзэмшиж ирсэн боловч 2014 оноос эхлэн газрын асуудлаар маргаан үүсэж, захиргааны хэргийн шат шатны шүүхээс тэдгээрийг шийдвэрлэж байсан шүүхийн архив дахь хэргийн баримтууд болоод 2020 оноос эхлэн газар дээрээ бага төвөгшил бүхий барилга барихаар холбогдох хүсэлтүүдийг харьяа газарт гаргаж байсан, мөн 2020, 2021 онуудад ковид-19 гэх цар тахал бүхий олон нийтийн хөл хорио зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаагүй, зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан хэргийн эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэлгүйгээр нэхэмжлэгч нарыг газраа хүндэтгэх шалтгаангүй ашиглаагүй гэх хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь буруу болсон.
3.4. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үндэслэл, тайлбарыг бүрэн гүйцэт тусгаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үндэслэл, тайлбарыг огт дурдаагүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,
2.1. Нэхэмжлэгч Л.Ц, Ц.Э нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/1169 дүгээр захирамжаар “...Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 324 м.кв газар эзэмшигч иргэн Л.Ц, Ц.Э нарт газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс “...шүүхийн шийдвэрээр манай газрын хэмжээг сэргээхдээ хил залгаа газар эзэмшигч компанид давуу байдал олгож өмнөх координатыг алдагдуулан хэлбэр дүрсийг өөрчилсөн нь манай барилгын төлөвлөлтөд сөргөөр нөлөөлсөн. ... бид эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглахад хил залгаа газар эзэмшигчдийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдал илт нөлөөлж байсан тул өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар эзэмшил газар дээрээ барилгын ажлаа эхлүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. ...гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, Газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй” гэж, хариуцагчаас “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...бусдын хууль бус үйлдлээс шалтгаалж газар дээрээ юм хийж чадаагүй гэдэг боловч иргэн Б.Б-тай холбогдох гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ нь тогтоогдоогүй” гэж, гуравдагч этгээдээс “...олон жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад оршин суугчдыг цочирдуулсан, ... барилга барихаар төлөвлөж байгаа газар, нөхцөл байдлыг хотын дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Б нар нь өөрсдийн биеэр үзэж зохих дүгнэлт хийж, оршин суугчдын шаардлага хүсэлт үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн, ...хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш архитектур төлөвлөлтийн даалгавраа ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах хүсэлтийг огт гаргаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
3.1. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нар нь уг газрыг 20-оод жил эзэмшихдээ дээрх байдлаар гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...2014 оноос эхлэн газрын асуудлаар маргаан үүсэж, захиргааны хэргийн шат шатны шүүхээс тэдгээрийг шийдвэрлэж байсан шүүхийн архив дахь хэргийн баримтууд болоод 2020 оноос эхлэн газар дээрээ бага төвөгшил бүхий барилга барихаар холбогдох хүсэлтүүдийг харьяа газарт гаргаж байсан, мөн 2020, 2021 онуудад ковид-19 гэх цар тахал бүхий олон нийтийн хөл хорио зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаагүй, зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан хэргийн эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэлгүйгээр нэхэмжлэгч нарыг газраа хүндэтгэх шалтгаангүй ашиглаагүй гэх хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь буруу болсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
3.2. Тодруулбал, анх 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 360 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороонд иргэн Л.Цт 324 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосноос хойш маргаан бүхий актыг гарах хүртэлх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмшиж ирсэн байх бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагч нартай №01119-2019/033** дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан уг хугацаанаас хойш тооцсон ч маргаан бүхий актыг гарах хүртэлх хугацаанд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
4. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...2020 оноос эхлэн газар дээрээ бага төвөгшил бүхий барилга барихаар холбогдох хүсэлтүүдийг харьяа газарт гаргаж байсан, мөн 2020, 2021 онуудад ковид-19 гэх цар тахал бүхий олон нийтийн хөл хорио зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн...” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрыг бүхэлд нь барилгажуулахаар хүсэлт гаргасан нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх талаарх Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан шаардлагад нийцээгүй..., иргэн Б.Б өөрийн газар дээр хуульд заасан журмын дагуу барилга барих зөвшөөрөл авсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй болно” гэж дүгнэсэн тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлөх талаарх аливаа хүсэлтийг хуульд заасан журмын дагуу холбогдох захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №СБД/009/0* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулснаас өөрөөр тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үйл баримт тогтоогдсонгүй.
6. Харин, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар захиргааны байгууллага нийтийн эрх ашгийн үүднээс урьд нь гаргасан шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрхтэй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн ...48.2.2 ...-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн ерөнхий зарчмын хүрээнд захиргааны байгууллагын бүрэн эрх 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас өөрийн санаачилгаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, тухайн тохиолдолд 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул маргаан бүхий актын уг хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байх хэдий ч нэгэнт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.
7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН