Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 52

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Хохирогч Г.Энхчимэг

Шүүгдэгч Б.Оюунтуяа түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овогт Баатарын Оюунтуяад холбогдох Эрүүгийн 201725030109 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 21-299 тоот амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Харчин овогт Баатарын Оюунтуяа, /РД:ЖЭ82052400/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Оюунтуяа нь 2016 оны 12 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Өнө бааранд шинэ жил тэмдэглэж байсан иргэн Г.Энхчимэгийн гар цүнхнээс Самсунг Эс-7 маркийн гар утсыг Б.Оюунтуяа хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 25-нд ухуулагч нарын ёолк болсон. Бид хэд Өнө бааранд орсон. Тухай үед яг Энхчимэгийн цүнхээс утсыг авахдаа согтсон байсан. Сайн санахгүй байна. Барнаас гараад караоке хоёр гурван цаг суусан. Байцаагч намайг дуудаад камерын бичлэгнээс та нь мөн үү гэхэд би мөн гэсэн гэв. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Г.Энхчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 25-нд хорооноос зохион байгуулсан шинэ жил болсон. Тухайн үед 12 хүн нэг ширээнд суусан хүн бүхэн нэг нэг пиво уусан би машин барьж явсан болохоор уугаагүй. Дараа нь архи задлахаар нь гурван хундага уугаад машинаа дүүгээрээ бариулъя гээд дүүгээ дуудсан. Тэгээд дарга нар зургаа авахуулъя гээд цүнхээ үлдээгээд зургаа авахуулчаад утсаар ярих гэсэн юм утсаа аваад өгөөч гэхээр нь цүнхээ шалгаад мэдсэн. Тэгээд баарны хүнийг камер шүүгээд өгөөчээ гэсэн зав байхгүй дараа больё гээд шүүж өгөөгүй. Оюунтуяаг авсан гэж ерөөсөө сэжиглээгүй. Хэд хоногийн дараа камер шүүлгэхэд Оюунтуяа гэдгийг мэдсэн. Утасны хаягаар нь хайгаад явахаар нэг ламбордны хүүхэн нь утсыг нэг хүүхэн зарна гээд явж байсан гэж хэлсэн. Эхлээд 500,000 төгрөг гэж тохирсон. Хоёр хоногийн дараа би гадуур яваад үзсэн чинь 900,000 төгрөгөөс 1,000,00 төгрөгийн хооронд байна гээд хэлсэн чинь тэгвэл би төлж чадахгүй чи намайг өгдөг газраа өг гэсэн. Одоо би мөнгө нэхэмжлэхгүй утсаа л авмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв

 

            Шүүгдэгч Б.Оюунтуяа нь 2016 оны 12 дугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Өнө бааранд шинэ жил тэмдэглэж байсан иргэн Г.Энхчимэгийн гар цүнхнээс Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Үүнд Хохирогч Г.Энхчимэгийн өгсөн….2016.12.25-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд Өнө бааранд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн шинэ жил болж тэмдэглэсэн…шинэ жил тэмдэглэх явцад 14:00-15:00 цагийн хооронд гадаа үүдэнд зураг авхуулаад орж ирэхэд сандал дээр байсан цүнхний маань байр хөдөлсөн байхаар нь би цүнхээ үзтэл дотор нь байсан миний гар утас алдагдсан байсан…хяналтын теле-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-19, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр үйлдсэн хэргийн үйл баримтууд  хангалттай  нотлогдон тогтоогдож байна. 

 

              Прокуророос шүүгдэгч Б.Оюунтуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

           Шүүгдэгч энэ хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр идэвхитэй үйлдлээр хүсэж үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

 

            Шүүгдэгч Б.Оюунтуяа нь хохирол төлбөрөө төлөөгүй тул хохирогч Г.Энхчимэгт  850.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Оюунтуяад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүгдэгч Б.Оюунтуяа нь 9 сараас 6 хүртэлх насны 3 хүүхэдтэй /хх-37-39/ учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.4 дэхь хэсэгт зааснаар “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх... этгээдэд албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй...” гэж заасан тул шүүхээс шүүгдэгчид уг ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Оюунтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.