Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00206

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1580 дугаар магадлалтай,

 

*******ы нэхэмжлэлтэй,

Д.Наранцацралд холбогдох,

 

12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Нэхэмжлэгч *******аас*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...үндсэн зээл 9,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дүгэрээгийн Наранцацралаас 10,455,000 төгрөг гаргуулж Дашжүгдэрийн Энхсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,145,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1580 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Анхан шатны шүүх хариуцагчаас 10,455,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай байсан, гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус үндсэн зээлийн үүргээс гадна алданги болох 1,455,000 төгрөг нэмж тооцон шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ...Д.Наранцацралаас 10,455,000 төгрөг гаргуулж *******д олгож... гэснийг ...Д.Наранцацралаас 9,000,000 төгрөг гаргуулж *******д олгож гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Талууд 2019.04.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* зээлдэгч*******д 9,000,000 төгрөгийг 2019.01.09-ний өдрийг хүртэл хүүгүй зээлдүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд хоног тутам биелэгдээгүй үүргийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор, зээлдэгч нь тохирсон хугацаанд шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх, гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээ байгуулсан өдөр зээлдэгчийн дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй талаар зохигч маргаагүй байна.

 

7. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д нийцсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан ба хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.3., 232.4.-т тус тус заажээ.

 

8. Зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч үндсэн зээл, алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үндсэн зээлд 8,500,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 230 хоногийн алдангид /8,500,000х0.1%х230/ 1,955,000 төгрөг, нийт 10,455,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.

 

9. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага буюу алдангийн хамт шаардсан, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус үндсэн зээлийн үүргээс гадна алданги болох 1,455,000 төгрөгийг нэмж тооцон шийдвэрлэсэн нь хууль бус болсон... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1580 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.08.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД