Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01873

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01873

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3-р хороо,0 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ГЭ00000000, А овогт Д-ийн Э-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 0 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХГ0000000, Х овогт Д-н Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Н-д 2019 оны 04-р сарын 16-ны өдөр 9 000 000 төгрөгийг 2019 оны 9-р сарын 01-нийг хүртэл 5 сарын хугацаатай зээлүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.1 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч Д.Н гэрээний үүргээ биелүүлээгүй тул би гэрээий дагуу нийт үндсэн зээл 9 000 000 төгрөг, түүний алданги 3 600 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн тул хариуцагч 12 100 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр 9 000 000 төгрөг гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн агуулга дээр үндсэн нэхэмжлэл 9 000 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг гаргуулахаар тусгасан байна. Иймд 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үзэж төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10 455 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Д.Э нь Д.Н-тай 2019 оны 4-р сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр /хх 3/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 9 000 000 зээлдэгчид дансаар шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 9 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс зээлдэгч 500 000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагчаас зээл 8 500 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 230 хоногийн алданги 1 955 000 төгрөг нийт 10 455 000 төгрөгийг гаргуулахаар хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн Н-аас 10 455 000 /арван сая дөрвөн дуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж Д-ийн Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 145 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас 182 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА