Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 19

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... хаягт оршин суух, Г  овогт Г.Б  -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Орхон сум, ... оршин суух, О овогт Ж.У ,

         Хариуцагч: Орхон аймаг,  Жаргалант сум, ... оршин суух, Т овогт Ч.Ч   нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 27,783,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ж.У , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т , түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, гэрч Б.С , Г.Б , С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны намар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Я гэх газарт 300 га газрын зөвшөөрөл авч 15,000 боодол өвс бэлтгэсэн. Тэрнийхээ 7000 орчмыг Улаанбаатар, Дарханд борлуулсан. Өвсөө бэлтгэж байхад хариуцагч нар ирж уулзсан. Тэгээд өвс прэслэгчээ түр хэрэглүүлээч, өвсөө худалдаач гэсэн байсан. Би байгаагүй тул гэрт очоорой гээд гэрээ зааж өгсөн. Тэгээд би гэрт нь очиход өвсөө зарах уу преслэгчээ хэрэглүүлээч гэсэн. Би нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр зарна, өөрсдөө хэрэглэж байгаа тул преслэгчээ хэрэглүүлэх боломжгүй гэсэн. Миний утасны дугаарыг авч үлдсэн. Тэр үед 7000 боодол өвсийг зарсан. Удалгүй над руу ярьж танайд хэдэн боодол өвс үлдсэн бэ үлдсэн өвсийг чинь бүгдийг нь худалдаж авъя гэж хэлэхээр нь 8000 орчим боодол өвс байгаа гэхэд бүх өвсөө бид хоёрт зээлээр өгчих гэхээр нь нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн. Тэгэхэд манай өвс ачиж байгаа “шаланз” маркын машин танай хадлангийн бригад руу очиж чадахгүй байна. Иймд нэг боодол өвсний 3000 төгрөг дээр 500 төгрөг нэмж бодоод танайх машинаараа зөөгөөд даваа давуулаад 7 хоногийн дотор буулгаад өгөөч гэсэн. Ингээд 7938 боодол өвсийг нэг боодлыг нь 3500 төгрөгөөр бодож нийт 27,783,000 төгрөгөөр тохиролцож, манайх хадлангийн бригддаа хүн нэмж аваад Ж.У , Ч.Ч  нарын хэлсэн “Аргуут”-ын даваа давуулж, өөрийн машинаар зөөж, буулгаж өгсөн. Тэгээд Ж.У  руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул тэнд байсан н.Г  гэх айл руу залгаж хэл дуулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Ч.Ч т хэлчихлээ маргааш очиж авна гэж байна. Яасан сайхан мэдээ дуулгаваа гэж байна гэсэн. н.Долгор гэх хүнтэй ярьсан. Маргааш нь бид өвсөө хүлээлгэж өгөхдөө машины гэрлээр дохиод байсан саарал приүстэй 2 хөгшин ирж хүлээж авсан. Улаанбаатарт ирээд утас нь холбогдохгүй байсан. Баянхонгор луу явж байна машин эвдрээд гэсэн. Тэгээд дансны дугаараа мессэжээр явуулсан. Холбогдохгүй байж байгаад цагаан сарын дараа холбогдоход Ж.У  надад хамааралгүй гээд Ч.Ч ын 2 дугаарыг өгсөн. 1 нь холбогдохгүй нөгөөх нь авахгүй байхаар нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт залилуулсан гэж гомдол гаргахад цагдаагийн байгууллагаас иргэний журмаар шүүхэд ханд гэсэн. Одоо Ж.У , Ч.Ч  нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 27,783,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.У  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 8 сарын 31-ний өдөр н.Ц ийн өвсийг хадаж өгөхөөр яриад Ч.Ч тай хамт хадланд гарсан. Ч.Ч , н.Б , н.С   гэх 6 хүмүүстэй гарсан. Бороо ихтэй байсан тул хадлан хадахад хэцүү байсан. Ч.Ч  ам боогч олж ирнэ гээд 2 сар байхгүй байсан. Утсаар ярихаар олдохгүй байна гэдэг байсан. 10 сард хүний  ам боогчоор боосон. Идэшний хонь авах гээд явж байхад сайхан өвс хадсан байна гэж харсан. Г.Б тэй нэг удаа уулзаж, 2 удаа утсаар ярьсан. н.Г ынд очиж аман боогч асуухад Г.Б өөс асуу гэсэн. Дараа нь өөр айлын аман боогчоор 1,000,000 төгрөгөөр боолгосон. 1000 боодол өвсийг Дарханд борлуулж, 2000 боодол өвс аччихаад би баруун аймаг явахаар болоод 8,000,000 төгрөгийн гэрээгээр машин түрээслэж явахаар болсон. Тэр үед Б  манай гэр дээр ирсэн. 2-3 орой Ч.Ч  надад 22 товчооны тэнд өвс зарах хашаа байна олдох болов уу, чи яриад өгөөч гэж хэлсэн. Би өвсийг борлуулах санаатай хүдрийн нүхэн гүүрэн дээр гаргаж өгсөн. Жижиг машинд ачаад гүүрний наана гаргаж шаланзад ачаад эхнэртэйгээ явсан. Тэгсэн Ч.Ч  надаар Г.Б тэй утсаар яриулсан. Ч.Ч  утасгүй, миний утас сүлжээтэй байсан тул миний утсаар яриулсан. Би авах хүн нь Ч.Ч  гэж хүн байгаа гэж хэлсэн. Бүгд алдагдалд орсон байсан. Намайг гуйгаад байсан болохоор би ярьж өгсөн. Намайг Өвөрхангай аймагт очиход өвс буусан гэж ярьсан. Дараа нь Ч.Ч  хар цагаан өвс байна гэсэн. Тэгэхээр нь би Г.Б тэй ярь, ийм муу өвс яаж авах вэ дээ гэж хэлсэн. Дараа нь Г.Б  залгаад мөнгөө гэхэд хар цагаан өвс байна гэж Ч.Ч  хэлж байна. Та нар гэрээгээ хий гэж хэлсэн. Ч.Ч  өөрөө дарга хийж байсан хүн байж яагаад надаар яриулсныг мэдэхгүй байна. Сар гарны дараа шаланзны мөнгийг өгөөд 2,000,000 төгрөг илүү гараад би гэртээ ирсэн. Би Г.Б т Ч.Ч тай гэрээгээ хий, гэхдээ өвс чинь цагаан байна гэж Ч.Ч  хэлж байна гэсэн. Гэтэл Г.Б  уурлаад утсаа салгасан. Ч.Ч  өвсөө харсан. Г.Б  3 сард надруу ярьсан. Би Ч.Ч тай гэрээ хий гэж хэлсэн. Би нэг ч боодол өвс аваагүй. Гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Ч  авсан өвснөөсөө зарсан байна лээ. Би Г.Б тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  шүүх гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Г.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 8000 боодол өвсийг Ж.У , Ч.Ч  нарт зээлээр худалдсан гэсэн үндэслэлгүй худал зүйлийг бичжээ. Учир нь Ч.Ч  нь Г.Б тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд Ж.У ын харж хамгаалж байгаач гэж гуйсны дагуу түүний гэх өвсийг ойр буулгаж мал идэхээс хашиж хамгаалж байсан. Тухайн өвсийг хэдэн ширхэг ямар хэмжээний өвс байгааг мэдээгүй учир нэхэмжлэгч Г.Б  нь өвсийг Ч.Ч т хүлээлгэн өгөөгүй. Ж.У  өвсийг харж хамгаалж байх талаар захисны дараа очиж үзэхэд шарласан, харлаж хөгцөрсөн муу өвс байсныг тухайн үед нь Ж.У  болон Г.Б  нарт та нар өөрсдөө уулзаж өвсөө үзэж учраа олохгүй бол өвсний чанар их муу байна гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг харилцаа Г.Б  болон Ж.У  нарын хооронд үүссэн нь Эрүүгийн журмаар шалгаж байсан хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. Өмнө нь Ж.У аас авна гэсэн тайлбар гаргаж байсан байж өнөөдөр Ч.Ч аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ч.Ч  буулгасан өвсийг харж байсан нь тогтоогдож байна. Иймд Ч.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Ж.У , Ч.Ч  нарт холбогдуулан, 27,783,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.У  нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Г.Б  Ч.Ч  нарын хооронд хийгдсэн. Би өвс худалдаж аваагүй. Ч.Ч ын гуйлтаар Г.Б тэй утсаар ярьж өгсөн. Гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Ч  авсан өвснөөсөө зарсан байна лээ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.У ын харж хамгаалж байгаарай хэлж байсны дагуу харж байсан хэр хэмжээний хэдэн боодол өвс байсан талаар мэдэхгүй. Иймд Ч.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийнхээ хүрээнд зохигч талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд.

а/. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох зорилгоор Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэрэг бүртгэлийн 193100120 дугаартай Ж.У ад холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэргээс “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-70 тал/, Г.Б ийн мэдүүлэг /хх-18-19 тал/, Ж.У ын мэдүүлэг /хх-21-22 тал/, Ч.Ч ын мэдүүлэг, /хх-28-29 тал/,  хадлангийн газар ашиглуулах гэрээ /хх-40 тал/, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.С ын гэрчийн мэдүүлэг,

Гэрч Б.С  нь 2020 оны 01 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 08-ны өдрөөс 09 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Бидний хадсан өвс маш сайн чанарын өвстэй байсан. Хадлангийн үеэр бороо орж байсан. Гэхдээ өвсний чанарт нөлөөлөөгүй. Цагаан өвс байгаагүй. 9 сарын 25-наас хойш хадлан хийгээгүй. Тиймээс өвс муудах боломжгүй. Сайн чанарын өвс байсан” гэх мэдүүлэг,

б/. Хариуцагч Ж.У  нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох зорилгоор Д.Б гаас гэрчийн мэдүүлэг авахуулсан

Гэрч Д.Б  нь 2020 оны 01 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 сарын сүүлчээр Ж.У  бид 2 өвсөө аваад Өвөрхангай явсан. Ингэж явах гэж байхад Г.Б ийн 2 машин таарсан. Нүхэн гүүрний хажууд Ч.Ч  ах Г.Б ийн машиныг зогсоогоод Г.Б ийн утасны дугаарыг аваад Ж.У аар яриулсан. Бид 4 хамт сууж байсан. Ж.У ын утсыг аваад яриулсан. Өвс байна уу байвал худалдаж авмаар байна. Давааны наана гаргаад өгч болох уу гэхэд болно гэхдээ үнэ 3500 төгрөг болно гэсэн. Тэгээд 8000 орчим боодол өвс байгаа гэж ярьсан. Г.Б т чи өвсөө Ч.Ч  гэж хүнд хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Авах хүн нь Ч.Ч  гэж хүн шүү гэж хэлсэн. Нилээн хэд хоногийн өмнө Ч.Ч  ах өвс авмаар байна. Зээлээр олоод өгч чадах уу гэж асууж байсан. Явахын урд өдөр дахиад гуйсан. Бид 2 явсан. Араас нөгөө өвс буусан, гэхдээ хар цагаантай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Ж.У  тэгвэл та өрөнд орно ш дээ гэж хэлсэн. Г.Б ийг утасдахаар нь та нар учраа ол гээд уурлаад утсаа салгасан. Тэгээд дахиж утсаа аваагүй. Ч.Ч  ахыг дахиж залгахаар нь өвсийг нь авч болохгүй шүү гэж хэлсэн гэв” гэх мэдүүлэг,

Хариуцагч Ч.Ч  нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох зорилгоор Г.Б , С.Б  нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан,

Гэрч Г.Б  нь 2020 оны 01 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазаарт гэх газар Ч.Ч тай өвс хашиж байсан. 6-7 хоногийн дараа хашсан. Нарийн сайн мэдэхгүй. Хүний өвс учир хашилцаад өг гэсэн. Тухайн хашсан өвс нь харласан өвс байсан. Тухай өвс хашсан газар нь айл их, үхэр голдуу байдаг байсан. Өвсөө модоор хашсан” гэх мэдүүлэг,

Гэрч С.Б  нь 2020 оны 01 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 сард байх. Ч.Ч , Ж.У  2 яриад хүнээс өвс авсан гэж Ч.Ч  хэлсэн.  Тухайн өвс нь харласан байсан. Харласан талаар нь Ж.У  өөрөө ирж харсан, муу өвс байна гэж байсан. Өвсийг Ч.Ч  зарсан” гэх мэдүүлэг

Хоёр. Зохигч талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд эрх зүйн дүгнэлт өгөхөд.

а/. Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Ж.У , Ч.Ч  нарт 7938 боодол өвсийг залилуулсан гэж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэрэг бүртгэлийн 193100120 дугаар материалыг нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлийн 193100120 дугаартай материалд авагдсан хадлангийн өвсийг овоолж, хурааж байсан талаарх гэрэл зураг /хх-7-10 тал/,  Г.Б ийг 2019 оны 05 сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-35 тал/, 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 03 дугаар “Хадлангийн газар ашиглуулах гэрээ” /хх-40 тал/, 2018 оны 8 сарын 07-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /хх-48 тал/, Сэлэнгэ аймгийн хилийн 0243 дугаар ангийн захирагч хурандаа Х.Дамдинсүрэнд хандан гаргаж байсан хүсэлт /хх-49 тал/, хадлангийн өвсийг бэлдэж ачиж зөөвөрлөж байсан талаарх гэрэл зураг /хх-42-44 тал/,

гэрч С.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 11 сард манай хүргэн ах Г.Б  нь над руу залгаад өвсөө хүнд зарахаар болсон. Даваа давуулаад цас орохоос өмнө буулгах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тухайн өвс байгаа гэх газар очсон. Очсон газар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байсан би газрын нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нийт 7938 боодол өвсийг даваа давуулан саарал өнгийн приус-20 маркийн настайвтар ах, эгч хоёрт хүлээлгэн өгсөн. 15 нуруу өвс буулгасан. 1 нуруунд 500 боодол өвс хураасан. Тусад нь 331, 107 боодол өвсийг буулгаж нийт 7938 боодол өвс буулгасан. Өвсийг хүлээн авсан хүн нь өвс худалдан авсан хүн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, /хх-30-31 тал/,

гэрч Ж.У , Ч.Ч  нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг “...Ж.У ын өгсөн:..Ч.Ч  ах бид хоёр хэд хоногийн өмнө ярилцахдаа бэлэн өвс зээлээр авч зарвал Улаанбаатар хотын 22-ын товчооны ойролцоо хашаа байгаа. Тухайн хашаанд байруулан зарж борлуулбал болно гэж Ч.Ч  хэлж байсан тухайн үед бид таньд яриад өгөх үү гэж ярилцсан. Замд явж байхад Г.Б ийн өвсний 2 машин таарсан. Ч.Ч  ах Г.Б ийн машин явж байна хоёулаа зээлээр өвс авах талаар яръя гээд Г.Б ийн жолооч нараас дугаарыг авсан. Г.Б ийн 9911-тэй дугаар луу залгаж өвс байгаа талаар яриад, байгаа бол авъя гэсэн. тухайн үед Г.Б  нь өвсөө 1 боодлыг нь 3000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Даваа давуулж өгвөл 3500 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Би хариуд нь ногоон морины өвс бол болж байна гээд Г.Б  өвсөө зээлээр буулгаж өгөхөөр болсон. Г.Б тэй 11 сарын сүүлээр мөнгөө өгөхөөр тохиролцсон. Би тэгээд Өвөрхангай аймаг руу явсан. Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд явж байхад Г.Б  өвсөө Ч.Ч т хүлээлгэн өгсөн гэж ярьсан. Удалгүй Ч.Ч  утасдаад буулгасан өвс цагаан хартай цайчихсан өвс байна гэхээр би Ч.Ч т тэгвэл тийм өвс авахгүй шүү. Өрөнд орно буцаагаад өг, эсвэл үнэ хөлсөө тохиролц гэж хэлээд Г.Б  руу залгаж өвс цагаан байна. Би наад өвсийг чинь хүлээж авахгүй гээд хэлэхэд Г.Б  юу яриад байгаа юм буулгаж ажил болгочихоод гээд утсаа тасалсан. Г.Б тэй ярихдаа сайхан өвс байвал 3500 төгрөгөөр авхаар тохирсон. Би Ч.Ч т Г.Б өөс 3500 төгрөгөөр худалдаж авах болсон талаар хэлсэн гэх мэдүүлэг”, “....Ч.Ч ын өгсөн:...Би өвс худалдан борлуулж байх үедээ Ж.У ад хандаж, Улаанбаатар хотод 22-ын товчооны ойролцоо хашаа олдох юм байна. Өвсөө татаж буулгаад, зарж борлуулж болох талаар ярьж байсан. Ингээд Ж.У ыг Өвөрхангай аймаг руу явуулах гээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төмөр замын нүхэн гүүрний хажууд Г.Б ийн 2 машинтай тааралдсан, Г.Б ийн машин явж байна. Зээлээр өвс авах талаар ярих уу гэсэн. Ж.У ын хамтаар Г.Б ийн жолооч нартай ярилцаад, Г.Б ийн 9911-тэй дугаар руу залгаж, өвс байгаа талаар асуухад, өвс байгаа гэсэн. Тухайн үед Ж.У  Г.Б тэй ярьсан. 2018 оны 11 сарын 03-ны өдөр Ж.У  Өвөрхангайгаас ярьж, өвс юу болж байна, буулгасан өвс рүү ойртож буугаарай гэж хэлсэн. Буулгасан өвс цагаан, цайсан өвс байсан тул Г.Б ийн утсыг олж аваад, түүний 9911-тэй дугаар руу залгаж өвс, өвсний чанар хангахгүй, 2000 гаруй өвс нь цагаан үлдэгдэл өвс нь харласан цагаарсан байгаа талаар хэлсэн. ...ойролцоогоор 7900 боодол өвс байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-32-34 тал/ зэрэг баримтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байх ба Г.Б  Ж.У , Ч.Ч  нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаанд хамаарч байна.

Дээр дурдсан хэлцлүүдийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу хүсэл зорилгоо бодитойгоор, тодорхой илэрхийлэн гэрээ байгуулах саналыг гаргасан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн  гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

б/. Нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Б.С , хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч Д.Б , Г.Б , С.Б  нарын мэдүүлэг зэргийг харьцуулан үзээд эдгээр гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байх ба гэрч Б.С  болон гэрч Д.Б , Г.Б , С.Б  нь харилцан адилгүй, бие биенээ үгүйсгэсэн, хүсэлт гаргагч талд ашигтай мэдүүлгийг өгсөн байхаас гадна нэхэмжлэгч болон хариуцагч талтай гэр бүлийн холбоотой, найз нөхдийн харилцаатай байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Дөрөв. Шүүхээс гарах шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй учир хариуцагч Ж.У , Ч.Ч  нараас 7938 боодол өвсийг нэг бүрийг 3500 төгрөгт тооцон нийт 27,783,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Тав: Бусад.

Хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гэрчээр Г.Б , С.Б , Д.С  , Б.Нэргүй нарыг асуулгах хүсэлт гаргасныг, 2019 оны 12 сарын 17 өдрийн 132/ШЗ2019/02311 дугаар захирамжаар, нэхэмжлэгч талаас 2019 оны 12 сарыни 23-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Б.С ыг асуулгах, Huawei маркийн гар утсанд хадгалагдаж буй өвс хадаж байгаа зураг, бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүд тус тус гаргасныг тус тус хангаж шийдвэрлэсэн байх ба 2020 оны 01 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд  хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  нь гэрч Д.С  , Б.Нэргүй нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс, нэхэмжлэгч нь Huawei маркийн гар утсанд хадгалагдаж буй өвс хадаж байгаа зураг, бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдээсээ тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б ийн хариуцагч Ж.У , Ч.Ч  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.У , Ч.Ч  нараас 27,783,000 /хорин долоон сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Г.Б т олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б  -т буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч Ч.Ч , Ж.У  нарын арилжааны банкуудад эзэмшдэг дансны зарлагын хөдөлөгөөнийг зогсоох арга хэмжээ авагдсан болохыг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ