Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00219

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/01749 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2002 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

Б.Энхцацралд холбогдох

 

11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******аас*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...2019.04.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.05.06-ны өдөр 3,858,000 төгрөг, 2019.05.20-ны өдөр 5,600,000 төгрөг, нийт 10,185,000 төгрөгийг зээлж авсан. Дараа нь дахин 1,000,000 төгрөг хэрэгтэй болсон учраас 600,000 төгрөгийг дансаар, 400,000 төгрөгийг бэлнээр авсан. С.Одонтуяад зарим мөнгийг өгсөн. Үүнээс өмнөх хүү болон гэрээ байгуулснаас хойш нийт 6,480,000 төгрөгийн хүү төлсөн ба дансны хуулгаа өгч чадаагүй байна гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/01749 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2002 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/01749 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 150,000 гэснийг 5,150,000 гэж, 10,850,000 гэснийг 5,850,000 гэж, 2 дах заалтын 5,150 гэснийг 97,350 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлохгүйгээр талуудын хооронд үүссэн харилцааг хийсвэрээс үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь иргэн С.Одонтуяатай 2019.05.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг зээлүүлж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхит 30-424 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээнд миний бие оролцоогүй, гэрээнд миний нэр, гарын үсэг байхгүй байхад давж заалдах шатны шүүх гэрээний үүргийг******* надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг надаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх зээлийн харилцаа нь надад огт хамааралгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид 2019 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын 22-ны хооронд нийт 11 сая төгрөгийг зээлдүүлсэн, хүүний төлбөрт 5,850,000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 11,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нийт 10,185,000 төгрөгийг авсан, зохих хэмжээгээр мөнгөө төлж байсан тул 11,000,000 төгрөг шаардсныг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч шүүх хуралдаанд ...2019.05.06-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг С.Одонтуяатай байгуулсан, би гэрээний оролцогч биш тул энэ зээлийг хариуцахгүй, 250,000 төгрөгийг төлнө... гэжээ.

 

Хэрэгт 2019.05.06-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан, тус гэрээгээр ******* нь С.Одонтуяад 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлэхээр, С.Одонтуяа сар бүр хүүг, гэрээний хугацаа дуусахаар үндсэн зээлийг бөөнөөр нь төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Одонтуяагийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхит 30-424 тоот 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан, 2019.12.20-ны өдөр *******,******* нар Төлбөр барагдуулах хэлцэл хийж,******* нь *******аас авсан 11,000,000 төгрөгийг 2020.01.01-ний өдрөөс 2020.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж дуусгах үүрэг хүлээжээ.

 

7. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч*******ыг 2019.05.06-ны өдрийн Зээлийн гэрээний оролцогч биз гэх үндэслэлээр дээрх гэрээний үүрэгт ногдох 5,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 6,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5,850,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй алдаа гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлж, хариуцагчаас 5,150,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...2019.05.06-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч нь С.Одонтуяатай байгуулсан тул давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн... гэжээ.

 

2019.05.06-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч*******ын нэхэмжлэгчээс 2019.04.03-ны өдөр авсан 1,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр авсан 4,000,000 төгрөгийн зээлтэй хамтатган нийт 5,000,000 төгрөг болгон бичсэн талаар Төлбөр барагдуулах хэлцэл дээр тодорхой дурдаж, энэ талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд С.Одонтуяагийн эд хөрөнгийг барьцаалсан үндэслэлээр С.Одонтуяатай зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад баримтаар нотлогдсон байна.

 

Иймд хариуцагч нь 11,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс авсан бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй үндэслэлээр хариуцагчийн хүүд төлсөн гэх 5,850,000 төгрөгийг зээлийн 11,000,000 төгрөгөөс хасч үлдэгдэл 5,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх маргаантай үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, магадлал хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн байна. Шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.10.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД