Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч А.Ариунаа,

Улсын яллагч М.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч Н.Гантөмөр, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гантөмөрт холбогдох 2016 2501 0880 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1993 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 932Б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 87/23 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх Гөрөөчин овогт Нармандахын Гантөмөр /Регистрийн дугаар: ФА93100611/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          1. Н.Гантөмөр нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар сургуулийн хичээлийн танхимд нэвтрэн орж Д.Мөнхтуяагийн эзэмшлийн “Самсунг S-5” маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгний, иргэн Б.Нандинболорын эзэмшлийн “Самсунг кор Аэй 3” маркийн хар хөх өнгөтэй зөөврийн компьютерийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

          2. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил дунд сургууль”-ийн 10-А ангийн сурагч С.Түшигийн хичээлдээ хэрэглэж байсан “АSUS А-7” маркийн нөүтбүкийг тус сургуулийн хичээлийн байранд нэвтрэн орж хулгайлан, Я.Амаржаргалд 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,

          3. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүсийн сүм”-ээс Б.Маралзаяагийн эзэмшлийн “Iphone S-5” маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан,

          4. 2016 оны 03 дугаар сарын 04-06-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төвийн 311 тоотод үйл ажиллагаа явуулдаг С.Бат-Эрдэнийн оффист нэвтэрч “Асеr” брендийн зөөврийн компьютер хулгайлж 730.000 төгрөгний хохирол учруулсан,

          5. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14-15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт байрлах сургалтын төвийн багш нарын өрөөнөөс Б.Долгорсүрэнгийн эзэмшлийн “Нөте-2” маркийн гар утас, Делл брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж 400.000 төгрөгний хохирол учруулсан,

          6. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагаас 15 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баптист сүм”-ээс Б.Мөлөгцэвээний эзэмшлийн “Делл” брэндийн зөөврийн компьютер, маузийг хулгайлж 325.000 төгрөгний хохирол учруулсан,

          7. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Хожимын гэгээнтнүүдийн сүм” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн зөөврийн компьютер, “Iphone-4” маркийн гар утсыг хулгайлж 470.000 төгрөгний хохирол учруулсан,

          8. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Горняк соёлын ордон”-ы 307 тоот өрөөнөөс хохирогч Б.Рэнцэнмядагийн эзэмшлийн “Samsung Note-3” маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан,

          9. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза худалдааны төв”-ийн зүүн талд байх “Шелкунчик балет” сургалтын төвийн менежер М.Цэнгүүний эзэмшлийн “Samsung S-6 edge” маркийн гар утсыг хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан,

 

          10. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн урлагийн заалнаас Э.Даваахүүгийн эзэмшлийн “Асег” брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

          11. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран билэг” худалдааны төвөөс З.Ариунаагийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, “Iphone-4” маркийн гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг давтан үйлдэж, бусдад нийт 7.785.000 төгрөгний хохирол учруулсан,

          12. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт, Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний 13 дугаар вагоны 21 дүгээр местээр зорчин явсан Б.Гантогтохын эзэмшлийн 300.000 төгрөгний үнэтэй “Samsung S-5 голд” маркийн гар утсыг, мөн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Реасе Тоwег” дэлгүүрийн оффисын байрнаас Д.Нямсүрэнгийн эзэмшлийн 340.000 төгрөгний үнэтэй “Iphone-5s” маркийн гар утсыг тус тус хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж авч бусдад нийт 640.000 төгрөгний хохирол учруулсан,

          13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 40 хоног давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантөмөрийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд сургууль дээр өрөөнөөсөө түр гараад эргээд өрөөндөө орж ирэхэд миний гар утас болон дадлагын оюутны нөүтбүк алга болсон байсан. Тэгээд сургуулийн хяналтын камер шүүхэд жижиг биетэй, намхавтар туранхай залуу миний цүнхнээс гар утас, нөүтбүкийг авч байгаа дүрс бичигдсэн байсан. Би тухайн үед хажуу талын өрөө орж багшаас юм асуучихаад 2-3 минут болчихоод орж ирэхэд тэр хооронд авсан байсан. Миний гар утас Самсунг 55 маркийн гар утас бөгөөд 550.000 төгрөгөөр авч байсан алтлаг өнгөтэй, сэвгүй утас байсан. Хохиролоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.1.227/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нандинболорын өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бага сургууль дээр хичээл орох байсан бөгөөд би нөүтбүкээ Мөнхтуяа багшийн өрөөнд залгаад орхиод явсан. Бага ангид хичээл орж байтал багш над руу утасдаад "чи нөүтбүкээ авсан уу” гэхээр нь орхисон тухайгаа хэлэхэд багш энд байхгүй байна хурдан хүрээд ир гэхээр нь очоод хяналтын камер шүүж үзээд цагдаагийн хэлтэс дээр очиж гомдлоо гаргасан. Би нөүтбүкээ 2013 оны 10 дугаар сард НЭКСТ электроникоос 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг кор Аэй 3 маркийн хар хөх өнгөтэй нөтбүк, дотор нь миний бүх хичээл, чухал сэдвүүд байсан. Би нөүтбүкээ орхих талаараа багшдаа хэлээгүй, намайг нөтбүкээ орхиод гарах үед багш сургууль руу ирж байна гэсэн гэхээр нь би тэр үед ёочин хөгжмөөр хичээллэж байсан 3 хүүхдэд багшийг иртэл байж байгаарай гээд хэлээд гараад явсан. Багш ирээд тэр 3 хүүхдийг явуулсан юм байна лээ. Буруутай этгээдээс хохиролоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.1.230/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Бат-Эрдэнийн өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Жоби-72 худалдааны төвийн 3 давхарт 311 тоот оффисоос Асер маркийн нөүтбүкээ цүнхтэй нь хамт алдсан. Уг нөүтбүкээ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр В8В худалдааны төвөөс өөрийн ажилдаа зориулж 730.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний ажиллаж байгаа газрын 1 давхарт банк, 2 давхарт нь ресторан байдаг. Манайх 2016 оны 03 дугаар сарын 04-нд 20 цагт ажпаа тараад хаалга үүдээ цоожилчихоод гарсан юм. Тэгэхэд оффисийн менежир нь камераа асааж ажиллуулна гээд үлдсэн. 2016 оны 03 дугаар сарын 06-нд 15 цагийн үед ажил дээрээ ирэхэд миний ширээн дээр байсан компьютер байхгүй байсан. Тухайн үед хаалга цоожтой шр эд зүйлүүд байрандаа байхаар нь ажилчин Намуунааг авсан юм байх гэж бодоод утсаар ярихад утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ ирээд Намуунаатай ярихад компьютер авч яваагүй гэхээр нь хулгай орсныг мэдээд цагдаа дуудсан. Ажлын байрны хаалга, цонх эвдрэл гэмтэлгүй, харин цонхны салхивч онгорхой байсан. Ажил тарахдаа хаагаад явсан. Нөүтбүкний дотор ажлын хэрэгцээтэй материалууд байсан болохоор гомдолтой, хохирлоо төлүүлж авмаар байна. 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хяналтын камер нь 2 удаа унтарсан байсан” гэх мэдүүлэг /хх.1.232-233/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Долгорсүрэнгийн өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12-13 цаг хүртэл хичээл ороод багш нарын өрөөнд өөрийнхөө Делл маркийн зөөврийн компьютер болон “Нөт-2” маркийн гар утсаа ширээн дээр орхиж гараад хичээл заагаад 15 цаг болж байхад ангиас гарч багш нарын өрөөнд ороход миний ширээн дээр орхисон нөүтбүк, гар утас алга болсон байсан. Энэ талаар цагдаад дуудлага өгсөн ба коридорийн камерийг шүүж үзэхэд намайг хичээлтэй өөр ангид байхад нүдний шил зүүсэн үл таних эрэгтэй манай сургалтын төвийн коридорт явж байгаад багш нарын өрөө хүнгүй байх үед орж миний эд зүйлийг өмсөж явсан хүрэмнийхээ энгэрт хийгээд авч гарч байгаа бичлэгийг харсан. Намайг хичээл орж байхад нэг харааны нүдний шилтэй эрэгтэй хүн шагайж хараад байсан. Царайг нь хальт харсан. Нөүтбүк нь улаан өнгийн Делл маркийн, цэнэглэгчийг нь залгаж асдаг, 2013 оны 03 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ерөнхийдөө бол хуучирсан, будаг нь арилж цайрсан байдалтай, гар утас нь цагаан өнгийн содон шинж тэмдэггүй, 2014 оны 12 дугаар сард 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цагдаагийн байгууллагаас харуулсан Н.Гантөмөр гэх хүний зургийг хараад би тухайн өдөр манай сургууль дээр анги руу шагайгаад байсан залуу мөн гэдгийг шууд хараад таньсан” гэх мэдүүлэг /хх.1.235-237/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Я.Амаржаргалын өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Түшиг өөрийн сурдаг Оргил сургуулийн 301 тоот ангид миний авч өгсөн хичээлдээ ашиглаж байсан АSUS А-7 маркийн нөүтбүкийг цүнхтэй нь хамт ангидаа үлдээгээд гарчихаад эргээд иртэл үл таних хүн авсан талаар надад хэлсэн. Уг нөүтбүкийг 2015 оны 12 дугаар сарын 02- ны өдөр АНУ-д явж байх үедээ 700 ам. доллар буюу 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан хар саарал өнгөтэй, хар цүнхтэй нөтбүк нь ямар нэгэн сэвгүй, дэлгэц нь эргэдэг, мэдрэгчтэй сүүлийн үеийн загвар байсан. Хохиролоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.1.239-241/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Маралзаяагийн өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 цаг 00 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах Есүсийн сүмд ёслолд суусан юм. Тэгээд 11 цаг 20 минутын орчим ёслол тараад би хичээл заах ёстой байсан учир хамт заах хүүхдэдтэйгээ нэг өрөөнд орчихсон байж байтал хар өнгийн саравчтай малгайтай нэг эрэгтэй хүн "энэ ангид орж болох юм уу” гэхээр нь би болно гэж хэлээд тэр хүнийг оруулчихаад коридороос самбар дээр бичдэг үзгээ авчихаад буцаад нөгөө анги руугаа ортол нөгөө хүн надтай зөрөөд гарсан. Би тухайн үед юм бодоогүй анги руу ороод цүнх рүүгээ харсан чинь цүнхний ар талын халаас нь онгорхой байхаар нь үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь араас нь цонхоор хартал сүмээс гараад маш хурдтай гүйж байсан. Би араас нь гарч гүйгээд олоогүй. Миний гар утас Айфоне 58 маркийнх байсан. 2015 оны 06 дугаар сард АНУ-аас захиж авч ирүүлсэн Монгол мөнгөөр 800.000 төгрөгөөр авсан бараг л шинээрээ ямарч өө сэвгүй байсан. Миний гар утсыг хулгайлсан хүний гаднах төрх нь 20 орчим настай, шар царайтай, саравчтай хар өнгийн малгайтай байсан. Өөр содон шинж тэмдэгийг сайн хараагүй ээ. Тэр хүнийг одоо харвал танина, гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.1.242-243/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Мөлөгцэвээний өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах өөрийн шүтдэг Баптист сүмийн байранд цуглаанд оролцохоор очсон. Энэ үед би найз Содномоос хэрэглэхээр гуйж авсан Делл маркийн нөтбүкийг хар цүнхтэй нь сууж байсан сандал доороо тавьсан байсан. 15 цагийн орчим нөхөрлөлийн ярилцлага дуусаад индэр дээр гарч нэг нэгээрээ зураг авахуулах болоод би зураг авахуулахаар гарахдаа нөтбүкээ сандал доороо үлдээгээд индэр дээр гарч зураг авахуулаад буцаад ирэхэд нөтбүк байхгүй болчихсон байсан. Сүмийн камерийг шүүхэд тэр сүмд итгэгч Саруулбуянгийн дагуулж ирсэн залуу аваад гарч байгаа бичлэг байсан. Уг нөтбүкийг найз Содномтой хамт 2014 онд 1.600.000 төгрөгөөр “Мянган захиа” гэдэг дэлгүүрээс худалдан авч байсан. Одоогийн зах зээлийн үнэ нь 700.000 төгрөг, цүнхний үнийг мэдэхгүй, маузийг 90.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх.1.246-247/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Нямсүрэнгийн өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 30 минутын үед манай ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Реасе Towег” төвийн 14 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Даш нэртэй сургалтын төвд нэг нүдний шил зүүсэн, бор царайтай, халимаг үстэй, 160 см өндөртэй, хар өмд, цамцтай нэг хүүхэд сургалтанд суусан. Сургалт нэг цаг гаруй үргэлжлээд тэр хүүхдэд би сургалтын гарын авлага өгөөд дараа ирээрэй гэж хэлсэн. Тэр хүүхэд гарч явсанаа эргэж орж ирээд би утсаа оролдоод сууж байсан чинь “багшаа утсаа өгөөч нэг яриадхая” гэхээр нь өгсөн, тэгээд би заал руу орчихоод 2 минутын дараа эргээд гараад ирсэн чинь тэр хүүхэд яваад өгсөн байсан. Уг хүүхэд сургалтанд орж ирэхдээ өөрийгөө Амин-Эрдэнэ гэдэг 8 дугаар ангийн сурагч гэж хэлсэн. Харахад жоохон овортой, нүдээ байнга цавчилдаг, бичгийн чадвар их сайн, ярианы ямар нэг содон зүйл ажиглагдаагүй ээ. Утсаа алдсанаа мэдээд залгахад холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /хх.1.249-250/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Гантогтохын өгсөн: “Би 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт явахаар галт тэрэгний билет авсан. Тэгээд орой Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын галт тэрэгний 13 дугаар вагоны 21 дүгээр местээр зорчин явахад өөдөөс буюу 19 дүгээр местээр зорчин явсан үл таних залуу “гар утсаа өгч байгаач, би гар утаснаас чинь юм татаад буцаагаад өгье” гэжхэлэхээр нь утсаа өгсөн. Манай галт тэрэг Зүүн хараад зогссон ба галт тэрэг хөдөлтөл нөгөө миний гар утсыг авсан залуу алга болсон байсан юм. Энэ талаар би цагдаад мэдэгдэж өргөдөл өгсөн. Дараа нь би тэр залуутай Эрдэнэт хотод 2016 оны 5 дугаар сард таараад Эрдэнэт хотын цагдаа РУУ оруулаад өгөхөд тэр залууг Гантөмөр гэдэг гэсэн ба миний гар утсыг Зүүн хараа дээр ломбарданд тавьсан гэж байсан юм. Миний утас Самсунг S-5 голд маркийн гар утас байсан 400.000 төгрөгөөр худалдаж аваад 14 хоноод энэ залууд алдсан юм. Миний гар утсанд содон тэмдэг гэх зүйл байхгүй, шаргал өнгийн гар утас байсан. Би гомдолтой байна, энэ хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг: /хх.2.2/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Рэнцэнмядагийн өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд өөрийн ажил болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Горняк соёлын ордны 307 тоот өрөөнөөс Самсунг Нөт-3 маркийн гар утсаа алдсан. Миний алдсан Нөт-3 маркийн гар утас нь хар өнгөтэй, гадуураа цагаан алаг өнгийн гэртэй, 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос 1.200.000 төгрөгөөр авч байсан юм. Одоогийн ханш нь 350.000 төгрөг болсон байна лээ. Тухайн үед манай ажлын өрөө цоожгүй онгорхой байсан гэсэн, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлын өрөө болох 5 дугаар микрийн хажуу талын “Хожимын гэгээнтнүүдийн сүм” гэх газрын өөрийнхөө өрөөнөөсөө нөтбүүк, ай фоне-4 маркийн гар утсаа алдсан. Би өрөөгөө онгорхой орхиж явсан юм тэр хооронд эд зүйлсээ алдсан. Нөтбүүк нь хар өнгийн Делл маркийн хуучин, гар утас нь шилэн наалт нь салж онгойсон, хаанаас хэдэн төгрөгөөр авч байсан талаараа мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй, цагдаагаар шалгуулахгүй учир нь бид нарын шашин шүтлэгтэй холбоотой юм” гэх мэдүүлэг /хх.2.8/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Цэнгүүний өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн хажууд байрладаг Хатанбаатар төвийн 2 дугаар давхарт байх Шелкунчик нэртэй балетийн бүжгийн газарт би өглөө 08 цагт ажил дээрээ ирээд өөрийнхөө ширээн дээр "Галакси S-6 эж” маркийн голд өнгийн гар утсаа гаргаад тавьчихсан байсан. 13 цагийн орчим гар утас дуугарахаар нь би ярьчихаад ширээн дээрээ эргүүлээд ил тавиад ажлаа хийж байсан чинь нэг нүдний шилтэй залуу орж ирсэнээ би танай сонгодог бүжгийг чинь сонирхож явна гэхлээр нь одоохондоо завгүй байна чи дараа ирээрэй гэсэн чинь нөгөө залуу манай хаалганы орчим шатан дээр зогсоод байсан. Тэгэхлээр нь би гайхаад гутлаа тайлаад ороод ир гэсэн чинь би орохгүй гээд зогсож байсан. Тэр үед зүс таних нэг охин орж ирээд тэрэнтэй юм ярьж байгаад нөгөө залуу руу харсан чинь гараад явчихсан байсан. Ажлаа хийж байгаад гэнэт гар утсаа санаад ширээн дээр тавьсан байсан гар утсаа харсан чинь байхгүй болчихсон байхаар нь хайхад олдоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр нүдний шилтэй залууг сэжиглэж байна. Тэр өдөр тэр хүнээс өөр хүн манай байгууллага дээр орж ирээгүй. Би дахин харвал танина. 165-170 см орчим...дунд зэргийн нуруутай, туранхай, цайвар царайтай, жижиг давхраатай нүдтэй, цагаан өнгийн кэттэй, хар өнгийн халаастай өмдтэй, нацист нимгэн бараан өнгийн куртиктэй байсан” гэх мэдүүлэг /хх.3.59-60/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Даваахүүгийн өгсөн: “Манай багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 20 дугаар сургууль дээр багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан. Тэгэхэд 20 дугаар сургуулийн 2 дугаар давхарт байрлах урлаг зааланд миний удирдаж хичээллүүлж байсан групп байрлаж байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутанд сургалт дуусаад би өөрийн хувийн нөүтбүкээ урлаг заалан дотор байрлуулсан байсан ширээнүүдийн хамгийн урд талын ширээн дээр проекторын хамт үлдээгээд хаалгаа өөрөө цоожпоод жижүүрт түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд жижүүрээс түлхүүр аваад онгойлгоод ороход нөүтбүк байхгүй байсан. Ширээн дээр проекторыг үлдээчихсэн байсан. Тэр урлагийн заал нь миний түгжиж байсан өрөөнөөс гадна давхар нэг гарах хаалгатай байсан. Тэрийг нь би мэдэхгүй байсан юм. Тэр хаалгаар нөүтбүк алдагдсан өдөр 20 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш нь орсон байсан. Хулгайч тэр хаалгаар орж ирж юм авсан байсан. Миний алдсан нөүтбүк 2011 онд Япон улсаас захиалж авч байсан Асег маркийн 13 инчийн дунд зэргийн хэмжээтэй нөүтбүк байсан. Хар өнгийн гадаргуутай, ямар нэгэн содон шинж тэмдэг, илүү дутуу юмгүй, хэрэглэж байсан хуучин нөүтбүк байсан. Нөүтбүүкийг тухайн үедээ 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одооны ханшаар 1.500.000 төгрөгөөр үнэлсэн” гэх мэдүүлэг /хх.3.166-167/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч З.Ариунаагийн өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулаад манай байгууллагаас нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн бид өдөрлөг зохион байгуулсан юм. Уг нь төв номын санд хүмүүсийг оруулахдаа картыг нь нь шалгаж оруулдаг. Тэр өдөр сургалт болоод янз бүрийн олон хүмүүс сургалтанд хамрагдах гээд ирчихсэн байсан тул 20 орчим насны бараан өнгийн хувцастай, нүдний шилтэй хүүхэд ганцаараа урдаа ном аваагүй суугаад байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад сургалт дуусаад явах гэсэн чинь манай нийгэмлэгийн тэргүүн Лхагвасүрэнтэй тэр хүүхэд ирж уулзаад хар тамхины талаар мэдээлэл аваад би танай төв дээр очиж бүртгүүлж, сургалтанд чинь сууж байя гээд Лхагвасүрэн бид 2-той хамт манай нийгэмлэг рүү явахаар болсон. Тэгээд бид 3 тэндээсээ авч ирсэн сургалтын материалууд болон нийгэмлэгийн сургалтанд ашигладаг нөүтбүүк, проектор, самбаруудаа бариад гараад таксинд сууж явсан. 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Наранбилэг төвийн үүдэнд таксинаас буусан чинь Лхагвасүрэн багш “чи энэ хүүхэдтэй хамт юмаа аваад орж бай. Би хүнтэй уулзчихаад оръё” гээд би тэр хүүхдийг дагуулаад 2 гартаа сургалтын самбар, проектор, материалуудаа бариад Наранбилэг төвийн 5 давхар руу шатаар өгссөн. Тэгээд хаалганыхаа гадаа очоод би самбаруудаа тавиад хаалгаа онгойлгосон. Намайг түлхүүрээрээ хаалгаа онгойлгож байхад тэр хүүхэд миний ард юмнууд барьчихсан зогсож байхдаа “00 хаана байдаг вэ” гэж асууж байсан. Тэгээд би үүдээ онгойлгоод 2 самбараа өргөөд дотогшоо оруулаад, проектороо ширээн дээр тавьчихаад эргээд харсан чинь тэр хүүхэд хаалгаар орж ирэлгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь би эхлээд 00 орчихсон юм болов уу гэж бодоод 00 руу ороод үзтэл байхгүй байсан. Тэр хүүхэд цүнхтэй нөүтбүк аваад гараад явчихсан байсан юм. Хар хөх өнгийн нөүтбүкний цүнх байсан. Цүнхэн дотор 14 инчийн Делл маркийн нөүтбүк, миний өөрийн I phоnе 4 маркийн гар утас, бичиг баримтууд байсан бас бүх бүртгэлийн бичиг баримтууд байсан юм. Тэр хүн 20 орчим насны, туранхай, 160 см орчим намхан нуруутай, бордуу царайтай, нүдний шил зүүсэн, бараандуу цамц өмссөн, хөх өнгийн жинсэн өмдтэй, ногоондуу кэт өмссөн, цэвэрхэн хувцалсан хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хх.3.169-170/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Батаагийн өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах сүмд байж байтал гаднаас хар малгай, хар өнгийн куртиктэй нэг залуу орж ирээд 3 дугаар салааны урд талд утсаа алдсан гээд байгаа хүүхдийн яг хойно нь сууж байсан. Би тухайн үед сайн анзаараагүй, гараад 00 орчихоод буцааж орж ирэхэд нь хараад таниад цуг явж байсан хадам ээждээ энэ нөгөө хүний утсыг хулгайлдаг залуу мөн байна гэж хэлж байсан. Тухайн үед хүндэтгэлийн үйл ажиллагаа явагдаж байсан болохоор дундуур нь явж болохгүй байсан. 11 цагаас тарахаар нь очиж уулзая гэж бодож байтал нөгөө залуу дуусахаас нь өмнө гараад явчихсан байсан. Би хүүхдийн тэрэг түрээд дээшээ лифтээр 2 давхарт гарсан чинь нөгөө утсаа алдсан гээд байгаа охин надад “Батаа ахаа миний утсыг хар куртиктэй малгайтай залуу аваад явчихлаа” гэхээр нь би гарч гүйгээд хаашаа явсныг нь мэдээгүй байсан болохоор алдчихсан. Гантөмөр урьд нь сүмийн гишүүн болж байсан ба нэг жилдээ аягүй сайн идэвхитэй байсан. Сүмийн залуучууд зун зугаалганд явахад цуг явж байсан. Нэг хэсэгтээ их идэвхитэй байж байгаад алга болчихсон байснаа 2011 оны эхээр байх бөхийн өргөөний тэнд байдаг сүм дээр таарахад Батаа ах ганц утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний утсыг авч явсан. Ингэхдээ маш олон хүний юмыг авч явсан юм байна лээ. Гэрийн хаяг нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Булгийн 19-923а тоот гэсэн хаяг сүмд бүртгүүлэхдээ хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх.2.18/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Түшигийн өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээжийн авч өгсөн нөтбүкийг ашиглахаар хичээлдээ авч очсон.Тухайн өдөр 12 цаг 20 минутын үед тарсан ба сургуулийн хөөсний баяр болоод үйлчлэгчийн оронд хүүхдүүд шал угаах болоод би ангидаа байж байтал захирал манай ангийн хүүхдүүдийг 3 давхараас 4 давхар руу гарах баруун талын жигүүрийн шатыг угаа гэж хэлэхэд хүүхдүүд ангиас гарах үед би өөрийнхөө нөтбүүкийг цүнхэнд нь хийгээд 3 дугаар салааны хамгийн хойд талд цүнхээ тавиад гарсан. Ингээд 30 гаран минут болоод ангидаа эргээд орж ирэхэд миний нөтбүктэй цүнх алга болсон байсан. Тухайн үед манай ангийн хүүхдүүд бүгд цүнхтэй эд зүйлээ орхисон байсан учир ангийн хүүхдүүдийн юм бүрэн миний нөтбүктэй цүнх алга болсон байсан учир тоглож байгаа байх гэж бодоод ангийнхаа хүүхдүүдээс асуухад бүгд аваагүй гэсэн. Иймд сургуулийн камерийг шүүж үзэхэд камерт гаднаас танихгүй нүдний шилтэй эрэгтэй хүн ороод ангиудын хаалгыг татаж явж байгаад манай анги руу ороод гарч ирэх үедээ миний нөтбүктэй цүнхийг үүрч гарч ирээд сургуулиас шууд гараад явж байгаа бичлэгийг харсан. Уг нөтбүкийг 2015 оны 12 дугаар сард АНУ-аас авчирч өгсөн. АSUS А-7 маркийн дэлгэц нь 360 градус эргэдэг мэдрэгчтэй, хар саарал өнгийн, баруун талын юу эс би оролтын төмөр нь бага зэрэг муруйсан өөр сэвтсэн гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.2.20-21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ү.Цэндсүрэнгийн өгсөн: “2016.03.27-ны өдөр өглөө 10 цагаас хойш манай сургалт хичээлтэй байсан ба 13 цаг хүртэл хичээл орсон. Энэ үед нэг харааны шилтэй эрэгтэй хүн сургалт асуухаар ирсэн байсан, би хичээлтэй байна тараад уулзья гэхэд тэр хүн намайг 1 цаг 30 минут хүлээж 14 цаг 30 минутын үед уг эрэгтэй хүнтэй уулзаж өөрийнхөө сургалтын талаар мэдээлэл өгөөд өөр газар сургалт орох байсан тул шууд гараад явсан. Тэгээд би сургалт руугаа явж байтал манай сургалтын төвийн багш Долгорсүрэн багш нарын өрөөний ширээн дээр байсан нөтбүк, гар утас харсан уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Ингээд камерийн бичлэгийг үзээд утсан дээрээ авсан зургаа Долгорсүрэн багш надад харуулаад “энэ чамтай уулзсан хүн мөн үү” гэхээр нь тэр мөн байсныг хараад таньсан. Уг залуу харааны туяатай шил зүүсэн, даавуун сорочкин цамцтай, 170-172 см орчим өндөртэй, удаан ярьдаг, 28-29 орчим насны, шар царайтай, богино жижиг буржгардуу үстэй залуу байсан” гэх мэдүүлэг /хх.2.23-24/,

 

Эд зүйлийн үнэлгээнүүд, камерийн бичлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

 

Сэжигтэн Н.Гантөмөрт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэрэг бүртгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол /хх.2.89, 90/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.Гантөмөрийг яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх.2.110-111/,

 

 

Яллагдагч Н.Гантөмөрийг эрэн сурвалжилж олуулахаар бичсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн даалгавар /хх.1.206/,

 

Н.Гантөмөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх.2.112/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 16 дугаартай захирамж /хх.2.85/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Гантөмөрийн яллагдагчаар өгсөн: “Орхон аймгаас хулгайлсан гэх 2 гар утаснаас бусад үйлдлуүдээ хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан эд зүйлсээ утас авна гэсэн ломбард, Теди төвийн салбаруудын гадна байдаг ченж нар болон явж байсан хүмүүст хүртэл зарж байсан... 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатнаас оргон зугтсан. Тэр өдрөөс хойш би ирээгүй та намайг утсаар удаа дараа дуудсан. Хоригдохоос айгаад ирээгүй. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлаад найз Баттулгын оршин сууж байсан Тээврийн дээд сургуулийн оюутны байранд хамт амьдарч байсан. Баттулга сургуулиа төгсөж Эрдэнэт хот руу уржигдар явсан учир би оюутны байрнаас гарсан” гэх мэдүүлэг /хх.2.112, 237-239/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мөнхтуяаг байцаасан тэмдэглэл /хх.2.210/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтойгоор зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

          1. Н.Гантөмөр нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар сургуулийн хичээлийн танхимд нэвтрэн орж Д.Мөнхтуяагийн эзэмшлийн “Самсунг S-5” маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгний, иргэн Б.Нандинболорын эзэмшлийн “Самсунг кор Аэй 3” маркийн хар хөх өнгөтэй зөөврийн компьютерийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

          2. 2016 оны 03 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил дунд сургууль”-ийн 10-А ангийн сурагч С.Түшигийн хичээлдээ хэрэглэж байсан “АSUS А-7” маркийн нөүтбүкийг тус сургуулийн хичээлийн байранд нэвтрэн орж хулгайлан, Я.Амаржаргалд 1.550.000 төгрөгний хохирол учруулсан,

          3. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүсийн сүм”-ээс Б.Маралзаяагийн эзэмшлийн “Iphone S-5” маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан,

          4. 2016 оны 03 дугаар сарын 04-06-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төвийн 311 тоотод үйл ажиллагаа явуулдаг С.Бат-Эрдэнийн оффист нэвтэрч “Асеr” брендийн зөөврийн компьютер хулгайлж 730.000 төгрөгний хохирол учруулсан,

          5. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14-15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт байрлах сургалтын төвийн багш нарын өрөөнөөс Б.Долгорсүрэнгийн эзэмшлийн “Нөте-2” маркийн гар утас, Делл брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж 400.000 төгрөгний хохирол учруулсан,

          6. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагаас 15 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баптист сүм”-ээс Б.Мөлөгцэвээний эзэмшлийн “Делл” брэндийн зөөврийн компьютер, маузийг хулгайлж 325.000 төгрөгний хохирол учруулсан,

          7. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Хожимын гэгээнтнүүдийн сүм” гэх газраас М.Энхбаярын эзэмшлийн зөөврийн компьютер, “Iphone-4” маркийн гар утсыг хулгайлж 470.000 төгрөгний хохирол учруулсан,

          8. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Горняк соёлын ордон”-ы 307 тоот өрөөнөөс хохирогч Б.Рэнцэнмядагийн эзэмшлийн “Samsung Note-3” маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан,

          9. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза худалдааны төв”-ийн зүүн талд байх “Шелкунчик балет” сургалтын төвийн менежер М.Цэнгүүний эзэмшлийн “Samsung S-6 edge” маркийн гар утсыг хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан,

          10. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн урлагийн заалнаас Э.Даваахүүгийн эзэмшлийн “Асег” брэндийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

          11. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран билэг” худалдааны төвөөс З.Ариунаагийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, “Iphone-4” маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг давтан үйлдэж, бусдад нийт 7.785.000 төгрөгний хохирол учруулсан,

          12. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт, Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний 13 дугаар вагоны 21 дүгээр местээр зорчин явсан Б.Гантогтохын эзэмшлийн 300.000 төгрөгний үнэтэй “Samsung S-5 голд” маркийн гар утсыг, мөн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Реасе Тоwег” дэлгүүрийн оффисын байрнаас Д.Нямсүрэнгийн эзэмшлийн 340.000 төгрөгний үнэтэй “Iphone-5s” маркийн гар утсыг тус тус хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж авч бусдад нийт 640.000 төгрөгний хохирол учруулсан,

          13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 40 хоног давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Н.Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилж мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулах, мөрдөн байцаалтаас зориуд давтан зайлсхийх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.Гантөмөрийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Гантөмөрийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчилсан 3 хоног, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 220 хоног, нийт 223 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зөөврийн флаш 2 ширхэг, Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Гантөмөрөөс 400.000 төгрөг гаргуулж Д.Мөнхтуяад, 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нандинболорт, 1.550.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Амаржаргалд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Маралзаяад, 730.000 төгрөг гаргуулж хохирогч С.Бат-Эрдэнэд, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Долгорсүрэнд, 325.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөлөгцэвээнд, 470.000 төгрөг гаргуулж хохирогч М.Энхбаярт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Рэнцэнмядагт, 1.400.000 төгрөг гаргуулж хохирогч М.Цэнгүүнд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Даваахүүд, 360.000 төгрөг гаргуулж хохирогч З.Ариунаад, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гантогтоход, 340.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нямсүрэнд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Гантөмөр нь хувьд оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гөрөөчин овогт Нармандахын Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилж мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулах, мөрдөн байцаалтаас зориуд давтан зайлсхийх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гантөмөрт оногдуулсан 7 /долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гантөмөрийн цагдан хоригдсон 223 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гантөмөрөөс 400.000 төгрөг гаргуулж Д.Мөнхтуяад, 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нандинболорт, 1.550.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Амаржаргалд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Маралзаяад, 730.000 төгрөг гаргуулж хохирогч С.Бат-Эрдэнэд, 400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Долгорсүрэнд, 325.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөлөгцэвээнд, 470.000 төгрөг гаргуулж хохирогч М.Энхбаярт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Рэнцэнмядагт, 1.400.000 төгрөг гаргуулж хохирогч М.Цэнгүүнд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Даваахүүд, 360.000 төгрөг гаргуулж хохирогч З.Ариунаад, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гантогтоход, 340.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нямсүрэнд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зөөврийн флаш 2 ширхэг, Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гантөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                               Д.МӨНХТУЯА

 

                                                                                           Ч.АЛТАНЦЭЦЭГ